• Эхлэл
  • Ээлжит бусаар эдийн засгаа аврах уу!

Ээлжит бусаар эдийн засгаа аврах уу!

2016/08/08

УИХ-ын 2016 оны сонгуулиар байгуулагдсан парламент анхны хуралдаанаа хийж, томилгоонуудаа цэгцэлчихээд хаалтаа хийсэн. Гэвч энэ удаа ээлжит бус чуулганыг наймдугаар сарын сүүлээр дахин зарлах сураг бий. Ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2016 оны төсвийн тодотгол, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн батлахаар төлөвлөөд байгаа. Эдгээр төслүүдийг Засгийн газар ойрын хугацаанд боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх учиртай. 

Тиймдээ ч эхний ээлжинд Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг өнгөрөгч долоо хоногт байгуулсан. Дээрх хөтөлбөрийн хүрээнд төсөвтэй холбоотой бүхий л төлөвлөгөөний хуваарь гарна гэсэн үг. Маш яаралтайгаар 2016 оны төсөвт тодотгол хийхгүй бол хүүхдийн мөнгө олгогдох боломж ч үгүй болчихоод байгаа. Мөн энэ оны төсөв хагас жилийн гүйцэтгэлээр 1.2 их наяд төгрөгийг алдагдалтай гарсан. Тэгэхээр ээлжит бус чуулганаар тодорхой зохицуулалтыг яаралтай хийх шаардлага тулгарч байгаа юм.

Ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэхийн тулд ирэх есдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэх байсан Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн эцсийн найруулгыг парламент сонсоогүй учраас Засгийн газар ч 2017 оны долоодугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр болгож сунгахаар өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болоод байгаа юм. Эдийн засгийн нөхцөл байдлаа сайжруулахын тулд төсвийн тодотгол хийж, эхний ээлжинд гал намжаахыг засгийн зүгээс оролдох ч үнэндээ сайжруулах хэмжээний бодлого л байхаас хөрөнгө, мөнгө бол байхгүй хэмээн зарим эх сурвалж ярьж байгаа.

Түүгээр ч зогсохгүй ирэх оны эхний өдрөөс л Чингис бондын зээлийн хүү төлж эхлэх ёстой байтал өдгөө Төв банкны Ерөнхийлөгч нь валютын нөөц хасах /-/ болсон хэмээн мэдэгсэн нь бүр ч “дарин дээр давс үрэв” гэдэг шиг болж хувиргав. Үндсэндээ валютын нөөцүгүй болно гэдэг улсын данс улайсан гэснээс ялгаагүй шахам. Ийм нөхцөлд төсвийн тодотгол хийнэ гэдэг нь мөнгө үйлдвэрлэхийн нэр бус бүсээ чангалахын л илэрхийлэл болов уу. Өдгөө хүүхдийн гэх тодотголтой мөнгийг өгөх нь хөрөнгөгүй, авах нь хүлээлттэй байгаа. Тийм байтал нь төсөв хэлэлцэхдээ иргэдээ шууд “май” гээд өгчих мөнгөгүй учраас нэлээд таналт хийж, бүсээ чангалах шаардлага тулгарна гэдэг нь илэрхий. Гэхдээ үүнийгээ иргэдийн нуруун дээр ачаалал болгон буулгах уу, аль эсвэл хувийн хэвшлийхнийг татвараар дарах болов уу гэдгийг харах үлдэж байна. Түүнээс хэчнээн сайн Ерөнхий сайдтай байгаад баг нь ч мундаг, “мэргэжлийн” байсан ч бирд л биш бол эдийн засгийг огцом сайжруулах хүртэл багагүй цаг зарцуулна. 

Эдийн засагчдийн хэлж буйгаар бол Монгол Улс аль хэдийнэ л “Стэндбай” хөтөлбөрт хамрагдах ёстой байсан аж. Тэгсэн бол өдийд эдийн засаг маань элгээрээ хэвтчихгүй, бүр хэмнэлттэй байх боломж байсан гэх юм билээ. Харин одоо нэгэнт оройтсон ч төсвийн тодотголоо хийх нь зайлшгүй. Тиймдээ ч ээлжит бус чуулган хуралдуулж, аврах гарцаа олж, эдийн засгаа сэхээнээс гаргана гэсэн тооцоолол яваад байгаа. Чухам ямархан байдлаар төсвөө гэрэлтүүлэхийг Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө нэлээд тодотгож харуулах болов уу. 

ЭХ СУРВАЛЖ: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин