• Эхлэл
  • Л.Болд:Энэ жишиг парламентын хар хуудас болж түүхэнд үлдэх нь

Л.Болд:Энэ жишиг парламентын хар хуудас болж түүхэнд үлдэх нь

2018/10/30

УИХ-н гишүүн Лу.Болдын ярилцлагыг хүргэж байна.

-Төсвийн хоёр дахь хэлэлцүүлэг яваад өнгөрчихлөө. Гурав дахь нь бол ёс төдий л болж таарна. Тэгэхээр энэ оны төсөв энэ чигээрээ батлагдах нь ээ дээ?

-Парламентын шийддэг хамгийн чухал асуудал бол улсын төсөв. Парламент байдгийн шалтгаан ч гэж болно. Төсвийн зарцуулалт, хэнд яаж хуваарилах вэ гэдэг маш нарийн асуудал. Тийм учраас парламент үүн дээр цаг гаргаж ажилладаг. Энэ удаа тийм зүйл болсонгүй. Дэгийн хуулиндаа өөрчлөлт оруулаад төсвийн хэлэлцүүлгийг самраад хаячихсан юм байна. Асуудлаас бултаж, булзааруулж байна, аргалж, дарамталж байна. Бүх юмыг ажлын хэсэг нэрийн дор нуугаад өнгөрч байна. Ажлын хэсэг бол параламент биш л дээ. Энэ удаагийн төсвийн хэлэлцүүлэг хуулиа зөрчсөн, ардчиллын зарчмыг зөрчсөн, Үндсэн хуулиа зөрчсөн маш буруу жишиг тогтоолоо. Энэ парламентын хар хуудас болж түүхэнд үлдэх нь ээ гэж харж байна.

-Төсвийг ил тод биш, битүү хатуу баталдгийн булхай өнөөдөр ил гарч байна. Жижиг дундын зээл нэрээр тэрбум, тэрбумаар нь гишүүд өөрсдөө аваад идчихсэн байна шүү дээ?

-Түрүүчийн Засгийн газар огцорсон шалтгаан ч бас энэ. Хэдэн зуун тэрбумын концессийг гуравхан сайд хуваагаад авчихсан. Энэ удаа олон тооны гишүүд нь тэрбум тэрбумаар нь хумсалсан байна. Ирэх онд ч гэсэн энэ оныхоос дутуугүй мөнгө тавьсан байлгүй. Би ч бас УИХ-ын гишүүд юугаар амаа үдүүлчихээд, яагаад үг дуугүй олонхиороо түрээд байна, ямар хөшүүрэг байна вэ гэж гайхаад байсан юм. Тэр нь ЖДҮ-ийн санхүүжилт юм байна л даа.

-Энэ удаагийн төсвийг яалт ч үгүй сонгуулийн хуультай холбоотой гэж бодож байна. Жижиг 76 тойргийн гай гарч байгаа юм биш үү?

-Тойргийг ядаж томсгох хэрэгтэй. Тэгвэл бүс нутгийн, орон нутгийн хөгжил гарч ирнэ. Наад зах нь 24, эсвэл 10 тойрогтой байсан бол төсвийг ингэж жиргэж, жижиглэж үрэн таран хийхгүй.

-Ядаж л 300 суманд 300 сургууль эхлүүлээд гурван жил дамнуулж барьж байхаар жилд 100 сургуулийн барилга бариад ашиглалтад өгчихөж болдоггүй юм уу?

-Тойргийг томсгож байж л үүнийг хийнэ. Тойргоо жижигсгэчихээр бүгдээрэнд нь тал сургууль ноогдож байна. Тэгээд талын талласаар байгаалд 3-4 жил барьж байна шүү дээ.

-Тэгвэл төсвийн хэлэлцүүлгийн дараа энэ парламентын хамгийн түрүүнд ярих ёстой зүйл сонгуулийн хууль юм биш үү? Жижиг тойргоос гарч ирсэн хүмүүс эргэж сонгогдохоо бодоод ярихгүй л байх даа?

-Жижиг тойргоос сонгогдсон хүмүүс тийм алдаа хийдэг. Тойрогтоо таарсан жижиг жижиг хөрөнгө оруулалт хийгээд, түүгээрээ сонгогчдын саналыг худалдаж авна гэж боддог. Тийм үе байсан, одоо цаг үе өөрчлөгдсөн гэдгийг ойлгох ёстой. Одоо бол бэлэн мөнгө тараагаад ч сонгогдохгүй. Тэгэхээр дахиад нөгөө сонгууль луйвардах руугаа орно л доо. Сонгуулийн автоматжуулсан системээ бусниулаад хаячихлаа шүү дээ.

-Сүүлийн сонгуулийг автоматжуулсан системээр явуулсан биз дээ?

-Түүнд нь луйвар орсон учраас нуух гээд бүх машинаа устгачихсан байна. Ирэх жилийн төсөвт мөнгө нь батлагдаагүй учраас сонгуулийн өмнө дахиад тийм үнэтэй техник авах бололцоо байхгүй. Тэгэхээр эргээд “Хуучнаараа явья” л гэх байх. Дахиад ийм хяналтгүй сонгууль болбол ард түмэн босно, дахиад “долдугаар сарын 1” болно. 

-1992 оны парламентад Дамдин гэж хүн байсан, тантай нэг танхимд сууж байсан. Барааны саван тараасныхаа төлөө огцорч байлаа. Одоо манай гишүүдэд тийм ёс зүй алга гэж ярьдаг. Энэ түүх үнэн үү?

-УБХ-ын гишүүн байсан, хуульч хүн. Хуучин нийгмийн тогтолцоо, муу муухайг дотроос нь мэддэг байсан учраас их хурцаар шүүмжилдэг байсан. Бид бол гаднаас нь харж байсан, гудамжнаас орж ирсэн залуучууд нарийн ширийнийг нь мэдэхгүй шүү дээ. Мань эр бол дотроос нь мэддэг учраас муу муухайг нь сайн ч уудалдаг, шүүмжилдэг, их ч дайчин хүн байсан. Тэр хүн “Тойргийнхоо сонгогчдод барааны саван тараасан” хэргээр огцорсон. Үнэхээр тараасан ч юм уу, үгүй ч юм уу. Гэнэт л нэг өдөр байнгын хороогоор оруулаад чөлөөлөөд явчихсан, урьдаас төлөвлөөд бэлтгэчихсэн байсан. Таалагдахгүй хүндээ хэрэг тохоод зайлуулдаг даа. Тийм л зүйл харагдсан.

-Хорьдугаар тогтоол гарсны дараа дэлгүүрээс бараа авсан нь ч гэсэн үү?

-Дэлгүүрээс магнитофон авсан гэдэг юм. Маргааш нь төгрөгийн ханшийг хоёр дахин унагана гэж байхад Дамдин гуай байтугай өчнөөн хүн магнитофон байтугай л юм авсан байлгүй.  

-Байнгын ажиллагаатай парламенттай болсноос хойш найман удаагийн сонгууль явагджээ. Гэтэл парламентын чадавх, чадамж өмнөхөөсөө улам бүр дордоод байна уу гэж харагдаад байна. Яах вэ, энэ удаагийн парламентыг 2000-2004 оны парламенттай харьцуулж нэг болох юм. Парламентын чадамж муудаад байгаа нь юунаас болж байна вэ? Хүнээсээ юу, хуулиасаа юу, эсвэл тогтолцооноосоо болоод байна уу?

-Хүнээсээ болж байна. Хүний чанар улам муудаж байна. Хүний чанар яагаад муудаж байна гэхээр улс төрийн нам, сонгуулийн тогтолцоо хоёроосоо болж байна. Улс төрийн нам бол хамгийн шилдэг, хамгийн чадвартай хүмүүсээ дээш нь гаргадаг механизм. Тэгж байж улс орноо хөгжүүлдэг. Гэтэл одоо хамгийн болж бүтэхгүй хүмүүсийн өгсдөг шат болж хувирлаа. Цүнх барьдаг л гэнэ, нөгөө “долоогийн тоотой” ч нөхөд байна...

-Бөгс долоодог, ул шагайдгийг хэлж байна уу?

-Яг тийм. Мафийн тогтолцоо, механизд үйлчилдэг л хүмүүс болж хувирлаа шүү дээ. Үндсэн хуульт ёс, тусгаар тогтнолын эсрэг урт хугацаанд төлөвлөсөн хуйвалдааны том төлөвлөгөө хэрэгжиж байна. С.Зоригийн аллагаас эхлээд Үндсэн хуулийн өөрчлөх хүртэлх бүх үйл явдал ямар нэг сэжүүрээр холбоотой, хэн төлөвлөсөн нь хамаагүй. С.Зоригийн хэрэг Монголын нийгмийг орвонгоор нь эргүүлсэн. Үндсэн хуулийн дордуулсан долоон өөрчлөлт Монголын парламентыг орвонгоор нь эргүүлсэн. Одоо гүйцээж сүйрүүлэх ажиллагаа нь “Үндсэн хуулийн өөрчлөлт”, “Төрийн тогтолцоо болохгүй байна” гэдэг үлгэрийн дор явж байна. Энэ ард түмнийг нэгмөсөн дуусгах нь л дээ.

-Ерэн онд зорьж эхлүүлсэн арчиллынхаа үр шимийг үзэж чадалгүй замаасаа буцахаар нөхцөл байдал бий болчихлоо шүү дээ?

-Ерэн оноос өмнөх рүүгээ буцна. Буцах буцахдаа бүр улам дордох байдал руу явж байна. Ерэн оноос өмнө бидэнд хувийн өмч байсангүй. Эрх мэдлийн ялгаа асар их байсан ч ядаж л баян хоосны ялгаа бага байлаа. Сайн ч, муу ч тухайн нийгэмдээ тохирсон үзэл санаа, идеологи гэж юм байлаа. Христосын шашнаас авахуулаад бүх үзэл сурталд хүний нийгэмд байх ёстой ёс суртахууны хэм хэмжээнүүд байсан. Худлаа хэлж, хулгай хийж болохгүй гэх мэт. Одоо бүгд байхгүй болж байна. Мафи маягийн тогтолцоо, айдас хүйдсээр бүгдийг удирдаж болно гэсэн тийм л идеологитой улс болох нь л дээ.

-Тэр урт хугацааны төлөвлөгөөг хэн гаргаж ирээд хэн биднийг удирдаад байгаа юм бэ? Манайхан болохоор “Орос тэглээ, Хятад ингэлээ”, эсвэл хаа байсан Америк руу заачихаад өөрсдөө гэмгүй үлдээд байдаг шүү дээ?

-Бид өөрсдийнхөө бурууг дандаа бусад руу заадаг. Өөрсдийнхөө бий болгосон муу муухайг Үндсэн хууль руу заадагтай яг адилхан. Ямар ч нийгэмд тухайн нийгмийнхээ сул талыг ашиглах, эрх мэдлээ зузаатгах, ёс бус хүслээ гүйцэлдүүлэх гэсэн бүлэглэл байдаг. Тэр бүлэглэл энд, манайд байгаа. Ерэн онд балчир байсан байх. Бид өөрсдөө тэр хувалзыг тэжээсээр байгаад одоо Монголыг тэр чигт нь бүрхчихлээ шүү дээ.

-Та бол 1992 онд Үндсэн хууль батлалцсан хүмүүсээс энэ танхимд сууж байгаа цөөхөн хүний нэг. Нэг нь Д.Лүндээжанцан гишүүн. Үндсэн хуулийг өөрчлөх дээр та ямар бодолтой явдаг юм?

-Маш том, эсрэг байр суурьтай явдаг. 1990 оны ардчилсан хувьсгал бол Монголын ард түмний хамгийн том ололт. Магадгүй Чингис хаанаас хойших түүхэн дэх хамгийн том ололт. 1921 оны ардын хувьсгал ч ололт байсан, гэхдээ тэр үед бид тусгаар тогтнолоо 100 хувь олж чадаагүй. 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал ч ялгаагүй. 1990 оны ардчилсан хувьсгал бол Монгол Улс тусгаар тогнолоо бүрэн авсан ололт, үр дүн нь энэ Үндсэн хууль. Тиймээс Үндсэн хууль руу хийж байгаа дайралт бол Монголын ард түмний хамгийн том бахархал руу хийж байгаа дайралт. 2000 оны дордуулсан долоон өөрчлөлт дайсны маш том ололт байлаа. Маш том өшөө авалт хийгдэж байна. Эцсийн өшөө авалт нь энэ Үндсэн хуулийн өөрчлөлт болно шүү. Их удирдагчаа дээрээ залж аваад ард түмнээ дарлах, мөлжих, үйлийг нь үзэх тийм л тогтолцоо руу явна. Үндсэн хуулийг өөрчилнө гэдэг бол тийм л зорилготой хөдөлгөөн.

-Үндсэн хуульд муу нэр зүүлгэхэд хамгийн их үүрэг гүйцэтгэсэн нь Үндсэн хуулийн Цэц гэдэг байгууллага. Тийм үү?

-Цэцэд Үндсэн хуулиа хамгаалах хамгийн том эрхийг өгсөн. Гэтэл Цэц маань энэ ажлаа хийдэггүй, хийвэл буруу хийдэг, Үндсэн хуулиа гуйвуулдаг байгууллага болчихоод байна.

-Юунаас болоод?

-Хүнээсээ болж байгаа юм. Н.Совд гуайн үед Цэц мундаг байлаа. Сүүлдээ Цэцээ улам сулруулаад, улс төржүүлээд, захиалгаар хүмүүс оруулаад явсан. Цэц нь сулрахаар парламент нь сулраад “Парламент ч тоглоомынх, Цэц ч тоглоомынх” гэдэг итгэл үнэмшил иргэдийн дунд бий болсон болсон. Хэрвээ бид Улс төрийн намын хуулиа сайжруулаад, намаасаа улбаалаад төрийнх нь тогтолцоо бэхжээд явчихвал Цэц ч гэсэн хүн болгоны шүтдэг, дээдэлдэг байгууллага болно. Тэр хэмжээнд тохирсон, тэнцсэн хүмүүс тэнд очиж сууна, бас тийм шийдвэр гаргана.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин