• Эхлэл
  • Д.Амартүвшин:Иргэдийн ачааг улам нэмж байна

Д.Амартүвшин:Иргэдийн ачааг улам нэмж байна

2018/01/17

Мезис Монгол” ТББ-ын үүсгэн байгуулагч Д.Амартүвшинтэй ярилцлаа.

-Татварын шатлал бий болсны дараа өөрийн байр сууриа сошиалаар хамгийн их идэвхитэй илэрхийлсэн хүмүүсийн нэг нь та. Бухимдах шалтгаан юунд байв?

-МАН 2016 оны сонгуульд оролцож олонхи болохдоо “шинэ төрлийн татвар бий болгохгүй, татвар нэмэхгүй” гэдэг амлалт авч гарч ирсэн. Гэтэл одоо энэ амлалтынхаа яг эсрэг зүйл хийж байгаад би хувьдаа эмзэглэж байна. Сонгууль болохоор хүмүүст нэг өөр зүйл амлачихаад сонгуулийн дараа тэр амлалтынхаа эсрэг явдаг байж таарахгүй. Энэ бол хамгийн нэгдүгээрт сонгогчдыг хууран мэхэлж байгаа гэмт хэрэг. Дараачийн сонгуулиар энэ нам өөр ямар амлалт авах юм, хэн энэ намын амлалт, мөрийн хөтөлбөрт итгэж саналаа өгөх юм. Энэ бол улс төрийн намын хувьд маш хариуцлагагүй явдал.

Хоёрдугаарт төр маань өөрөө цоорхой хувин шиг төсөвтэй байна. Маш их авлигатай байна. Төсвийн мөнгө ямар байдлаар хуваарилагдаж, хэнд очоод, яаж зарцуулагдаж байгаа нь тодорхойгүй, ил тод биш байна. Шилэн дансны хууль хэрэгжихээ больсон. Ийм тохиолдолд дахиад татвар нэмэх нь зөв үү? Эрх баригчид өөрсдийнхөө тансаг хэрэглээнээс татгалзаж чадахгүй байгаа мөртлөө иргэдээс авдаг татвараа нэмээд байна. 2018 оны төсөв ч бас л өмнөх оныхоос  нэмэгдээд ороод ирсэн. Татвар нэмэхийн оронд үр ашиггүй, үрэлгэн зардлаа хасч яагаад болдоггүй юм. Үүнээс болоод иргэд маш их бухимдаж байна. Ганц би биш.

-1,5 саяын босгыг та юу гэж үзэж байна? Иргэдийн 90 хувьд татварын нэмэгдэл нөлөөлөхгүй гэсэн эрх баригчдын үгэнд та жишээ нь итгэж байна уу?

-Манай Засгийн газрынхны өөрсдийгөө хамгаалж байгаа нэг үг л дээ. Энэ бол маш буруу үзэл. Татварын шатлал бий болгосноор хамгийн их үр ашигтай, ачаалалтай ажилладаг хүмүүсийнхээ цалинд өндөр татвар оногдуулаад, эсрэгээрээ ачаалал багатай ажилладаг, ур чадвар бага шаарддаг ажил хийдэг хүмүүсийн цалингаас бага татвар авахаар болсон. Ингэснээрээ хүмүүсийн ажил эрхлэх, орлогоо нэмэгдүүлэх сэдлийг нь бууруулж, өөрийгөө хөгжүүлэх, илүү цагаар ажиллах хүслийг бууруулдаг. Энэ нь эргээд эдийн засагтаа сөргөөр  нөлөөлдөг. Яг үнэндээ тэр 10 хувь чинь үлдсэн 90 хувиа тэжээдэг хүмүүс. Энэ хүмүүсийн татвар нэмэгдэхээр нөгөө үлдэж байгаа 90 хувьд нь сөрөг нөлөө үзүүлнэ. Цалингаа хасуулсан хүмүүс хамгийн түрүүнд хэрэглээгээ хумина. Хэрэглээ хумигдахаар зах зээл дээр бараа материал зарж байгаа хүмүүсийн орлого багасна гэсэн үг. Тэгэхээр буцаад 90 хувьдаа нөлөөлнө.

-ХХОАТ-аас гадна НДШ-ийг үе шатлалтайгаар нэмсэн. Энэ нь эдийн засагт хэр нөлөөтэй вэ?

-НДШ-ийг ажилчин, ажил олгогч хоёрт хоёуланд нь нэмж байгаа. Энэ нэмэгдлийг хэний халааснаас гарах вэ? Эргээд нөгөө хэрэглэгч буюу бараа бүтээгдэхүүн авч байгаа хүмүүсээс тэр нэг хувийг авна. Түүнээс биш өөрт байсан илүү нэг хувиа төрдөө өгье гэж хэн ч бодохгүй. Дахиад л нөгөө бараа бүтээгдэхүүний үнэ өсч, иргэдийн үүрэх ачаа нэмэгдэнэ. Гэтэл эдийн засгийн энэ дам нөлөөг нь харахгүй зөвхөн 8 хувь, 10 хувиас авч байгаа татвар гэж яриад байгаа нь харамсалтай. Энэ хоёр хувийн НДШ чинь хэрэглэгчдийн нуруун дээр л дарамт болж очино, эргээд зах зээлдээ дам нөлөөтэй гэдэг эдийн засгийн наад захын ойлголтыг эрх барьж байгаа хүмүүс яагаад ойлгохгүй байгаа юм бэ. Уг нь бол маш сайн мэдэж байх ёстой юм шиг санагдаад байгаа юм. 

-ОАТ, НДШ-ээс гадна шатахууны онцгой албан татвар бас нэмэгдсэн байгаа шүү дээ. Энэ талаар?

-Энэ нь эргээд л нөгөө суурь үнэ, бараан бүтээгдэхүүний үнэд нөлөөлнө, татвар төлөгчдийн нуруун дээрх ачаа давхар давхар нэмэгдэнэ. Татвар нь нэмэгдээд, үнэ өсөөд, иргэний гар дээр ирж байгаа мөнгө багасаад байдаг. Иргэдийн үүрэх ачааг  2-3 давхар болгож нэмээд байгааг буруу л гэж үзэж байна. Зүйрлэх юм бол хавар тарих тариагаа хавартаа л  идчихээд намар нь хоолгүй хоцорч байгаа хүнтэй адилхан. Засгийн газар ийм л бодлого явуулж байна. Иргэд нь ажил хийгээд арай гэж олсон хэдэн төгрөгөөс нь нэмж татварлаад байвал нэгдүгээрт, ажил хийх сонирхолтой хүн багасна. Ажил хийхгүй хүмүүс татвар төлж чадахаа болино. Үүнийгээ дагаад эдийн засаг хумигдана. Үүнд л эмзэглээд байна.

Д.Цолмон

Нэвтрүүлгийг энд дарж үзнэ үү

ТВ:30 хором нэвтрүүлэг  

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин