• Эхлэл
  • Үндсэн хууль зөрчиж онц байдал зарлаад ”Эрдэнэт”-ийн 49 хувийг шахлаа

Үндсэн хууль зөрчиж онц байдал зарлаад ”Эрдэнэт”-ийн 49 хувийг шахлаа

2019/03/07

Засгийн газар дангаараа онц байдал зарлаж Үндсэн хуулийг зөрчив

Өмнөх дугаарт бид ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн тогтоосон Эрдэнэт үйлдвэрт тогтоосон “онц байдал” гээч юу болох хийгээд Онц байдлын тухай хуулийн зүйл заалтыг тайлбарласан. УИХ-ын чуулганы чөлөөт цагт Ерөнхийлөгч онц байдал зарлаж, УИХ түүнийг нь долоо хоногийн дотор хэлэлцэн батлах, эсвэл цуцлах ёстой тухай.

Мөн хуульд заасан онц байдлыг зарлах үндэслэл, нөхцлийг ч танилцуулсан. Нэгдүгээрт, улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц гамшиг, аюулт үзэгдэл, осол  тохиолдсон, Хоёрдугаарт, Үндсэн хуулийн дэг журам, нийгмийн хууль ёсны тогтолцоо оршин тогтноход заналхийлсэн аливаа байгууллага, бүлэг хүний зохион байгуулалт бүхий хүч хэрэглэсэн хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн нийтийн эмх замбараагүй байдлыг төрийн байгууллага эрх хэмжээнийхээ дотор ердийн арга хэрэгслээр тохинуулах боломжгүй болсон тохиолдолд онц байдал зарлана гэж хуульд заачихсан байна.

Сануулахад, 2008 УИХ-ын сонгуулийн дараа долдугаар сарын 1-ний үйл явдлаар хуулийн энэ хоёр дахь заалтыг баримталж Ерөнхийлөгч Н.Энхбаяр онц байдал зарласан байдаг юм. Харин өчигдөр “Эрдэнэт” үйлдвэр дээр эхлүүлсэн онц байдал хуулийн энэ зүйл заалтад нийцэж байна уу гэвэл үгүй.

Харин ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Г.Баясгалан УБХ-аас 1991 онд баталсан Засгийн газарт эрх олгох тухай тогтоолыг үндэслэж онц байдал зарласан гэв. Тэр нь “Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харъяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг Монгол Улсын Засгийн газарт олгосугай” гэсэн байна. Мөн онц байдлын үеэр Засгийн газарт “үйлдвэрийн газар, байгууллагын зохион байгуулалтын бүтэц, үүргийг тогтоох, бүх шатных нь удирдах ажилтныг томилох” эрх олгожээ.

Гэхдээ энэ бол ардчилсан шинэ Үндсэн хууль батлахаас өмнө гаргасан тогтоол. Харин одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хуульд “УИХ-ын чуулганы чөлөөт цагт Ерөнхийлөгч онц байдал зарлана” гээд цагаан дээр хараар биччихсэн байгаа. Шинэ Үндсэн хууль батлагдсаны дараа буюу 1995 онд УИХ уг хуульд нийцүүлэн Онц байдлын тухай хуулийг баталсан. Ингэхдээ “Үндсэн хуулийн дэг журам, нийгмийн хууль ёсны тогтолцоо оршин тогтноход заналхийлсэн аливаа байгууллага, бүлэг хүний зохион байгуулалт бүхий хүч хэрэглэсэн хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн нийтийн эмх замбараагүй байдлыг төрийн байгууллага эрх хэмжээнийхээ дотор ердийн арга хэрэгслээр тохинуулах боломжгүй болсон тохиолдолд онц байдал зарлана” гэсэн байна. Товчхондоо, энэ удаагийн Засгийн газраас зарласан “онц байдал” гээч нь Монгол Улсын Үндсэн хууль болоод холбогдох хууль тогтоомжийг зөрчжээ гэсэн үг. Засгийн газар дахиад л Үндсэн хуулийн Цэцэд дуудагдах болов.

Онц байдлаар халхавчлан 49 хувийн төлөөллийг “Эрдэнэт”-ээс шахлаа

Өчигдөр “Эрдэнэт” үйлдвэр цагдаа, тагнуул болоод хоёр автобус дүүрэн сэтгүүлчидтэй буусан Л.Оюун-Эрдэнэ сайдын десант үйлдвэрийн захиргааны байранд дайран орж, захиргааны албан тушаалтнуудын найман өрөөг битүүмжилж, захирлуудыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлсэн байна. Үүнд,

Тэргүүн дэд захирал н.Шинэбаатар,

Санхүү эрхэлсэн захирал н.Эрдэнэбилэг

Хөгжлийн бодлогын газрын дарга н.Нэмэхбаяр

Санхүү бүртгэлийн хэлтсийн дарга, ерөнхий нягтлан бодогч н.Сүхбат

Хууль эрх зүйн газрын дарга н.Цэрэнбадам

Хууль эрх зүйн газрын орлогч дарга н.Чинбат

Хангамжийн хэлтсийн орлогч дарга н.Энхбаясгалан

Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга н.Хонгор нар багтжээ.

Албан тушаалаасаа түдгэлзүүлэгдсэн дээрх хүмүүс бүгд 49 хувийг төлөөлж томилогдсон хүмүүс аж. Харин одоо үйлдвэрт бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж, эрх түдгэлзсэн захирлуудын оронд Засгийн газраас томилгоо хийнэ гэж байна.

Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд шилжүүлж авсан үйл явц хууль зөрчсөн тул хүчингүй болгох тухай УДШ-ийн шийдвэр гарснаас хойш зургаан сарын турш шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй явж ирсэн Засгийн газар нэг л өдөр Үндсэн хууль зөрчиж онц байдал зарлаад 49 хувийг төрд авчихлаа. (Мөнгө угаасан барьсан ч худлаа байж) Ингэхдээ аль 1991 онд батлаад мартсан, аль хэдийн хүчингүй болгох ёстой байсан УБХ-ын тогтоолыг ашиглана гэж хэн санах билээ. Чоно борооноор гэдэг л болж байна. Одоо харин Үндсэн хуулийн Цэц жинхэнээсээ Үндсэн хуулийн манаач уу, мануухай юу? гэдгээ харуулах  цаг ирлээ.

Б.СЭМҮҮН    


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин