• Эхлэл
  • Г.Ганхүү: ЖДҮ-чид бол хулгайчид, гэмт хэрэгтнүүд

Г.Ганхүү: ЖДҮ-чид бол хулгайчид, гэмт хэрэгтнүүд

2019/03/19

“Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүүтэй ярилцлаа.

-Фэйсбүүк орчинд таны “Эхнэртээ зээл авч өгсөн ЖДҮ-чин гишүүд суудлаасаа огцрохыг хүсэхгүй байвал эхнэрээсээ салах хэрэгтэй” гэсэн егөө утгатай цөөн хэдэн минутын бичлэг явж байсан. Наргиангүй, ЖДҮХС-гаас эрх мэдлээ урвуулан ашиглаж, их хэмжээний зээл авсан гишүүдийн талаарх таны байр суурийг сонсъё?

-“25 дугаар суваг” телевизийн “21000 иен” реалити шоунд оролцоход ярьсан хэсгээс таслаад сошиалаар гаргасан байна лээ. Надад бодож явдаг зүйл бий. Юу гэхээр, би хоёр нийгмийн зааг дээр төрж, өссөн хүн. Миний үеийн залуус азтай хүмүүс. Учир нь бидэнд хоёр нийгмийг харьцуулж, үнэт зүйлээ мэдэж авах боломж олдсон. Гэтэл 1990 оноос хойших хүүхдүүд маань социалист нийгмийн талаар ямар ч ойлголтгүй шүү дээ. Тиймээс энэ нийгмийг биеэр туулсан хүний хувьд өнөөдрийн ардчилал, чөлөөт зах зээл, хувь хүний эрх чөлөө гэдэг ямар чухал хийгээд эрхэмлэж явах учиртайг би сайн мэднэ. Ардчиллын төлөөх ах нартай мөр зэрэгцэн тэмцэж явсны хувьд энэ бол миний үнэт зүйл.

Чөлөөт зах зээлийн аль ч нийгэмд улс орныг хувийн хэвшлийнхэн авч явдаг хуультай. Тиймдээ ч бүх хувийн хэвшлийнхэнд эрх тэгш боломж олгох нь ардчиллын үнэт зарчим. Хэн нэгэнд давуу эрх эдлүүлж, бусдаас ялгаруулах нь ардчиллын үнэт зүйлийг булшилж байгаа үйлдэл. Харамсалтай нь, өнөөдөр цээжээ дэлдэж, шударга ёс, ардчиллын үнэт зүйлс ярьдаг хэдэн нөхөд ЖДҮХС-гаас давуу эрх эдэлж, жирийн иргэдийн боломжоос хумсалж, бүр хулгай хийсэн. Өөрийн албан тушаал, эрх мэдэл, танил тал, мэдээлэлд ойрхон байдлаа ашиглаж, зээл авсан гишүүд хариуцлага хүлээх ёстой. Гэтэл тэд “Зүгээр л нэг зээл авсан. Бид төлчихнө. Юун сүртэй юм” гэсэн шүү мэдэгдэл хийгээд сууж байна. Би үүнийг зүгээр л нэг зээл аваад, төлчихсөн гэж огтхон ч харахгүй байгаа. Энэ бол бусдын эрх тэгш байх боломжоос хулгайлсан увайгүй үйлдэл. Нэг үгээр хэлбэл, ЖДҮ-чид бол хулгайчид, гэмт хэрэгтнүүд.

-Зөвхөн ЖДҮХС-гийн асуудал энд яригдахгүй болов уу. Бусад сангуудаас ч гэсэн зээл авсан төрийн түшээд байна?

-Монгол Улсад буй төрийн бүх санг байгуулагдсан цагаас нь өнөөг хүртэл хугацаанд хийсэн үйл ажиллагаа, санхүүгийн тайлан гээд бүгдийг нь шалгах Ажлын хэсэг гаргаж ажиллах хэрэгтэй. Бүх луйвар, хулгай, дээрэм эдгээр сангаар дамжсан байгаа. Мэдээж, нийгмийн даатгал, эрүүл мэнд, боловсрол гэхчлэн заавал байх ёстой сангууд бий. Харин гоё нэрээр халхавчилж, хувьдаа давуу байдал бий болгосон сангуудыг шалгах нь зүйтэй. Мөн Засгийн газраас “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжүүлсэн. Гэхдээ энэ хөтөлбөр цэвэр дээрэм байсан. Хөдөө аж ахуйн сайдаар Д.Тэрбишдагвыг ажиллах байх үед ТЭДС-г би шүүмжилж дуугарч байсан. Тухайн үед сангийн даргаар ажиллаж байсан нөхөр ойр дотны хүмүүстээ зээл, тоног төхөөрөмж олгож, бусад газар тариалан эрхлэгч нарт тэгш боломж олгоогүй. Тиймээс л сангуудыг яаралтай бүгдийг нь шалгах хэрэгтэй гэж үзэж байна.

-Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх өөрөө ЖДҮХС-гийн зээлтэй нэр холбогдсон яваа. Тиймээс өөртөө болон ЖДҮ-чин гишүүдэд хуулийн дагуу хариуцлага ногдуулж чадахгүй байна?

-Би эдийн засагч мэргэжилтэй хүн биш. Инженер, дизайн талынх. Гэхдээ улс төрийн тогоонд олон жил чанагдаж, улс орныхоо ирээдүйд санаа зовниж явдаг хүний хувьд бага зэргийн эдийн засгийн ойлголт, мэдлэг надад бий. Ямар ч тэнэг хүн авсан зээлийнх нь үнийн дүнг харахад л бүгд тэгшитгэсэн дүнтэй байгаа юм. Дунд гарууд нь 950 сая, жаахан албан тушаал дээгүүр нөхөд нь 1.2 тэрбум болчихсон байх жишээний. Ингээд зээл авсан гишүүдийг харахад, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагааж, шинэ Засгийн газрыг дэмжсэн нөхдүүд байна. Эндээс ЖДҮХС-гийн зээл нь санал өгсөн гишүүдэд шагнал болж очсон нь маш тодорхой харагдаж байна. Шууд хэлэхэд, энэ бол хахууль байхгүй юу. Харамсалтай нь, ЖДҮХС-г шалгуулах гэхээр У.Хүрэлсүх өөрөө уначих гээд байдаг байх. Яах вэ У.Хүрэлсүх бид хоёр оюутан цагийн, багын найзууд. Өнөөдөр ч гэсэн найз хэвээрээ. Гэхдээ хэчнээн найз нөхөд байлаа гээд буруу зүйл хийж байхад нь шүүмжлэлтэй л хандах ёстой гэж би хувьдаа боддог. Тиймээс үнэхээр шударга ёсыг тогтоох гэж байгаа бол үүнийг өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй шүү дээ.

-Та У.Хүрэлсүх сайдтай оюутан цагийн найзууд гэлээ. Ер нь У.Хүрэлсүх гэж хэн бэ. Түүний өнөөдөр ярьж, мэдэгдээд байгаа зүйл нь хэр үнэний ортой бол. Хүн чанар талаас нь түүнийг дүгнэвэл?

-Би олон жил найзалж байна. Мэдээж сайд, дарга болсноос нь хойш уулзаж, учрах минь багассан. Гэхдээ энд тэнд тааралдана. Мэндийн зөрүүтэй явна. Найз нөхөд байсан учраас хааяа нэг ганц хоёр юм татна. Бидниий үед мужик гэдэг зан байлаа шүү дээ. Тэр найз нөхдөө өмөөрч, өмнөөс нь зодолддог, биерхүү, нэлээд хөдөлгөөнтэй, мужик залуу байсан. Би маш тод санаж байна. Бид хоёр “Стар” нэртэй цэнгээний газарт орж, хэдэн нөхөдтэй муудалцаж, Хүрэлсүх миний өмнүүр орж, зодоон хийж явсан тохиолдол бий. Үүнийг би зөв зан гэж хардаг. Цуг явж байгаа найз нөхдөө дэмжиж, хамгаалж, найзыгаа хаядаггүй эр хүн. Энэ зан нь надад таалагддаг. Өнөөдөр тэр том албан тушаалд очсон. Түүнийг найзын хувьд мужик зангаа тавиагүй, хэвээрээ байгаа байх гэж харж байгаа.

-Та 2012-2016 онд ИЗНН-аас НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажилласан. Өнөөдрийн хотын парламент болох НИТХ-ын үйл ажиллагаанд ямар дүн тавих вэ?

-Би ИЗНН-аас 2012-2016 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Тухайн үед НИТХ-д АН 26 гишүүнтэй, намайг 27 дахь гишүүнээ гэж үздэг байв. Бид 2012 оны наймдугаар сард төлөөлөгч болж, анхны хурлаа хийж байсныг санаж байна. Ингээд нэгхэн сарын дараа буюу есдүгээр сар гэхэд хотын 36 уулзвар дээр барилга шорооны ажил эхэлж, төсвөө батлах гэж жилдээ нэгхэн удаа хуралддаг НИТХ-ын дэгийг бид эвдэж, сар бүр хуралддаг болгосон. Хүмүүс УИХ-ын чуулганаас илүү НИТХ-д ач холбогдол өгч үздэг болчихсон байсан шүү. Аргагүй шүү дээ. Нийслэл гэдэг иргэдийн ажил амьдралтай холбоотой чухал шийдвэрүүд гаргадаг газар. Тийм ч учраас 2012-2016 он бол амьдрал буцалж байсан он жилүүд байсан.

Хотын даргаар Э.Бат-Үүлийг ажиллаж байх үед олон шинэ санаачилга гарч, бүтээн байгуулалтын ажил ундарч байсан. “Нэг цэгийн үйлчилгээ”, уулзваруудын шинэчлэл, гэр хороолол доторх зам, нэгдүгээр эгнээ, дахин төлөвлөлт гээд л хотод хийж болох олон ажлыг нэгэн зэрэг өрнүүлсэн. Улаанбаатар хотын нийтийн тээврийн асуудлыг шийдэх цорын ганц гарц бол метро тавих гэдгийг би олон жил ярьж байгаа. Төлөөлөгчөөр сонгогдоод хоёр ажил хөөцөлдөж байсны нэг нь метро тавих. Японы ЖАЙКА-тай хамтран маш том судалгаа хийж, метроны ТЭЗҮ-г хийсэн. Нөгөө нь, орчин цагийн урлагийн театр. Энэ асуудлаар төслийн нэг байгуулж, газар чөлөөлтийн ажлыг эхлүүлж, “Ногоон нуур”-ын орчим байгуулах төсөл явж байсан. Харамсалтай нь, сонгуулиар ялагдсан. Нийслэлчүүд маань сонгуульд их сонин оролцдог юм билээ. Уг нь гэр хорооллын газрыг үнэ цэнэтэй болгосон гээд АН-д нүдэнд харагдаж, гарт баригдах ажил олон байгаа учраас 2016 онд дахин сонгогдох нь мадаггүй гэсэн бат итгэлтэй байсан.

Өнгөрсөн гурван жилийг харахад, нийслэлд юу ч, нэг ширхэг бүтээн байгуулалт ч хийгдсэнгүй. За яах вэ, АН-ын үед эхлүүлсэн Яармагийн гүүрийг дуусгалаа. Өөрөөр тэр гээд хэлчих, энэ гээд харуулчих ажил үнэндээ алга. Өнгөрсөн хугацааг тэд хэрүүл уруул, сандал ширээний зодоон хийж өнгөрүүллээ. Олонх болчхоод өнөөдөр хурлаа ч хийж чадахгүй байна. Шинэ дарга цэрэг нь сая томилогдлоо. Нэг жилийн хугацаа л үлээд байна. Эхнээс нь гаргасан шийдвэрийг нь харахад, “Хаана, бооно” гээд л эхэллээ. Шөнийн гудамжийг хаалаа л гэнэ. Баар цэнгээний газрыг 12 цагт хаадаг болгоно л гэнэ. Эргээд социализм руугаа алхаж байна л даа. Удахгүй жуулчны улирал эхлэх гэж байна. Харамсалтай байна. Гэхдээ 2020 онд арай нэг өөр сонголт хийх цаг болсон байх гэж бодож байгаа.

-НИТХ-ын дарга байсан Ц.Сандуй 60 тэрбумын схемийг хэрэгжүүлсэн гээд намаасаа хөөгдсөн. Та төлөөлөгчөөр ажиллаж байсан хүн. Ийм схем байдаг юм уу?

-Ганц Ц.Сандуйгийн үед ч биш. Бүр 2000 оноос буюу Н.Энхбаярын үеэс яригдаж эхэлсэн схем. Санаж байвал дэд сайд 200 сая төгрөг байна гээд яригдаж л байсан шүү дээ. Задарч байгаа нь Ц.Сандуйгийн үе болохоос биш. Өмнө нь албан тушаалд томилчхоод, мөнгөө авдаг байдлаар схем хэрэгждэг байсан. Харин Ц.Сандуйгийн үед улам төгөлдөршиж, томилохоосоо өмнө мөнгөө авдаг зарчим руу орсон байгаа юм. Ер нь улс төрийн болон төрийн албыг зааглах хэрэгтэй. Аливаа яам, тамгын газарт энэ нь улс төр, энэ нь төрийн алба гэсэн зааг тавьдаг баймаар. Хэн нэг дарга, ямар нэг сайд, ер хэнбугай ч ирсэн төрийн албыг дураараа өөрчилдөг баймааргүй байна. Харин одоогийн нөхцөлд намын нэрээр төрийн албанд шургалсан нөхдийг цэвэрлэж, мэргэжилтэй, боловсролтой залуусыг байх ёстой газарт нь ажиллуулах ёстой.

Нөгөөтэйгүүр, намууд гишүүнчлэлийн араас хэт хөөцөлдөж, эргээд тэднийгээ тэжээх бололцоогүй болчхоороо албан тушаал амладаг арга хэлбэр газар авлаа. Улс төрийн намуудын хуульд яаралтай өөрчлөлт оруулах хэрэгтэй. Дэлхий нийтээр хатуу гишүүнчлэлтэй орон Хятадаас өөр байхгүй. Дэмжигч гэж байдаг болохоос биш, “Чи манай гишүүн, зөвхөн манайд саналаа өгнө шүү” гэсэн тулган шаардалт байж болохгүй. Намууд нь данхайгаад байгаа болохоор төрийн бүтэц томорч байгаа юм. Гишүүдээ тэжээхийн тулд бүтцээ томруулж, албан тушаалд томилж байна.

-Өнөөдөр “Эрдэнэтийн 49 хувь” тойрсон дуулиан гарч байна. Та улстөрч хүний хувиар ажиглаж л байгаа байх. Ямар бодолтой байна вэ?

-Харьд байсан 49 хувийг Монголд авчирсан асуудал. Энэ утгаар нь харвал, залуучуудын зөв. Хэрэв авч чадаагүй, өөр нэг улс, компани авчихсан байсан бол яах вэ. Одоо ямар арга замаар 49 хувийг авсан бэ гэдэг асуудал яригдаж байна. Үүнийг бид дотроо хэрэлдэж, хэрэлцээд, эрх зүйт төртэй улс болохоор үнэн, зөвийг нь шүүхийн байгууллагаар тогтоогоод шийдэх байх. Том зургаар нь харвал, 49 хувийг Монголд авчирсан нь зөв гэж бодож байгаа. Харин “Эрдэнэтийн 51 хувь”-ийн тухайд Ш.Батхүүгийн ярьж байгааг сонсохоор яах арагүй нэг зүйлд баригдсан, биеэрээ хамгаалаад гарах гэсэн зүйл харагдаад байгаа юм. Зүгээр нэг бизнесмэн залуу дур мэдэн, Монголын ганц саалийн үнээг барьцаанд тавьж, хуурамчаар гарын үсэг зурж, үүнийг нь олон улсын том банк хүлээн зөвшөөрөөд зээл өгнө гэж яагаад ч байхгүй л дээ. Аливаа зүйлийг энгийн логик талаас нь харах ёстой. Логик утгаар нь харвал, үүнийг маш том хуйвалдаан бий болж байж хийнэ. Энэ асуудалд тухайн үеийн дарга цэрэг, Ерөнхий сайд байсан хүмүүс холбоотой байх. Түүнээс Ш.Батхүү ганцаараа хийсэн байх ямар ч боломжгүй.

-Та 2020 оны сонгуульд нэр дэвших үү?

-Би улс төрд идэвхтэй байгаа. Олон газраас надад “Нэр дэвшээч” гэсэн санал тавьсан. Нам, хөдөлгөөн, эвсэл гэх мэт яриа хөөрөө явж байгаа. Тэр үедээ шийгдэгдэх байх. Ер нь 2020 онд УИХ эсвэл НИТХ-д нэр дэвшинэ гэсэн бодолтой байна. Би унаган хотын хүүхэд учраас нийслэл нь илүү ойр санагдаж байгаа. Мөн хийе гэж зорьж, төлөвлөсөн зүйлүүд ч бий. Наад зах нь, метроны төслөө хэрэгжүүлэхсэн гэж бодож явдаг. Нийслэлд ганцаараа нэр дэвшихэд хэцүү. Багаараа байж ажил явдаг. Одоогоор ингэнэ, тэгнэ гэж хэлэхэд эрт байна.

-Метро гэснээс, Улаанбаатар хот 2020 он гэхэд метротой болно гэсэн ч одоо нэг самбар л үлдсэн байна. Энэ төсөл хэрэгжих боломжтой юу?

-Төлөөлөгчөөр ажиллаж байхдаа би тэр самбарыг тавьсан. Бид “Амгалан”, “Таван шар” дээр метроны буудал байна гээд ажлаа эхлүүлж байсан. Харамсалтай нь, сонгуулиар ялагдсан. Төрийн залгамж чанар гэж алга. Өмнө нь хэрэгжүүлж байсан зөв ажлыг дараагийн гарсан нам, эвсэл нь хэрэгжүүлдэг байвал зөв зүйтэй юм. Гэтэл метроны талаар ярьж байгаа нэг ч хүн алга. Улаанбаатар хотод метроны ганцхан шугам тавихад л олон асуудлыг давхар шийдэх боломжтой. ЖАЙКА-гээс метро барихад тохирсон хот байна гэсэн судалгаа гаргасан. Энэ судалгаагаар 1.5 тэрбум ам.доллар, Италиас нэг тэрбум доллараар, чехуудаас бүр бага өртгөөр хийж өгөх гэсэн санал ирсэн. Эдийн засаг сэргэж байгаа энэ үед нэг тэрбум ам.долларын томоохон төслийг хэрэгжүүлэх боломж байгаа. Эгийн голын цахилгаан станц, нефть боловсруулах үйлдвэрийг тэрбум ам.доллараар хийж байна. Өнөөдөр манайд түгжрэл, агаар, хөрсний бохирдол тэргүүн асуудал болчхоод буй энэ үед метрогоор асуудлыг шийдэж болно шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.

ЭХ СУРВАЛЖ:"АРДЧИЛАЛ ТАЙМС" ҮНДЭСНИЙ ӨДӨР ТУТМЫН  СОНИН. Б.Бямбасүрэн.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин