• Эхлэл
  • Комедиан Амараа: Яг үнэндээ гудамжинд гарсан нь бид шүү

Комедиан Амараа: Яг үнэндээ гудамжинд гарсан нь бид шүү

2019/03/13

"UB Comedy" клубын үүсгэн байгуулагч Б.Батбилэг мэдэгдэл хийж, тус клубын зарим комедиан гэрээгээ цуцалж, шинээр клуб байгуулж байгаа талаар мэдээлсэн. Тэрээр өнгөрсөн хугацаанд "UB Comedy" компанийн үйл ажиллагаанд цаг заваа бүрэн зориулж, хөрөнгө оруулалт хийж байсан. Гэвч бусад комедианууд зардлын дараах ашиг бус шууд орлогоос хүртэж байсан. Одоогийн байдлаар компани 40 орчим сая төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Тиймээс хөрөнгө оруулалтаа нөхөж, санхүүгийн хувьд эрүүл болгохын тулд уран бүтээлчиддээ гэрээгээ шинэчлэх санал тавихад зарим залуус гэрээгээ цуцалж, гарахаар болсон хэмээн мэдээлсэн. 

 Дараалан хийсэн хоёр мэдэгдлийн дараа Шог зураач С.Цогтбаярын зурсан зураг.

Үүний дараа "UB Comedy" клубээс өрх тусгаарласан долоон гишүүнийг төлөөлж Б.Төгөлдөр (Төөгөө), Д.Амартүвшин (Амараа) нар Б.Батбилэгийн хийсэн мэдээллийг залруулж, өөрсдийн зүгээс тайлбар хийлээ. Д.Амартүвшин:

- “Анх Батаа хамтдаа клубээ хөгжүүлнэ, бүгд хувь эзэмшинэ, тэнцүү байна гэж амлаж байсан. Ингээд бид орлогынхоо 50 хувийг цуглуулж эхэлсэн. Дөрвөн сарын дараа гэхэд бид 30 орчим сая төгрөг цуглуулсан байсан. Гэтэл Батаа компанийн гэрчилгээ, "UB Comedy" клубын логог би эзэмшиж байгаа учраас орлогыг ганцаараа авна гэж хэлсэн. Энэ бол хоёр жилийн өмнө болсон явдал. Тухайн үед бид клубээ тараах ямар ч бодолгүй байсан учраас буулт хийж, Батаагийн өгсөн гэрээнд гарын үсэг зурсан. Гэвч удалгүй Батаа гишүүдээ дахиж цуглуулаад, клубтээ засвар хиймээр байна, тиймээс би орлогынхоо 75 хувийг авъя гэсэн. Та нарын оруулж буй 25 хувь бол клубын засварт зориулж буй хөрөнгө оруулалт гэж тайлбарласан.

Ингээд бид жил гаруйн турш үлдсэн 25 хувийн ашгаа хувааж авч байсан. Харамсалтай өнгөрсөн хоёрдугаар сарын 9-нд Батаа комедиануудыг гурав дахь удаагаа цуглуулж би хэцүү байдалд орчихлоо, тиймээс та нарт ямар ч хувь өгмөөргүй байна гэсэн. Тэгэхэд нь бид данс тооцоог чинь үзье гэхэд татгалзсан. Болохгүй бол хоёр, гурван удаа том шоу зохион байгуулаад тэр 150 сая төгрөгийн өрийг чинь төлчихье гэсэн санал тавихад бас л хүлээж аваагүй. Батаа бидэнд өөрийнхөө шаардлагыг тавиад үүнийг хүлээн зөвшөөрвөл зөвшөөр. Үгүй бол явж болно гэсэн. Бидэнд ямар ч сонголт үлдээгээгүй. Яг үнэндээ гудамжинд гарсан нь бид шүү дээ. Одоо бидэнд ямар ч клуб, ямар ч тайз алга" гэсэн юм. 

Ийнхүү "UB Comedy" клубын гишүүн болох Төөгөө, Амараа, Тулгаа, Хану, Амаржин, Ганга, Мөнхжин гэсэн долоон комедиан клубээсээ гарч, Comedy Lab Club нэртэй шинэ клуб байгуулж буйгаа албан ёсоор мэдэгдлээ. Харин комедиан Б.Идэр-Од дэрх маргаанд оролцохгүй, аль аль клубын тайзан дээр гарахад бэлэн гэжээ. 

ЭХ СУРВАЛЖ:INEWS.MN


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин