• Эхлэл
  • Л.Болд, Ж.Батзандан нар ямар нэртэй нам байгуулах бол?

Л.Болд, Ж.Батзандан нар ямар нэртэй нам байгуулах бол?

2019/03/18

МАН-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Оюун-Эрдэнэ, "эсэргүү" О.Баасанхүү нартай дөрөө харшуулан мэдэгдэл хийж, тэмцэл өрнүүлсэн АН-ын гишүүн асан Ж.Батзандан, Л.Болд тусдаа нам байгуулж буйгаа өнөөдөр /2019.03.18/ мэдээлэл хийлээ.

Ардчилсан нам Л.Болд гишүүнийг намаас чөлөөлж байгааг мэдэгдэхэд МАН хагарсны төлөө АН бүлэггүй болох нь гэсэн хошин гэмээр яриа дээгдэж байсан. Ийн Л.Болд намаасаа гарсан тохиолдолд АН УИХ-д бүлэгтэй байх эсэх тухай асуудал үндсэндээ шийдэгдэх нь. УИХ-д есөн гишүүнтэй байсан АН одоо УИХ-д бүлэгтэй байж болох эсэх тухай асуудлыг УИХ хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Нэгэнт  экс хоёр гишүүн нь ийнхүү тусдаа нам байгуулахаар болж долоон гишүүнтэй болсон АН УИХ-д бүлэггүй болж таарах нь. Харин хөөгдсөн намаасаа тусгаарласан хоёр гишүүний хувьд одоогоор ямар нэртэй нам байгуулах гэж байгаа нь тодорхойгүй байна. Тэд удахгүй их хурлаа хийж, намын бодлого, үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлж, нэрээ өгнө гэв.

Энэ талаар Л.Болд “АН-ын бүлэг гурван гишүүнээ хөөсөн. АН гишүүдээ хөөдөг нам байж таарахгүй. Би АН-ын удирдлагуудад сануулга өгч намаасаа гарсан. Гэсэн хэдий ч АН өнгөрсөн хугацаанд хууль бус шийдвэрээсээ татгалзах байх гэсэн. Татгалзаагүй. УИХ-ын гишүүн Ж.Батзанданг АН-ын гишүүнээс гарч байгаа тухай шийдвэрийг УИХ-ын дарга  асан М.Энхболд намрын чуулганы үеэр мэдэгдсэн. Ж.Батзандан бид хоёр нам бус гишүүн болсон. Бид сонгогчидтойгоо уулзаж, энэ талаар хэлсэн. Ж.Батзандан бид хоёр АН-аас нэр дэвших эрхгүй болсон. УИХ-д суудалтай шинэ нам байгуулж, шинэ ардчилсан, хөгжлийн төлөө нам байгуулж байгаагаа зарлаж байна. Монголын төлөө гэсэн намыг байгуулна" гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Өнөөдөр Монгол цэргийн өдөр. Олон зэвсэгт хүчин, дайчид эх орноо хамгаалж байгаа. Энэ сайхан өдөр Л.Болд гишүүнтэй хамт шинэ улс төрийн хүчин байгуулж байгаагаа зарлаж байна. Монголд шударга ёсыг тогтоож чадах шинэ хүчин хэрэгтэй байна. МАНАН-гийн улс төр Монгол төрийг гадныханд атгуулж байна. Хүн амын 80 хувь ядуу, хүчирхэг дундаж давхрага байхгүй болсон гэсэн судалгаа байна. Төрийн эрх мэдлийг мафи барьдаг болсон байна. Энэ бүхнийг эцэс төгсгөл болгохын тулд Монголын хөгжлийн төлөө шинэ улс төрийн хүчин байгуулж байна. Ардчилсан намаас хөөгдөх бол бурхны бидэнд өгсөн боломж байлаа" хэмээн мэдээлэв.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин