• Эхлэл
  • Орос, Японы байр суурь өөрчлөгдөөгүй гэж Кремль мэдэгдлээ

Орос, Японы байр суурь өөрчлөгдөөгүй гэж Кремль мэдэгдлээ

2019/01/25

Мягмар гарагт Москвад болсон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Японы ерөнхий сайд Синзо Абэ нарын хэлэлцээрийн явцаас үзэхэд Токиогийн саналд ямар нэг өөрчлөлт ороогүй нь ажиглагдсан бол Москва ч өөрийн байр сууриа өөрчлөөгүй байна гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдсэн байна.

“Одоохондоо бид Японы байр суурь өөрчлөгдсөн ямар нэг байдал ажиглаагүй байна. Владивостокт болсон Дорнын эдийн засгийн форумын үеэр ерөнхийлөгч Путин манайх ч байр сууриа өөрчлөхгүй гэж хатуу мэдэгдсэн” гэж Песков “Интерфакс” хэвлэлийн сурвалжлагчийн асуултад хариулжээ. Тэр бас хоёр орны тэргүүнүүдийн уулзалт хэлэлцээр дээр ч, Японы ерөнхий сайд Москвад айлчлахаар мордохдоо хийсэн мэдэгдлээс ч японы талын байр суурь өөрчлөгдөөгүй нь харагдаж байна гэсэн байна. 2018 оны есдүгээр сард Владивостокт болсон эдийн засгийн форумын үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин японы ерөнхий сайдад “урьдчилсан ямар нэг болзолгүйгээр” энхийн хэлэлцээрээ дуусгая гэсэн санал тавьсан юм. Хари Абэ үүнийг нь хүлээн авах аргагүй санал гэж нэрлэсэн байна.

Харин сая Моква руу мордохынхоо өмнө Синзо Абэ Японы телевизэд өгсөн ярилцлагадаа Курилын арлуудын нутаг дэвсгэрт байгаа Японы эзэмшлийн нутгийг манайд шилжүүлэн өгөхийг Орос зөвшөөрөхгүй байгаагаас л газар нутгийн энэ маргааныг өнөө болтол шийдвэрлэж чадахгүй байгаа гэж ярьсан юм.

Абэ бас дөрвөн арлаас хоёрыг нь Японы талд өгчихвөл энхийн хэлэлцээрийг эцэс болгож болох юм гэж мэдэгдсэн. Харин ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “Энхийн хэлэлцээрийг эцэслэх талаар Япон ямар нэг албан ёсны санал дэвшүүлээгүй” гэж мэдээллээ.

Үүнтэй зэрэгцээд ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков Өмнөд Курил нь оросын газар нутаг гээд “Энэ газрыг хэн ч хэнд ч өгч болохгүй” хэмээн хатуу мэдэгджээ.

Москвад Японы ЭСЯ-ны үүдэнд жагсаал болжээ

Японы ерөнхий сайд Синзо Абэ Москвад айлчилж, Орос-Японы хооронд маргаантай байгаа Курилын арлын асуудлаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай хэлэлцээр хийж байгааг эсэргүүцэн Москва дахь Японы ЭСЯ-ны үүдэнд эсэргүүцлийн жагсаал болжээ. “Хууль сахиулагчид жагсагчдаас уриа, лоозон туг барьсан 10 орчим хүнийг саатуулсан. Тэднийг жагсагчдын ойролцоо байсан авто машинд суулгасан. Бусад нь тэднийг суллуулахаар оролдож байна” гэж эсэргүүцлийн хөдөлгөөнийг санаачлагчдын нэг “Зүүний фронт”-ын зохицуулагч Сергей Удальцов “Эхо Москвы” радио станцад ярьжээ.

Эсэргүүцлийн жагсаалд мянга гаруй хүн оролцсоны дотор “Зүүний фронт”, Оросын коммунист намын идэвхтнүүд байна.

Оросын зарим хотуудад ч ийм жагсаал болж, Японы ерөнхий сайд Курилын өмнөд хэсгийн хоёр Шикотан, Хабомаи арлыг японд өгчихвөл нөгөө хоёр арлыг нь авахгүйгээр хэлэлцээрийг өндөрлөе гэсэн саналтай ирснийг эсэргүүцэж байна. Эсэргүүцэгчид “Оросын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хадгалахын төлөө” уриан дор нэгдэж байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин