• Эхлэл
  • ЖАЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын даргатай уулзлаа

ЖАЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын даргатай уулзлаа

2017/09/17

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ЖАЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга  Мүцүми Сатог хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-гаас гаргасан Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн нэгдсэн судалгааны дэлгэрэнгүй тайланг танилцуулсан юм.  

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга саяхан ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн чуулганы үеэр Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ болон JBIC банкны захиралтай уулзсан талаар дурдаад бүс нутагтаа хөгжлийн төлөө хамтдаа явах тухай энэ үеэр ярилцсан гэлээ. Иймээс ЖАЙКА-гийн гаргасан Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн нэгдсэн судалгаа цаг үеэ олсныг тэмдэглэв. Энэ судалгааг 2015 оны 2 дугаар сараас эхлэн бүтэн нэг жилийн хугацаанд хийжээ.

Судалгааг хоёр үндсэн шалтгаанаар хийсэн байна.

Нэгд, Улаанбаатарт хүн ам, үйлдвэрлэл хэт төвлөрч хот хөдөөгийн ялгаа их болсон.

Хоёрт, Монголын эдийн засаг уул уурхайд тулгуурлах болсон. Иймд үйлдвэрлэлийн бусад салбарыг хөгжүүлэх нь зүйтэй гэсэн үндэслэлээр судалгаа хийжээ. Монгол Улсыг аж үйлдвэрийн коридор хэлбэрээр хөгжүүлэх нь зүйтэй гэсэн санал дэвшүүлэн судалгаа хийснээ ЖАЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Мүцүми Сато энэ үеэр танилцууллаа.

Босоо тэнхлэгийг аж үйлдвэрийн, хэвтээ тэнхлэгийг ногоон хөгжлийн коридор болгон хөгжүүлэх нь үр нөлөөтэй гэсэн судалгааг ЖАЙКА-гаас хийсэн гэдгийг тэрээр уулзалтад оролцогчдод танилцуулсан юм.

Үүнийг ажил хэрэг болгон хэрэгжүүлэх асуудалд Япон Улсын ЭСЯ, ЖАЙКА, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран анхаарал хандуулж, Засгийн газрыг татан оролцуулах, мөн хувийн хэвшлийг оролцуулах нь зүйтэй гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлж байлаа.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Тамгын газрын дэд дарга Б.Саруул, Стратеги судлалын хүрээлэнгийн захирал Д.Энхбайгаль нарын зэрэг албаны хүмүүс оролцлоо.

Англи эхийг ЭНД дарж уншина уу

For English version please visit here


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин
ЯГ ОДОО
ИХ УНШСАН