• Эхлэл
  • Б.Нямжав: Хятад хөрөнгө оруулагчтай компаниуд нийгмийн даатгал төлдөггүй

Б.Нямжав: Хятад хөрөнгө оруулагчтай компаниуд нийгмийн даатгал төлдөггүй

2019/03/18

Тавантолгойгоос нүүрс тээвэрлэдэг жолооч автомашиныхаа бүхээгт шатаж нас баржээ. Талийгаач нь Хятадын “Сань-Хэ” гэх компанид ажилладаг, “Эрдэнэс тавантолгойн” олборлосон нүүрсийг тээвэрлэдэг байсан гэх мэдээлэл байна. Одоогоор дээрх хэргийн эцсийн дүгнэлт гараагүй ч урьдчилсан байдлаар кабин дотроо ашигладаг халуун тогооноос гал авалцсан гэж үзэж байгаа аж. Хэрэг Цагаан хадны нүүрс ачиж буулгадаг талбайд гарчээ.

“Эрдэнэс Тавантолгойн” компанийн нүүрс тээвэрт явж байгаа жолооч нарын эрх хэрхэн зөрчигдөж байгаа талаар “Баян зам тээвэрчдийн холбоо” ТББ-ын тэргүүн, тээврийн менежер М.Нямжавтай ярилцлаа.

-Цогтцэцийд өнөөдөр хэчнээн тээврийн компани, жолооч нар үйл ажиллагаа явуулж байна?

-Хилийн цэргийн штамп дарсан үзүүлэлтээр 13 мянган иргэн улс хооронд нүүрс тээвэрт явж байна гэсэн тоо гаргасан. Нүүрс тээврийг “Эрдэнэс Таван Толгой” компанийн нэг ч машин зөөдөггүй. Үүнийг дандаа хувийн хэвшлийн 160 гаруй компани хариуцдаг. Тэдний 80 хувь нь хятадын хөрөнгө оруулалттай. Энэ компаниудад монгол талын дарга, удирдлага гэдэг хүн байдаггүй болохоор монгол хүний амь нас, эрүүл мэнд юу ч биш болчхоод байна. “Эрдэнэс Таван Толгой” компанийн ашиг орлого маш олон хүний халуун амь, цус нулимсаар бий болж байна.

-Ажил үүргээ гүйцэтгэж яваад осолд орвол ажил олгогч компаниас нөхөн олговор өгдөг үү?

-Ганц хоёр жишээ татъя л даа. Өнгөрөгч намар машиндаа шатаад өнгөрсөн залуугийн эхнэр Туул гээд эмэгтэй гурван хүүхэдтэй өнчрөөд үлдсэн. Тэр эмэгтэй энд тэндхийн хаалга сахиад ямар ч амжилт олоогүй. Жил гаруйн өмнө зам тээврийн осолд орсон хүн өнөөдөр группэд орж чадаагүй байна. Компани нь нийгмийн даатгал төлөөгүй учраас. Халамжаас сард 150 мянган төгрөг өгдөг гэсэн. Нэгдүгээр ангийн, цэцэрлэгийн хоёр охинтой. Түүнийг Өрөөл татанхай болчихоор эхнэр нь салаад явсан байгаа. Тэр гурван ам бүл орон байр байхгүй байна. Хятадын хөрөнгө оруулагчтай компаниуд монгол ажилчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй, нийгмийн даатгал төлдөггүй. Хөдөлмөрийн гэрээтэй, нийгмийн даатгалтай бол чиний хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа дутуу өгсөн, энэ хүний буруу, нөхөн олговор, оршуулгын зардал, ар гэрийн сэтгэл санааны хохирлыг чи барагдуулна гэх ёстой. Үүнийгээ мэддэг учраас хөдөлмөрийн гэрээ хийдэггүй. Хөдөлмөрийн гэрээ хийдэг цөөхөн компани бий. Тэд цалингийн доод хэмжээгээр гэрээ хийсэн нэр зүүдэг. Гэхдээ жолооч нар тэр компанидаа тогтвор суурьшилтай ажилладаггүй. Түүнийхээ ач холбогдлыг ойлгодоггүй. Хятадууд хэзээ ч монголчуудыг бодохгүй. Төр засаг энэ асуудалд анхаарал хандуулж хууль хэрэгжүүлдэг компаниудыг дэмжих хэрэгтэй байна.

-Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх эмч, сувилагч байдаггүй гэж сонссон?

-Сум дундын эмнэлэг 130 километрийн цаана байдаг. Жилийн өмнө хувийн эмнэлэг зөвшөөрөл авсан. Гэхдээ тэр нь түргэний тэрэг байхгүй, шатахуун байхгүй. Жил гаруй хугацаа болж байгаа. Тэр эмч нар ашгийн төлөө ажилладаг. Цус нөжөө гоожуулсан, зам тээврийн осолд орсон хүнийг аваад очихоор “Мөнгийг нь чи төлнө биз дээ” гэдэг. Хүргэж өгсөн хүн нь тэр хүний өмнөөс барьцаалагддаг. Зам тээврийн осолд орчихоор цагдаатай зууралдах гэж гай гээд хаяад явдагтай адилхан нөхцөл үүсдэг. Онцгой байдал байхгүй, хүн эмнэлэг байхгүй шүү дээ.

-Та энэ асуудлаар ямар байгууллагуудад хандсан бэ. Хүний эрхийн комиссынхонд хандаж үзсэн үү?

-Хүний эрхийн үндэсний комисст хандсан. Өргөдөл гомдол гаргасан. Бидний эрх мэдэл хүрэхгүй юм байна гэсэн хариу өгсөн.

-Та тодорхой жишээ яриач?

-2018 онд БНХАУ-ын Ганцмодны боомтоос Гашуунсухайтын боомтоор найман ширхэг шарил, цогцос гарч ирсэн. Эдгээр хүмүүс зам тээврийн ослоор амь насаа алдсан хүний нэгдсэн тоонд ороогүй. Үүнийг өнөөдөр хэн ч ярихгүй байгаа. Гадаадын газар нутаг дээр амь насаа алдсан, эзэн холбогдогч байхгүй, яллагдагч, хариуцагч эзэнгүй ийм хэрэг олон гардаг. Энэ хүмүүсийн ар гэртэй уулзаад хил гаалиар оруулж ирэхэд нь тусалж байсан. Цогцос улсын хилээр давуулж орж ирэх чинь нэлээд ажилтай. Очиж үзэж байсан. Гэтэл монголчуудын нэрэлхүү зан гэдэг юм уу ёс заншилтай холбоотой харизм байна. “Үхсэн хүн босоод ирэх юм биш, ясыг нь өндөлзүүлээд яах вэ” гэдэг. Үхсэн хүний нэрийг барьж компаниас, улсаас хариуцлага шаардаж, буруутай этгээдийг эрж хайж, ял шийтгэж өгөхийг хүсдэггүй. Зөнд нь орхичихдог. Ингэж хятад хөрөнгө оруулагчтай компаниудыг улам давраагаад байгаа юм. Өнөөдөр төр засаг монгол хүний амь нас, эрүүл мэнд, хүний эрх эрх чөлөөний асуудалд анхаарал хандуулах сөхөөгүй байна. Юун Цогтцэций, Тавантолгой, Гашуунсухайт манатай. Гэтэл өнөөдөр Тавантолгойгоос Гашуунсухайтын боомт хүртэлх 243 км замд, БНХАУ-ын Ганц модны боомт гэдэг газарт монгол хүний эрх, эрх чөлөө гэдэг байхгүй. Тэндхийн оршин суугчид “Ганц модонд монгол хүний амь тэжээвэр нохойноос дор үнэтэй болсон” гэж ярих болсон.

-Эдгээр жолооч нарын ар гэр хаана амьдардаг вэ. ямар ээлжийн хуваарьтай ажиллаж байна?

-Ямар ч ростер, хууль байхгүй. Алтны нинжа шиг амьдардаг гэхээр хүмүүс итгэдэггүй. Очоод үзэж болно. Гэр бүл нь хотод ажиллаж, амьдардаг. Эхнэр хүүхдүүд нь аавыгаа ямар хүнд хэцүү нөхцөлд ажиллаж мөнгө олж байгааг ойлгодоггүй. Цалин хөлсөө дээрэмдүүлж байна. Торгуулж, шийтгүүлж янз янзаар дарамтад орж байгааг хэн ч мэддэггүй. Зарим нэг эхнэрүүдийг харж л байсан. Зүгээр нэг ATM бэлэн мөнгөний машин шиг нөхрийгөө хардаг эхнэрүүд маш олон байна. “Нэг рэйс хийсэн гээ биз дээ, 2000 юаны цалин авах ёстой. Тэр мөнгө чинь хаачсан юм” гээд л мессеж бичиж, залгаж дарамтална. Тэгэхээр нөхөр нь худлаа ярьж, хулгай хийхээс аргагүй байдалд ордог. Тухайн компанийнхаа дугуй, түлшийг нь зардаг. Тэгээд тав арван цаас болгоод гэр лүүгээ явуулчхаад орохоор “Чи миний дугуйг зарсан. Би чиний рэйсний цалинг өгөхгүй” гэдэг. Гадаад паспортыг нь барьцаалдаг. Эсвэл хоёр рэйс хийж байж цалингаа ав гэдэг. Хэрэв мөнгө явуулахгүй бол нөгөө хүнээ ямар өвлийн хувцастай явуулснаа ч мартдаг. Тэр хүн хоол идэж байгаа эсэхийг ч боддоггүй.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин