• Эхлэл
  • Ард түмэн ач мэдэхгүй, У.Хүрэлсүх ээ!

Ард түмэн ач мэдэхгүй, У.Хүрэлсүх ээ!

2018/01/31

Шинэ Засгийн газар 100 хоногийнхоо банкет дээр татварын шатлалыг хүчингүй болгож, тэтгэврийн насыг наашлуулснаа зарлав. Шатахууны онцгой татварыг тэглэснээ ч бас хэлсэн л байлгүй. Тэглээ гээд уур бухимдал алга ташилтаар солигдсон гэж бодож байна уу? Үгүй. Учир нь У.Хүрэлсүхийн Засгийн газраас өмнө өөр ямар ч Засгийн газар баталсан төсвөөсөө 100 хоногийн дотор буцаж байсангүй. Мордохын хазгай болж байгаа нь тэр.

Сангийн сайд нь хэлсэн, “Төсвийн хуулийг тав хоног л уншсан, сургууль цэцэрлэгийн барилга дээр хэдэн төгрөг нэмж тавьснаас өөр засвар оруулаагүй. Анхнаасаа буруу тооцсон өмнөх засгийн буруу” гэж. Би үхэхээр чи үх гэж байгаа юм. Алдаатай бодлогынх нь алдааг засна гэж л засгаа огцруулсан биз дээ. Засаг авангуутаа засахгүй юу хүлээсэн юм. Тойрогтоо тавьсан хэдэн барилга, будаг шохойхонд илүү харж, билүү долоож явахаар татвар шимтгэлээ, том эдийн засгаа харахгүй яасан юм. Одоо тэгээд хэн нь хэнийхээ алдааг зассан болж таарч байна?

Сонгуулийн дараа гарсан засаг яах вэ. Нөхцөл байдал ч хүнд байсан байх. Илүү хүндрээсэй ч гэж зарим нь хүссэн байх. Угаасаа л манай улс төрийнхөн “муу байх тусмаа сайн” гэдэг зарчимтай. Өрсөлдөгчөө, өмнөхөө л муухай харагдуулж байж өөрсдөө өнгө орно гэж тооцдог. АН муу байвал МАН-д сайн, МАН муу байх тусмаа АН-д сайн. Аль муу муухай руугаа л уралдаад, адилхан уруудаад байгаагаа мэддэггүй.

У.Хүрэлсүхийн засаглал ч ялгаагүй. Ж.Эрдэнэбатыгаа, М.Энхболдыгоо л муулсаар, муухай хэлсээр гарч ирснээс биш юуг илүү сайн хийх гээд байгаа нь ойлгомжгүй л байсан шүү дээ. Нам дотроо л эз дийлснээс биш, нийгмийн захиалга ч байгаагүй. Ерөнхий сайд нь үүрэг өгч Шадар сайдыгаа тагнасан л гэсэн, тэрийг нь нотолсонгүй. Төрийн албыг мөнгөөр худалдсан л гэсэн, хариуцлага хүлээлгэсэнгүй. Төрийн эрхийг хууль бусаар авах нь гэмт хэрэг юм бол тэр хүмүүсийг зүгээр л чөлөөлөөд явуулах нь шагнал биз дээ.

Ингээд нэгэнт засгаа огцруулчихсан хүмүүс чинь (“ичсэн хүн хүн ална” гэгчээр) өмнөх засгийнхаа буруу, муухайг үзэгчдийн тусламжтай шүүхийн тулд гурван сар хүлээсэн байх нь л дээ. Дахиад есөн сар хүлээчихгүй. Бүр нэг морио унаад, модоо тохоод явтал нь. Мөр нь улайгаад, гэдэс нь хонхолзоод иртэл гүрийхгүй. Тэгсэн бол илүү доороос татаж гаргах, илүү том баатарлах боломж байлаа шүү дээ. Ард түмэн ач мэддэггүй юм шүү, У.Хүрэлсүх ээ! Арай л эрт гараа өргөчихлөө дөө...

Б.СЭМҮҮН 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл.
    Бид ядуусыг дэмжиж, тэмцэж байгаа
    ядуурлыг бид богино, дунд, урт хугацааны зээл санал болгодог
    нэр томъёо. Санхүүгийн асуудалтай байгаа, Банкинд хориг тавьдаг,
    Файлууд, эсвэл танай төслүүдийг холбох санхүүгийн хэрэгцээ байгаа бол,
     гэрийн зээл. Бид хувь хүмүүс, худалдаачидад хамгийн их хурдтай, найдвартай зээлийг жилд 3% -иар олгодог.
    Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина уу.
    vicentiasolara@gmail.com
    vicentiasolara@gmail.com
    Whatsapp: 0033644664081
    2018 оны 03 сарын 15
Сонин хачин