• Эхлэл
  • МАН шийдвэрээ “маргааш” нь цуцалдаг

МАН шийдвэрээ “маргааш” нь цуцалдаг

2019/03/14

Энэ засаг, ер нь энэ эрх баригчдыг эрүүл ухаантай байгаа эсэхэд нь эргэлзэж эхэллээ. Төр засаг, эрх баригчид бүү хэл айл өрхийн тэргүүн хүртэл алив шийдвэр гаргахын өмнө “яагаад, ямар учраас, үүнийг хийснээр ямар сайн талтай юм, сөрөг ямар нөлөө гарах бол, эцсийн үр дүн нь юу бол” гэж бодож эргэцүүлдэг, ингэж байж шийдвэр гаргадаг байлтай билээ.

Гэтэл өнөөгийн эрх баригч МАН-ын авч хэрэгжүүлж байгаа бодлого гаргаж байгаа шийдвэр бүгд ард түмнийхээ эсрэг, хүнд дарамт болсон байх нь гачлантай. Хамгийн гол нь бодож боловсруулж, судалж тооцоолсон гээд байгаа шийдвэрүүд нь олон түмний эсэргүүцэлтэй тулгармагц мэдэн будилж гаргасан шийдвэрээ санд мэнд өөрчлөхөд хүрдэг төр, ийм удирдагч, эрх баригч нам гэж байх уу. Заримдаа бүр энэ эрх баригчид “Ингэвэл эд яах нь вэ” гэж ард түмнээрээ доог тохуу, тоглоом хийгээд байна уу гэж бодогдох.

Мэдэн будилсан, эргэж буцсан, тооцоо судалгаагүй зөвхөн, тэр ажлыг хийснээр дундаас нь унах ашиг орлого, өөрсдийнхөө халаасыг зузаатгах шуналын үүднээс сэдэж санаачилсан гоомой шийдвэр ганц нэг ч биш.

Төв замаар зүүн эргэхийг хориглох:

2017 оны наймдугаар сард нийслэл хотын төв Энхтайвны гудамжаар автомашин зүүн тийш эргэхийг болиулах юм болов. Замын цагдаагийнхан, Нийслэлийн тээврийн газартай хамтраад хүний толгой эргүүлэх баахан тоо дурдаад сэтгүүлчдийг ухуулав. “Ингэснээр гэрлэн дохио хоёр үетэй болж, замын нэвтрүүлэх чадвар 21 хувиар нэмэгдэн, уулзвар нэвтрэх хүлээлт 46 хувиар буурна”... гээд л... 21 хувь, 46 хувь шүү. Хэн яаж бодож олдог юм бол... 20, 40 байж яагаад болоогүй гэж. Маш нарийн судалсан болж итгүүлэх гэсэн л хэрэг байх даа. Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү энэ мэргэн санааг олж гаргасан гэх. Энэ мэргэн санаагаа хэрэгжүүлэхийн тулд нийслэлийн төсвөөс 600 сая төгрөг гарган замын тэмдэг тэмдэглэгээ хийлгэсэн гэж байгаа. Нийтийн тээврийн автобусны зургаа, долоон чиглэлийг өөрчлөв. Ингээд наймдугаар сарын 15-наас эхлэн энэ шийдвэр хэрэгжээд эхэлтэл уулзвар нэвтрэх хүлээлт буурах нь бүү хэл улам ч их түгжирч, ёстой нэг бөөн будилаан болсноор ердөө 15 хоногийн дараа энэ сүртэй шийдвэрийг цуцлахад хүрсэн юм.

Харин энэ шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд төсвөөс гарсан хөрөнгө мөнгө, ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагад учирсан хохирлыг хэн ч төлөөгүй, барагдуулаагүй өнгөрсөн билээ. Чухамдаа өнөөх нэвтрүүлэх чадвар 21 хувиар нэмэгдэх энэ тэр гэсэн судалгааг чухамдаа хийгээгүй л байсан хэрэг.

Төрийн ордны хашаанд машин тавихыг хориглоно:

2019 он дөнгөж гараад байтал Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга П.Батаа бас нэг мэргэн санаа бодож дарга нарт хайртай үнэнчээ харуулах юм болов. Төрийн ордны хашаан дотор, ордны баруун, зүүн талд дарга нарынхаас өөр машин эгнээд зогсч байх нь түүнд таалагдаагүй бололтой. Ингээд УИХ, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчөөс бусад хүний машиныг Төрийн ордны хашаанд байрлуулахгүй гэсэн мэргэн шийдвэрээ нэгдүгээр сарын 21-нд гаргах нь тэр.

Гэтэл Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдал, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын ажлын албанд ажилладаг 600 гаруй хүн машин тэргээ хаана тавьж албан ажлаа хийх вэ гэдэг дээрээ тулж П.Батаад албан бичиг өргөн барьснаар энэ шийдвэр нэг хоноод хүчингүй болсон. Эрүүл ухаантай хүн бол дээрх байгууллагад ажилладаг хэдэн хүн аминыхаа машинаар ажилдаа ирдэг, хамгийн ойрын зогсоол хаана байдаг, тэр нь хэдий багтаамжтай, ямар төлбөртэй, ажилтнууд нь ямар цалинтай гэх мэтийг судалж байж шийдвэр гаргамаар даа. Зусарч, тэгээд мэдлэг хомс хүн ч энэ мэтийг яаж мэдэх вэ дээ, дарга нарт сайхан харагдаж байвал л... Магадгүй Төрийн ордны ойролцоох зогсоолуудыг эзэмшдэг хүнээс орлогын зохих хувийн урамшуулал авахаар тохирсон ч байж мэдэх. Энэ бол нэг хоногийн настай шийдвэр байлаа...

Хувиараа таксины үйлчилгээ эрхэлбэл...

Иргэд амины машинаараа таксины үйлчилгээ эрхэлбэл 100 мянган төгрөгөөр торгоно гэсэн шийдвэрийг аанай л Нийслэлийн Тээврийн газраас энэ оны хоёрдугаар сард эхлүүлж бөөн дуулиан болов. Нийслэлийн Тээврийн газар таксины үйлчилгээ эрхэлдэг хэдэн компани аж ахуйн нэгжийн удирдлагатай хуйвалдан, тэднээс хэдэн төгрөг халаасалсныхаа дүнд л ийм шийдвэр гаргасан бололтой. Олон нийтийн сүлжээгээр бөөн хэлэлцүүлэг өрнөж, хэн хүнгүй л эсэргүүцсэн. Үүнийг хараад буруу юм болж гэдгийг анзаарсан уу, Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Иргэдийн халаас руу гар дүрсэн байдлаар торгууль хэрэгжүүлэх нь буруу” гэж хэлснээр энэ ажил зогссон. Ямар ч тооцоо судалгаагүй, ганц нэг хүний халаас хармаагаа бодож гаргасан шийдвэр байснаас энэ талаар хэн нэгэн нь тайлбар хийгээгүй. Үнэхээр үндэслэлтэй, зөв, олон нийтийн эрх ашигт нийцсэн бол гаргасан шийдвэрээ зөв гээд хамгаалж ядаж ганц ч болсон үг хэлмээр дээ.

Автомашины улсын дугаарыг өөрчлөх:

Дэлхий даяаршлагдаж буй өнөө үед манай иргэд машинаараа гадаадад зорчиж чадахгүй болоход хүрч байгаа учраас автомашины улсын дугаарыг өөрчилж дөрвөн тоо, 13 латин үсэг оруулна гэж ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд хэвлэлд ярилцлага өгч байжээ. Түүнийхээр бол 2012 онд манай улсын нэгдсэн Венийн болон Олон улсын авто тээврийн конвенцид ингэж заасан гэнэ.

Манай улсаас АНУ-д, Зааны ясан эрэг улсад хэн машинтайгаа очдог юм бол. ОХУ-ын Буриад, БНХАУ-ын Эрээнд өнөө ч гэсэн зорчиж болоод л байгаа. Тэр бас иргэдийн халааснаас нэг ч төгрөг гарахгүй гэж дахин дахин онцлоод байсан.

Шууд ард иргэдээс гарахгүй ч төлсөн татварын мөнгөнөөс нь гарна л даа. Иймдээ ч олон нийтийн сүлжээгээр энэ шийдвэрийн тухайд “Автомашины дугаараа олон улсын жишигт нийцүүлэхээсээ өмнө, авто замаа олон улсын жишигт нийцүүлээч” гэж бичиж эхэлсэн. Ингээд аргагүйн эрхэнд автомашины дугаарыг сольж олон улсын жишигт нийцүүлэх ажил хэрэгжихээ больж, хэдэн хүний далд бизнес тасрах нь тэр.

Эхчүүд, өндөр настныг амралтад амруулна:

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг бодож бодож бизнесийн нэг мэргэн санаа, ухаан сийлсэн нь жирэмсэн эхчүүд болон 0-5 насны хүүхдүүдийг агаарын бохирдлоос тусгаарлаж, хотын ойролцоох амралтын газруудад амраах явдал байлаа. Гэхдээ тав хоног шүү... 2018 оны арванхоёрдугаар сарын 19-нд эрхэм сайд хийсэн мэдээлэлдээ “Эхний ээлжинд таван тэрбум төгрөг шийдчихвэл утааны оргил үед буюу арванхоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 15-ныг хүртэл утааны голомтод амьдарч буй жирэмсэн эхчүүд болон 0-5 насны хүүхдүүдийг хотын ойролцоох амралтын газруудад дунджаар тав хоног амраах боломжтой гэж тооцож байна” гэжээ. Эхний ээлжинд таван тэрбум төгрөг, тэгээд цаашлаад нийт найман тэрбум төгрөгийн зардалтай ажил юм гэсэн.

Энэ хөрөнгийг мөн л Засгийн газар гаргана, дундаас нь С.Чинзориг сайд хэдийг завших байсан бол. Мэдээж хүмүүсийг амраах тэр амралтын газруудтай нь С.Чинзориг сайд хэдийнээ хэлцэл тохироо хийгээд төсвийн мөнгөнөөс оруулах тэр мөнгөнийхөө хэдэн хувийг халааслахаа тооцоолчихсон инээд нь хүрч явсан л даа.

***

МАН-ын, “Сэлэм эргүүлэгч” ЖДҮ-чин У.Хүрэлсүхийн Засгийн газар, түүний харьяа байгууллагууд, түүний 60 тэрбумаар цуглуулсан дарга нар гэж нэг иймэрхүү мэдлэг чадвар, шуналтай хүмүүс ажил хийсэн болж, шинэ зүйл сэдсэн болж нэгэн сонгуулийн хугацааг ардаа орхих гэж зүдэж явна. Тэдэнд ард түмний аж амьдрал, нийгмийн уур амьсгалыг мэдрэх ухаан мэдрэмж, чадвар байтугай цагаан цаасан дээр хараар биччихсэн хуулиа ч уншаад ойлгох ухаан алга. Тэдний гол зорилго нь “Яаж зүгээр суух вэ ямар нэг ажил хийсэн дүр үзүүлье, тэгэхдээ дундаас нь овоо мөнгө унах ашигтай зүйл сэдэж олъё” гэдэг. Өөрт унах ашиг, мөнгөө л бодохоос нийгэм, олон түмэнд хэрхэн нөлөөлөхийг нь тооцох ухаан дутмагаас болоод энэ тэнэг шийдвэрүүдээс нь болж ард олон байнга хохирч, нийгмээрээ бухимдаж энэ бүрийд нь улсын, ард түмний хөрөнгө талаар урссаар.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн тавдугаар зүйлийн 2-т “Засгийн газар нь асуудлыг хамтран хэлэлцэж олонхийн санаа бодолд түшиглэн цөөнхийн саналыг хүндэтгэн үзэж шийдвэрлэх, гарсан шийдвэрийн биелэлтийг дангаар хариуцах, үйл ажиллагааныхаа талаар Улсын Их Хурлын өмнө хамтын хариуцлага хүлээх, нутаг дэвсгэрийн болон салбарын зарчмыг хослуулах үндсэн дээр ажиллана” гээд заачихсан байна.

Гэтэл өнөөгийн энэ Засгийн газар түүний харьяа байгууллагууд, өнөөх 60 тэрбумаар авсан томилсон албан тушаалтнууд нь дээрх зүйл заалтын “Хамтран хэлэлцэх” гэдгийг үл хэрэгсэн хэн мөнгөнд дуртай хүн хувийн эрх ашгийн үүднээс шийдвэр гаргадаг болсон нь, дээд шатны удирдлага нь шийдвэрийг нь сар бололгүй хүчингүй болгож байгаагаас харагдаж байна. Мөн “Олонхын санаа бодолд түшиглэн цөөнхийн саналыг хүндэтгэн үзэж” гэдгийг бүр умартаж дундаас нь унах ашгаа л бодохоос хэтрэхгүй байгаагаас гарсан шийдвэр бүр нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч хэл ярианы бай болж байгаа нь энэ. Харин “Гарсан шийдвэрийн биелэлтийг дангаар хариуцах...” гэдэг үг үсэг бүр мартагдсан. Тооцоо судалгаагүй, олон түмний эрх ашгийг бодолцоогүй, нийгэм, олон түмний амьдрал сөрөг нөлөө үзүүлэх, хөрөнгө мөнгө үргүй зарцуулсан энэ олон шийдвэрт хэн ч хариуцлага хүлээгээгүй. Дээд удирдах байгууллагууд ч тухайн албан тушаалтанд хариуцлага тооцоогүй таг чиг өнгөрсөн.

Эргэн санавал өнөөгийн эрх баригчид улс орон, ард түмний төлөө чухам юу хийхээ мэдэхгүй байгаагаас ямар нэг ажил хийсэн дүр үзүүлж шийдвэр гаргаж байгаа мэт боловч үнэн хэрэг дээрээ “Муу хүний ухаан бөгсөндөө” гэдэг шиг олон түмний доог болохоос хэтрэхгүй байгаагийн жишээ нь энэ болов уу.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин