• Эхлэл
  • СЭЛЭМНИЙ ИР, ЖАДНЫ ҮЗҮҮР

СЭЛЭМНИЙ ИР, ЖАДНЫ ҮЗҮҮР

2018/12/13

"Хамар" хочит Т.Ганболд хэлд орлоо. Авлигал өгсөнөө хэллээ. Авсан хүнийг нь ч зарлалаа. Зориг гэх үү, заль гэх үү. Одоохондоо үүнийг ялгах арга алга.
Нэгэн цагт аргагүйдэн дөрвөн сая доллараа гаргаад өгч байсан хүн өнөөдөр мөн л аргагүйдэн түүнийгээ илчилж байх шиг байна.

Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав улстөрд "Ц.Элбэгдоржийн" гэх тодотголтой хүн. Т.Ганболдын ярианы учиг ч заримдаа түүнийг чиглэж, чимхэж байлаа.

“МАНАН” гэх эзэн биегүй бүлэглэлийн МАН-ыг М.Энхболдоор, АН-ыг Ц.Элбэгдоржоор төлөөлүүлж ярьдгийг тооцвол Т.Ганболдын “Илчлэлт” хэнийг чиглэж байсныг түвэггүйхэн гадарлаж болно.
Эцэст нь тэрээр Г.Оюун-Эрдэнэ, Ц.Нямдорж шиг хүмүүс байгаад баярладаг гэх утга бүхий үг хэлээд ярилцлагаа хаасан.

“Захиалагч”-аа ингэж тэр гэрэлд цохиулав.
Ер нь ч улс төр гадарладаг хүмүүс "Номер гурав"-т "Номер нэг"-ээс үзүүлж байгаа галын дэмжлэг гэдгийг нь түвэггүйхэн гадарлаа биз.

Мэдээж үүнийг нь хөлсний троллчдын арми нь хөөсрүүлж дараагийн Доржзодов хэмээн хөөрөгдөв.
Үнэндээ Т.Ганболд авлигалчдыг илчилж буй Ардын баатар гэхээсээ аргагүйдээ эрх мэдэлтнүүдийн хэтэвч, "нохойд барьдаг мод" болж яваа зүдэрсэн нэгэн бизнесмэн залуу л гэж харагдаад байгаа юм.
Магадгүй түүнд гаргасан алдаа бий л байх.

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирал байхдаа гэнэт хөлжиж, хожим нь С.Паушок гэх дуулиант Орос эрээс "Алтандорнод Монгол" компанийг 300 сая доллараар худалдан авч, "Корпорэйт" зочид буудлын сүлжээ барьсан гээд юм юм л дуулддаг. Шоронд орлоо, гарлаа л гэдэг. Хэрэг үүсгэлээ, хэрэгсэхгүй болголоо л гэнэ. Эцсийн хариуг нь гаргаж чаддаггүй "Шийдгүй бодлого" гэж түүнийг л хэлэх байх.
Энэ хэцүү бодлогыг бодож чадсан цорын ганц хүн нь Д.Дорлигжав прокурор юм болов уу.

Түүнийх нь "шагнал" дөрвөн сая доллар байв уу.
"Ам нээвэл" нэвтрүүлгээр тэр амаа нээсэн ч уушгиа нээсэнгүй. Сайхан гүнзгий амьсгаа авч байгаа дөрвөн сая доллар өгөх болсон шалтгаанаа ярьчихсан бол өнөөдөр бид ингэж өгүүлбэртэй бодлого бодож тархиа гашилгахгүй л байлаа. 
Ямартай ч тэр амаа нээсэн. Харин хэний төлөө, юуны тулд гэдэг дараагийн асуудал. Монгол Улсад хууль хэрэгждэг л юм бол энэ асуудал цааш хөвөрөх болно.
Манайх авлига өгсөн, авсаныг нь адилхан шийтгэдэг хуультай улс.

Т.Ганболд үүнийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа ч ял авч шоронд хоригдохоос илүү "айдас" түүнд байна. Түүнийг ярь гэж шахсан, ярихаас өөр гарцгүй болгосон тэр хүн тэр "айдас"-ыг нь атгачихаад сууж байгааг үгүйсгэхгүй.
Товчхондоо Т.Ганболд ардын баатар биш ээ. Тэр бол бохир улстөрчдийн сэлэмний ир, жадны үзүүр болж яваа жирийн нэгэн бизнесмэн залуу. Өмнө нь түүнийг хэтэвчээ болгодог байсан хүмүүсийг яллахаар өрсөлдөгч нь түүнийг жадны үзүүрээ болгож байна. Түүн шиг олон олон залуучууд, бизнесмэнүүд шинэ, хуучин МАНАН-гийн золиос болж хоцорсон, одоо ч зарим нь болсоор явна. Түүний нэг нь л Т.Ганболд юм.

Т.Тэнгис


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин