• Эхлэл
  • “Чингис” бондоос санхүүжсэн “Гудамж” төслийн “Но”-той баримтууд юу болов?

“Чингис” бондоос санхүүжсэн “Гудамж” төслийн “Но”-той баримтууд юу болов?

2019/02/21

Авто замын түгжрэлийг бууруулах зорилготой “Гудамж” төсөлд Чингис бондоос нийт 120.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Харамсалтай нь, “Гудамж” төслөөс их хэмжээний хөрөнгө оруулалт авсан замын компаниудын ард томоохон улс төрийн бүлэглэл мөнгө завшсан байж болзошгүй тухай баримт 2016 онд олон нийтэд ил болсон. Хууль, зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаяр 2016 онд Хөгжлийн банкинд хийсэн шалтгалтын дүнгийн зах зухаас хэвлэлд мэдээлэхдээ “Гудамж” төслөөс хөрөнгө оруулалт авсан компаниудын мөнгөн дүн анхны дүнгээсээ хэд дахин өссөн бөгөөд бондын мөнгөөр эрх мэдэлтнүүд хайр гамгүй “Тоглосон” гэж хэлсэн байдаг юм.

Б.Энхбаярын дурдсан “Гудамж” төсөлтэй холбоотой хоёр баримтын нэг нь, “Атар өргөө”-гийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх нэг км авто замын барилгын ажлыг гүйцэтгэсэн “Монроуд” компанитай холбоотой анхаарал татах мөнгөн дүн байв.

Өөрөөр хэлбэл, “Монроуд” компанийн “Гудамж” төслөөр замын ажил гүйцэтгэх анхны гэрээний мөнгөн дүн 440 сая төгрөг байснаа явцын дунд буюу зураг төсөл хийсний дараа анхны дүнгээс 4.3 дахин өсөж, 1.8 тэрбум болжээ. Дараагийн нэг баримт нь, III, IV хорооллын эцсийн уулзварын өргөтгөлийг шинэчлэхдээ ихээхэн хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй зөрчлийг илрүүлжээ. Тодруулбал, энэ ажлын зураг төсөл гараагүй байхад 300 сая төгрөгийн гүйцэтгэлээр санхүүжүүлэхээр “Пабликроуд” ХХК-тай гэрээ байгуулсан аж. Гэтэл нийт дүнгээрээ 1.3 тэрбум буюу гэрээнд зааснаас 4.3 дахин өндөр зарлага гаргасан нь илэрчээ. Түүнчлэн “Гудамж” төслийн автозамын ба¬рилгын ажлын гүйцэтгэгч 12 компани тусгай зөвшөөрлөө гэрээ байгуулсныхаа дараа авсан байдаг аж. Энэ нь төсөлд зориулж шинээр “төрсөн” компаниуд гэсэн үг.

Бондоос 120.5 тэрбум төгрөгөөр санхүүжсэн “Гудамж” төслийн уулзваруудын тоон баримтыг нягталвал, ердөө 34.48 км авто зам барихад 53.9 тэрбум, Хүй долоон худгийн бүтээн байгуулалтыг 30.9 тэрбум төгрөг зарцуулсан бол үлдсэн 36 тэрбум төгрөгөөр 20 уулзвар шинэчилсэн байгаа юм.

Тухайлбал, III, IV хорооллын эцсийн уулзварын өргөтгөлийг шинэчлэх ажлын гүйцэтгэгчээр шалгарч, нэлээд мөнгө туусан “Пабликроуд” ХХК нь “Гудамж” төсөлтэй ажил гүйцэтгэх гэрээгээ байгуулчихаад, дараа нь тусгай зөвшөөрлөө авсан байгаа юм. Даварсан “Пабликроуд” ХХК дээрх байдлаараа “Гудамж” төслийн олон ажлыг авчээ. Үүний нэг нь “Хүй долоо худаг” дахь “Монгол наадам” цогцолборын бүтээн байгуулалтын эхний ээлж болох амралтын бүс, худалдаа үйлчилгээний бүс, мөн хөдөлгөөний урсгалыг саадгүй зорчуулах үүднээс авто болон явган замын сүлжээ, авто зогсоол, болон үйлчилгээний талбайг барих ажил юм байна. Энэ ажлыг “Пабликроуд” ХХК 1.2 тэрбум төгрөгөөр гүйцэтгэжээ. Ийм байдлаар тэрбум тэрбумаар үнэлэгдэх тендерийг авдаг “Пабликроуд” ХХК татвараа төлдөггүй байсан аж. Тус компани улсад төлөх ёстой 123.989.630 төгрөгийн татвараа төлөөгүй учир Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс шүүхэд ханджээ. Энэ дагуу 2016 оны есдүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс татварыг төлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.

Үүнээс гадна нэгэн ноцтой зөрчил илэрсэн нь “Гудамж” төслийн хүрээнд баригдах автозамын ажлуудын зураг төсөл боловсруулах шатнаас зам, барилгын угсралтын ажлыг бүрэн дуустал хяналт, зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий “Си Ти Ай инженеринг интернэшнл” ХХК-тай байгуулсан гэрээ аж. Уг нь Засгийн газрын 2010 оны 185 дугаар тогтоолоор батлагдсан “Барилгын зураг төсөл боловсруулах түүнд магадлал хийх, барилгын үе шатны ажилд хяналт тавих, ашиглалтад оруулах хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэх дүрэм” гэж бий. Энэ дүрмийн 1.3-т ийм ажил гүйцэтгэх байгууллага, аж ахуйн нэгж нь холбогдох төрийн захиргааны байгууллагад бүртгүүлж, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байхыг заасан байдаг. Гэтэл “Си Ти Ай инженеринг интернэшнл” гэх компани Монголд ямарч бүртгэлгүй, тусгай зөвшөөрөлгүй, Япон улсын компанитай шууд гэрээ байгуулаад ажиллуулсан байгаа юм.

Бас нэгэн анхаарал татсан зүйл нь “Гудамж” төслийн шилэн дансанд ганцхан ширхэг гүйлгээ хийсэн баримт байдаг аж. Энэ нь нөгөө дуулиан шуугиан тариад байсан алдарт 90 сая төгрөгийн Европ дахь зардал. Тодруулбал, тус төслийн долоон хүн Европын 10 орноор судалгаа хийхдээ 90 сая төгрөгийн зардал гаргаснаа шилэн дансандаа бичжээ. Гэхдээ уг 90 сая төгрөгийг ямар зүйлд, юуны учир зарцуулснаа тодорхой бичээгүй.

Харин долоон хүний тийзний үнэ 20.6 сая төгрөг зочид буудалд 40 орчим сая төгрөг, зам хоногт 13 орчим сая төгрөг, хот хоорондын зардалд 20 сая төгрөг, нийт 90 сая төгрөгийг “Чингис” бондоос зарлагадаж, гадаадын орноор “аялан” судалгаа хийсэн нь тодорхой болоод байна.

Энэ мэтчилэн “Гудамж” төслийн нэрээр хөрөнгө мөнгө гулгуулдаг байсан байж болзошгүй олон зөрчил илэрсэн. Өөрөөр хэлбэл, “Гудамж” төслийн сонгон шалгаруулалт ил тод бус, шударга явагдаагүй нь эдгээр баримтаас харагдаж байна. Бондоос 120.5 тэрбум төгрөгөөр санхүүжсэн “Гудамж” төслийн уулзваруудын тоон баримтыг нягталвал, ердөө 34.48 км авто зам барихад 53.9 тэрбум, Хүй долоон худгийн бүтээн байгуулалтыг 30.9 тэрбум төгрөг зарцуулсан бол үлдсэн 36 тэрбум төгрөгөөр 20 уулзвар шинэчилсэн байгаа юм. Дээр дурдсан гурван компаниас гадна эдгээр бүтээн байгуулалтад оролцсон нэр нь ил болоогүй олон замын компаниуд бий. Эдгээр компаниуд дунд ажлын гүйцэтгэлийн санхүүжилтээ шударгаар гэрээлж, ажлаа хийсэн компаниуд ч бий, улс төрчдийн хамаарал бүхий олон компани ч байгаа нь тодорхой. Тиймээс “Гудамж” төслийн зарцуулалтын нэгдсэн мөнгөн дүнгийн задаргаа болон уг төсөлд ямар компани хэдэн төгрөгийн санхүүжилтээр аль уулзварыг хийсэн гэх мэт мэдээллийг зарлах хэрэгтэй. Тэр ч битгий хэл тэдгээр компаниуд хэн гэдэг улс төрчийн хамаарал бүхий компани болохыг мэдээлэх нь зүйтэй. Ерөөс “Гудамж” төслийн “Но-той, ноцтой баримтыг хадгалж буй Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын 200 хуудас бүхий материалыг нууцын зэрэглэлээс гаргачихад л асуудал дуусна.

ЭХ СУРВАЛЖ:"АРДЧИЛАЛ ТАЙМС" ҮНДЭСНИЙ ӨДӨР ТУТМЫН СОНИН. Сэтгүүлч Б.Бямбасүрэн


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин