• Эхлэл
  • М.Учрал:Интерьер дизайн бол урлаг

М.Учрал:Интерьер дизайн бол урлаг

2017/01/18

М.Учрал залуухан дизайнер. Гэхдээ тэдний овог болсон “Тэнүүн-Асар” компанийнх нь нэр, бүтээлийг олон хүн мэдэх байх. Интерьер, дизайны гайхалтай шийдлийн талаар бид товчхон ярилцав. Түүний амласнаар манай хуудсаар дахин уулзах буй за.

-Анх ажлаа юунаас эхэлж байсан талаар яриагаа эхлэвэл сонин болов уу?

-Анх 2013 оны сүүлээр гурвуулхнаа интерьер дизайны компани байгуулна гээд л ажлаа эхэлж байлаа. Дөнгөж байгуулагдаад л интерьер дизайны зургийг шууд гүйцэтгэлтэй нь хийж эхэлж байлаа. Загвараа гаргаж дуусаад л давхар ажилчидтайгаа хамт дайрч ороод л ажлаа хийнэ. Бид бүгдээрээ тусдаа өөр, өөр газар ажилладаг байсан хэдий ч яг тэр үеээс хамтарч энэ ажлаа эхлүүлсэн.  Энэ нь ч бидэнд их туршлага болсон. Өмнө нь интерьерийн ажлыг удирдаж явуулдаг байсан бол яг өөрсдөө хийгээд ирэхээр хийцийн тал дээр илүү сайн ойлголттой болдог юм билээ. Одоогийн байдлаар манай компани барилга хот байгуулалтын яамны 1.2.4 заалт болох Ус хангамж ариутгах татуурга, халаалт агаар сэлгэлт, хөргөлтийн систем, гадна салбар шугам сүлжээ түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл, барилга архитектурын зураг төсөл, интерьер экстерьер дизайны зураг төсөл, гүйцэтгэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Манай сангийн инженер нь салбартаа 25 жил ажилласан туршлагтай мэргэшсэн инженер байдаг.

-Нэг хэсэг мэргэжлийн байгууллагад хандахаасаа илүү хүмүүс өөрсдөө л барилгынхаа дотор засал, тохижилтыг хийчих гээд л үзээд байдаг байсан. Харин одоо энэ салбар маш өндөр төвшинд гарч ирсэн гэдэгтэй санал нийлэх үү?

-Нэг талаараа тийм. . Хоёр жилийн өмнө л Barilga.mn ээс зохион байгуулсан интерьер дизайны компаниудын дундах нээлттэй хэлэлцүүлэг дээр харилцаж байгаа хүмүүс болон компаниуд манай салбарыг ойлгохгүй байлаа. Тухайн үед “Бид хэрэглэгчдээ хүмүүжүүлэх ёстой” гэж ярьж байсан бол одоо харилцагч үйлчлүүлэгч нар ч боловсорсон байна. Дизайны давуу талыг илүү ойлгодог хэрэглэдэг болжээ. Гэтэл нөгөө талаасаа эртнээс хүн төрөлхтөн бид амьдрах сууц байшин, барилгаа гоёмсог дахин давтагдахгүй тансаг байлгахын үүднээс дархан барималч уран зураач хүмүүсийг эртнээс бэлдэж бүхэл бүтэн баг гаргаж зураг хийлгэдэг байсан гээд бодохоор эртнээс чухалд тооцогдсон салбар гэж хэлж болно. Одоо бол бүр урлагийн хэмжээнд хөгжиж байна.

-Өөрийг тань харахад залуу хүн байна. Ер нь интерьер дизайны чиглэлээр голдуу залуус өрсөлдөж, амжилт гаргаж байгаа гэж хэлж болох уу?

-Дээр хэлсэн нэг талаасаа эртний боловч нэг талаасаа сүүл үеийн, Монголын хувьд шинээр гарч ирж байгаа салбар гэж хэлж болно. Тийм ч учраас энэ салбарын нүүр царайг бүрдүүлэгч боловсон хүчин бол ихэнх нь залуус байдаг байх. Тиймээс ч олон бүтээлч сэтгэлгээтэй авъяаслаг залуучууд гарч ирсээр байна. Энэ нь нэг талаараа давуу тал байж болох юм. Ямар ч төслийг бүтэхгүй гэж орхилгүйгээр зорилгынхоо төлөө хичээсний хариуд олон сайн төслүүд гарч ирж байгаа санагддаг. Монголчуудын хувьд 3-4 жилийн өмнө ийм хөгжилтэй байгаагүй гэж бодохоор маш хурдацтай дэлхийн түвшинд өрсөлдөж гарч ирж байна гэж боддог.

-Дээр өгүүлсэн бидний олонх нь оффисоо ялангуяа гэрээ бол өөрсдөө тохижуулах гээд үздэг. Гэхдээ л санаандаа хүрэхэд хэцүү. Гол алдаа нь юундаа байдаг гэж боддог вэ?

-Миний зүгээс ажиглахад зарим хүмүүс тавилга болон бусад хийцүүдийн өнгө материал дээр буруу сонголт хийсэн байх шиг харагддаг. Учир нь материал бүр өөрийн гэсэн шинж чанартай байдаг. Жишээ нь өнгө нь таалагдлаа гэж бодоход тухайн материалын фактур нь матте эсвэл гөлгөр байдаг ч юмуу тэгээд гэртээ авчраад тавьсан чинь тухайн материал маань өөр дээрээ гэрлийн тусгал болон бусад материалынхаа туяаг аваад өөр харагдах тохиолдол их байдаг. Өнгө хүртэл дотроо маш олон тон агуулж байдаг шүү дээ. Жишээ нь орны бүтээлэг хөшиг хоёр хоорондоо ижил материал болон өнгөтэй байвал зөв байх жишээний.

Хэмжээ харьцаан дээр бас алдсан харагддаг. Дэлгүүрийн орон зайд тавьсан тавилга гэрийнхээс ондоо мэдрэмж өгдөг. Яг хэмжээгээ хэмжээд тааруулаад авсан ч гэсэн мэдрэмжийн хувьд хоорондоо ялгаатай.

-Тийм ээ. Дэлгүүрт юм уу танилцуулгын сэтгүүл дээр маш гоё харагдаж байсан тавилга гэртээ авчраад тавихаар нэг л зохилдолгоо муутай болчихсон санагдах тал байдаг. Зай талбай, өнгө зохицлоосоо болж байна уу?

-Тавилгын дизайн аль урсгалд хамаарагдах вэ гэдгээс илүү тухайн орон зайд хийцийнхээ хувьд нийцэж байгаа эсэхийг тодорхойлох хэрэгтэй. Хөлтэй байх уу эсвэл битүү байх уу гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Хөлтэй буюу шалнаас тодорхой түвшний зайтай байсны давуу тал бол орон зайг бага ч гэсэн цэлгэр мэт санагдуулдаг. Битүү байхын давуу тал гэвэл манайх шиг цаг агаарын хуурайшилт тоосжилт ихтэй газруудад тоос шороо хуримтлагдахгүй байх нэг давуу гэх мэтчилэн нарийн зүйлүүд бий. Мэдээж тавилгуудаа дизайныхаа үндсэн санаатай уялдуулж сонголгүй яахав.

-Тэгэхээр л мэргэжлийн хүний зөвлөгөө хэрэгтэй болж таарч байх шиг байна, тийм үү?

-Мэдээж, ямар ч тохиолдолд мэргэжлийн байгууллагад хандах нь танд илүү тааламжтай бөгөөд хялбар, үр дүнтэй байх нь тодорхой. Орон зайтай холбогдуулаад бас нэг зүйл нэмж хэлэхэд шал таазны хүрээ буюу бидний хэлдгээр плинтус гарнизын хэмжээ ч гэсэн үүнд хамаатай байдаг. Бага орон зайд нарийн нимгэн загварын хүрээ хэрэглэвэл тохиромжтой байдаг нь илүү цэвэрхэн харагдуулахаас гадна орон зайг бага ч болов цэлгэр мэт санагдуулдаг юм. Сүүлийн үед маш гоёмсог өргөн сонголттой материалууд их болсон нь хүссэн зүйлээ хийхэд маань улам дөхөм болж байгаа юм.

Манайх олон ажил аваад тэрийгээ дийлэхгүй, хоцроогоод хүний цаг хугацаа итгэлийг алдахыг боддоггүй. Аль болох үйлчлүүлэгч нарынхаа сэтгэлд хүрсэн зүйл хийхийн тулд тухайн төсөл дээрээ нэлээд цаг хугацаа зарцуулж ажил болгоноо өмнөх төслөөс илүү сайн хийхийг зорьдог.

-Мэргэжлийн байгууллагад ханддаггүй нэг шалтгаан нь санхүү, төлбөрийн асуудал их нөлөөтэй байж болох юм тийм үү? Жишээлбэл шинэлэг санаагаар интерьерээ хийлгэх ч гэдэг юм уу?

-Мэдээж бид аль болох гоё шинэлэг санаа гаргахыг зорьдог ч гэсэн том бүтээн байгуулалтын ажлууд санхүүжилтын хувьд бага зардлаар цэвэрхэн дизайн хийлгэх сонирхолтой байдаг. Бид ч гэсэн аль болох сэтгэлд нь таарсан зүйл хийж өгөхийг хичээдэг дээ.

Мэргэжлийн байгууллагад хандсаны зорилго бол мэдээж хүн шинэлэг байдлаар шийдүүлэхийг зорьдог. Шинэлэг гэдэг үгний цаана төлөвлөлтийн олон хувилбарууд байдаг. Зүгээр л энэ буйданг энд тавьчихья, иймэрхүү өнгө хоорондоо зохицно ч гэдэг юм уу энгийн байдлаар биш функциональ бүсчлэлийн хувьд энэ нь өөрөө нийцтэй юу, шинэлэг байж чадаж байна уу өмнөх төлөвлөлт дээр ямар алдаатай зүйлс байсан, яаж засаж төлөвлөх вэ гэхчилэн бүтээлч байдал чухал. Дизайнер хүн төлөвлөлтийн энэ алхмуудыг зайлшгүй мэддэг байх ёстой.

Интерьер дизайны чанарын тухай ойлголтийг тайлбарлахад мэдээж анхны концепц сайн байх шаардлагатай дараа нь тухайн обьектод хэн үйлчлүүлэх эсвэл амьдрах ажиллах вэ гэдэг нь мэдээж чухал тэр хүмүүс тэгвэл юу хүсч байгаа вэ гэдэгт хариулт өгөхөөр төслөө боловсруулах хэрэгтэй санагддаг. Мэдээж бүтээн байгуулалт хийхэд санхүүгийн хувьд бүх зүйлсээ үнэтэй, бүтээгдэхүүн худалдаж аваад хийх бас хэцүү байдаг. Тэгвэл ихэнх обьектынхоо массыг авч байгаа жишээ нь шал тааз хана гэх мэт энэ материал болон шийдлүүдээ чанартай материал сонгож болдог. Дараагийн чанарын тухай ойлголт бол гүйцэтгэгч нарын чадвар. Бидний хийж байгаа ажлууд зүгээр нэг эмульс замаскны ажил биш байдаг. Маш нарийн хийцтэй, хөлс хүч шинэ технологи багаж хэрэгсэл шаардагддаг ажлууд ч байдаг. Өнөөдрийн түвшинд гэхэд манайд олон гоё үйлчилгээний обьектууд ашиглалтад орлоо. Гаднаасаа харахад гоё барилга хэрнээ дотроо нэг энгийн уйтгартай байж болохгүй биз дээ. Тийм ч учраас үүнийгээ дагаад шинэ технологи шинэлэг шийдэлтэй байхыг шаардаж байна.

Эцэст нь хэлэхэд Сайн дизайн гэдэг бол хэрэглээтэй сэтгэлд нийцсэн байвал энэ өөрөө сайн дизайн юм.

-Танайх ямар, ямар онцлог ажлууд хийж байсан бэ?

-Бидний ажлын талаар эндээс харж болно. Түүнээс гадна бид танай сайтаар дамжуулан хийсэн ажил болон хийх гэж байгаа ажлууд хүмүүст хэрэгтэй байгаа зөвлөгөөнүүдийг хүргэж болох юм. Энэ дашрамд хэрэглэгч бүхэндээ талархахын ялдамд харилцагч та бүхэнд манай компанийн үүд хаалга үргэлж нээлттэй гэдгийг хэлэхэд таатай байна.

-Баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, СБДүүрэг 9-р хороо, Шинэ Дэлхий оффис 6 давхар 612 тоот

Утас: 88085745; 99017516; 95008548

видеог энд дарж үзнэ үү

Холбоотой мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    �?Ө�? ШҮҮ
    2017 оны 01 сарын 18
  • Зочин
    ЗӨВ ШҮҮ
    2017 оны 01 сарын 18
Сонин хачин