• Эхлэл
  • Май, тэр “Шударга ёс” чинь энэ байна!

Май, тэр “Шударга ёс” чинь энэ байна!

2019/03/12

Өнгөрөгч мягмар гаригт цагдаагийн тусгай тасгийнхныг дайчлан явуулсан дуулиант баривчилгааны учиг тайлагдаж, зорилго тодорхой болж эхэллээ. У.Хүрэлсүх сайдын зөгнөөд байсан “хувьсгалын” тохироо ингэж бүрджээ. Баривчилгаа болсноос хойш хоёр хоногийн дараа (пүрэв гаригт) Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордуудыг бүгдийг төрд авна” хэмээн зарлав. “МАК” компанийн хайгуул хийсэн Цагаан суваргын ордыг ч мөн адил. “Хөрөнгө оруулалтын зардлыг улс төлөхгүй. Харин олборлолтын зардлыг төлөөд гарсан баялгийг нь улс авна” гэв. Ингэх л гэж бид 30 жил ардчилал, зах зээл, чөлөөт өрсөлдөөний тухай ярьсан байх нь.

Л.Оюун-Эрдэнэ хэний хүүхэлдэй вэ?

Анх энэ нөхөр “Эрдэнэт үйлдвэр дээр онц байдал зарлалаа” гэхэд л итгэл төрөөгүй. Энэ хэний шидсэн чулуу байв? Харин одоо хариулт тодорхой боллоо.

Одоогоос 20 гаруй жилийн өмнө Ардчилсан холбоо эвсэл засгийн эрх авсныхаа дараа “Эрдэнэт” үйлдвэр дээр гурав хоногийн хугацаатай онц байдал зарлаж, Ерөнхий захирлын өрөөний хаалгыг сүхдэж ороод тамга тэмдгийг нь авч байлаа. Гардан зохион байгуулсан хүн нь одоо энэ ЕТГ-ын дарга (тухайн үед ТӨХ-ны даргаар ажиллаж байсан) З.Энхболд. Үүний дараа “Зууны луйвар” нэртэй телевизийн цуврал бүтээл олны хүртээл болж, нэвтрүүлгийг бэлтгэсэн сэтгүүлч эмэгтэй АНУ руу цагаачлахад хүрч байв.

Ялгаатай нь энэ удаа Л.Мөнхбаясгалангийн “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгээр “Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авсан луйврын схем” гэгчийг танилцуулсныхаа маргааш ХХБ-ны ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирал, “Монголын зэс” корпарацийн захирлуудыг цагдаагийн тусгай тасгийнхныг дайчлан баривчилж, үүний маргааш нь “Эрдэнэт” үйлдвэрт зургаан сарын хугацаатай онц байдал зарлав. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өөрийн биеэр цагдаа, тагнуулынхан, сэтгүүлчдийг дагуулан “Эрдэнэт” үйлдвэр дээр бууж, 49 хувь буюу “Монголын зэс” компаниас томилогдсон захирлуудыг ажлаас нь чөлөөлөв. Тэдний оронд Засгийн газар өөрийн хүмүүсээ томилох гэнэ.

Ингэхдээ 1991 онд УБХ-аас баталсан “Засгийн газарт эрх олгох тухай” УИХ-ын тогтоолыг үндэслэл болголоо. Уг тогтоолд “Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харъяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг Монгол Улсын Засгийн газарт олгосугай” гэсэн юм байна.

Гэхдээ тэр үеийн УБХ-ын гишүүд тийм ч тэнэг хүмүүс биш учраас Засгийн газарт ямар шаардлагын үндсэн дээр эрх олгох болсон тухайгаа тогтоолын (https://www.legalinfo.mn/law/details/114) эхэнд дурьдсан байдаг юм.

Тодруулбал, Улс орны эдийн засгийн байдлыг тогтворжуулах шаардлагатай шуурхай арга хэмжээг цаг тухайд нь авч хэрэгжүүлэх, болзошгүй сөрөг үзэгдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор” гэсэн байгаа. Энгийнээр хэлбэл, өнгөрсөн намар болсон шиг улс орон даяар гэнэт цахилгаан тасарч, эсвэл гал, усны аюулд өртөж, улс орны эдийн засаг, хүн амын аюулгүй байдал эрсдэлд орсон нөхцөлд гэсэн үг л дээ. Харин өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэр дээр жишээ нь тийм байдал үүссэн үү гэвэл үгүй.

Тэнэг хүмүүс биш учраас тогтоолын 2 дахь хэсэгт “Онцгой дэглэмээр ажиллах үйлдвэрийн газар, байгууллагын үйл ажиллагааны талаар Засгийн газраас тогтоох эрх зүйн онцгой журам нь Монгол Улсын хууль тогтоомжийн ардчилсан зарчим, Монгол Улсын олон улсын гэрээний үндэслэл, иргэдийн нийтлэг ашиг сонирхолд нийцсэн байна” гэж бичсэн байна. Энэ тухай Үндсэн хуульд “Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна. Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” гэсэн байна.

Тэгэхээр Засгийн газраас “Эрдэнэт” үйлдвэр дээр авсан арга хэмжээ Үндсэн хуулийн энэ зарчимд нийцэж байна уу? Бас л үгүй.

Гэвч хамгийн гол нь Монгол Улс 28 жилийн өмнө ардчилсан Үндсэн хуулиа баталж байнгын ажиллагаатай парламенттай болсон. Парламент нь 1995 онд Онц байдлын тухай хуулийг баталж, “Онц байдлын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хууль, түүнд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл УБХ-аас гаргасан тухайн үеийн тогтоол өнөөдөр эрх зүйн чадамжгүй болсон гэсэн үг.

Харин З.Энхболд гэдэг хүн ТӨХ-ны дарга байхдаа “Эрдэнэт”-ээс Ш.Отгонбилэгийг “амбаардсан” хуучин туршлагаа (Л.Оюун-Эрдэнэ гэдэг “нусгай жаал” лав үүнийг бодож олоогүй) хуулийн үндэслэл болгож байна. Нэг удаа ашиглаж болсон юм, дахиад ашигласан ч чадна гэнэ.

Аз болоход түүнээс хойш хорин жил өнгөрсөн. Нийгэм, цаг үе өөрчлөгдсөн. Хүмүүсийн сэтгэлгээ, хандлага ч өөр болсон. Хамгийн наад зах нь хувийн өмчид хуульгүйгээр халдаж болохгүй гэдгийг гадарлахтайгаа болсон. Өмнөх удаад бол төр өөрийнхөө өмчийг мэдсэн юм байгаа биз. Харин энэ удаа бол өөр. “Эрдэнэт”-ийн 49 хувь “Монголын зэс” компанийн өмч юмаа гэдгийг Монгол Улсын бүх шатны шүүх тогтоочихсон. Шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчийг хураах эрх төрд байхгүй. Энэ ч гэсэн 1991 оны УБХ-ын дээрх тогтоолд дурьдсан “хуулийн ардчилсан зарчим” мөн.

“Шударга ёс” чинь энэ байна!

“Хувьсгал хийхэд хууль хэрэггүй” гэж манай улаан хувьсгалч У.Хүрэлсүх гуай айлдсан. Ерөнхийлөгч Х.Баттулга араас нь залгаад “Төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордуудыг төрийн мэдэлд авна” гэлээ. Манай “Монгол ялна”-чууд өөрт нь өгөх гэж байгаа юм шиг л хөөрцөглөж байна. Жараад онд дэлхий сөнөх сургаар нэгдлийн малыг бөөн бөөнөөр нь хагалж идээд хожим шоронд орцгоосон нь олон гэдэг. Монголыг тэжээж байгаа хэдэн том ордуудаа бүгдийг нь нийгэмчилж аваад амыг нь барих юм байх.

Түүндээ хүрвэл Монгол Улс сайн ч, муу ч хуультай орон. “Төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын 51, хувийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын 34 хүртэл хувийг төр эзэмшинэ” гээд Ашигт малтмалын тухай хуульдаа биччихсэн. Төр 100 хувь авч явж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрөөд оролцож болох дээд хэмжээгээ тогтоосон хэрэг. Уг хууль өнөөдөр ч хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Хэрвээ төр 100 хувь авахдаа тулбал ядаж л хуулиа өөрчилж байж авах ёстой болно. Эсвэл сая “Эрдэнэт” дээр тогтоосон шиг орд газар болгон дээр онц байдал тогтоогоод дээрэмдэх үү?

Манай өдөр тутмын нэг сонинд Зимбабвэйн эдийн засгийг Мугабе хэрхэн сүйрүүлсэн тухай нийтэлжээ.

“2000 онд Роберт Мугабейн Засгийн газар “Газрын шинэтгэл” нэрээр цагаан арьстнуудын эзэмшиж байсан 3041 фермийн эзэмшил таван сая га талбайг ахмад дайчин, газаргүй тариачин 500 мянга гаруй хүнд тарааж өгчээ. Тэдгээр фермүүдэд ажиллаж байсан 835 мянган хүн 2002 оны тавдугаар сар гэхэд ажилгүй болж, хотуудад үйлдвэр, аж ахуйнууд хаалгаа барив. 2002 оны зун Мугабе “Газрын шинэтгэл”-ийн төгсгөлийн шатыг зарлаж, улс орноо хүнсээр хангаж байсан 4000 цагаан фермерийг нэн яаралтай гарч яв, тэгэхгүй бол хорих ялаар шийтгэнэ гэснээр хоёр сарын дотор фермерүүдийн 90 хувь нь тус улсаас гарчээ. Үр дүнд нь ОУВС Зимбабвейд үзүүлэх тусламжаа зогсоож, Европын холбоо Мугабейн Засгийн эсрэг хориг тавилаа. 2000-2008 онд Зимбабвейн эдийн засаг 40 хувь хорогджээ. Энэ хомсдолоос гарахын тулд Мугабе ердөө л мөнгө хэвлэж эхлэх нь тэр. 2015 он гэхэд Зимбабвейд нэг ам.доллар 35 квадриллион (квадрилион гэдэг нь 10-ыг үржих нь 4-ийн 6 зэрэг буюу 1 000 000 000 000 000 000 000 000) зимбабвей доллартай тэнцэж байлаа”.

Тэгэхээр манай “Монгол ална”-чуудын хүсээд байсан шударга ёсны төлбөр ийм л байх нь. Аз түшвэл бид арай ч ийм юм үзэхгүй. Гэхдээ төрийн өмчид авсан том ордуудаа шинэ эзэд хувааж аваад шинэ “МАНАН” үүснэ. МАНАН-гийн толгойлогчид нь Х.Баттулга, У.Хүрэлсүх, З.Энхболд нар байх болно. Товчхондоо энэ бол байгалийн баялгийг ард түмэнд тэгш хүртээх, Л.Оюун-Эрдэнэ нарын яриад байгаа “Баялагтаа эзэн Монгол”-ын тухай биш юм. Харин Монголын баялагт эзэн суух гэсэн дараачийн том бүлэглэл нь өмнөхөө л дээрэмдэж байна.

ЭХ СУРВАЛЖ: INEWS.MN. Нийтлэлч Б.СЭМҮҮН


ИХ УНШСАН

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    Элбэгдоржийн боовны үс
    2019 оны 03 сарын 14
  • Иргэн
    Ингэхэд Сэмүүн өөрөө хэний чигчий хурууны хумс вэ???
    2019 оны 03 сарын 13
Сонин хачин