• Эхлэл
  • Н.Энхтуяа:Зах зээл нээлттэй байгаа

Н.Энхтуяа:Зах зээл нээлттэй байгаа

2018/08/29

Арав дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй “МММ”-ийн Хүрээлэнгийн Ерөнхий менежер Н.Энхтуяа ийн өгүүлж байна.

“Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэн” ТББ Пи-ар, реклам сурталчилгаа, үзэсгэлэн яармаг зохион байгуулах чиглэлээр олон ажлыг амжилттай гүйцэтгэж, анхдагч болж байдгаараа онцлог. Тэгвэл тэд энэ удаа мөн тун сонирхолтой бүтээл буюу Монгол Улсын түүхэнд анхдагчид болсон “50 ЧУХАЛ ХҮН” номыг эрхлэн гаргаж наадмын өмнөхөн уншигчдынхаа гарт өргөн барьсан билээ. Ингээд эхлээд олны анхаарал татаж байгаа “50 ЧУХАЛ ХҮН” номны талаар ярилцацгаая.

-Юуны өмнө “50 Чухал хүн” хэмээн сонирхолтой бас даацтай номыг эрхлэн гаргасанд баяр хүргэе. Монголын бизнес, улс төрийн салбарын анхдагчдыг урин ном бүтээнэ гэдэг амаргүй. Ном гаргах болсон санаа нь юу вэ?

-“Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэн” ТББ пи-ар, реклам сурталчилгаа, арга хэмжээ, үзэсгэлэн яармагийг амжилттай зохион байгуулж ирсний хувьд амжилтын түүчээ болсон гайхамшигт хүмүүсийн ололт амжилт, амьдралын түүхийг нийгэмд таниулсан ном хэвлэн нийтлэх шийдэлд хүрсэн. Бидний туршлага болон судалгаагаар бизнесийн онол, дадлагын тухай ойлголтоо нэмэгдүүлэх сонирхолтой уншигчийн тоо маш их байна. Дэлхийн олон орны зохиолчдын ийм төрлийн номуудын эрэлт хэрэгцээ өндөрссөн. Монголчуудын хувьд ч ийм эрэлт хэрэгцээ их бий. Энэ орон зайг бид тодорхой хэмжээгээр нөхөж чадлаа гэж бид ойлгож байгаа.

-Номонд оролцох өөрөөр хэлбэл амжилтын түүхийг өгүүлэх эрхмүүдээ хэрхэн сонгосон бэ? Танай номонд бизнесменүүдээс гадна улс төрчдийн хөрөг, ярилцлага  ч бас багтсан?

-Мэдээж, “ЧУХАЛ” гэдэг үг олон утга илэрхийлнэ. Бизнесменүүдийн тухайд ихэнх нь анхдагчид. Анхны ерөнхийлөгч, Ардчиллын анхдагч, парламентад хамгийн олон сонгогдсон төрийн түшээ, орон нутгийн төлөөлөл болох төрийн албан хаагч, нийслэл хотын Засаг дарга гээд урьж сэдэв ярих тодорхой шалтгаантай хүмүүсийн хөрөг ярилцлага багтсан байгаа. Бизнесменүүдийн хувьд шууд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний, намтар түүх ихтэй, өнөөдрийг хүртэл бүх бэрхшээлийг даван туулсан баялаг бүтээгчдийн тухай өгүүлсэн.

-Өмнө нь хэвлэлд дэлгэрэнгүй ярилцлага өгч байгаагүй хүмүүсийг олж ярилцлага авна гэдэг бас нэлээд том ажил?

-Энэ номыг бүтээх нь нийгэмд ямар ашиг тустайг оролцогчдод ойлгуулах явдал бидний гол зорилго байлаа. Нөгөөтэйгүүр манай менежерүүд харилцааны ур чадварыг тодорхой түвшинд, сайн эзэмшсэн гэж хэлбэл хэтрүүлсэн болохгүй л болов уу. Тэдний маань мэрийлт, тууштай байдал үүнд хамгийн их нөлөөлсөн.

Энэхүү номонд “Зааг групп” ХХК-ийн захирал А.Амартүвшин, “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат, “Монос” группийн ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар, “Цолмон трэвел” ХХК-ийн захирал М.Навчаа, Монголын морин циркийг дэлхийд сурталчлан таниулж яваа Д.Ариунболд, “Алтан жолоо” группийн ерөнхийлөгч В.Энхбаатар, “Kitchen all” ХХК-ийн захирал С.Оюун, “Хасу Мегаватт” ХХК-ийн захирал Ж.Түмэн-Аюуш, “Гурван марал” группийн үүсгэн байгуулагч Ч.Мөнхтөр, “Номин Холдинг” ХХК-г үүсгэн байгуулагч А.Шагдарсүрэн, “Гялс” төвийн захирал Н.Наранбат, “Айртранс” ХХК-ийн захирал Т.Чулуунхүү, “Омбол” ХХК-ийн захирал Б:Мөнхдэлгэр, “Жигүүр гранд” группийг үүсгэн байгуулагч Д.Баттөр, “Алко” группийн захирал Т.Батсайхан, “Ган хийц” ХХК-ийн захирал М.Даваасүрэн, “Сэрүүлэг” сониныг үүсгэн байгуулагч С.Баярмөнх, “Ханбогд хурд” ХХК-ийн захирал Б.Наранбаатар, “Нэткапитал” ББСБ-ын захирал Д.Сүндий нар бол салбар салбартаа анхдагчид.

Хайрын хуримын Ууганаа, Хадлан дээлний Хонгороо гээд бизнес контент нь овог шахуу болчихсон шинэ үеийн хүчирхэг төлөөллүүд байна. Хүн бүхний амжилтын түүх өөр, амьдралын зураг ч ондоо. Эдгээр хүмүүсийн тухай уншихад бэрхшээлгүй зүйл гэж үгүй, түүнийг хэрхэн даван туулах нь хувь хүний тэсвэр тэвчээрээс шалтгаалдаг болохыг өгүүлэх юм.

“Шилмэл загвар” ХХК-ийн Ч.Оюунцэцэг, “Дээдсийн үсчин” Д.Одонгоо, ая зохиогч Л.Балхжав нарын хөрөг, ярилцлага ороод ирэхээр чөлөөт зах зээлд хөлөө олох гэж тэмүүлсэн Монголчуудын нийтлэг дүр төрхөөс гадна шоу ертөнцийн сонирхолтой үйл явдлууд дүрслэгдэж байгаа юм. Ерээд оны эхэн үе ингээд хүн бүрийн ярианд дурьдагдахаар тухайн цаг үеийн онцлог шинж тодроод маш сонирхолтой. Тэд бол зах зээлийн эдийн засагт шилжсэн Монголыг ийм богино хугацаанд танигдахгүй болтлоо өөрчлөгдөхөд чухал үүрэг гүйцэтгэсэн эрхмүүд.

Ийм мундаг хүмүүсээр ярилцлага өгөхийг хүлээн зөвшөөрүүлнэ гэдэг мэдээж амаргүй. Далай лам “Өөрийнхөө хийж бүтээдэг зүйлсийн хүнд хэцүүг хааяа ч болов бусдадаа ойлгуулж бай” гэж сургасан байдаг шүү дээ. Урлаг соёл, спортын алдартнууд ч энэ номонд багтсан байгаа. Манайхан “хэрхэн хурдан баяжих вэ, мөнгийг хэрхэн даллан дуудах вэ” гэсэн хий хоосон мөрөөдөлд умбуулсан ном товхимол их уншдаг. “Танай номын зочин манай ангийн “хүүхэд” байна шүү дээ. Энэ хүн яаж амьдраад, би яаж яваад байгаа юм бэ” гэх хүнтэй ч таарсан.

“50 Чухал хүн” номын зочин бүрийн ярилцлага хэрхэн амжилтанд хүрсэн бодит түүх юм. Уран бүтээлч хүмүүсийн хувьд хүн тус бүр маш сонирхолтой судлагдахуун. Гэр бүлийн суурь хүмүүжил, өссөн орчин, төгссөн сургууль, анхны алхам тэр ч бүү хэл найз нөхөд хүний амьдралд хэрхэн нөлөөлдгийн бодит жишээ энэ. Мөн залууст хандаж хэлэхэд шинэ цагийн монгол хүмүүст бүх зах зээл нээлттэй хэвээр байна.

Та сэтгэж, бүтээж, тууштай хөдөлмөрлөж чадвал амжилтанд хүрнэ гэдгийг эндээс олж унших болно. Арван жилийн ахлах ангийн сурагчдад ийм бодит түүхийг эртнээс таниулж, уншуулж сургаваас мэргэжлээ сонгоход нь хүртэл нөлөөлөх магадлалтай юм билээ.

-Та бүхэн эхний номын нээлтээ хийгээгүй байхдаа “Монголыг өөрчлөх хүмүүс” номыг эрхлэн гаргах болсон тухайгаа зарласан. Энэ ном өмнөхөөсөө ялгаатай юу?

-Бодит хүмүүсийн амжилтын “ил товчоон” гэдэг утгаараа өмнөхөөсөө ялгаагүй. Харин сэдвийн хувьд өмнөхөөсөө ч илүү өргөн цар хүрээтэй. “Монголыг өөрчлөх хүмүүс” номын зочид нээлтийн үеэр саналаа нэгтгээд хууль батлагчдад өргөн барих юм.

-Хэвлэлтийн чанар тун сайн санагдсан. Номонд олон сэтгүүлч ажилласан байна лээ. Магадгүй энэ нь та бүгдийн ажил шуурхай явагдахад нөлөөлдөг байх?

-Мэргэжлээрээ олон жил ажилласан 20 орчим сэтгүүлч, менежерүүд ажилласан. Багийн хөдөлмөр учраас оролцогчдод ч урамтай байлаа. Ийм чадварлаг баг ажилласан учраас харьцангуй богино хугацаанд номоо уншигчдадаа хүргэж чадлаа. “50 Чухал хүн” ном маань 53 хэвлэлийн хуудас буюу 420 хуудастай, хатуу хавтас, арьсан бүрэлттэйгээр Монголдоо л хэвлэлийн хамгийн сүүлийн үеийн технологиор хэвлэгдэн гарлаа. “Монголыг өөрчлөх хүн” ном маань ч адилхан чанарын өндөр түвшинд хэвлэгдэнэ.

-МММ-ийн Хүрээлэн энэ жил өөр ямар төслүүд хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн бэ?

-Есдүгээр сараас ажил жигдрэхээр төрөл бүрийн сургалтууд зохион байгуулна. Үүнийг тухайн үед зарлах нь зөв байх.

ЭХ СУРВАЛЖ:anews.mn

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин