• Эхлэл
  • Ерөнхий сайд Хотын даргыг батламжлах уу?

Ерөнхий сайд Хотын даргыг батламжлах уу?

2019/01/17

НИТХ-ын төлөөөлөгчдийн хуралдаанаар өчигдөр буюу 2019.10.19-нд сар гаруйн хугацаанд эзгүй байсан Хотын даргын суудлын асуудлыг хэлэлцсэн. Үүнд өдгөөгийн НИТХын дарга С.Амарсайхан хотын шинэ даргаар сонгогдох нь бараг тодорхой гэсэн яриа үүсээд байсан ч НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун танхимаас өөрийнхөө нэрийг дэвшүүлж одоогийн байдлаар ялалт байгуулаад байна. Эхний санал хураалтаар санал тэнцсэн ч хоёр дахь санал хураалтаар хуралдаанд оролцсон 43 төлөөлөгчийн 24 нь С.Мөнхчулууныг дэмжсэн юм. Одоо түүнийг Хотын даргаар томилохыг Ерөнхий сайд батламжлах эсэхийг харах ёстой. Ерөнхий сайд нийслэлийн Засаг даргыг батламжлах эсэхээ тав хоногийн дотор шийдэх ёстой. Хэрэв НИТХ-аас ирүүлсэн саналыг Ерөнхий сайд хүлээн авахгүй гэж үзэн, буцаах юм бол НИТХ асуудлыг 15 хоногийн дотор хэлэлцээд, дахин санал хүргүүлэх юм.

Ийн өнөөгийн байдлаар танхимаас өөрийнхөө нэрийг дэвшүүлсэн 40 настай, олон нийтэд төдийлөн танил болоогүй С.Мөнхчулуун Хотын дарга болох магадлалтай байна.

МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу хоёр жил гаруй хугацаанд Нийслэлийн Засаг даргаар ажилласан Су.Батболд өнгөрсөн 2018 оны арванхоёрдугаар сард өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Үүнээс хойш Улаанбаатарын удирдлагыг гартаа авахаар У.Хүрэлсүхийн фракцийнхан "Оюуны ундраа"-гаар овоглож ирсэн С.Амарсайханыг сонгох нь тодорхой болсон. Харин оронд нь НИТХ-ын даргаар Р.Дагвыг томилно гэсэн таамаг дэгдээд байсан юм. С.Амарсайхан нь МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн хүн бол Р.Дагва нь нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазарын фракц гэгддэг. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх С.Мөнхчулууныг батламжлах уу гэсэн эргэлзээ бас байж болох юм. 

С.Мөнхчулуун гэж хэн бэ?

Тэрбээр нийслэлийн унаган хүүхэд, Орбитод өссөн. Аав нь цэргийн хүн. Өдгөө 40 настай.

ЭЗЭМШСЭН БОЛОВСРОЛ:

1997-2001 Техникийн их сургуулийн механик инженерийн анги, ХБНГУ-ын Карлсрүхэ хотын Их сургуулийг төгссөн бөгөөд Төрийн удирдлагын магистр зэрэгтэй.

ТӨРД АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 2009- 2010 онд Нийслэлийн Өмчийн харилцааны газарт бүртгэлийн мэргэжилтэн
  • 2010- 2012 онд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын хэлтсийн дарга,
  • 2012- 2016 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байжээ.

СОНГУУЛЬТ АЖИЛ:

  • 2008-2009 онд СХД-ийн МАХН-ын хорооны дэд дарга,
  • 2016 оноос Нийслэлийн намын хорооны гишүүн,
  • 2016 оноос МАН ын Бага хурлын гишүүн,
  • 2016 оноос Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн,
  • 2016 оноос Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга, 2016 онд МАН-аас нэр дэвшиж, НИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон,
  • 2016 оноос НИТХ-ын Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны дарга,
  • 2016 оны арванхоёрдугаар сараас 2018 оны арванхоёрдугаар сар хүртэл НИТХ дах МАН-ын бүлгийн даргаар ажиллажээ.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин