“Yahoo” одоо яах вэ?

2017/01/12

Нэгэн цагт мандаж асан тэр нэр хүнд Yahoo компанийн логонд байрлах анхаарлын тэмдэгийн цэг шиг болсоор бүтэн дөрвөн жилийг элээжээ. Энэ хугацаанд юу болов? Гүйцэтгэх захирал нь хоёртонтоо солигдож, 2,5 тэрбум ам.долларын алдагдал хүлээж, Америкийн харилцаа холбооны компаниудтай нэр холбогдож, бүр зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Yahoo-г сүйрүүлээд амжив. Гэвч Цахиуртын хөндийд ийм зүйл хараахан болоогүй байна. Сүр дуулиантайхан ирсэн шинэ захирал гэнэт огцрохоо мэдэгдэж, Канадын Верайзон компани yahoo-тай нэгдэх саналаа ч хүргүүлсээр байна.

                                                                                 

                                                                             Сүүдэрт дарагдсан өнгөрсөн үе

1995 он. Интернэт хэрэглэгчдийн шинэ эринийг байлдан дагуулах Yahoo компани байгуулагдлаа. Тухайн үедээ зэрэг шахуу байгуулагдсан Гүүглээс хайлтын системийн өнгө төрх, шийдэл зэргээрээ эрс ялгарч, Цахим шуудан, цахим шуудан дахь зар сурталчилгаа, олон төрлийн мэдээллээрээ эрс ялгарч эхэлсэн юм. Компьютер хэрэглэж, интернэт орчинд аялж байгаа залуус нэг платформ дээр нэгдэж, санал бодлоо хуваалцаж эхэлсэн нь Yahoo мессенжэр байлаа. Илүү мэргэжлийн шинж чанартайгаар тайлбарлава Дьюй Декимал систем буюу бүлэглэсэн алгоритмуудыг ашиглаж эхэлсэн нь бусдаасаа ялгагдах нэгээхэн онцлог болж байсан юм. Мөн үүнээс гадна АНУ-ын мэргэжлийн дөрвөн лигийн хөгжөөн дэмжигчдийн хүсэлт нийцүүлэн “фантази лиги” гээчийг бий болгосон нь цоо шинэ тэсрэлт байлаа. Энэ бол 1990-ээд оны сүүл 2000-аад оны эхэн үед тохиосон сайхан цаг үе байсан юм.

Өрсөлдөгч Гүүглээсээ өнгө төрх, нүүр хуудас, цэс, агуулагдаж байгаа мэдээлэл, мэдээллийн шинж чанар, элдэв төрлийн бүтээгдэхүүнээрээ ялгарч чадаж байсан юм. Энэ талаарх яриа хөөрөө, зөвхөн олон нийтэд бус дээдсийн хүрээнийхэнд ч мандан бадарч байлаа. Тухайн үедээ нийгмийн мэдээллийн хэрэгсэл, хайлтын системийн салбарт шинэ үеийг авчирдаг юм.  

Гадныхны хараанд

Yahoo үүсгэн байгуулагдсан цагаасаа далайн чанад дахь улс, гүрнүүдийн анхааралд өртсөн юм. Технологийн өлгий нутаг гэгдэх Япон, хаалгаа алгуур онгойлгож байгаа Хятадын хөрөнгө оруулагчид Yahoo руу хараагаа сунгав. 2005 онд одоо нэгэнт дэлхийн томоохон цахим хуудас болсон Алибаба групп Калифорнийн Цахиуртын хөндийн Yahoo компанид нэг тэрбум долларын хөрөнгө оруулсан юм. Энэ нь тухайн үедээ Амазон, И-Бей, Пей Пал компаниудаас ч илүү хөрөнгийг босгосон тохиолдол болжээ. Яг тухайн үедээ Гүүгл ч энэ хэмжээний хөрөнгө оруулалтыг зөвхөн мөрөөдөж байсан юм.

Гүүглээс ялгаатай нь Yahoo-д бүх боломж нь байлаа. Япон, Хятад хайлтын системийг нь ашиглахыг зөвшөөрсөн нь өрсөлдөгчөөсөө давж гарах нэгэн сэдэл болсон билээ. Хятадын томоохон сайтын оруулсан хөрөнгө оруулалтын дүнд инновацийн шинэ шийдлүүдийг ашиглахад хүргэж, цахим шуудан, дэд цэснүүд бусад бүтээгдэхүүнийг ч хөгжүүлэх эхлэлийг тавьсан юм. Зөвхөн хувь хэрэглэгчтэй уялдуулаад зогсохгүй систем хөгжүүлэх мэргэжлийн ажилчдад зориулсан Yahoo Axis, Yahoo-г хэрэглэгчдийн холбогдож, санал бодлоо илэрхийлэх Y Connect зэрэг дэд сайтууд ч зах зээлд нэвтэрч эхлэв. Чухам энэ үеэс эхлэн гадна, дотоодын хөрөнгө оруулагчдын хараанд Yahoo-гынхан өртөж эхэлжээ.

Өрсөлдөгчид ширүүсч эхлэв

Хэдийгээр технологийн дэвшлүүдийг ашиглан цахим хуудас, бүтээгдэхүүнээ өөрчилж байсан ч нэгэн зүйл дээр алдсан нь нууцлалын систем байлаа. Тухайн компанид ажиллаж байсан аюулгүйн системийн ажилтнууд багахан хэдэн доллараар байгууллагынхаа системийн нууцлалыг бусдад, задалж, улмаар хэрэглэгчдийн хувийн мэдээлэл ил болох аюул жил тутам тохиолдож байсан гэхэд болно. 2010-2016 оны хооронд тус компанийн 100 мянга гаруй хэрэглэгчдийн мэдээлэл алдагджээ. Энэ үед Гүүглийнхэн аюулгүйн системээрээ хэрэглэгчдийг татаж байлаа. Гүүгл компани “Жи Мейл”-ийнхээ нууцлал, харагдах байдлыг нь өөрчилж, мессенжэрийг орлох “HangOuts” бүтээгдэхүүнийг нээв. Хувийн файлуудаа хадгалаж болох “драйв” гээчийг ч нээж орхив. Зөвхөн гүүглийн хайлтын хэрэгсэлд суурилсан ухаалаг утаснууд ч зах зээлд нэвтэрч эхэлсэн нь Yahoo-д өгсөн давхар цохилтуудын нэг байлаа.

Удалгүй 2007 оноос Фейсбүүк гэх аварга хэрэгсэл гарч эхэллээ. Хэрэглэгчид хувийн мэдээлэл болон өөрт тохиолдсон зүйлс, амьдралынхаа хэвшлийг бусадтайгаа хуваалцаж болох нийгмийн сүлжээний энэ сайт богино хугацаанд технологийн гигантуудыг чичрүүлэх болсон юм. Энэ бол хайлтын систем биш ч хайлтын системийн агуулгыг шингээсэн, илүү хувийн шинжтэй, профайл үүсгэх боломжтой гэдгээрээ ийнхүү онцгойрсон юм.

Далайн чанадад тэр дундаа Азид Алибаба гэх томоохон тоглогч 2006 оноос алгуур “чангарч” байлаа. Таван тэрбум хүнд өлхөн хүрч чадах интернэт худалдааны энэ сайт Цахиуртын хөндийн 60 компанийг нийлүүлснээс ч илүү хүчийг хуримтлуулж, АНУ-ын томоохон хайлтын систем гэгдэх Yahoo-д хөрөнгө оруулсан нь яваандаа Америк Алибабагын төлөвлөгөөнд байгаа гэх далд мессежийг хүмүүст өгсөн билээ.

Улиг болсон хэв маяг

Yahoo тогтсон форматаа хэзээ ч шинэчилж, өөрчилж байгаагүй. Гагцхүү технологийн дэвшлүүддээ л анхаарал хандуулж байсан нь маш том алдаа байлаа. Гүүгл энэ хооронд харагдах байдлаа нэг удаа өөрчилсөн нь томоохон амжилтыг дагуулсан юм. Технологио ч хэрэглэгчдэд ойлгомжтой байдлаар шинэчилж, зах зээлийн шинэчлэлтэй хөл нийлүүлэн алхаж байлаа. Гэтэл Yahoo тэгсэнгүй. Улиг болсон загвараа эвдэхийг хүсэхгүй байсаар өнөөгийн энэ том алдагдалтай нүүр тулжээ. 2007-2008 онд нүүрлэсэн дэлхийн эдийн засгийн хямралаас хойш Yahoo-д хаяглагдах сайхан мэдээнүүд зогссон билээ. Зөвхөн тэр үеэс хойш тооцвол энэ компани 10 тэрбумын алдагдал хүлээгээд байна. Энэ бол цахим бизнес эрхлэгчдийн хувьд байж болшгүй том тоо билээ.

Тэртээ тэргүй хэв маягаа өөрчилсөөр байгаа цахим орчин, шинэ тоглогчид 15 жилийн өмнөх шиг тийм хэв маягыг хүсэхгүй байх нь ойлгомжтой. Тиймээс ч тус компани ирээдүйд нэрээ өөрчилж, магадгүй цоо шинэ хэв маягаар хэрэглэгчидтэй золгохыг хэлэлцэж байж ч болох юм.

Өрсөлдөгчийн явуулга байв уу?

Yahoo компанийн ТУЗ алдааг удирдлагын багт байна гэж үзэн 2012 оны долоодугаар сарын 16-нд гүйцэтгэх захирлаараа өмнө нь Гүүглд ажиллаж байсан Марисса Мейэрийг сонгож шуугиан тарив. Хожим нь ТУЗ-ын дарга Девид Фило хэлэхдээ үүнийг “Өрсөлдөгчийн давамгай байдлыг компанидаа эргүүлэх гэсэн нэгэн алхам” гэж мэдэгдсэн билээ. Тэр ч тухайн үедээ тийм байсан байж болох ч бодит байдал арай өөрийг зааж байлаа. Yahoo-н алдагдал буурсангүй, улам л ихсэх болов. Технологи болон харагдах байдал ч өмнөхөөсөө дээрдсэнгүй. Системийн шинэчлэл гэх юм бараг тохиосонгүй. Моторолла, Блекбэрри компанитай хамтран Yahoo-н үйлдлийн систем бүхий ухаалаг гар утас зах зээлд нэвтрүүлнэ гэж байсан ч тэр нь амьдрал дээр биеллээ олсонгүй. Нэг ёсондоо нэгэнт живж буй завинаас хөрөнгө оруулагчид нүүрээ буруулж байгаа нь энэ байлаа.

Хардах дуртай сэтгүүлчдийн үзэж байгаагаар нь энэ нь Гүүглийн явуулга гэнэ. Марисса Мейрийг цаагуураа Гүүглийн тагнуул гэж байгаа нь энэ. Мейэр үнэндээ тагнуул байсныг бид ч, америкчууд ч, өөрөө ч нотолж чадахгүй. Гэхдээ өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Мейэр өөрчилж чадаагүй гэдэг нь бүхний нүдэн дээрх ил үнэн билээ.

Yahoo цаашид яах вэ?

Энэ долоо хоногийн эхээр тус компанийн гүйцэтгэх захирал Мариса Мейр ажлаа хүлээлгэн өглөө. Жил илүү хугацаанд ажилласан тэрээр өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн нь зах зээлийн өсөлт хөгжилтийг хангаагүй, технологийн дэвшлийг бий болгоогүй, алдагдлаа бууруулаагүй гэх үндэслэлээр өөрийгөө буруутайд тооцсон юм. Гэвч өөрийн хүсэлтээр үү, өрөөлийн шахалтаар уу гэдэг нь бас л нууц хэвээр үлдлээ. Марисса Мейэр суудлаа өгөөд хэдэн цаг ч болоогүй байтал компанийн удирдах зөвлөл Эрик Брандтыг орны хүнээр нь нэрлэв. Ингэснээр компанийн ирээдүй өөрчлөгдөнө гэж үзэж байгаа ажээ. Нью-Йоркийн өдрийн сонины мэдээлж байгаагаар Канадын алдарт Верайзон компанитай тохироонд хүрч улмаар, Алибабагын санхүүжилтээр “Альтаба” Инк гэгчийг байгуулахаар болсон аж. Гэхдээ хоёр компанийн хооронд хэлцэл өрнөж байгаа ч албан ёсны гэрээ байгуулагдаагүй байгааг дуулгах нь зүйтэй.

Компанийн бодлого нь нэгэнт тогтсон хэв маяг буюу yahoo-г унагааж, сүйрүүлэхгүйгээр эцэг компанийн нэрийг өөрчлөн улмаар цахим ертөнцийн төрөл бүрийн салбарыг нэгтгэсэн нэгэн цул томоохон цахим хуудас л бүрдүүлэх зорилготой. Тэрнээс биш манайд шуугиад байгаа шиг yahoo-гын төгсгөл ирсэн гэсэн үг огт биш юм.

Юу болохыг хамтдаа харж л байя.

Б.Болор


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин