• Эхлэл
  • Нийслэлийн төсвөөр нээлттэй хэлэлцүүлэг хийв

Нийслэлийн төсвөөр нээлттэй хэлэлцүүлэг хийв

2016/11/21

Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг өнгөрсөн баасан гарагт НИТХ-аар баталсан. Хуулийн дагуу нийслэлийн 2017 оны төсвийн төслийг 11 дүгээр сарын 25-нд НИТХ-д өргөн барих ёстой билээ. Ирэх оны нийслэлийн төсвийг хэлэлцэж буй энэ үед төсвийн төсөлд иргэдийн саналыг авах зорилгоор өнөөдөр Нийслэлийн Засаг даргын орлогч нар, хотын удирдлагын төлөөлөл Улаанбаатар хотын иргэдтэй нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт нийслэлийн 9 дүүргийн 200 гаруй иргэн оролцсон юм.

2017 онд нийслэлийн төсөвт 656.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн нь 2016 оны батлагдсан төсвөөс 73 тэрбум төгрөгөөр буюу 12.5 хувиар, 2015 оны гүйцэтгэлээс 104.5 тэрбум төгрөг буюу 18.9 хувиар тус тус нэмэгдүүлсэн дүнтэй байна.

Төсвийн орлогын бүрдүүлэлтийг хот, дүүргээр нь ангилан авч үзвэл хотын төсөвт 536 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, нийслэлийн төсвийн орлогын 81.7 хувийг бүрдүүлэхээр төлөвлөжээ. Дүүргүүдийн төсөвт 120.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, нийслэлийн төсвийн 18.3 хувийг бүрдүүлэхээр байна.

Ирэх онд нийслэлийн төсвийн орлогын 58 хувийг ХХОАТ-аас бүрдүүлэхээр төсөлд тусгасныг Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү танилцууллаа. Төсвөөс хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд дунд хугацаанд татварын орчинг тогтвортой байлгаж, шинэ татвар бий болгохгүй, татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй байх, мэдээллийн технологийг татварын харилцаанд түлхүү ашиглах замаар татвар хураалт, хяналт, эрсдэлийн үнэлгээг бодитой, татвар төлөгчдөд чирэгдэл багатай байх нөхцлийг бүрдүүлэх аж.

2017 оны төсвийн төслийн талаар саналаа хэлсэн иргэд дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлэх, орон сууцны дулаан алдагдлыг бууруулах, гэрэлтүүлэг, камерын хяналтыг сайжруулах, дэд бүтэц, автозамын асуудал зэргийг хөндөн ярьсан. Мөн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, түүнийг шийдвэрлэх талаар төсөвт суулгах шаардлагатайг иргэд хэлж байлаа. Тухайлбал, БЗД-ийн 5 дугаар хорооны иргэн н.Бямбадорж “Манай хороонд 146-р цэцэрлэг гэж 300 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг байсан. Үүнийг 2013 онд тухайн үеийн хотын даргын захирамжаар нураасан. Одоо газар нь хашаатайгаа бэлэн байгаа. Манай хорооны иргэд үүн дээр их хүлээлттэй байдаг” гэлээ. Мөн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны иргэн хороондоо цэцэрлэгтэй бол хүүхдүүд өвлийн хүйтэнд өөр хорооны цэцэрлэг рүү явахгүй, эцэг эхчүүдэд ч хүндрэл багатай болохыг хэлж байв.

БЗД-ийн 24 дүгээр хорооны иргэн н.Сандуй “Манай хороо цэцэрлэг, сургуульгүй хороо. Ирэх 4 жилд нийслэлийн удирдлагууд хотын захын дүүрэг, гэр хорооллууд руу гол бодлогоо чиглүүлээсэй гэж хүсч байна. Манай хороонд цэцэрлэг болгох боломжтой хувь хүний байшин бий. Үүнийг цэцэрлэг болгох хөрөнгийг төсөвт суулгаасай гэсэн саналтай байна” гэсэн юм. Мөн СХД-ийн 23 дугаар хорооны иргэд хороондоо сургууль, цэцэрлэггүйгээс гадна нийтийн тээвэр, автозамын асуудал хүнд байдгийг хотын удирдлагуудад дуулгалаа.

БГД-ийн 21 дүгээр хорооны иргэн н.Баттулга “Манай хороо руу нийтийн тээврийн үйлчилгээ хүрдэггүйгээс иргэд хүүхдээ хүргэж өгөх, ажилдаа явах гэж өвлийн хүйтэнд 2.5-3 км газар алхаж байна. Дээр нь замын гэрэлтүүлэг маш муу. Үүнийг шийдвэрлэх зайлшгүй шаардлага байна” гэлээ. Харин БЗД-ийн 4 дүгээр хорооны иргэн С.Отгонжаргал “Манай хорооны хувьд дахин төлөвлөлтөд орсон айлууд өнөөдөр маш хүнд нөхцөлд байна. Өнгөрсөн 4 жилд бүтээн байгуулалт огт хийгдээгүй. Үүнийг хурдасгах шаардлагатай. Дээр нь авто замын асуудал хүнд. Зам тавьж, нийтийн тээвэр явдаг болгоход анхаарч, иргэдийн аюулгүй амьдрах нөхцлийг бүрдүүлж өгөхийг хүсч байна.” гэлээ.

Нийслэлийн ирэх 2017 оны төсвийн төсөлтэй холбоотойгоор иргэдийн хэлсэн саналыг хотын удирдлагууд судалж, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэхдээ тусгана гэдгийг хэллээ. Ялангуяа иргэдийн голчлон ярьсан сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана гэсэн юм. НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү “Улаанбаатар хотын хүн ам өдрөөс өдөрт нэмэгдэж байгаатай холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муудаж байна. 2017 оны нийслэлийн төсөв хүндрэлтэй байгаа ч бид боломжит төсвийнхөө хэрэгцээнд тулгуурлаад сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг аль болох нэмэгдүүлэх, нийслэлийн иргэдийнхээ ая тухтай амьдрах орчин нөхцөл бүрдүүлэх зэргийг төсвийн хүрэлцээнээс гадна төр, хувийн хэвшлийн оролцоог сайжруулах гэсэн олон талт эдийн засгийн боломжид тулгуурлан, аль болох иргэдийн саналыг төсөвтөө тусгахаар төлөвлөж байна” гэсэн юм.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин