• Эхлэл
  • 2.5 их наяд төгрөгийн бараа, үйлчилгээг тендерээр худалдан авна

2.5 их наяд төгрөгийн бараа, үйлчилгээг тендерээр худалдан авна

2019/02/20

Тендерийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өчигдөр Төрийн ордонд болов. Тендерийн тухай хууль буюу төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авахад дотоодын үйлдвэрлэлийг хэрхэн дэмжих, урьдчилсан худалдан авах ажиллагааг яаж зохион байгуулах, тендерийн шүүхийн маргааныг хэрхэн зохицуулах, цахим худалдан авах ажиллагааг хэрхэн явуулах гээд хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг танилцууллаа.

Засгийн газраас 2019 оныг эх оронч худалдан авалтын жил болгон зарласан. Төсвийн тухай хуульд 2019 онд 2.5 их наяд төгрөгийн үнэ бүхий тендерийн худалдан авалт хийхээр төлөвлөсөн байгаа юм. Тиймээс уг хуулийн төслийг УИХ-аар яаралтай хэлэлцэж, батлах, дагаж гарах дүрэм журмыг батлах шаардлагатай байгааг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байлаа.

Тендерийн шалгаруулалтыг явуулахдаа авлига, хээл хахууль, ашиг сонирхлын зөрчил үүсгэх, танил талдаа давуу байдал олгох, хамгийн доод үнэ хэлсэн буюу чанаргүй бараа, ажил, үйлчилгээг дэмжих байдлаар тендер явж, будлиантаж ирснийг таслан зогсоох ёстойг үйлдвэрлэгчид дуу нэгтэй хэлж байлаа. Тухайлбал, 2017 онд 813 тендерийн гомдол ирсний 453 буюу 55 хувь нь хууль зөрчсөн шийдвэр гарсан болохыг тогтоожээ.Тиймээс тендерийн үнэлгээний хорооны гишүүдийг олон нийтийн хяналтаас буюу 50-аас дээш хувийг мэргэжлийн холбоо, төрийн бус, байгууллагаас оролцуулах хэрэгтэй гэж үзэж байв. Мөн үнэлгээний хорооны гишүүд тендер будлиантуулсан нөхцөлд санхүүгийн хариуцлага ногдуулах санал гаргав. Учир нь үнэлгээний хорооны гишүүд танил тал, мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүст үйлчилдэг тул тендерт оролцогчдод хохирол учруулдаг гэж хэлсэн юм.

Түүнчлэн дотоодын үйлдвэрлэгчдийн бараа үйлчилгээг тусад нь ангилж, хуулийн заалтад оруулаад байгааг сайшааж байв. Гэхдээ одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хуульд тендерийн үнийг хамгийн бага түвшинд харьцуулж гаргаснаас болж маргаан үүсэх суурь болдгийг үйлдвэрлэгчид хэлээд шинэчилсэн хуулийн төсөлд шаардлага хангасан бараа, бүтээгдэхүүнийг онооны зарчмаар дүгнэж, шалгаруулдаг заалт оруулахаар болсныг хэлэлцүүлэгт оролцогчид дэмжив. Ингээд тус хуулийн төслийг УИХ-ын ээлжит бус чуулганаар оруулахаар боллоо.

Энэ үеэр Тендерийн төслийг хэлэлцүүлэх Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоос зарим зүйлийг тодруулав.

-Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөлд оруулж буй гол өөрчлөлт юу вэ?

-Тендерийн төслийн хэлэлцүүлэх Ажлын хэсэг Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлд нэмж тусгах олон асуудал байна гэж үзсэн. Гэхдээ өргөн барьсан төслөөс өөр бусад зохицуулалтыг нэмж оруулах боломжгүй байна. Шинэчилсэн найруулгын хэмжээнд ярилцах шаардлагатай гэж үзэж байгаа. Тиймээс энэ хуулийн төслийг Засгийн газарт буцаах, шинэчилсэн найруулгын хэмжээнд боловсруулахыг шаардах, эсвэл УИХ-ын гишүүд өөрсдөө өргөн барих гэсэн хувилбарын аль нэгийг сонгох хэрэгтэй байгаа юм. Тухайлбал, уг хуулийн төсөлд тендерийг хариуцлагагүй зохион байгуулсан төрийн албан хаагчтай хэн ямар хариуцлага тооцох нь тодорхойгүй байх жишээтэй. Тендерийн хугацаа сунгагдахад 400-500 сая төгрөгийн алдагдал төр хүлээдэг. Зөрчлийн тухай хуулиас тендерийн сонгон шалгаруулалтын зөрчлийг аваад хаячихсан. Энэ мэт алдаа дутагдал байгаа учраас засаж залруулах шаардлагатай гэж үзээд байгаа юм. Мөн бага үнийн саналаар тендерийг сонгон шалгаруулдаг тогтолцоог бүхэлд нь өөрчлөх ёстой. Хамгийн гол нь мэргэжлийн баг бүрэлдэхүүнтэй, ТЭЗҮ-ээ боловсруулсан, тухайн ажлыг үнэхээр хийх чадвартай багт нь өгдөг байх хэрэгтэй. Гэтэл үүнийг хэвээр хадгалахаар хуулийн төсөлд оруулж ирсэн байна. Бид үүнийг зөвшөөрөхгүй. Тендертэй холбоотой хардлага нийгэмд маш их байдаг. Үүний цаана авлига, хээл хахууль байна гэж үздэг. Тендер авдаг томоохон компаниудын бүлэглэл бий болсон ч гэдэг. Тодруулбал, ямар ч ажил хийхгүй мөртлөө тендерт зуучлаад дундаас нь хувь аваад суудаг компаниуд байдаг. Жинхэнэ ажил хийж байгаа аж ахуйн нэгжүүдэд тендерийн үнийн дүнгийнх нь 70 хувь нь л очдог гэсэн мэдээлэл байдаг. Энэ бүхнээс шалтгаалж төсвийн хөрөнгө оруулалт үр дүнгүй урсаж, бүтээн байгуулалтын ажил чанаргүй болж байна.

-Тендерийн тухай хуулийн төсөлд дотоодын үйлдвэрлэлийг дэмжих тухай тусгайлан заасан байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Төрөөс татварын бус аргаар дотоодын үйлдвэрлэлийг дэмжих үндсэн хөшүүргийн нэг болох Засгийн газрын худалдан авах ажиллагаагаар дамжуулан дотоодын үйлдвэрлэлд давуу эрх олгох, бараа бүтээгдэхүүнийг өрсөлдүүлэх зарчмаар чанарыг сайжруулах талаар тусгасан. Мөн дотоодын үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг гаргахаар болсон. Үүний тулд бараанд тавигдах үндсэн шалгуурыг тодорхой стандартад үндэслэх зохицуулалт оруулсан.

-Тендерийн маргаанаас болж 400-500 сая төгрөгийн хохирол амсдаг гэлээ. Тэгэхээр маргаан гаргахгүй байх зохицуулалтыг хуулийн төсөлд хэрхэн тусгав?

-Тендерийн маргааныг шуурхай шийдвэрлэдэг байх хэрэгтэй. Зарим оролцогч нь тухайн тендерээ хүчингүй болгох зорилгоор албаар гомдол гаргаад орхичихдог. Тиймээс бүх талыг үүрэгжүүлж, хариуцлагатай байлгахын тулд нэмэлт заалт оруулсан гэж ойлгосон. Одоо мөрдөж байгаа хуулиар тендерт оролцогчид хэдийд ч гомдол гаргаж, шалгаруулалтын үйл ажиллагааг зогсоох, удаашруулах боломжтой байгаа. Тиймээс гомдлын хугацааг маш тодорхой болгож, хязгаарлалт хийх хэрэгтэй. Томоохон аж ахуйн нэгжүүдийг шантаачилж, авлига авахын тулд гомдол гаргадаг гэсэн мэдээлэл ч байдаг. Тендерийн хуульд өмнө нь 23 удаа өөрчлөлт оруулж байсан. Одоо 24 дэх удаагаа өөрчлөлт оруулах гэж байна. Гэтэл үндсэн агуулгыг нь өөрчлөхгүй гээд сууж байгаа юм. Тиймээс Ажлын хэсэг энэ асуудалд хариуцлагатай хандана.

-Салбарын яамдуудад тендер зохион байгуулах нь буруу гэсэн шүүмжлэл байдаг. Үүнийг хуулийн төсөлд яаж тусгасан бэ. Мөн Худалдан авах ажиллагааны газрыг дахиж байгуулах уу?

-Яамдууд тендер зохион байгуулж байгаа нь буруу гэж үздэг. Өмнө нь тендер хариуцсан агентлагтай байсан. Гэвч энэ агентлагийг татан буулгачихвал бүх тендер тойрсон асуудал байхгүй болох юм шиг ойлгоод татан буулгаж яамдуудад хариуцуулсан. Энэ нь алдаа болсон. Тиймээс үүнийг төрийн захиргааны байгууллага нь дагнаж гүйцэтгэх нь зүйтэй юм байна гэж үзэж байгаа. Одоогоор Худалдан авах ажиллагааны газар байгуулах талаар шийдсэн зүйл алга байна.

Нэмж мэдээлэхэд, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд 12 жилийн хугацаанд 23 удаагийн нэмэлт өөрчлөлтөөр 200 гаруй зүйл заалтыг шинэчлэн баталж байжээ.

ЭХ СУРВАЛЖ:"АРДЧИЛАЛ ТАЙМС" ҮНДЭСНИЙ ӨДӨР ТУТМЫН СОНИН. Сэтгүүлч Б.Бямбасүрэн


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин