• Эхлэл
  • Тангараг: Вашингтоноос Трамп хүртэл

Тангараг: Вашингтоноос Трамп хүртэл

2017/01/18

АНУ-ын ард иргэд түүхэн дэх 67 дахь удаагийн ерөнхийлөгчөөр сонгогдсон нэгний тангаргийг сонсох гэж байна. Ерөнхийлөгчдөөр тоолбол 45 дахь ерөнхийлөгчөө тангараг өргөхийг нь сонсох гэж байна. Монголын цагаар ирэх 21-ний өдөр дэлхийн хамгийн том эдийн засаг гэгдэх АНУ 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Ж.Трамп тангаргаа өргөнө. Их тангаргин өмнөх сонирхолтой мэдээллийг эрхэм уншигч танд хүргэе.

-Тангараг өргөх өдөр анхны ерөнхийлөгч Жорж Вашингтоноос хойш буюу 1789 оны 4-р сарын 30-наас хойш 1937 он хүртэл гуравдугаар сард болдог байжээ. Тэгвэл 1933 онд төлөөлөгчдийн танхим Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, тангараг өргөх өдрийг хоёр сараар урагшлуулан нэгдүгээр сарны 20-ны үдээс хойш гэж яг таг заасан байна.

-Тангараг өргөхдөө баруун гараа Библи дээр тавих эсэхийг яг таг хуулинд тусгаагүй бөгөөд тухайн хүний сонголт гэж үзэн нээлттэй орхисон байдаг. Тэгвэл АНУ-ын алдартай ерөнхийлөгч гэгдэх Теодор Рүүзвельт 1901 онд тангараг өргөхдөө Библийг огт ашиглаагүй ажээ.

-Цаг уурын тухайд авч үзвэл 1789-1993 он хүртэлх 35 удаагийн тангараг өргөх өдөр цаг агаар таатай байжээ. Харин 10 тангараг өргөх ёслол бороотой, 7 нь цастай байсан гэдэг.

-АНУ-ын 40 дэх ерөнхийлөгч Рональд Реганы тангараг өргөх хоёр ёслол хоёулаа түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Рональд Рейганы анхны тангараг өргөх ёслол целсийн 55 хэмийн халуунд болсон нь тангараг өргөх ёслолын түүхэн дэх хамгийн халуун нь болов. Харин хоёр дахь тангараг өргөх ёслол нь целсийн дөнгөж 7 хэмийн халуунд болсон нь түүхэн дэх хамгийн хүйтэн уур амьсгалаар бүртгэгджээ.

-АНУ-ын Үндсэн хуулинд хэд, хэдэн удаагийн өөрчлөлт орсны дараа 1980-аад оноос Капитолын ордонд зохион байгуулна гэдгийг хуульчилсан байдаг.

-Ихэнх тангараг өргөх ёслол Капитолын ордонд болдог ч Капитолын ордоноос өөр газарт 4 ерөнхийлөгч тангараг өргөсөн түүхтэй. Жорж Вашингтон 1789 онд Нью-Йорк хотноо анх удаагаа тангараг өргөж байсан бол 1793 оны тангараг өргөх ёслол Филадельфи хотод болж байжээ. Жон Адамс 1797 онд мөн л Филадельфи хотод, Честэр Алан Артур 1881 онд Нью-Йорк хотод тангараг өргөж байсан. Теодор Рүүзвельт 1901 онд Баффало хотод Калвин Күүлидж 1923 онд Плаймот хотод Линдон Б.Жонсон 1963 онд Даллас хотод онгоцон дотор тангараг өргөж байсан гэдэг.

-АНУ-ын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтоны тангараг өргөх  ёслолын дараа хэлсэн үг ердөө 135 үгэнд багтаж байсан гэдэг.

-АНУ-ын гурав дахь ерөнхийлөгч Томас Жефферсон алхаан дундаа тангаргаа өргөж байсан бөгөөд Капитолын ордонд тангараг өргөсөн анхны ерөнхийлөгч.

-АНУ-ын дөрөв дэх ерөнхийлөгч Жеймс Медисон тангараг өргөх ёслолын дараах цэнгүүнийг анх удаа зохион байгуулсан түүхтэй.

-АНУ-ын ес дэх ерөнхийлөгчөөр сонгогдсон Уиллиам Х.Харрисоны хэлсэн үг хамгийн урт буюу 8445 үг болжээ.

-АНУ-ын 15 дахь ерөнхийлөгч Жеймс Бюканан тангараг өргөж байх үедээ гэрэл зурагт мөнхөрсөн анхны ерөнхийлөгч болсон юм.

-Харин 16 дахь ерөнхийлөгч Авраам Линкольн тангаргийн жагсаалдаа хар арьстнуудыг оролцуулсан анхны ерөнхийлөгч болжээ.

-АНУ-ын 20 дахь ерөнхийлөгч Жеймс Гарфилдийн ээж тангараг өргөх ёслолд оролцсон нь түүхэн дэх анхны тохиолдол болжээ.

-27 дахь ерөнхийлөгч Уиллиам Х.Тафтыг тангараг өргөхөд эхнэр нь хамт байлцсан нь түүхэн дэх анхны тохиолдол байсан гэдэг.

-28 дахь ерөнхийлөгч Вүүдроу Уильсон тангаргийн жагсаалдаа АНУ-ын түүхэнд анх удаа эмэгтэйчүүдийг оролцуулжээ.

-АНУ-ын 29 дэх ерөнхийлөгч Уоррен Ж.Хардинг тангаргийн жагсаалдаа анх удаа автомашин оролцуулжээ.

-АНУ-ын 30 дахь ерөнхийлөгч Калвин Күүлиджийн тангаргийг түүхэндээ анх удаа радиогоор дамжуулав.

-Харин 33 дахь ерөнхийлөгч Харри С.Труманы тангаргийг анх удаа телевизээр олон нийтэд хүргэжээ.

-35 дахь ерөнхийлөгч Жон Ф.Кеннеди тангараг өргөх ёслолын хүндэтгэлийн суудалд яруу найрагч Роберт Фростыг урьсан нь албан ёсны арга хэмжээнд яруу найрагчийг оролцуулсан анхны тохиолдол болсон юм.

-Түүхэнд анхны бөгөөд сүүлийн удаа тангараг өргөх ёслолын үгийг эмэгтэй хүнээр дамжуулуулан хэлсэн анхны ерөнхийлөгч нь Линдон Жонсон болсон юм. Тухайн үед АНУ-ын Тойргийн шүүгч Сара Т.Хьюс энэ үүргийг хүлээж байжээ.

-АНУ-ын 42 дахь ерөнхийлөгч Билл Клинтоны тангараг өргөх ёслолыг анх удаа интернэтээр шууд дамжуулжээ.

-АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обама тангараг өргөх ёслолын үеэр үгийг сольж хэлэн, дахин эхнээс нь уншсанаар тангаргийн үгээ хоёр удаа хэлсэн анхны ерөнхийлөгч болсон юм.

Трампын тангаргийн талаарх сонирхолтой баримт

  • Дональд Трамп Вашингтон хотод тангараг өргөх ёслол болох өдрийн өглөө хувийн нисдэг тэргээрээ ирнэ.
  • Тангаргийн өмнөх рейтингээрээ хамгийн муу ерөнхийлөгчөөр Дональд Трамп нэрлэгдлээ. Түүний рейтинг 42.5 хувиар хэмжигдэж байна.
  • Тангараг өргөх хорооны гишүүдэд нэг ч улстөрч багтсангүй. Түүний тангаргийн зөвлөлийг танилцуулбал: Венециан болон Палаццо казиногын эзэн Шелдон Адельсон, бизнес эрхлэгч, тэрбумтан Стив Винн, казиногийн эзэн Фил Раффин, газрын тос болон байгалийн хийн магнат Харольд Хемм, тэрбумтан Дайане Хендрикс, нүүрсний уурхайн эзэн Жое Крафт, Нью-Йорк Жетс багийн эзэн Вүүди Жонсон нар багтжээ.
  • Олны танил алдартнуудыг урьсан боловч оролцохоос татгалзлаа. Тухайлбал алдарт Элтон Жон, Селин Дион, Ребекка Фергюсон нар оролцохоос татгалзжээ.
  • Интернэтээр олон сая үзэгчийг байлдан дагуулсан “Piano Guys”, 90-ээд оны алдартай рок хамтлаг болох 3 Doors Down нар оролцохоо мэдэгдээд байна.
  • Өдгөө амьд сэрүүн байгаа Жимми Картер, Билл Клинтон, “эцэг” болон “бага” Буш нар ёслолд оролцоно гэгдэж байв. Гэвч эрүүл мэндийн байдлаас шалтгаалан “эцэг” Буш оролцохгүй болжээ. Харин тэргүүн хатагтай байсан Хиллари Клинтон сонгуульд өрсөлдөөд ялагдсан учраас тангараг өргөх ёслолд оролцохгүй.
  • Христийн шашны радикал үзэлтэй урсгал гэгдэх Мормоны урсгалын нэгэн сүмийн найрал дуучид тангараг өргөх ёслолд оролцохоор болов. Энэ нь тангараг өргөх ёслолын түүхэнд анхны тохиолдол болох байжээ. Гэвч тэд ёслолд оролцохоос татгалзсан байна.
  • Тангараг өргөх ёслолын үеэр АНУ-ын ногоон нам болон улстөрийн үзэлтэй хөдөлгөөнийхөн 20 гаруй эсэргүүцлийн жагсаалыг АНУ-ын өнцөг булан бүрт зохион байгуулахаар төлөвлөж байна.

 

Б.Болор


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин