• Эхлэл
  • МҮОХ-нд ардчиллыг авчрах сүүлчийн найдвар нь Найдангийн Түвшинбаяр л байна

МҮОХ-нд ардчиллыг авчрах сүүлчийн найдвар нь Найдангийн Түвшинбаяр л байна

2019/03/13

Нийтлэлч У.Оргилмаагийн нийтлэлийг хүргэж байна.

Олимп хаяанд ирлээ. МҮОХ эзэнгүй. Энэ сарын 29-нд бүх гишүүдийн хурлаараа албан ёсны даргатай болж магадгүй гэж найдаж байна. Албан ёсны гэхийн учир нь угтаа их том байгууллага боловч ховхорч өгдөггүй, ховдог нь дийлддэггүй, мэлзэж бардаггүй, мэдэл нь ихэдчихсэн Дэмчигийн Загдсүрэн 20 жил “азаргаллаа”. Шүүхээс ял авлаа. Өршөөгдлөө. Үүнийгээ ОУОХ-нд “Цагаатгагдсан” гэж худал хариулт өгөөд нэг жил илүү ажиллалаа. Одоо болно шүү дээ. Гэтэл бас хаан зан гаргаж өв залгамжлагчаа бэлдчих гээд хуучны муу аргаасаа зааж өгч санал өгөх эрхтэй гишүүдэд бэлэг сэлт бэлэн мөнгө тарааж байгааг эх сурвалжууд нотолно. Харин энэ хугацаанд спорт холбоод, тамирчид, дасгалжуулагчид, спортын салбарын эрдэмтэн судлаачид МҮОХ-ны удирдлагуудад сэтгэл хангалуун байсан уу гэвэл даанч үгүй. Түүний хийсэн газрын наймаа, үл хөдлөх хөрөнгө бусдад шилжүүлсэн гэм буруутай үйлдэл, олимпизмын нэрээр завшиж шамшигдуулсан хөрөнгө мөнгө болон ерөөсөөн МҮОХ гэдэг газар нийгэмийн хатиг батга болоод байгаа МАНАН бүлэглэл, оффшорчин, “60 тэрбумчин” гэх үзэгдэл бүгд үүрлэжээ. Одоо боллоо, олимп ойртлоо. МҮОХ-г муу муухай бүхнээс салгаж авах цаг боллоо. МҮОХ-ны ерөнхийлөгчийн албыг нэр төртэй хашаад олимпизмыг хөгжүүлж, тамирчид, дасгалжуулагчид, спорт холбоодыг шинэ менежментээр авч явах тэр хүн хэн байх бол. 

Батболдын Баттүшиг. МҮОХ-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж буй тэрбээр УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболдын хүү бөгөөд маш олон албан тушаалаар өөрийгөө хучиж овоолго хийсэн нэгэн. Бидний мэдэх бизнесийнх нь олон захирлын ажлаас гадна Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн хараат бус гишүүнээр сонгогдоод байгаа түүнийг энэ ажилдаа хэрхэн хандаж ямар амжилт гаргасныг хэн ч хэмжиж хянах боломжгүй. Тэрбээр МҮОХ-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгч, “Токио 2020” Олимпийн багийн ахлагчаар ажилладаг ч олимпоос медаль авчирна гэдэг Еmart их дэлгүүрийг Солонгосоос оруулж ирэхээс их өөр л дөө. МҮОХ-нд байтугай Монголдоо цөөн үзэгддэг түүний үйл ажиллагаа амжилтад спортын салбарынхан тун ч сэтгэл дундуур, зөвхөн Батболдын хүү, “чинээлэг бизнесмэн”, “оффшор данстай” л гэж мэдэх төдий. Гэвч аав нь хүүгийнхээ шохоорхсон бүхнийг “авч өгсөөр” ёстой л “өнөөдрийн өндөрлөгт хүрнэ” гэгч нь болж, албан тушаалын цуглуулга хийгээд алийг нь ханатал хашиж чадалгүй хувийн бизнес хувийн эрх ашгаа эн тэргүүнд тавьсаар ирсэн. Тиймээс “Хэрэв Б.Баттүшиг МҮОХ-ны ерөнхийлөгч болбол түүнийг огцруулах хүч гэж байхгүй. Д.Загдсүрэнгээс олон жил зайдагнаж чадна” гэж таамаглаж байна.

Энхбатын Бадар-Ууган. Бээжингийн олимпоос боксын төрлөөр анхны алтан медалийг авчирсан түүнд өгсөн Монголын ард түмний хайр ихэдсэн үү гэхээс багадаагүй. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин цол бол Төр болон түмэн олноос түүнд өгч болох хамгийн том шагнал. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой ихээхэн шадарласаар хожим нь МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах болсон тэрбээр өөрийгөө олимпизмын хөдөлгөөнд хувь нэмрээ оруулж байгаа гэж ярьдаг. Гэвч салбарынхан нь “МҮОХ-ны дүрмийг шинэчлэх ажлын хэсгийг ахалдаг хэрнээ өөрөө ч олдохгүй юм” гэсэн шүүмжлэлийг хэвлэлд дайсан нь бий. Харин олонд ил харагдаж байгаагаар бол МҮОХ-ны өмчийг хувьдаа авч хувийн эмнэлгээ оруулсан талаар нэлээд шүүмжлэгддэг. Үнэхээр яах аргагүй МҮОХ-ны дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгөөр баригдсан энэ барилгын буланд “Өөжин мед” эмнэлгийнхээ хаягийг хүртэл өлгөчихөөд үйл ажиллагаа явуулж байгаа төдийгүй хуулийн байгууллага шалгаж тогтоосон болохоор гүтгэсэн гэх аргагүй болов уу. Ийм хүнийг МҮОХ-ны ерөнхийлөгчөөр томилбол МҮОХ-г түүний хувийн өмч гэчихсэн нь шулуухан биз ээ. Түүний бусадтай харилцах харилцааны соёл, зан араншингийн онцлог нь олон улсад төлөөлөөд явахад нь ч, дотооддоо тамирчид, дасгалжуулагчидтай харилцах, асуудал шийдэх арга барил нь ч яавч зохимжгүй сонголт гэдгийг олон хүн дэмжих байх.

Энэбишийн Мөнх-Очир. Д.Загдсүрэнгийн “хайрцаглах” мэхэнд унасандаа шаралхаж шүүхэд хандаад байгаа түүнийг салбарынхан боломжийн дэмждэг байж болохыг МҮОХ-ны өнгөрсөн жилийн сонгуулийн дүнгээр нийт 167 гишүүнээс 51 санал авч удаалснаас харж болох юм. УИХ-ын гишүүнээр хоёр ч удаа сонгогдож, нийслэлийг удирдалцаж явсны хувьд мөрийн хөтөлбөр нь хийх ажлыг нь тодорхой харагдуулж, өнгөрсөн хугацаанд олимпизмын төлөө хийж бүтээсэн “түүх” нь ч боломжийн байсан гэдэг. Гэвч 167-хон гишүүнээс “хайрцаглаад” оролцож чадаагүйнхээ төлөө ялагдана гэдэг харамсалтай байсан биз. Ингээд “шударга бусын хонгилоор” алхаж чадаагүй тэрбээр эдүгээ шударга шүүхийн шийдвэрийг хүлээж буй. Шүүх хурал энэ сарын 22-нд болох сурагтай. Гэсэн ч түүнийг энэ удаад МҮОХ-ны ерөнхийлөгчөөр урьдын адил хийсэн ажлаа хийх хөтөлбөртэйгээ барьж ирээд өрсөлдөх байх гэх таамаглал эргэлзээтэй. Учир нь түүнийг Элчин сайдаар дахин томилогдох гэж байна гэсэн мэдээлэл Төрийн ордноос дуулдах болсон. “Амбицгүй улстөрч далавчгүй шувуу хоёр адилхан” гэдэг билүү. Магадгүй Элчингээр явах биз. Харин МҮОХ-ны удирдлагаар түүн шиг спортдоо ойрхон, олимпт оруулсан хувь нэмэртэй, олимпизмыг хөгжүүлэх бодит ажил хийсэн, хийх төлөвлөгөөтэй, зовох цагт туслах, жаргах цагт дэвжүүлэх хүн хэрэгтэй байсан гэнэ. Нэр дэвших эсэх нь тодорхойгүй ч шүүхийн шийдвэр хэрхэн гарах, хувь хүний сонголт нь ямар байхаас шалтгаалах биз.

Найдангийн Түвшинбаяр. Хамгийн алга ташин хүлээж авууштай кандидат бол Олимпын анхны аварга, жүдоч, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр. Олны хайр хүндлэлийг дааж яваа Н.Түвшинбаяр аваргыг албан тушаал, авах идэхийн шуналд автаагүй цэвэр хүн гэж итгэл хүлээлгэж болох талтай. Нөгөөтэйгүүр ОУОХ-ны Ерөнхийлөгч Т.Бах өөрөө туялзуур сэлмийн төрлөөр 1976 оны Монреалийн олимпын аварга болж байсан, Германы олимпын спортын холбоодын тэргүүнээр ажиллаж байсан. УИХ-ын сонгуульд нэр дэвшээд бүдэрсэн ч ОУОХ-ндоо бол баттай сонгогдох магадлал тун өндөр. Тэрбээр АН-ын гишүүн. Өнөөгийн цаг үед Монгол Улсын олимпын наадамд оролцох зорилго тэс өөр болсон. Тэр өөрчлөлтийг авчралцсан гол гавьяатнуудын нэг нь Н.Түвшинбаяр аварга. Улс төрд зүтгэж буйн хувиар ч тэрбээр спортод ардчиллыг хэр баримталж, авлигатай хэрхэн тэмцэж чадахаа спортын салбарт олимпизмд үзүүлэх цаг нь нэгэнт болсон. “Олимпод түрүү­лэх­дээ бус оролцох нь" гэсэн уриа бол хэт ядуу ба үргэлжийн дайн самуунтай бүс нутагт энх тайван авчрах зориу­лал­тай хэлсэн үг юм гэдэг. Харин одоо шинэ цаг үед шинжлэх ухаанчаар, шилдэг менемент хийж МҮОХ-нд удтал бугшсан муу муухай бүхнийг цэвэрлэж чадах хүчирхэг удирдагчаар Н.Түвшинбаярыг итгэл тавин хүлээж байна.

Дээр дурдсан эрхмүүдээс гадна өмнөх сонгуульд 14 санал авсан Ц.Бат-Энх нарын тухайд сумын ИТХ-ын сонгуульд л өрсөлдсөн нь дээр биз ээ. Түүнийг спортын салбар, МҮОХ гэдэг их айл хэрхэн үнэлж буй үнэлэмжээс харахад хэнд үүдээ нээж, хэнээс саналаа харамлахаа мэддэг ч “хайрцаглагдах” гэгч хар технологиос болоод сонголтоо хийж чадахгүй мөрдөх дүрмээ ч өөрчлөх эрхгүй, хуучин даргаасаа өөрийг сонгох эрхгүй болтлоо ялзарчихаад байгаа аж. Энэ буруу харсан хатиг хагарч, цухалзаж ядсан бухимдал тэсэрч МҮОХ-г цэвэрлэж чадвал олимпын хөдөлгөөнд хамаатай хэн бүхэн дотроо гомдолгүй, гаднаа гуниггүйгээр спортын амжилтын төлөө, 2020 оны Олимпоос олон олон аваргууд төрөх зам улам дардан болно. МҮОХ-г оффшорчдоос, МАНАН-гаас, газрын наймаачин, “60 тэрбумчдаас” хамгаалж ардчилал ил тод байдлыг авчирч авлигаас ангид цэвэр ариун байгууллага болох ажлыг Монголын анхны Олимпийн алтан медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр аваргаас хүсэн хүлээж байна. МҮОХ-ны Бүх гишүүд, спортын салбарын нийт зүтгэлтнүүд,эрдэмтэн судлаачид, спортын холбоод, тамирчид, дасгалжуулагчдадаа “Гэрээ хулгайчаас хамгаалж”, гэмээ ил ярилцаж, удирдлагуудаа итгэлээрээ сонгодог шинэ Олимпын хороотой болохын төлөө, МҮОХ-г шинэчлэх ажилд амжилт хүсье. 

Нийтлэлч У.Оргилмаа.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин