• Эхлэл
  • Хуримтлалаас эхтэй хожил

Хуримтлалаас эхтэй хожил

2016/12/26

...Хадгалж эхэл, эрт байх тусмаа сайн. Товч тодорхой энэ үг тэр үед нэлээд онцгой сэтгэгдэл надад үлдээж билээ. Түүнээс хойш зургаан жил өнгөрсөн байна. Их сургуулийн ширээнээс ажлын талбарт шилжиж ирээд байсан минь тэр. Өдөр тутмын сонины “гал тогоо”-нд багтаж, улмаар эдийн засгийн албанд ажиллахаар. Аав, ээжээсээ санхүүгийн хувьд үргэлж хамааралтай байсан миний хувьд бусдын адил ажиллаж, өөрийн гэсэн орлоготой болох үүд ийнхүү нээгдлээ. Анхны цалин буух хоног, хугацаа улам ойртсоор. Ер нь тун дөхөж байв. Тэр баяртай мөч наашлах үеэр манай сонины зурагчин ах дээрх үгийг надад аминчлан хэлсэн нь энэ. Хожим гарсан үр дүнг нь хэмжих бүрт дээрх захиас толгойд орж ирдэг юм. Цагаа олж хэлсэн ажлын хүний үгэнд талархах сэтгэл эрхгүй төрнө. 

Чухамдаа аав, ээжийнхээ авдаг цалингийн хэмжээнд шуудхан дөхөж очихгүй ч анх удаа  хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх гэж байгаа болохоор битүүхэн догдолж байв. Хэдий гартаа цалингаа атгаагүй ч урьдчилан тооцоолж, эхний ээлжинд гэрийнхэндээ хүртээхийг бодно. Хүн болгонд гэнэтийн бэлэг барихыг зорьсон юмдаг. Энэ бол зургаан жилийн өмнөх үйл явдал бөгөөд үүнийг бичих миний бодит түүх гэдгийг анзаарсан биз ээ. Аав, ээж, дүү, эмээ гээд хайртай бүхэндээ “хишиг” хүртээсэн нь тухайн мөчид том амжилт байлаа. Мэдээж гэрийнхэн баярласан гэж жигтэйхэн. Харин зурагчин ахын хэлсэн үгийг тархиндаа тээсээр. 

Туурга тусгаарлах аян

Оюутан байхаас хамаатныхаа айлд амьдарч ирсэн миний хувьд эхний ээлжинд хашаа, байшинтай, хэтдээ орон сууцтай болох хүсэл өвөртлөв. Учир нь төрсөн гэр маань Улаанбаатараас 1300 км алс Говь-Алтай аймгийн Алтай суманд. Аав, ээж тэндээ ажиллаж, амьдардаг болохоор дээрх хүсэл төрж гарсан хэрэг. Магадгүй хуримтлалтай болох суурь шалтгаан үүнээс эхтэй. Нийслэлд эсгий гэрт аж төрөх амаргүй. Давхар бүрээстэй ч дулаан алдах нь их, хөрөх нь хурдан. Тэр тусмаа 70 насны босгыг давсан эмээгийн хувьд хүндхэн байх нь мэдээж. Эмээ биднийг хотод харж, залж байлаа. Тиймээс  юуны өмнө хашаа, байшинтай болох, хэчнээн хамаатан садан байлаа ч тусгаар байх нь чухал гэдгийг хугацаа өнгөрөх тусам улам ойлгох болов. Энэ миний хувьд хялбар бүтэхгүй нь ойлгомжтой урт хугацааны “аялал”. 

Цалинтай золгосон 2010 оны намар “Голомт” банкинд хадгаламжийн дэвтэр нээлгэж, хуримтлалын хадгаламж үүсгэв. Тодруулбал, 2010 оны арваннэгдүгээр сарын 5-нд өөрийн хуримтлалтай болохоор шулуудсан нь энэ. Ингэж дээрх мөрөөдлөө гүйцэлдүүлэхээр дансандаа 30 мянган төгрөг байршуулж, зорилгодоо нэг алхам ойртлоо.  Манай сонин “Голомт” банкаар дамжуулан цалингаа авдаг байсан болохоор хадгаламжаа давхар үүсгэв. Түүнээс гадна хэд хэдэн банкны хуримтлалын бүтээгдэхүүнтэй танилцаж, эцсийн шийдвэр гарсан болохоор эргэлзэх шаардлага ч байсангүй. Жилийн дараа буюу 2011 оны намар аав, ээжийнхээ ихэд дэмжлэг, өөрийн үүсгэсэн хуримтлалын дүнд манайх “хашаа” тусгаарлалаа. Ингэж л аав, ээждээ дэм болж, эмээ, дүүтэйгээ хамаатныхаа айлын хашаанаас гэрээ аваад нүүсэн юмдаг. Тэдний хашаа ч багагүй талбайтай болж, удалгүй авто засварын газар нээсэн билээ. Энэ өөрчлөлтийн цаана хуримтлал байв. Чингэлтэй дүүргийн 12-дугаар хороонд манайх гэдэг айл төвхнөв. Тэр цагт хуримтлалын үнэ цэнийг мэдэрсэн минь олон, олон боломжийг өнөө ойртуулж өгсөн.

Эхлэл ба алсын хараа

Аливаа зүйлийг эхлүүлэх л хэцүү юм билээ. Миний хувьд хадгаламжаа хугацаанаас нь өмнө цуглуулж, хүүгийн үр ашгаа салхинд хийсгэж байсан нь бий. Ийм байдалд ч манай үеийнхэн их орж байсан гэлцдэг. Гол нь сар тутам үржиж буй хадгаламжийн дэвтэр дээрх мөнгө, түүнийгээ зорьж буй ирээдүйдээ зарцуулах нь хамгийн чухал агаад тэвчээр заах сорилт байсан нь үнэн. Хөдөлмөрийн үр шимийн нэг хэсэг халаасанд үрэгдэх бус банкинд арвижиж байлаа. 

“Хуримтлал хүнийг санхүүгийн сахиалга баттай болгодог” хэмээн МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш, доктор Л.Оюун хэлдэг. Өрхийн эдийн засгийг илүү цэгцтэй байлгадаг, улмаар санхүүгээ удирдах тэрхүү боломж, бололцоог олгодог нь хуримтлалын ач холбогдол аж. “Хуримтлал нь ирээдүйдээ өнөөдөр зарцуулж буй хамгийн үр дүнтэй хөрөнгө оруулалт” гэж “Голомт” банкны ерөнхийлөгч Ө.Ганзориг өдөр тутмын сонинд өгсөн ярилцлагадаа тодотгосон удаатай.  

Хашаа, байшинтай болоход хөтөлсөн хуримтлалын хадгаламж хэдэн жилийн дараа найман хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдах нөхцөлийг манай гэр бүлд бүрдүүлж өгсөн. Ингэснээр урьдчилгаа 30 хувиа бэлнээр банкинд тушаах сорилтыг ажралгүй даваадхав. Хэрэв хуримтлал байгаагүй бол мөнөөх урьдчилгаа хол сонсогдох байсан нь лав. Гэнэт л их мөнгөтэй болчихно гэж бодож суухын оронд байгаагаа зохистой зарцуулж, хуримтлал үүсгэхийн чухлыг санаж сэдээгүй бусдадаа үүгээр дамжуулан хэлэхийг хүснэ. 

Санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн хүмүүсийн сонирхолтой түүхүүдийг дэлгэн харъя. Тэдний олонх нь өв хөрөнгө өвлөж бус, өөрсдийн хүчээр өнөөдрөө босгож чадсан байдаг. Хэдий эдийн засаг хүндрэлтэй ч өрхийн төсвөө тодотгож, зардлаа танах сонголт бидэнд бий. Үүний дүнд өөрийн гэсэн оронтой болгох, хүүхдийнхээ боловсролд шаардлагатай мөнгөн хөшүүргийг бий болгох боломжтой. Тэр болгон улам нээлттэй болж байна. Банкуудын зүгээс хуримтлалыг урамшуулсан бодлогыг хэрэгжүүлж эхэллээ. Энэ нь ирэх жилүүдэд хуримтлалтай өрхийн тоо эрс нэмэгдэхэд нөлөөлөх нь дамжиггүй. Манай улсын нийт 820 мянга орчим айл өрхийн 760 мянга нь хуримтлалгүй гэсэн статистик бий. Энэ тоог өөрчлөх эзэн нь зөвхөн Та шүү дээ. 

Хоёр тавны үр дүн

Хэрэв гурван өрх тутмын нэг нь өнөөдрөөс эхлэн сар бүр тогтмол 50 мянган төгрөг хуримтлуулж зуршвал яах вэ. 10 жилийн дараа айл өрх бүр 13 сая төгрөгтэй болох аж. Нийтдээ 3.3 их наяд төгрөгийн хуримтлал үүний үр дүнд бий болох нь. Энэ нь Монгол Улсын жилийн төсвийн орлогын 50 хувьтай тэнцэх хэмжээ. Их мөнгө гэдэг нь тодорхой. Ийм боломж бидэнд байгааг гэрчлэх үзүүлэлт энэ. Гурван их наядаар хэмжигдэх орлогыг зөвхөн гурван өрх тутмын нэг нь сар бүр 50 мянгыг хуримтлуулбал хоёр тавны дотор дээрх дүнд хүрэх нь. 

Миний хүү бага ангийн сурагч. Түүнд улсаас сар бүр олгож байгаа 20 мянган төгрөг хадгаламжийн дэвтэрт нь шууд шилждэг. Энэ мөнгө хүүгийн маань ирээдүйг илүү баталгаатай болгоход нөлөөлнө гэдэгт итгэдэг. Хуримтлал үүсгэх нь мөнгөтэй хүний ажил биш юм. Их, багаас үл хамаарах ирж яваа цагаа илүү өнгөлөг байлгах сонголт. Дүү нартаа ч хуримтлалын ач тусыг өнөө сурталчилж, тэр болгонд бяцхан түүхээ “үлгэр” адил ярьж өгөхийг хүснэ. Үлгэр дандаа аз жаргалтай төгсдөг болохоор тэр. Хадгаламж болгон зорилготой байж болно. 

Манай гэр бүл жилийн өмнө хоёр жилийн хугацаатай хадгаламж нээлгэсэн. 16 дахь сартайгаа золгож буй хуримтлалын өгөөж нь 2018 онд гэр бүлээрээ хамтдаа явах аяллын “эрхийн бичиг”. Түүнд хүрэхийн тулд сар болгон хамгийн багадаа 50 мянган төгрөг хуримтлуулахаар бид өөрсдөө хуульчилсан нь энэ. Ийм данс нээсний дараахан “Голомт” банкнаас “Үндэсний хуримтлалын хөтөлбөр” хэрэгжүүлсэн эхэлсэн. Хуримтлалаа зуршил болгохоор олон айл өрх зорьж байгаа. Тэдний нэг нь манайх болов уу. Хамгийн сайн зуршлын нэг нь хуримтлал гэж хэлнэ. 

Хэдий найман хувийн зээлтэй ч хуримтлалаа үржүүлэхээр манай гэр бүл бусдын адил дор бүртээ хөдөлмөрлөж байна. “Иргэн баян бол улс баян” гэж Данзангийн Бодоо өнгөрсөн зуунд хэлж үлдээсэн нь өнөөдрийн сургамж болон үлдсэн. Гэхдээ энэ үг хуучирсангүй. Харин улам үнэ цэнэ орж байна. Хэрэв өрх болгон нь хуримтлалтай байвал өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдлыг хавьгүй өөрөөр зураглаж болохоор. Гэхдээ оройтоогүй байна. Олсон хэдэн төгрөгөө зөвхөн хэрэглээ болгоод урсгаад байвал импортоос үлэмж хамааралтай манай улсад валютын ханш амар буухгүй нь үнэн. Хуримтлалтай эдийн засаг байж л дэлхийн санхүүгийн “шуурга”-нд тэсэж үлдэх бололцоотойг хөгжиж буй зарим орны бодит байдал илтгэнэ. 

Хуримтлалтай үндэстэн

“Монголбанкнаас иргэдэд хуримтлалын үр дүнг сурталчлан таниулах, улмаар санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд анхаарах шаардлага бий. Энэ хүрээнд хэрэгжиж буй “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг илүү эрчимжүүлэх нь үр дүнтэй” хэмээн СЭЗИС-ийн багш Ж.Дэлгэрсайхан онцолсон. Хуримтлал үүсгэхийн үнэ цэнийг илүү олон хүн эрт мэдэх тусмаа сайн. Тэд ирж яваа цагаа илүү сайхнаар өөрчилж чадна. Гэвч одоогоор манай улсын нийт хүн амын дийлэнх нь ямар ч хуримтлалгүй байна. 

Банкинд хадгаламжтай монголчуудын 83 хувийнх нь дансан дахь мөнгө нэг сая төгрөг ч хүрэхгүй байгаа юм. Ердөө ганцхан хувь нь 50 саяас дээш төгрөгийн хадгаламжтай гэх статистик үзүүлэлт бий. Энэ нь нийт монголчуудын хадгалдаг мөнгөний 62 хувийг хэдхэн хүн эзэмшдэг гэсэн үг. Үнэндээ энэ тэдний буруу биш юм. Бид өөрсдөө хичээж зүтгээгүй, санаж сэдээгүйд л учир бий. Тиймээс “Хөрөнгө оруулагч үндэстэн” болохын тулд юуны өмнө “Хуримтлалтай үндэстэн” байхаас санхүүгийн эрх чөлөө  эхэлнэ. Миний хувьд мөнгөн хуримтлалын тодорхой хэсгээ хувьцаанд хөрвүүлсэн. Банкуудын хувьд хөрөнгийн зах зээлийн дэд бүтэц сайжирч, үйл ажиллагаа нь жигдрэх үед олон төрлийн хуримтлалын бүтээгдэхүүн, өгөөж арвин үйлчилгээ бий болгоно гэдэгт олон хүн найдаж байна. Хожил авчирсан хуримтлалын өгөөжийг хүн болгон хүртэх боломжтой.

Сэтгүүлч Б.Баяртогтох

Эх сурвалж: "Засгийн газрын мэдээ" сонин 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин