• Эхлэл
  • Хөөсөрсөөр байгаа Хятад

Хөөсөрсөөр байгаа Хятад

2017/01/19

2000-аад оны дунд үеэс Хятадын эдийн засгийн бүхий л салбар хурдтай өсч, нэг ёсондоо хөөсөрч эхэлсэн юм. Үүнээс хойш дэлхийн хамгийн том түрийвч гэгдэж, Ази, Африкийн ихэнх оронд хөрөнгө оруулахаар чармайж, одоо ч хөрөнгө оруулсаар байна. Европын томоохон улсууд тухайлбал Их Британи, Австри, Герман, Итали улс Хятадын хөрөнгө оруулалтыг хүлээж сууна. Нэг ёсондоо бусдаас юм гуйж үзээгүй буурал тивийнхэн үргэлж, өөнтөглөсөөр ирсэн Хятадын угжийг хүлээж суугаа. Гэхдээ бодит байдал дээр мөнгө ихтэй Хятадууд ямаршуухан байгаа юм бэ?

 

Хөөс үлээхээс өмнө

Мао Зедуны мөрөөдөл хий хоосон, зөвхөн мөрөөдөл төдий байсан нь 1970-аад оноос ил болж, нууж дарахын аргагүйгээр амьдралд нөлөөлж эхэллээ. Чухам энэ цаг үеэс Хятад үүдээ алгуур боловч нээж, үзэн ядагдаад байсан капиталист систем л цорын ганц аврагч гэдгийг дуртай, дургүй ойлгож иржээ. Үүний үр дүнд тухайн үед БНХАУ-ын даргаар ажиллаж байсан Ден Сяопен чөлөөт худалдаа, чөлөөт зах зээлийн өөрчлөлт хийж, гадны хөрөнгө оруулалтыг нээлттэй болгож, хувьчлалын ажлыг зохион байгуулж, чанга хатуу хуулиа зөөллөж эхэлсэн юм. Үүний хүчинд 1980-аад онд Хятадын эдийн засаг сүүлийн 40 жилдээ үзүүлээгүй өндөр өсчээ. Дараа нь 1990-ээд онтой золгоход банкны салбараа чөлөөлж, улмаар хөрөнгийн зах зээлийг эрчимжүүлэхээ мэдэгдэж, улмаар Шанхайн хөрөнгийн биржийг нээсэн юм. Өмч хувьчлалын бодлогоор төрийн мэдэлд байгаа бүх компаниудыг хувьчилж байлаа. Зөвхөн 2001-2004 оны хооронд Хятадын төрийн өмчит компанийн 40 гаруй хувь нь хувьчлагджээ. Хаалттай Хятадын хувьд энэ бол санаанд оромгүй том тоо. Магадгүй үүнээс 20 жилийн өмнө ийм үйл явдал болно гэж хэн ч төсөөлөөгүй байх.

Төсөөлөөгүй өөрчлөлтийг хийж, эдийн засаг нь ч өсч эхэлсэн Хятадын эрх баригчид энэ цаг мөчөөс хойш Чөлөөт Социализм гээч шинэ засаглалыг бий болгохоо амлаж, үүдээ цэлийтэл нээж эхэлсэн юм. Бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг эхлүүлэн, өндөр, өндөр байшин бүхий хот тосгодыг ч барьж эхлэв. Хувийн компаниудаар төрийн төслүүдийг гүйцэтгүүлж, дэд бүтэц, логистикийн салбарт сая, сая доллар цацаж эхэллээ. Гадны хөрөнгө оруулалтыг ч 2000 оноос нэмэгдүүлж, Ази, Африкийн хөгжиж байгаа улсуудад хөрөнгө оруулалтын төсөл бүрийг дэмжих болжээ. Энэ нь тэдэнд үр дүнгээ өгч эдийн засгийнхаа хувьд 2005 онд Германыг гүйцэж, 2009 онд Японыг ардаа орхисоноор тэдний урд одоо АНУ л бичигдэж байна. Энэ бол 30-аад жилийн дотор үзүүлсэн маш том ахиц байлаа.

 

Хөөс яагаад үлээгдэв?

БНХАУ-ын АИХ, Коммунист намын төв хороо барилгажуулах төслийг батласнаар, хувийн болон төрийн өмчит компаниудаар орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Хөрөнгө оруулагчид ч барилгын салбарт анхаарлаа хандуулж, төрөөс олгох татаас нь ч энэ салбарт харьцангуй илүү байлаа. Улмаар дараа жил нь дэлхийн эдийн засгийн хямрал нүүрлэж, үүнтэй холбогдуулан эдийн засгийн бодлогоо өөрчлөх шаардлагатай болжээ. Гэхдээ хямралын үед барилгажуулах бодлогоо зогсоосонгүй. Дараа жил нь БНХАУ-ын АИХ-ын шийдвэрээр 2008 оны 11-р сард эдийн засгийг сэргээх хөтөлбөр боловсруулж, үүндээ 586 тэрбум ам.долларыг төсөвлөсөн байдаг. Чухамдаа энэ хөтөлбөр Хятадын дотоодын болон гадаадын эдийн засгийг огцом нэмэгдүүлсэн билээ. Орон сууцжуулах хөтөлбөр, дэд бүтцийг сэргээх хөтөлбөр, аж үйлдвэржүүлэх хөтөлбөр, хүнд үйлдвэрийг дэмжих төсөл, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх төсөл зэрэг олон арван төсөл хөтөлбөрүүдийг боловсруулж, улмаар зохиомол хөөс бий болгож орхижээ. Хятадууд одоо ч үүнийгээ ухамсарлаагүй байгаа гэж алдарт Экономист сэтгүүлд өнгөрсөн оны 11-р сарын дугаарт нийтэлсэн байдаг.

Хөөсжсөн барилга

Төрөөс барилгын салбарыг дэмжиж, зарим нэг компанид татаас олгож эхэлсэн нь хөлтэй болгоныг барилгын компани байгуулахад хүргэжээ. Хятадын бүс нутаг бүрт орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжиж байлаа. Одоо ч хэрэгжсээр байна. Үүний улмаас барилга орон сууцнуудын үнэ тэнгэрт тултлаа өсчээ. Хятадын Засгийн газар барилгын үнэ буурна гэж байсан ч ихэнх ард иргэд төрөөс явуулах хөтөлбөрт найдсанаар хувийн компаниудын тэр их барилга, байшин эзэнгүй шахам болжээ. Эзэнгүй олон барилгатай болох эрсдэл үүссэн тул компаниуд өндөр үнээр ч хамаагүй цөөхөн барилгаа эзэнтэй болох хүсэлд автжээ. Энэ нь хожим хойшид барилгын үнийн хөөрөгдөлтөнд нөлөөлсөн юм. Нэгхэн баримт дэлгэхэд 2007-2011 оны хооронд дөрвөн жилийн хугацаанд барилгын үнэ 143 хувиар өссөн тухай Хонг Конгын хөрөнгө оруулалтын “Markit” компанийн тайланд дурьджээ. Олон улсын валютын сангаас Хятадын барилгын салбарыг төрийн буруу бодлогын улмаас хөөсөрсөн гэж үзэж энэ нь 2020 он гэхэд эдийн засгийн хямралд хүргэж болзошгүй гэж мэдэгдсэн юм. Одоогоор Хятадын өнцөг булан бүрт 63 сая барилга эзгүй, хоосон “сүндэрлэж” байна.

Шинэ баячуудын хийрхэл

Хаалгаа цэлийтэл онгойлгож, гүйлгээ ухаантай, сэргэлэн толгойтой Хятад хүн бүр баяжих боломжийг өнгөрсөн 30 жилд болсон их өөрчлөлт олгосон. Хятадын эдийн засаг эрчимтэй өсч, бүс нутагтаа гайхагдаж байгаа энэ цаг үед баячуудын тоо ч өссөөр байна. Хятадын урд хэсгийн мужуудад баячуудад зориулсан дүүрэг хүртэл нээгдэж, жирийн иргэн төлж ч дийлэхээргүй өндөр татвар ногдуулах болжээ. Экономист сэтгүүлд дурьдсанаар энд хуримын нэг бялуу 320 мянган долларт хүрч, 560 мянган доллараар тансаг зэрэглэлийн хувийн онгоц худалдаж, 250 мянган долларын үнэтэй Бургунди дарс худалдаалагдаж байна. Нэг байрны метр квадратын дундаж үнэ 50 мянган доллараас эхэлж дээшээгээ 350 мянгад ч хүрч байгаа аж. Эртний эдлэлийн үнэ ч огцом өсч, үүнийгээ дагаад цуглуулах “өвч”-тэй баячуудын тоо ч хангалттай өссөөр байна. Ганцхан жишээ хэлэхэд Хятадын эртний эдлэлийн дуудлага худалдааны зах зээл 2,1 их наяд юань эргэлдэж байна. Үүнээс зөвхөн нэг дуудлага худалдааны нэгж бүтээгдэхүүний дуудах үнэ 21,6 сая ам.доллараас эхэлж байгаа юм.

Өрөнд баригдсан Хятад

Дундаж улсуудад авралын гараа хамаргүй сунгаж, одоо хөрөнгөтэй Европ руу хараагаа сунгаж байгаа Хятад улсын дотоод болон гадаад өр энэ хооронд өссөөр байна. Эдийн засгийн хурдан өсөлттэйгөө адилаар өр төлбөр нь ч энэ хурдаар нэмэгдсээр байгаа ажээ. Хөрөнгийн судалгааны Fitch агентлагын мэдээллээс харвал 2016 оны сүүлийн зургаан сарын байдлаар Хятад улсын нийт өр 540 тэрбум ам.долларт хүрчээ. Тус байгууллагын судалгааны тайланд “Орон нутгийн засаг захиргаа зээлийн хэмжээгээ өсгөж, төрөөс баримталж байгаа дэмжин, тэтгэх бодлого нэмэгдэхийн хэрээр Хятад улс хамгийн их зээлийн эрсдэлд өртөж байна” гэж бичжээ. Хятадын Венжоу хотын ард иргэдийн 90 хувь нь хөнгөлөлттэй зээлд хамрагдсан болохыг Finance Asia сэтгүүл онцолсон байдаг.  Олон улсын валютын сан ч Хятадын талаар дуугай байсангүй. “Хятадын банкны систем буруу бодлогын улмаас дампуурахад хүрээд байгаа. Хэрвээ төрөөс банкны салбарынхаа бодлогыг цаг үетэйгээ уялдуулж өөрчлөхгүй бол Хятад дараагийн Грек болох магадлал өссөөр байх болно” гэж 2016 оны тайландаа дурьдсан байна.

Төгсгөлийн оронд

Хэрвээ, зөвхөн хэрвээ шүү, БНХАУ дампуурлаа зарлаж, хөөсөө арилгахгүй бол Азийн эдийн засаг бүхэлдээ хямарч улмаар 1929 оны АНУ-ын эдийн засгийн уналт руу буурай хөгжил, багахан түрийвчтэй манайх шиг жижиг улсууд дампуурлаа зарлаж, үүнийгээ дагаад АНУ, Европ зэрэг түрийвч зузаантай орнуудад ч нөлөөлөх эрсдэлтэй байгаа юм. Хэрвээ БНХАУ-ын засгийн газар үүнийгээ ухамсарлан бодлогын алдаагаа өөрчилвөл ийм таагүй зүйлтэй учрахгүй ч байх боломжтой. Судалгааны болон олон улсын томоохон байгууллагууд Хятадыг эрсдэл бүхий улсын тоонд оруулж байгаа нь тохиодлын ч хэрэг биш. Хэрвээ өнгөрсөн таван жилийн хугацаанд хөөсжүүлэх бодлогоо зогсоож, төрийн хөрөнгө оруулалт, татаасыг бууруулсан бол одоогоос өөр үр дүнтэй байсан байж ч болох.

Б.Болор


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • hudalch
    avraliin od kapitalizm gej yugaa soliorood bnaa oorsdoo olborch uheh gej baigaagaa yu geh ve hulgaichaa. huviin omch bol bayan yaduugiin angiin temtsel morgoldooniig uusgeh shaltgaan bolhoos gadna orchin ueiin boolchloliin neg helber mon boloi.
    2017 оны 03 сарын 07
  • Зочин
    �?Ө�? ШҮҮ
    2017 оны 01 сарын 20
  • Зочин
    ЗӨВ ШҮҮ
    2017 оны 01 сарын 20
Сонин хачин