• Эхлэл
  • Х.Баатар:Хөдөө аж ахуйн бирж сонгодог утгаар ажиллах боломж нээгдлээ

Х.Баатар:Хөдөө аж ахуйн бирж сонгодог утгаар ажиллах боломж нээгдлээ

2018/01/12

Хөдөө аж ахуйн биржийн захирал Х.Баатартай ярилцлаа.

-Хөдөө аж ахуйн бирж өнөөдөр ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Хөдөө аж ахуйн биржийн тухай хууль 2011 онд батлагдаж 2013 онд бирж байгуулагдсан. Үйл ажиллагаагаа явуулаад 5 дахь жилдээ орж байна. Манай удирдлагын баг ажлаа аваад 1 жил болж байна. Ноос ноолуурын спот арилжаа хийдэг, “падаан” зардаг нэртэй, 170 гаруй сая төгрөгийн алдагдалтай компанийг хүлээн авсан. Хөдөө аж ахуйн биржийг сонгодог утгаар нь ажиллуулахтай чиглэгдсэн хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлээд байна. Компанийн стратегийн төлөвлөгөөг боловсруулж төлөөлөн удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж батлуулсан. Хөдөө аж ахуйн түүхий эдийн бэлтгэлийн тогтолцоог сайжруулж хоршоог биржийн арилжаанд оролцуулах төслийг боловсруулж Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд оруулсан. Ноолуурын дуудлага худалдааг хэд хэдэн аймаг суманд зохион байгуулсан. Хэнтий, Сүхбаатар аймагт ноолуурын үнэ 2016 оныхоос харьцангуй өндөр байсан. 2017 оны 4-р сараас хойш ноолуурын ханш Төв болон баруун аймгуудад унаж эхэлсэн. Ноолуурын үнэ ханш олон зүйлээс шалтгаалдаг. Бид ингээд ноолуурын зах зээлд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр ноолуурын анхны форвард арилжааг өнгөрсөн оны 12-р сард хийсэн. Энэ арилжаанд монголын үндэсний компани монгол хүн оролцож хоршоодоос ноолуур хүлээж авах урьдчилсан гэрээг байгуулсан.

-Өнгөрсөн жил малчдаас ноолуурын шууд дуудлага худалдаа зохион байгуулах үеэр ноолуурын үнэ ханш унасан. Одоо болтол үнэ өсөөгүй байна. Үүний шалтгаан юу байв? /Эрхлэгчийн өгсөн ганц асуулт/

-Үнэнийг хэлэхэд ноолуурын үнэ ханшийг хоёр гурван хятад тогтоож ирсээр олон жил болж байна.Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн ноолуур өнгөрсөн онд 1кг нь 95000-102000 мянган төгрөгт хүрсэн. Хөвсгөл, Төв аймгаас эхлээд ноолуурын үнэ ханшийг унагаах ажлыг дээр дурдсан хятадын ченжүүд хийсэн. Хөдөө аж ахуйн бирж ноолуурын үнэ ханшийг бодитой тогтооход дорвитой үүрэг гүйцэтгэж чадахгүй байсан. Тиймээс бид биржийн үйл ажиллагааг шинэчилж монголын түүхий эдийн зах зээл дээр монголчууд өөрсдөө тоглогч болох арга хэмжээг авах шаардлагатай болсон. Энэ зорилгоор стратегийн төлөвлөгөөндөө түүхий эдийн ложистикийн төвүүд бий болгох түүхий эд худалдан авдаг үндэсний компаниуд бий болгох чиглэлийн арга хэмжээг тусгасан. Монголын ноолуурын зах зээл дээр монголчууд гадаадын компаниуд хувь хүнтэй өрсөлдөж гол тоглогч болох чиглэлээр дэс дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлж эхлээд байна. Үүний нэг чухал хэсэг нь урьдчилсан гэрээ болох форвард гэрээ юм.

-Манай улс анх удаагаа ноолууран дээр форвард арилжаа хийсэн. Ингэснээр ямар үр дүн гарах вэ?

- Санхүүгийн зохицуулах хорооноос арилжаа эрхлэх зөвшөөрлөө авсны үндсэн дээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ноолууран дээр анхны форвард арилжааг хийлээ. Манай улс дэлхийн ноолуурын 40 хувийг үйлдвэрлэдэг. (БНХАУ дэлхийн ноолуурын 45 хувьтай). Тэгсэн мөртлөө үнэт түүхий эдийнхээ зах зээлд тоглогч болж чаддаггүй. Монголчууд өөрсдөө түүхий эдийнхээ гол тоглогч болох ёстой. Энэ зорилгоор монголын үндэсний компаниудыг ноолуурын арилжаанд оруулах эхлэлийг тавьсан. Олон дамжлагагүйгээр буюу ченжийн тогтолцоог халах, малчдыг оруулж ирэхийн тулд хоршоодыг байгуулах нь зүйтэй гэж харж байгаа. Манай биржээс санаачилгатай ажилласны хүчинд ямартаа ч эхний Монголын компани, иргэд таван хоршоотой гэрээ хийж ноолуурын форвард арилжаа хийлээ. Энэ нь хэмжээ бага ч эхлэл тавигдаж байгаа нь сайн хэрэг. Манай томоохон компаниуд форвард арилжаанд орох ёстой. Ингэснээр ноолуур, бусад түүхий эдийн зах зээлд монголчууд гол тоглогч болон гадаадынхантай өрсөлдөх болно. Үүний үр дүнд түүхий эдийн чанар сайжирч, үнэ бодитой тогтоно. Форвард арилжаа бол гэрээ хийснээс хоршоо урьдчилгаа авч тодорхой хугацааны дараа бараагаа хүлээлгэн өгч, төлбөр тооцоо хийнэ. Нэлээд хоршоо арилжаанд орох санал тавиад байна. Гэтэл Монголын үндэсний компаниуд үүнд орж ирэх сонирхол харьцангуй бага байгаа ч яваандаа нэмэгдэнэ. Одооноос “Говь”, “Гоёо” компаниуд оролцох санаачлага гаргаж эхэлж байна. Малчин гишүүнтэй хоршоод бэхжээд явчихвал цаашдаа зөвхөн ноос, ноолуур биш арьс нэхий, мах, амьд мал арилжаанд орох бүрэн боломжтой байна.

-Ноолуур дээр манай улс гол тоглогч болохын тулд юу хийх ёстой вэ. Ченжийн гараар дамжсанаар малчдын орлого буурдаг. Шууд арилжааг хийснээр ямар давуу талууд үүсэх вэ?

-Үндэсний үйлдвэрүүд дотооддоо боловсруулалтын чанараа ахиулаад байх юм бол орлого нь нэмэгдээд л байна. Одоогийн байдлаар ноолуурын 80 хувийг нь угааж гаргаж байна. Угааж гаргаж байгаагаа самнах, эцсийн бүтээгдэхүүн хийж экспортолбол орлого өснө. Одоо экспортод гаргаж байгаа ноолуурын ихэнх нь гадны буюу БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниуд ноолуурыг угааж гаргаж байна. Түүхий эдийг биржээр арилжсанаар хэмжээ, үнийн мэдээлэл ил тод болно. Манай үндэсний компаниуд ноолуур худалдан авч боловсруулах, экспортод гаргахад өргөн оролцох шаардлагатай байна. Хөдөө аж ахуйн бирж үндэсний болон гадаадын компанийг хоршоодтой форвард арилжаа хийхэд дэмжин ажиллана. Форвард арилжаа хийснээр малчид, хоршоо биржийн арилжаанд шууд оролцож, тэдний орлого нэмэгдэнэ.

-Биржээс улс дамжсан арилжааг хийхээр зэхэж байгаа гэв үү?

-БНХАУ-ын Бохайн биржтэй стратегийн түншлэлийн гэрээ байгуулах гэж байгаа. Гэрээ байгуулчхаар дотоодын ч бай гадны компаниуд авсан түүхий эдээ зарах гэж хайж явах хэрэггүй болно. Манай бирж, Бохайн бирж хамтран улс дамжсан арилжааг хийнэ. Бидний хамгийн гол зорилго бол малчид, хоршоодын орлогыг нэмэгдүүлж арилжааг шууд хийх юм. Энэ онд биржээс арилжаа хийх бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулъя гэж төлөвлөсөн байгаа. Амьд мал, улаан буудай, арьс ширний туршилтын арилжаа хийнэ. Малчид, хоршоо түүхий эдийн чанарыг сайжруулахад анхаарах шаардлагатай байна. Түүхий эдийн боловсруулалтын түвшинг дээшлүүлэн экспортлох нь гол зорилт болж байна.

-Хөдөө аж ахуйн биржийн нэлээн хувийг хятадын компаниуд авчихсан. Тэгэхээр биржээс олох ашиг Монгол улсад зуун хувь ирэх үгүй тухай яригдаж байсан?

-Биржийн 50 гаруй хувийг хаалттай хэлбэрээр хувьчлах гэрээг 2016 онд өмнөх удирдлага хийсэн. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанитай гэрээ хийсэн боловч тэд 10 хувийг төлчхөөд үлдсэн мөнгөө төлөөгүй байсан. Гэрээний хугацаа 2016 оны 10 сард дууссан байсан. Нэгэнт хугацаандаа гэрээний үүргээ биелүүлээгүй учир хувьчлалын гэрээг хүчингүй болгосон. Хөдөө аж ахуйн бирж 100 хувь төрийн мэдэлд байна. Цаашид хувьчлах эсэхийг Засгийн газар шийднэ. Өнгөрсөн 2017 онд манай бирж 200 гаруй сая төгрөгийн ашигтай ажиллалаа.

Эх сурвалж:”Өдрийн сонин” Б.Долзодмаа

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин