• Эхлэл
  • Эдийн засгийг тэтгэх “Тэрбум ам.долларын салбар”: Алтны хаялга

Эдийн засгийг тэтгэх “Тэрбум ам.долларын салбар”: Алтны хаялга

2019/02/27

Дотоодын алтны салбарын борлуулалтын орлогыг нэг тэрбум ам.долларт хүргэх зорилттой байгаа гэдгээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд мэдэгдсэн. Ингэхийн тулд шороон ордын алт олборлолт давамгайлсан салбараас үндсэн ордын алт олборлолт давамгайлсан салбарт шилжих бодлогыг ойрын таван жилд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Энэ шилжилтийн үе шатанд алтны салбараас олох орлогыг тасалдуулахгүй байх байр суурийг баримтална гэж Д.Сумъяабазар сайд өнгөрсөн оны аравдугаар сарын 02-нд болсон “Алтны форум”-ын үеэр онцолсон юм.

Алтны салбарт сүүлийн жилүүдэд тогтвортой өсөлт бий болсон бөгөөд энэ эерэг үзүүлэлтүүдийг хадгалж, цаашид үргэлжлүүлж чадвал салбарын яамны дэвшүүлсэн нэг тэрбум ам.долларын эдийн засгийн салбар бий болгох зорилт биелэх боломжтой. Алтны салбар ДНБ-ний гурав орчим хувь, уул уурхайн салбарын орлогын 12 хувь, экспортын орлогын 10 орчим хувийг бүрдүүлж байгаа. Валютын нөөцийг бүрдүүлдэг үндсэн ашигт малтмал гэдгээрээ алт бусад эрдэс бүтээгдэхүүнээс онцлог.

Алт ба валютын нөөц

2018 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар Монголбанк 22 тонн алт худалдан авч, 800 сая ам.долларын валютын нөөц бүрдүүлсэн үзүүлэлттэй байгаа. Эндээс харахад нэг тэрбум ам.долларын валютын нөөц бүрдүүлэхийн тулд төв банк жилд 25 тонн алт худалдан авах шаардлагатай гэсэн үг. Тиймээс УУХҮЯ-наас 2017-2020 онд жилд 25 тонн алт худалдан авах зорилт дэвшүүлсэн биз ээ.

2017 онд Монголбанк 20 тонн алт худалдаж авсан нь түүхэн дээд үзүүлэлт болсон төдийгүй гадаад валютын нөөцийг 700 орчим сая ам.доллараар нэмэгдүүлсэн онцгой жил байсан юм. Харин 2018 онд гадаад валютын нөөцийн нийт дүнгээр 800 сая орчим ам.долларыг алтны салбарынхан бүрдүүлж чаджээ. 2012 оны эцсээр манай улсын гадаад валютын албан нөөц 4.1 тэрбум ам.долларт хүрсэн нь хамгийн дээд үзүүлэлт болсон юм. Харин өнөөгийн байдлаар гадаад валютын нөөц 3.4 тэрбум ам.доллар байгаа бөгөөд энэ нь эдийн засгийн нөхцөл байдалтай харьцуулахад төдийлөн хүрэлцээтэй бус.

Алтны салбарын онцлох тоон үзүүлэлтүүд:

-2016 онд алтны салбар 45 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн бол 2017 онд 49 тэрбум, 2018 оны эхний 11 сарын байдлаар 71.8 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн үзүүлэлттэй байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 26.9 тэрбум төгрөг буюу 59.9 хувиар өссөн үзүүлэлт юм.

-2013 онд буюу Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орохоос нэг жилийн өмнө найман хувь хүн, 120 аж ахуйн нэгж алт тушаасан бол 2017 онд Монголбанкны худалдаж авсан 20.01 тонн алтны 66 хувийг иргэд (216), 34 хувийг аж ахуйн нэгж (117) тушаасан байна. Харин 2018 оны арванхоёрдугаар сарын 20-ны статистикаас харахад өнгөрсөн жилийн алт тушаалтын бүтцэд бага зэрэг өөрчлөлт оржээ. Монголбанкинд тушаасан 22 тонн алтны 59 хувийг иргэд, 41 хувийг аж ахуйн нэгжүүд бүрдүүлээд байна.

Алт цэвэршүүлэх үйлдвэр ба сорьцын лаборатори

Алт цэвэршүүлэх үйлдвэр барьж байгуулах ажил 2018 онд гараанаас гарав. Тухайлбал, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо Алтны салбарын геологи хайгуул, олборлолтын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл сонссоны үндсэн дээр 2018 оны аравдугаар сарын 30-ны өдөр “Чиглэл өгөх тухай” 32 тоот тогтоол гаргасан юм. Энэ хүрээнд алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах чиглэлийн дагуу үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах Техникийн даалгаврыг боловсруулан, үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж байгаа ажээ. Ийнхүү алт цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалт 2019 оноос эхлэх нь тодорхой болж байна.

“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын 2.1.3 дахь хэсгийн гуравдугаар зорилтын I үе шат, “Алт-2” хөтөлбөрийн 3.3.8-д тус тус тусгагдсан “Алт цэвэршүүлэх үндэсний үйлдвэр байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх талаар судалгаа хийж санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг 2017 онд байгуулагдсан юм. Уг ажлын хэсэгт Монголбанк, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Эрдэнэс Монгол” ХХК, Үнэт металлын сорьцын хяналтын газрын төлөөлөл багтаж буй.

Манай улс ОХУ, Их Британи, Япон зэрэг улсад алтаа цэвэршүүлж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд Швейцарь улсад цэвэршүүлж байгаа юм. Ингэж цэвэршүүлж байгаа алтны тээвэр, даатгал, хамгаалалтын зардал өндөр гардаг аж.

Дотоодод олборлон баяжуулж байгаа алт дунджаар 85.0 хувийн агуулгатай бөгөөд түүнийг олон улсын зах зээлд борлуулахын тулд 99.99 хувийн цэвэр алт болгох шаардлагатай байдаг. Иймд дотооддоо алт цэвэршүүлэх үйлдвэртэй болсноор дээр дурдсан хүндрэлийг арилгана гэж үзэж буй.

Нөгөө талаар гарал үүсэл тодорхой бус алтыг 2021 оноос хойш худалдаж авахгүй гэдгээ Европын холбоо мэдэгдсэн. Тиймээс Монгол Улс олон улсын стандартад нийцсэн алт цэвэршүүлэх үйлдвэртэй болж, цэвэршүүлсэн алтаа Төв банкандаа хадгалж, худалддаг тогтолцоо руу орж байж алт болоод валютын нөөцөө нэмэгдүүлэх юм. Олон улсын жишгээр жилд 20 тонноос дээш хэмжээний алт олборлож байгаа тохиолдолд цэвэршүүлэх үйлдвэр байгуулах нь оновчтой гэж үздэг. Сүүлийн хоёр жил Монголбанкинд тушаасан алтны хэмжээ 20 тонн давсан нь дотооддоо алт цэвэршүүлэх үйлдвэр барьж байгуулах бүрэн боломжтой гэдгийг харуулж байгаа юм.

Алт тушаалтыг нэмэгдүүлэх чиглэлээр 2018 онд хийгдсэн нэг онцлох ажил нь Стандартчилал, хэмжил зүйн газрын харьяа Үнэт металлын сорьцын хяналтын газар, Монголбанк, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой бичил уурхай” төслийн хүрээнд 2018 оны аравдугаар сард Баянхонгор, Дархан-Уул аймагт Алтны сорьцын лабораторийг байгуулж нээлтийг нь хийсэн явдал. Алт олборлогч аж ахуйн нэгж болон бичил уурхайчид олборлосон алтаа Монголбанк болон арилжааны банкинд тушаахын өмнө албан ёсны байгууллагаар сорьц тогтоолгодог.

Алтны олборлолт төвлөрсөн бүс нутгуудад Алтны сорьцын лаборатори бүхий нэг цэгийн үйлчилгээний төвийг нээснээр алт олборлогчид алтаа дэлхийн зах зээлийн үнээр худалдах, тээврийн зардал болон цаг хугацаа хэмнэх боломж бүрдэж, аюулгүй байдлын баталгаа бий болсон.

Орон нутагт сорьцын лабораториуд байгуулагдсанаар алтны нийлүүлэлтийн сүлжээний албан бус шат дамжлага багасч, алтны худалдааны бүртгэлийг сайжруулах, олборлолтын хэмжээг хянах, тогтолцоо бүрдсэн. Өөрөөр хэлбэл алтны нийлүүлэлтийн сүлжээг бүхэлд нь ил тод болгох, албажуулах чиглэлээр бодитой алхмыг хийж чадсан гэсэн үг.

Алт ба татварын бодлого

Ашигт малтмалын нөөц ашигласны татвар буюу роялтийг 2.5 хувь болгосон хуулийн зохицуулалт 2019 оны нэгдүгээр сарын 01-нээс үйлчлэл нь дуусч, хүчингүй болоод байна. Уг нь Засгийн газраас уг татварын хөнгөлөлтийг дахин таван жилээр сунгах санал гаргаж, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 20-нд УИХ-д өргөн барьсан юм. Харамсалтай нь энэхүү хуулийн төсөл УИХ дээр гацсаар шинэ онтой золгосон. Хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэн дэмжсэн бөгөөд УИХ-ын чуулганы 2018 оны арванхоёрдугаар сарын 20-ны нэгдсэн хуралдаанаар нэн яаралтай дэгээр хэлэлцэх байсан ч ирц бүрдээгүйгээс хуралдаж чадаагүй. Уг хуулийн төсөл батлагдалгүй шинэ онтой золгож, 2.5 хувийн татварын бодлого хүчингүй болсноор алтны салбарт хэд хэдэн хүндрэл үүсэхээр байгаа юм. Алтны салбар дахь энэ хөнгөлөлт нь татварын бодлого гэхээсээ салбараа дэмжсэн бодлого байсан гэдгийг олон хүн хэлж буй.

Тиймээс 2.5 хувийн татвар хүчингүй болсноор алтны салбарын өсөлт шууд зогсоно гэдгийг УУХҮЯ-ны албаны эх сурвалж онцолжээ.

2014 онд энэ зохицуулалт орж ирснээр Монголбанкинд тушаах алтны хэмжээ эрс нэмэгдсэн. Ер нь алтны салбар маш тогтвортой болсон юм. Өмнө нь 68 хувийн гэнэтийн ашгийн татвартай холбоотойгоор алт тушаалт 2010 онд жилд хоёр тонн хүртэл унаж байсан. Ер нь салбар тэр чигтээ унасан гэж хэлж болно. Харин роялти татварыг 2.5 болгосон зохицуулалт орж ирснээс хойш Монголбанкинд тушаасан алтны хэмжээ 2014 онд 12 тонн, 2015 онд 14.7 тонн, 2016 онд 18 тонн, 2017 онд 20 тонн, 2018 онд 21.8 тоннд хүрсэн. Үүнийг дагаад татварын орлого бүрдүүлэлт эрс нэмэгдсэн юм.

2018 оны арваннэгдүгээр сард Монгол­банкинд тушаасан алтны хэмжээ 1184 кг, арванхоёрдугаар сард 2928 кг хүрч байсан бол 2019 оны нэгдүгээр сарын байдлаар 597 кг болж эрс буурчээ. Энэ бол алтны роялти 2.5 хувийн татвар хүчингүй болсонтой шууд холбоотой.

Хуулийн хөнгөлөлт зохицуулалт хүчингүй болсноор татварын суурь ачаалал таван хувь болсон. Дээр нь өсөн нэмэгдэх роялти нь үнийн дүнгээс хамаараад 4-5 хувь орчим болж нийт 9-10 хувийн татварын ачаалал нэмэгдээд буй юм.

Энэ нь аж ахуйн нэгжүүдэд асар том татварын ачаалал бий болж байгаа гэсэн үг. Хоёрт, том зургаар нь харвал үүнийг дагаад салбарын хөгжлийн асуудал яригдана.

Төр нэг гараараа “Алт-2” хөтөлбөр хэрэг­жүүлж энэ салбарыг дэмжих ажлууд хийж байгаа атлаа нөгөө гараараа энэ ажлаа нурааж байгаагаас өөрцгүй болоод байна. Татварын хөнгөлөлтийг дахин таван жилээр сунгаж алтны салбарт зайлшгүй дэмжлэг үзүүлэх хэрэгцээ шаардлага байгаа. Тэгэхгүй бол валютын нөөцийг нэмэгдүүлэх хүчин зүйлүүд, алт тушааж байгаа боломжуудыг багасгана.

Өнгөрсөн 30-аад жилийн хугацаанд алт тушаалт татварын асуудалтай шууд хамаа­ралтай явж ирсэн. Монголбанк болон УУХҮЯ-нд энэ талаар хангалттай судалгаа байдаг. Сэргэж байгаа алтны салбарыг буцаагаад унагачихвал сөрөг үр дагавар нь их. Уул уур­хайн салбар урт хугацаанд сэргэдэг. Өнөөдөр татварыг буцаагаад бууруулахад маргааш буцаад сэргэнэ гэж үгүй.

Үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт, хайгуулын ажил гээд бүх үйл ажиллагаа нь тэр чигээрээ зогсдог. Эдгээр нь эргэж сэргэхэд наанадаж 4-5 жил шаардагддаг. Тиймээс алтны сал­барын татварын хөнгөлөлт хүчингүй болсноор алт тушаалт эргээ 2010 оных шиг хоёр тонн болж буурах вий гэсэн болгоомжлол олон хүнд байна.

“Алт-2” хөтөлбөр 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа

“Алт-2” хөтөлбөрийн эхний шат 2018 онд дуусч 2019 онд уг хөтөлбөрийн хоёр дахь шат эхлээд байгаа. Одоогоор улсын хэмжээнд жилдээ 5-6 тонн нөөц шинээр бүртгэж авч буй аж. Энэ нь тийм хангалттай тоо биш. Алтны нөөц бүрдүүлэлт унасны шалтгаан нь том зургаар нь харвал өнгөрсөн хугацаанд тусгай зөвшөөрөл олголгүй нэг хэсэг зогсоосон. Сонгон шалгаруулалтаар олгох зохицуулалттайгаар одоо явж байгаа. Энэ бүхнээс болж хайгуулын үйл ажиллагаа доголджээ. Уг нь геологийн салбар нь уул уурхайн салбараасаа 15-20 жилээр түрүүлж хөгжөөд нөөцөө бэлтгээд араас нь уул уурхайн салбар орж ирж ашигладаг ийм тогтолцоотой. Энэ тогтолцоо байхгүй болсонтой шууд хамааралтай асуудал.

Нөгөө талаас одоо байгаа шороон ордын 50 гаруй тонн алтны нөөц хоёр жил гаруйн дараа дуусна гэсэн тооцоо бий. Гэхдээ энэ бол улсын хэмжээнд шороон ордын нөөц шавхагдчихсан гэсэн үг биш. Шороон ордоос үндсэн орд руу системтэйгээр шилжинэ гэдгийг УУХҮЯ-ныхан хэлж буй.

Алтны салбарт геологи хайгуулын ажил тийм ч хангалттай биш. Улсын хэмжээнд бодлогын түвшинд улсын төсвөөр сэдэвчилсэн судалгааны ажлуудыг хийж явах зайлшгүй шаардлагатай байгаа аж. Тиймээс “Төв, Зүүн Монголын алт” хөтөлбөр хэрэгжүүлэн Монгол орны зүүн хэсэгт нэлэнхүйд нь алтны судалгаа хийж байгаа юм. Цаашид баруун нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамруулж судалгаа хийхээр төлөвлөжээ. Төв, Зүүн Монголын алтны бүсийн хэмжээнд улсын төсвийн 3.4 тэрбум орчим төгрөгөөр судалгааны ажил хийж байгаа бөгөөд үүнд 24.9 орчим тэрбум төгрөг зарцуулах аж.

Засгийн газрын 2017 оны 20-р тогтоолоор “Алт-2” хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөр бол нэгдүгээрт, хүндрэлтэй байгаа эдийн засагт тодорхой дэмжлэг үзүүлэх зорилготой. Хоёрдугаарт, валютын нөөцийг бүрдүүлэх агуулгатай. Яагаад гэвэл алт бол үнэт металл, эдийн засгийн эргэлтэд хурдан ордог. Валютын нөөцийг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй. Ийм ийм үндэслэлээр “Алт-2” хөтөлбөрийг баталсан. Одоогоор “Алт-2” хөтөлбөрийн хэрэгжилт 70 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа гэнэ.

Гэхдээ үүнийг бас шууд маш сайн үзүүлэлт гэж харж болохгүй. Бид хөтөлбөр

“Алт-2” хөтөлбөрийн нэг том зорилт нь алт цэвэршүүлэх үйлдвэр барих. Энэ ажил харьцангуй сайн явж байгаа гэж хэлж болно. Графикийн дагуу өнгөрсөн онд ТЭЗҮ, ерөнхий судалгаануудаа хийж газар олголтоо хийжээ.

Эшлэлүүд:

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар:

-Уул уурхайн салбарыг олон тулгууртай болгох зорилтын хүрээнд алтны салбарыг жил бүр тэрбум давсан ам.долларын орлого бүрдүүлдэг, тэрбум долларын салбар болгож, Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилт 2030-д хүрэх нэг тулгуур болгон хөгжүүлэхээр бодлогыг нь томьёолж байгаа.

2018.10.02. Алтны форумд хэлсэн үгээс.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан:

-Үндэсний алт үйлдвэрлэгчдийг төрийн бодлогоор дэмжиж, тулгарч буй хууль эрх зүйн зохицуулалтын шинжтэй хүндрэл бэрхшээлийг төрийн байгууллагууд хамтран шийдвэрлэх нь алтны салбарын хөгжил төдийгүй Монгол Улсын эдийн засгийн хөгжилд чухал. 2008-2009 онд дэлхий даяар нүүрлэсэн санхүүгийн их хямралыг гадаад валютын нөөцтэй улс орнууд амжилттай даван туулж байсан.Тиймээс Монгол Улсын хувьд ч гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэхэд алтны салбар үлэмж чухал үүрэгтэй.

Төв аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар:

-Өмнө олгогдсон хайгуулын лицензүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой.Тэгэхгүй бол энэ олон лицензүүд орон нутагт үр өгөөжөө өгөхгүй байгаа нь иргэдэд олон эргэлзээг төрүүлдэг.

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан:

-“Алт-2” төслийг санаачилсан боловч алтны асуудлуудаа цогцоор нь хэрхэн шийдэх вэ, урт хугацаандаа алтны татвар, эрх зүйн зохицуулалт, алттай холбоотой маргаан дагуулсан байгаль орчин асуудлыг бүрэн шийдэж чадаагүй байна гэж харж байгаа. Байгаль орчин талаас нь хараад, нөгөө талдаа эдийн засаг талаас нь хараад энэ хоёрын зохистой хувилбарыг олж тогтоох, байгаль орчин, уул уурхайн салбарын бодлогыг хооронд нь уялдуулж чадсан алсын хараатай төлөвлөгөөтэй болох нь бидний хувьд чухал юм.

ЭХ СУРВАЛЖ:"АРДЧИЛАЛ ТАЙМС" ҮНДЭСНИЙ ӨДӨР ТУТМЫН СОНИН. Сэтгүүлч Г.Ууганбаяр


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин