• Эхлэл
  • 60 сая ам.долларын галт бөмбөлөг

60 сая ам.долларын галт бөмбөлөг

2017/01/31

1200 градуст давтагдсан гал улаан бөмбөлөг аажимхан эргэлдсээр усанд пүлхийн унах зуур дараагийн бөмбөлгийг хэвлэх лүг хийсэн битүү мөртлөө хүчтэй чимээ сонсогдоно. Нэлээд хэдэн алхмын алсад байхад л халуу дүүгэн цоонох ийм галт бөмбөлгийг найман секунт болгонд нэгийг хэвлэн шидэх тоног төхөөрөмж нь ХБНГУ-ын 177 жилийн түүхтэй Shuler группийнх. Жирийн хүн бол айн болгоомжлохоор галт бөмбөлгийг монгол залуус галын шилбүүр шиг төмрөөр эргүүлж, гар буу шиг бяцхан төхөөрөмжөөр алсаас шалгана. Төхөөрөмж дээр янз бүрийн тоо гарахыг бодоход градус, нягтаршил янз бүрийн үзүүлэлтийг хянадаг бололтой. Дээгүүр зугуухан урагшлах кран маягийн зүйлд бас л I pad гэмээр төхөөрөмж барьсан залуус толгой өөд татахгүй хяналт тавихыг бодоход нарийн тенхологи, секунт алдах эрхгүй ажил энд өрнөдөг нь битүүхэн мэдрэгдэнэ. Энэ бол Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр” компанийн Ган төмөрлөгийн үйлдвэр ган бөмбөлөг давтах цех. Эднийх өмнө нь 40-60 мм голчтой ган бөмбөлөг үйлдвэрлэдэг байсан. Гэхдээ бага хэмжээгээр “Эрдэнэт” компани 2015 оноос 100 мм голчтой ган бөмбөлөг үйлдвэрлэж эхэлсэн. Мөн “Ораметалл” гэх мэт компаниуд ган бөмбөлөг үйлдвэрлэдэг байсан.

Тэгвэл Дарханы Ган бөмбөлгийн үйлдвэр 100-140 мм- ийн хамгийн сүүлийн үеийн технологиор үйлдвэрлэж буй Монголын хамгийн том үйлдвэр гэдгээрээ онцлог. “Эрдэнэт” үйлдвэр жилдээ 3300 тонн ган бөмбөлөг үйлдвэрлэж, 3,8 сая ам.доллар импортоор “алдах”-аа болилоо гэсэн саяхны баярт мэдээтэй Дарханы энэ үйлдвэр жилдээ 60 мянган тонн үйлдвэрлэж 60 сая ам.доллар Монголдоо шингэнэ гэсэн тоотой харьцуулахад Монголын хамгийн анхны том ган бөмбөлгийн үйлдвэр гэсэн тодотголыг ойлгоход хялбар биз ээ.

Ингэхэд ган бөмбөлөг гэж юу сан билээ?

Олонхийн хувьд “Эрдэнэт”-ийн шахааны бөмбөлөг гэсэн нэр томьёог л бараг олон сонссон байх. Алдарт “гуравдугаар” Ерөнхийлөгчийн гэгдэх дуулиант хэрэг хийгээд цөөнгүй хэрэг ган бөмбөлгийн гэсэн тодотголтой “хэсэг” бий. Өнөөдөр ч 1,2 сая ам.долларын ган бөмбөлөг нийлүүлнэ гээд “залилчихсан” хэрэг шүүхийн шатандаа 21 дэх удаагаа хэлэлцэгдэж, буцаагдаж байгаа талаар бид өмнө мэдээлж байсан. Үндсэндээ “Эрдэнэт” үйлдвэрийн гол том “шахаа”. Гэхдээ бүр импортоор оруулж ирээд, үнийг нь хэд, хэд өсгөдөг “шахаа”. Ган бөмбөлөг гэгч энэ “хөөрхөн” эдийг “Эрдэнэт” гэлтгүй Оюутолгой гээд уул уул уурхайн салбарын баяжуулах үйлдвэрүүд цаашилбал цементийн болон нүүрс бутлах үйлдвэрүүд, цахилгаан станцын тээрэмд эрдэс түүхий эдийг бутлагч болгон ашигладаг. “Эрдэнэт”-д гэхэд баяжуулах үйлдвэрийн асар том булнууд энэхүү ган төмөр бөмбөлгийг хэдэн арваар нь жирийлгэн “хавчуулсан” байдаг. Түүхий эдийг бутлах нөр их “хөдөлмөр”-ийн явцад маш нарийн нягтаршилтай энэ бөмбөлгүүд хэдхэн цагийн дотор тахианы өндгөн чинээ болон “эдлэгдэнэ”. 

“Өөрийгөө илээж, өрөөлийг билүүдэгч

Өнжүүлийн ганц билүү билээ” гэдэг шүлэг шиг. Уул уурхай, баяжуулалтын үйлдвэрлэлийн явцад үүргээ гүйцэтгэн элэгдэгч энэ бяцхан бөмбөлгийг үйлдвэрлэхэд бас чамгүй хөрөнгө хүч шаардлагатай. Өнөөдөр гэхэд Дарханы энэ үйлдвэр 60 сая ам.долларыг Монголдоо шингээх бол ойрын хугацаанд жилд гадагш урсдаг 180-200 сая ам долларын дотоодын хэрэгцээгээ хангаад, цаашилбал гадаадад ган бөмбөлөг нийлүүлэх том амбицийг Дархан Сэлэнгийнхэн өмнөө тавиад байгаа аж. Энд худалдан авагч том үйлдвэр, төмрийн уурхай, бас дэд бүтэц байна. Өнөөдөр монголчууд том хэмжээний үйлдвэрээ байгуулж, анхны хонхыг цууриатуулан цохилоо. Цаашилбал, дэлхийн тавцанд гарч, бүр цаашилбал машин үйлдвэрлэх том төлөвлөгөө аль хэдийнэ зураглаад байгаа гэсэн.

Хэн юу хэлэв?

Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр:Монгол инженерүүдээрээ бахархаж байна

-Монгол жилдээ импортын ган бөмбөлөгт 180-200 сая ам.доллар зарцуулдаг. Харин энэ үйлдвэр нээгдсэнээр ган бөмбөлгийн дотоодын хэрэгцээг бүрэн хангахаас гадна гадагш урсах ам.долларын эргэлтийг зогсоох боломжтой бүрдүүлж байна. Цаашид ч Монголдоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ гадагшаа экспортлох боломжтой гэсэн сайхан мэдээг дуулгасан та бүхнээрээ бахархаж байна. Би инженер мэргэжилтэй. Миний адил монгол инженерүүд энд нэг өдөр, нэг сар ч гэсэн ажиллаж, мэргэжлийнхээ ид хавыг үзэх сэн гэж хүсч байгаа байх гэж бодож байна. Энэ сайхан үйлдвэрийг барьж байгуулж, гар бие оролцон ажиллаж байгаа монгол инженер, монгол залуусаараа үнэхээр бахархаж байна. Эдийн засаг, санхүүгийн байдал тийм ч сайн биш байгаа энэ үед аж ахуйн нэгжүүд яаж ажлын байраа цомхотгохгүй хадгалж үзэх вэ гэсэн нөхцөлд байхад 100 гаруй ажлын байр бий болгоно үнэхээр чухал. 

“Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” компанийн Ерөнхий захирал Д.Батжавхлан

-Бид ил уурхайнуудаа нээж, цахилгаанаа татаж, баяжих үйлдвэрүүдээ байгуулж, авто болон төмөр замын бүтээн байгуулалтаа хийж гүйцэтгэн, дэд бүтцийн асуудлаа бүрэн шийдэж дууссан. Харин өнөөдөр бид Монгол Улсад анхны хамгийн том Ган бөмбөлгийн үйлдвэрээ нээж байна. Ганбөмбөлөгийнг даралтаар боловсруулдаг давтах арга нь бүтээгдэхүүнийг илүү бат бөх, элэгдэлд тэсвэртэй болгодог бөгөөд гангийн төрөл бүрийн орц найрлага, боловсоруулалт хийж хатуулаг чанарыг нь хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүүлэн үйлдвэрлэх боломжтой боллоо. Энэ 2017 ондоо багтаагаад төслийн хоёрдугаар шатанд энэ ондоо багтаан цувих аргаар 60-80 мм голчтой ган бөмбөлөг нэмж үйлдвэрлэдэг болсноор жилд 60.000 тн бүтээгдэхүүн гаргах хүчин чадалтай болно. Мөн бүтээгдэхүүнийхээ чанарт хяналт тавих иж бүрэн туршилт, шинжилгээний лаборторитай. Ингэж Евро стандартад нийцсэн өндөр чанарын ган бөмбөлөг үйлдвэрлэж эцсийн хэрэглэгчдэд нийлүүлснээр хэрэглэгчдийн өртөг зардлыг 15-30 хувь бууруулах боломжтой.

Монгол төмөр дэлхийг эзлэх болтугай

Дээр цухас өгүүлсэн галт бөмбөлгийн урсгалыг хянан зогсох монгол залуус цаанаа ихэмсэг бардам. Туузан дамжлаг руу хоёр бөмбөлөг зэрэгцэн бөмбөрөхөөр маягтай болж ирэнгүүт галын шилээвэр шиг төмрөөр ганц шилээвэрдээд “зохицуулна”. Тэдний хувьд Монголын хамгийн том ган бөмбөлгийн үйлдвэрийн эзэд гэдгээрээ бахархаж байгаа нь бараг л хэдэн “метр”-ийн алсаас ч мэдрэгдэм. Ийм их хэмжээний мөнгөний урсгал үйлдвэрлэгч байгаа үйлдвэр гэхэд арай цомхон уу гэж сониучирхахад инженер залуу "Бүх зүйл автоматчилагдсан "ухаантай" үйлдвэр шүү дээ. Цомхон ч гэж энэ чинь манай үйлдвэрийн нэг л цех, 100 гаруй ажилтантай. Манай үйлдвэр чинь бол 1700 ажилтантай шүү дээ" гэж мохоох янзтай хариулав. Дарханы төмөрлөгийн үйлдвэр гэдэг их айл бараг л социализмаас шилжих үе буюу 1990 онд Японы Засгийн газрын хамтын ажиллагааны гэрээний дагуу БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор байгуулагджээ. Яг үйлдвэрээ бол 1994 онд ашиглалтад оруулсан. Угаас Дархан Сэлэнгийн бүс нутаг төмрийн орд ихтэй, дээр нь социализмын үеэс улбаатай дэд бүтэц сайтай, төмөр замтай. Үүндээ ч түшиглээд аж үйлдвэрийн цогцолбор бүс болно гэсэн зорилго тавьж байгаа нь чухам алсан хараа. Юуун Сайншандын аж үйлдвэрийн парк, эхнээсээ үйлдвэрүүд баригдаад эхэлчихлээ. Сайн мэдээ шүү.  

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХК Төмөртэй, Төмөртолгой, Хуст-Уулын төмрийн хүдрийн ордод олборлолт явуулдаг, өмнө Монголд бас чамгүйд тооцогдох Соронзон баяжмалын үйлдвэр байгуулсан. Дашрамд дурдахад үйлдвэрийг 2014 оноос “Кью Эс Си” компани 30 жилийн хугацаатай концессын гэрээгээр ажиллуулж буй. Зарим нэг улстөрчийн мэдэн будилж мэдэгдсэнчлэн хувьчлагдчихсан ч биш 100 хувь төрийн өмч хэвээр. Харин ихэнхдээ муу менежер байдаг төрийн ажлыг хувийн компани хийснээр ямар гялалзсан өөрчлөлт гардгийг харуулж буй том жишээ. Зарим нэг улстөрчид бодвол концессын гэрээ гэж юу байдгыг ойлгох биз.

Өнөөдөр  концессын гэрээний "буян"-аар Монгол улс ган бөмбөлгийн том хэмжээний үйлдвэртэй болж байна.

-Монголчууд өөрсдөө үйлдвэрлээ хөгжүүлэх цаг ирлээ,

-Монголоо монголчууд хөгжүүлнэ.

-Ухаж олборлох биш, үйлдвэрлэж бүтээх шанг татлаа гэсэн баярт уухайг олон хүн түрлэг болон дэмжиж байна. Мөн удахгүй энэ бүс нутагт 300-350 мянган тоннын хүчирхэг хэд хэдэн үйлдвэр байгуулагдана гэсэн баярт мэдээг бас уламжилья. Нээлтийн үеэр тод сонсогдож байсан Монголын төмөр дэлхийг эзлэх болтугай гэсэн үгийн дамжуулахын ялдамд дараагийн сайхан мэдээллийг хүргэх цаг мөчийг товлоцгооё.

А.Туяа



 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин