• Эхлэл
  • Б.Баярдаваа: Бодлогын хүүг бууруулах нь төсвийн бодлогоос хамаарна

Б.Баярдаваа: Бодлогын хүүг бууруулах нь төсвийн бодлогоос хамаарна

2016/09/22

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваатай ярилцлаа. Тэрбээр “Төсвийн сахилга баттай байж, тогтвортой байдлаа хадгалж чадвал мөнгөний бодлогыг байнга чанга хэвээр хадгалах шаардлагагүй” хэмээн тодотгов.

-Монголбанк бодлогын хүүгээ өсгөөд нэг сар болчихлоо. Энэ өөрчлөлтийн үр дүнг хэрхэн харж байна вэ?

-Тэгэхээр ямар нөхцөл байдалд бодлогын хүүг өсгөсөн бэ гэдгийг товчхон дурдъя. Нэгдүгээрт, гадаад эдийн засгийн таатай биш нөхцөл байдалтай давхцаад төлбөрийн тэнцлийн хүндрэл үүссэн. Төсвийн ужгирсан алдагдлыг өрөөр санхүүжүүлсэнтэй холбоотойгоор төсвийн үндсэн өрийн болон хүүгийн төлбөрийн дарамт нэмэгдсэн. Улмаар төсвийн бодлого үргэлжлэн тэлбэл макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдал алдагдах эрсдэл үүссэн байсан.

"Төсвийн бодлого мөнгөний бодлогын орон зайг хязгаарлаж байна"

Хоёрдугаарт, олон улсын зээлжих зэрэглэлийн байгууллагууд манай эдийн засгийн зэрэглэлийг бууруулсан. Гуравдугаарт, инфляцийн түвшин буурч байсан ч гадаад валютын нөөцтэй холбоотойгоор мөнгөний бодлогын орон зай хумигдсан. Сүүлийн саруудад ханшийн огцом хэлбэлзэл нь үндэсний мөнгөн тэмдэгтийн хямрал руу хөтөлж болзошгүй, санхүүгийн системийн тогтвортой байдалд эрсдэл учруулсан нөхцөл байдал үүссэн. Ийм хүндхэн үед нэлээд зориг шаардсан бодлогын шийдвэр гаргасан. Гэхдээ энэ шийдвэр нь хэдийгээр гашуун ч гэсэн богино болон дунд хугацаанд эдийн засаг, санхүүгийн системд тулгамдсан эрсдэлүүдийг бууруулахад тусаа өгсөн шийдвэр байсан.

-Манай улсын зээлжих зэрэглэлийг Standart & Poor’s, Moody’s бууруулж, хөрөнгө оруулагчдын итгэл буурсан тухай дурдлаа. Энэ юунаас шалтгаалсан бэ?

-Манайд зээл өгсөн, бондыг маань худалдан авсан хөрөнгө оруулагчдын санаа зовж байгаа гол зүйл бол авсан мөнгөө буцааж төлөх чадвар байна уу л гэсэн асуулт. Үүнтэй уялдуулан тэд төсвийн сахилга бат, төсвийн нэгдмэл байдалтай холбогдуулан Засгийн газрын өрөө эргүүлэн төлөх чадвар буюу төсөв, өрийн тогтвортой байдал, валютын нөөцийн хүрэлцээтэй байдлыг шаардаж, гадаад өрийн эргэн төлөлтийн асуудал маш бүрхэг байна гэдгийг хэлж байгаа. Дээрээс нь эдийн засаг чинь тогтворгүй, өсөлт чинь саарч байна гэдгийг анхааруулж байна.

-Манай улс эдийн засгийн өсөлтөөрөө хэдхэн жилийн өмнө тэргүүлж, дөрвөн тэрбум ам.доллларын нөөцтэй гэж дүгнэгдэж, хөрөнгө оруулагчид Монголыг ихээр сонирхож байсан. Харин өнөөдөр ийм хүндрэлтэй нөхцөлд ороход юу нөлөөлөв. Мөнгөний бодлогын шийдвэр нөлөөлсөн үү?

-Бид өнгөрсөн хугацаанд төлбөрийн тэнцэлтэй нийцэхүйц ханшийн бодлого явуулж чадаагүй гэдэг нь хэд хэдэн судалгаагаар харагдсан. Өөрөөр хэлбэл, ханш хангалттай уян хатан байгаагүй бөгөөд төлбөрийн тэнцлийн ирээдүйн төлөвтэй нийцэхүйц түвшинд хүртэл ханшийг сулруулаагүй гэсэн үг. Хамгийн сүүлд ОУВС манай ханшийн дэглэмийг уян хатан биш гэсэн дүгнэлт гаргасан байсан. Энэ нь гадаад валютын нөөц буурахад нөлөөлсөн.

"Төрөөс эдийн засгийг хөгжүүлнэ гэвэл төсөв ачааллаа даахгүй"

Өөрөөр хэлбэл, бид экспортын эрэлт буурсан, эрдэс бүтээгдэхүүний үнэ унасан зэрэг гадаад эдийн засгийн сөрөг нөлөөг валютын ханшин дээр бус гадаад валютынхаа нөөц дээр илүү шингээж авсан. Түүнчлэн гадаад эдийн засгаас ирж байгаа сөрөг шокийг зөөлрүүлэх зорилгоор дотоод эдийн засаг руу мөнгө нийлүүлэх замаар төсөв дээрээ их хэмжээгээр ачаалал авсан. Интервенц ихтэй, мөнгө ихээр нийлүүлсэн, алдагдал өндөртэй, дунд, урт хугацаагаа хараагүй төсвийн бодлого нь өнөөдөр мөнгөний бодлого зөөлрөх орон зайг хязгаарлаад байна.

-Бодлогын хүүг өсгөснөөр бизнесийн хэвийн үйл ажиллагаанд хаалттай арга хэмжээ боллоо, эдийн засгийн өсөлт хумигдана гэсэн шүүмжлэл их өрнөсөн. Энэ талаар та ямар тайлбар өгөх вэ?

-Ийм төрлийн хэлэлцүүлэг өрнөж, ярилцах нь зүйтэй. Гэхдээ ямар нэгэн томоохон дүгнэлт хийхээсээ өмнө бас нэлээн ул суурьтай тооцоо судалгаатай байх хэрэгтэй юм шиг санагдаж байсан. Тодруулбал, бидний харж байсан санхүүгийн тогтвортой байдлын асуудал, үндэсний мөнгөн тэмдэгтийн хямралд өртөж болзошгүй байдлыг харж байсан болов уу, үгүй болов уу гэдгийг хэлж мэдэхгүй байна. Угтаа бидний яриад байгаа эрсдэлүүдийг бууруулахгүйгээр бизнес явахгүй, гэрээ хэлэлцээ¬рүүд хийгдэх боломжгүй, гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй, бидэнд гаднын¬хан итгэхгүй, эдийн засгийн өсөлтийн тухай ярих боломжгүй болчихоод байна. Тиймээс бид бодлогын өмнө тавигдсан зорилтуудаа эрэмбэлж, төсөв, өр, ханш, хүү зэрэгт үүсээд буй тогтворгүй байдлаа засаж, дунд хугацаанд тогтвортой байх сууриа тавих хэрэгтэй байна.

Төрийн бодлогоор, ялангуяа мөнгөний бодлогоор дунд хугацааны эдийн засаг, бизнесийн орчныг л бүрдүүлэхэд анхаарах ёстой. Макро тогтвортой орчин гэдэгт өсөлт нь, инфляци, ханш, хүү, гадаадын хөрөнгө оруулалт харьцангуй тогтвортой бөгөөд таамаглаж төсөөлж болохуйц байж л бизнесийн хэлэлцээр, гэрээнүүд хийгдэж, хувийн сектор ажиллах боломжтой болно гэж ойлгодог. Тэрнээс биш төрөөс эдийн засгийг хөгжүүлнэ гэвэл төсөв ачааллаа даахгүй.

"Төсвийн бодлого суларч байгаа үед мөнгөний бодлого чангарахаас өөр арга байхгүй"

-Нөхцөл байдал ингэж хүндэрчихээд байгаа цаг үед яаралтай авах арга хэмжээг яаж эрэмбэлж, алийг илүү чухал гэж үзэж эхэнд нь тавих бол?

-Миний бодлоор өнөөдөр гадаад төлбөрийн тэнцэл дээрээ ийм өндөр эрсдэлтэй болчихсон.Төсвийн тогтвортой байдал алдагдах эрсдэл үүсчихсэн байгаа үед бид эдийн засгийг өсгөх гэж оролдоод ямар ч үр дүнд хүрэхгүй. Үүнийг бид өнгөрсөн бодлогоосоо ч харж болно. Энэ бодлого тогтвортой биш, цаашаа удаан үргэлжлэх боломжгүй. Ийм нөхцөл байдалд бид ханшийн уян хатан биш бодлого баримталснаас болоод төгрөгийн ханш макро эдийн засгийн суурь нөхцөл рүү нийцэхгүйгээр 1940 хүртэл чангарсан. Энэ нь өөрөө ханш богино хугацаанд огцом сулрах нөхцөл байдал руу түлхсэн. Энэхүү ханшийн огцом сулралт нь санхүүгийн систем дээр саатал үүсгэх эрсдэл дагуулсан. Үүнтэй холбоотойгоор банкуудын эх үүсвэр дээр хөдөлгөөнүүд гарч эхэлсэн. Ийм үед бид бодлогын хүүг нэмэгдүүлж, төгрөгийн тогтвортой байдал, үнэ цэнийг хадгалах, төгрөгт байршиж байгаа активуудын өгөөжийг хамгаалах шийдвэр гаргасан. Энэ шийдвэр нь дээр ярьсанчлан өрийн тогтвортой байдал, төсвийн тогтвортой байдал, төлбөрийн тэнцлийн тогтвортой байдалтай нийцтэй.

Гэхдээ бид мөнгөний бодлогыг удаан хугацаагаар хатуу байлгахгүй байх боломж бий. Хэрэв төсвийн сахилга баттай байж, тогтвортой байдлаа хадгалж чадвал мөнгөний бодлогыг байнга чанга хэвээр хадгалах шаардлагагүй. Өнөөгийн нөхцөлд бол төсвийн бодлого тэлчихсэн, үүнээс болоод мөнгөний бодлого чангарчихсан ийм бодлогын хувилбар руу орчихсон явж байна. Энэ тийм ч сайн хувилбар биш. Үүнийг бид мэдэж байгаа. Тэгэхээр бид төсөв талдаа ямар өөрчлөлт гарахыг анхааралтай ажиглаж байна. Мөн гадаад хөрөнгө оруулагчидтай хэрхэн харилцах, ямар хэлэлцээрүүд хийгдэх вэ гэдгийг харж байна. Энэ хоёр зүйлээс хамаараад мөнгөний бодлогын хүү эргээд буурах боломжтой.

-Бодлогын өөр орон зай байсан ч Монголбанк ашигласангүй гэж шүүмжилж байгаа. Тэгэхээр өөр орон зай байсан уу?

-Зарим хүн тухайн үед бодлогын хүүгээ бууруулж, мөнгө нийлүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжих ёстой байсан гэсэн санаа гаргаж байх шиг байсан. Энэ бодлогын хувилбар ямар үр дагаварт хүрч болох байсан бэ гэдгийг онцолж хэлье. Хэрвээ бид төсвийн бодлого тэлж байгаа үед бодлогын хүүгээ бууруулаад, эдийн засаг руу мөнгө нийлүүлсэн бол юун түрүүнд төлбөрийн тэнцэл маань улам хүндэрнэ. Ханшийн сулралт илүү огцом болох нөхцөл үүснэ. Валютын ханш огцом суларвал юу болох вэ гэдгийг бид сайн мэдэж байгаа. Дээрээс нь төсөв дахиад улам хүнд байдалд орно. Төсвийн тогтвортой байдал, өрийн тогтвортой байдал хүндэрнэ. Тийм учраас энэ бидний бодлогын сонголт биш байсан.

"Бид төгрөгийн ханш сулрах дарамтын эсрэг явж болохгүй"

Өнгөрсөн 2012 оноос хойш Хөгжлийн банк, улсын төсөв, Монголбанкаар дамжуулаад эдийн засаг руу төсөвтэй адилтгах зардал хэлбэрээр маш их хэмжээний мөнгө нийлүүлсэн. Энэ нь асуудлыг шийдсэн үү гэдгийг эргээд харъя. Шийдсэн юм байна уу гэвэл бас үгүй. Бүх зүйл цаг хугацааны хувьд хойшилсон л болохоос эдийн засгийн өсөлт нэмэгдэж, тогтвортой, сайхан болчихсон дүр зураг харагдахгүй байна. Ингэж төсвийн бодлого суларч байгаа үед мөнгөний бодлого давхар сулрах нь хортой үр нөлөөтэй гэдгийг бид Бразил, Мексик, Венесуэль, Зимбабве, Грек зэрэг улсын олон хямралаас харж болно. Бид өөрсдөөсөө болон бусдаас бас тодорхой сургамж авах хэрэгтэй.

Тэгэхээр төсвийн бодлого суларч байгаа үед мөнгөний бодлого чангарахаас өөр арга байхгүй. Дунд хугацааны макро тогтвортой байдлаа хангахын тулд шүү дээ. Гэхдээ энэ нь бодлогын аргаа барсан тааруу сонголт. Харамсалтай нь, бид өнөөдөр ийм байдалтай байна. Гэхдээ төсөв засагдах чиглэл рүүгээ орвол бид үүнийг засах боломж байна.

-Таны ярианаас төсвийн бодлого сахилга бат сайтай, чангарах чиглэл рүү өөрчлөгдвөл мөнгөний бодлого зөөлрөх боломжтой гэж ойлголоо.

-Тэгж ойлгож болно. Удахгүй 2017 оны төсвийн төсөл бэлэн болно. Тэр үед Мөнгөний бодлогын зөвлөлийн хуралдах тов давхцаж байгаа.

-Та сая төв банк ханшийн зохистой бодлого хэрэгжүүлээгүй, уян хатан бодлого баримтлаагүй гэсэн. Тэгвэл одоо ханш зохистой түвшиндээ хүрсэн гэж ойлгох уу?

-Зургадугаар сарын сүүлч, долоодугаар сарын эхээр ханш бидний тооцоолж байсан түвшинд ирсэн. Гэхдээ үүн дээр нэг зүйлийг дахиад хэлэхэд ханш сулрах нь өөрөө эдийн засагт муу зүйл биш. Өөрөөр хэлбэл, ханшийн зөөлөн хөдөлгөөнд зах зээлд оролцогчид бизнесээ зохицуулаад явдаг. Харин огцом хөдөлгөөн орохоор зах зээлд оролцогчдод зохицуулалт хийх боломж олгодоггүй. 2012 оноос хойш төгрөгийн ханшийг эдийн засгийн суурь хүчин зүйл нь сулруулах дарамтыг үүсгэж байгаа. Энэ дарамтын эсрэг бид явж болохгүй. Хэрэв үүний эсрэг явбал, нөөц дээрээ эрсдэлээ аваад, эдийн засаг өөрөө өөрийгөө зохицуулаад, тэнцвэрээ хангаад аваад явах боломжийг нь хязгаарлана. Үр дүнд нь эдийн засаг огцом хэлбэлзэх эрсдэл улам нэмэгдэнэ. Тэгэхээр ханшийг макро суурь хүчин зүйлтэйгээ уялдуулаад аажмаар хөдөлгөх нь ирээдүйд учирч болох огцом хэлбэлзлийн эрсдэлийг хааж байгаа юм.

-Яг үүнтэй холбогдуулаад асуухад эдийн засагчид Монголбанкны энэ удаагийн шийдвэрийг зөвхөн ханшийг хамгааллаа гэж шүүмжилж байна. Та үүнд ямар тайлбар 
өгөх вэ?

-Боломжгүйн гурвалжин гэж ойлголт бий. Энэ ойлголтыг бид 2006, 2007 оноос хойш олон нийтэд ойлгуулах гэж их хичээсэн. Энэ үзэл баримтлалын дагуу Монголбанк ханшийг зорилт болгох ямар ч боломжгүй тул бид макро эдийн засгийн ерөнхий төлөв, эрдсийн үнэ, хөрөнгийн урсгал зэрэгтэй нийц¬тэй, ханшийн уян хатан бодлого баримтлах болно. Бидний авсан арга хэмжээ ханшийн сулралтыг зогсооход огт чиглээгүй бөгөөд зөвхөн тухайн үед үүсээд байсан огцом хэлбэлзлийг л бууруулж, үүнтэй холбоотой үүсэж болзошгүй байсан хүндрэлээс сэргийлэх л арга хэмжээ байсан. Бид олон нийтэд сайн ойлгуулж чадаагүй юм шиг байна.

"Хүндхэн үед зориг шаардсан бодлогын шийдвэр гаргасан"

Ер нь ханш сулрах нь өөрөө эдийн засгийн бодит секторт хэрэгтэй. Тухайлбал, экспортын компани, импортын бүтээгдэхүүн өрсөлдөх бүтээг¬дэхүүн үйлдвэрлэгчдэд эерэг нөлөөтэй. Манайх шиг уул уурхайгаас хамааралтай улсын хувьд эрдсийн үнийг уналттай уялдуулан сулруулж өгөх нь экспортоо дэмжиж, гадаад валютын нөөцөө хамгаалж байгаа хэлбэр.

-УИХ-аар саяхан төсвийн тодотголыг баталлаа. Үүнтэй холбоотойгоор бодлогын орчин өөрчлөгдөж байгаа юу?

-Сангийн сайдын мэдээлснээр төсвийн алдагдал ДНБ-¬ий 21 хувь байна гэсэн. Батлагдахдаа 18 хувь дээр тогтсон. Тэгэхээр алдагдал талаасаа нөхцөл байдал харьцангуй сайжирч байна. Дахиад УИХ-¬аас ирэх оны төсвийн алдагдлыг ДНБ-¬ий нэг оронтой тоонд байхаар оруулж ирээрэй гэсэн чиглэл өгсөн. Мөн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдлийг батлахдаа алдагдлыг ДНБ-¬ий 7.5 хувьд байлгана гэсэн байгаа. Тэгэхээр төсвийн бодлого өрийн тогтвортой байдлыг хангах чиглэл рүүгээ явж эхэлж байна гэж би хувьдаа дүгнэсэн.

-Төсөв, мөнгөний бодлого уялдаагүй байна гэдэг дээр таны бодол юу вэ?

-Миний харж байгаагаар бодлогын сайн сонголт юу вэ гэхээр нэг талдаа төсөв сахилга баттай, ойворгон биш үед мөнгөний бодлого нь тодорхой түвшинд сулраад, төсөв мөнгөний бодлого хоёр хоёулаа нийлээд макро эдийн засгийн тогтвортой байдлаа хангах чиглэл рүү явбал, энэ зөв бодлого болно. Ялангуяа эдийн засгийн өсөлтийн циклийн үед ингэж чадвал хоёр бодлого хоёулаа уналтын үед мөчлөг сөрөх буюу уналтын үед зөөлөрч, эдийн засгаа тэтгэх боломжийг өөртөө олж авах юм. Ингэснээр дунд болон урт хугацаандаа макро эдийн засаг тогтвортой байх боломж бүрдэх юм. 
Макро эдийн засаг тогтвортой байна гэдгийг юугаар хэмжих вэ гэхээр эдийн засгийн өсөлт тогтвортой байх. Нэг удаа 17 хувь гараад, нэг удаа хасах хувьтай гараад байж болохгүй. Харьцангуй тогтвортой өсөлттэй байх ёстой. Ханш, зээлийн өсөлт, зээлийн шалгуурууд тогтвортой байх ёстой. Хадгаламжийн хүү, мөнгөний нийлүүлэлтийн өсөлт тогтвортой байх ёстой. Ийм зүйлүүдийг макро эдийн засгийн тогтвортой байдал гэж байгаа юм. 
Эдийн засаг гадаад, дотоод талаасаа эерэг болон сөрөг шоконд өртөж л байдаг. Энэ шокуудыг сөрсөн бодлогууд хэрэгжиж байх ёстой. Эдийн засгийн эерэг шок орж ирж байгаа үед бодлого үүнийгээ дагаад тэлж болохгүй. Тэртэй тэргүй хувийн сектор тэлж байгаа үед бодлого тодорхой хэмжээнд тоормостой явах хэрэгтэй. Эдийн засаг тэлэлттэй байгаа үед бодлогоо сааруулснаар уналтын үед бодлогоо суллах орон зайгаа олж авах юм. Эдийн засаг эерэг, таатай байгаа үед төсөв, мөнгөний бодлогоо тэлээд явчихаар төсвийн бодлогынхоо орон зайг ховх сорж хаяад, мөнгөний бодлого талаасаа гадаад валютын нөөцөө шавхах нөхцөл рүү ороод байна. 
Өнөөдөр бид эдийн засгийн уналтын үед төсөв нь тэлье гэхээр өрийн дарамт, өрийн тогтвортой байдлаар хязгаарлагдсан, мөнгөний бодлогоо тэлье гэхээр бас хязгаарлагдчихсан ийм нөхцөл байдал руу ороод байж болохгүй юм.

-Одоо бодлого зөв чиглэл рүүгээ явах зам нь нээгдсэн үү. Ер нь ийм байхын тулд яах ёстой вэ?

-Зөв чиглэл рүү нь оруу¬лахыг Засгийн газар, Монголбанк аль аль талаасаа хичээж байна. Хамгийн гол нь бодлого боловсруулагч байгууллагуудын институцийн хөгжил, засаглалыг сайжруулах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, төсөв болон мөнгөний бодлогын улс төр, бизнесийн төрөл бүрийн сонирхлоос хараат бус байх дархлааг сайжруулах, үүний тулд тодорхой хуулиудыг өөрчлөх шаардлагатай байна. Энэ хүрээнд Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, бусад дагалдах хууль журмууд байна. Мөн Монголбанкны Ерөнхийлөгч төв банкны засаглал, институцийн хөгжлийг шинэчилнэ, үүний хүрээнд төв банкны тухай хуульд өөрчлөлт оруулна, хаврын чуулганаар оруулж, хэлэлцүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Энэ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ийм байдлаар засаглалын шинжтэй алдаануудаа засчихвал бодлогуудын дархлаа хараат бус байдал илт сайжирна гэж бодож байна.


-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж:Б.Баяртогтох


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин