• Эхлэл
  • Индексийн “бохир” үнэлгээ

Индексийн “бохир” үнэлгээ

2017/01/26

-Дайн байлдаантай Палестин дэвшиж, бид тойргийн гадна үлдлээ-

Манай улс олон улсын хөрөнгийн зах зээлд индекстэй болсноор дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдыг татах илүү боломжтой. Ингэснээр гадаадын шууд болон шууд бус хөрөнгө оруулалтыг өөртөө төвлөрүүлнэ гэсэн үг. Зөвхөн хөрөнгө оруулалтын ашигтай “тавцан”-г олоод зогсохгүй дотоодын бүртгэлтэй компаниудыг гадаад зах зээлтэй холбож өгөх “гүүр” бүрдэх юм. Боломжийг хүссэн ч олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн индекс манай зах зээлээс хол байна. Гэтэл дайн байлдаантай Палестин Английн FTSE индексийн “Fronteir Market”  хэмээх хөгжиж буй зах зээлийн статуст багтаж орхив.

 Олон улсын хөрөнгийн зах зээлийн индексийг тооцоологч FTSE дэлхийн 80 гаруй орны зэрэглэл тогтоож, 250 мянган индексийг тооцдог. Дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын сан болон хөрөнгө оруулалтын банкууд  чухамдаа шийдвэр гаргахдаа FTSE-г гол эх сурвалжаа болгодог юм. Манай улсын хувьд “Fronteir Market”  статуст багтах хүсэлтээ өгсөн ч өнөөг хүртэл тойргийн гадна хэвээр байна.  

Дэлхийн 40 орчим улсын хөрөнгийн биржүүдийг эгнээндээ нэгтгэсэн “Fronteir Market”  хэмээх хөгжиж буй орнуудын үнэт цаасанд АНУ-ын хөрөнгө оруулалтын сангууд гэхэд л 15 тэрбум доллар оруулдаг. Тэгэхээр бид хөгжиж буй зах зээлийн статуст багтчихвал хөрөнгө оруулагчдын хараанд өртөхийн зэрэгцээ сонирхлыг татахаас эхлээд олон давуу тал үүснэ гэсэн үг. Пластинд биднээс дутуу тал өчнөөн бий. Манайх шиг НҮБ-ийн гишүүн биш бөгөөд дайны хөлд нэрвэгдсэн. Гэсэн ч эдийн засгийн 17 хувийн өсөлтөөрөө хэдэн жилийн өмнө онцгойрч байсан Монголоос илүү үнэлгээ авсан нь анхаарал татна.

Тэд биднээс хөрөнгийн зах зээлийн үзүүлэлтээр илүү байгааг FTSE онцлов. Ямар давуу талаараа илүүд тооцогдов гэдэг асуулт өнөө хариулт нэхнэ. Өнгөрсөн оны сүүлээр манай улсын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компаниудын зах зээлийн үнэлгээ 590 сая долларт хүрсэн. Харин Палестиных гурван тэрбум ам.доллараар хэмжигджээ. Дайнтай Палестин хөрөнгийн биржээ хамгаалалтын тусгай хантай барьж. Учир нь дэлбэрэлт, халдлагад өртөхгүйн тулд ингэж дархалжээ. Машин нэвтрэхэд бөмбөгтэй эсэхийг нь шалгадаг харуул хамгаалалт хүртэл энд ажилладаг. Израильтай хэл үгээ ололцдоггүй энэ улс сүүлийн үед “өстөн”-тэйгөө бизнесийн харилцаан дээр ойлголцох хичээл зүтгэл гаргах болсон. Хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх гэсэн мэрийлт нь тэднийг тодотгоно.

FTSE нь Палестиныг “Fronteir Market”  зэрэглэлд багтаахдаа Монгол Улсын нөхцөл байдалд давхар үнэлгээ өгсөн. Тодруулбал, Монгол Улсын хөрөнгийн зах зээл нь FTSE-гийн шалгуур болох 21 шалгуур үзүүлэлтээс дөрвөн үзүүлэлт хангаагүй гэсэн дүн гарчээ. Бидэнд тулгарч буй гол хүндрэлүүд нь үнэт цаасны төлбөр тооцоог T+2 буюу үнэт цаасны арилжааны хэлцэл хийгдсэнээс хойш ажлын хоёр хоногийн дараа төлбөр тооцоог гүйцэтгэдэг тогтолцоо, “Central Counterparty” /CCP/ буюу үнэт цаасны төлбөр тооцооны байгууллага, кастодиан банкны үйлчилгээ зэргээс  болж өрсөлдөх чадвараа алдаж байна. Мөн хувьцааны төвлөрөл өндөр, зах зээлийн хөрвөх чадвар муу байгаа нь FTSE-гийн босгыг давахад сөргөөр нөлөөлж байгааг дуулгая.

CCP нь арилжаанд оролцогч талуудын төлбөрийн эрсдэлийг хамгаалах, хэлцэл буцахгүй биелэгдэх нөхцөлийг хангадаг байгууллага. Харин кастодиан банкны үйлчилгээ нь бидний хувьд шинэ зүйл бөгөөд одоогоор тус үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг нэр бүхий арилжааны банкууд авч, үйл ажиллагааны бэлтгэлээ хангаж байна. Хөрөнгө оруулагчдын үнэт цаасны хадгалалт, хөрөнгө оруулагч хуулиар олгогдсон эрхээ эдлэхэд энэхүү банк чухал үүрэгтэйг FTSE онцолж буй. Эдний хувьцааг Лондоны хөрөнгийн бирж 100 хувь эзэмшдэг. Цэвэр нэр хүндээрээ амьдардаг байгууллага гэж зарим шинжээч тус байгууллагыг үздэг. Тоймлон хэлбэл, FTSE хөрөнгийн зах зээл дээр ус, агаар шиг чухал болсон индексийн мэдээллийг зарж амьдардаг. Хэрэв индекс буруу гаргавал, зөв мэдээлэл зарахгүй бол хөрөнгийн зах зээл дээр оршин тогтнох боломжгүйд хүрнэ гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.

Гэхдээ Frontier Market-д багтсан улсуудыг харахаар эргэлзэхээр зүйл илт анзаарагдах нь бий. Тухайлбал, бидний “эд ч дээ” гэж хардаг Бангладеш, Шри-Ланк хүртэл түүнд цохиж явна гэхээр их гүрнүүдийн бодлого хөшигний цаана өрнөж, FTSE гэх мэт мэргэжлийн байгууллагыг зарим үед дохиурддаг байхыг үгүйсгэхгүй. FTSE-ийн хувьцаа эзэмшдэг Лондоны хөрөнгийн биржийн тухайд аль 1801 онд байгуулагдсан, олон янзын хувьцаа эзэмшигчтэй, нээлттэй компани. Сүүлийн үед Германы хөрөнгийн биржтэй нэгдэнэ гэх яриа хүчтэй сонсогдож байна. АНУ энэ биржид өндөр сонирхолтой бөгөөд Нью-Йоркийн хөрөнгийн бирж авах сонирхлоо ил тод зарлачихсан.

Уг нь бидэнд өчнөөн тэрбум ам.доллараар үнэлэгдэх байгалийн баялаг, аюулгүй орчин гээд давуу тал олон бий. Гэвч хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх үйл явц удаашралтай байгааг дээрх Палестины жишээ ийнхүү илтгэж байна. Манай улсад мөнгөний зах зээл буюу банкны салбар эрчимтэй хөгжиж буй. Харин санхүүгийн зах зээлийн гол тоглогч байх учиртай хөрөнгийн зах зээлийн идэвх тааруу байгаа нь үнэн. Зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоо ч сул байсаар.

Б.Баяртогтох

 


 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин