• Эхлэл
  • ШШБЕГ-ын дарга Ц.Амгаланбаярын оронд хэн очих вэ

ШШБЕГ-ын дарга Ц.Амгаланбаярын оронд хэн очих вэ

2019/03/19

Хэн нэгэн хариуцлагатай албан тушаалтан ажлаа өгөх сургаар  ямба эдлэх гэсэн нөхдүүд сэрүүн зүүдлэж сүйд болцгоох нь энэ цагийн өнгө  гэлтэй. ШШБЕГ-ын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр  үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн  сургаар  бригадын генерал рангатай сэнтий рүү олны танил эрхмүүд мярааж эхэлсэн байна. Өнөөдрийн байдлаар  бригадын генерал А.Дулаанжаргал, хурандаа Д.Мөрөн, Нийслэлийн цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Ядамдорж мөн цагдаагийн хурандаа  Дашдаваа нарын нэр яригдаж байгаагийн дээр яг одоо ШШБЕГ-ын дэд дарга, хурандаа Д.Дамдинсүрэн  боломж олдвол ухасхийхээр яриа хөөрөөгөө хийж яваа сурагтай.   Ингээд эдний хэн нь хэн бэ гэдгийг уншигч танд танилцуулъя.

Бригадын генерал А.Дулаанжаргал

Энэ эрхмийг хуулийн салбарынхан андахгүй. Эрүүгийн цагдаад их ч зүйлийг хийсэн гэх юм билээ. Тэр хэрээр  салбарынхандаа танигдаж, “эрүүгийн Дулаан” хэмээгдэх болсон.  Тэрбээр ЦЕГ-ын тэргүүн  дэдээр  ажиллаж байгаад ОХУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд, өөрөөр хэлбэл Москвад ажиллах болсноор мань  хүн цэргийн дүрэмт хувцсаа тайлж, дипломат албанд зүтгэж эхэлсэн.  Түүний  хилийн чинад  үүрэг гүйцэтгэсэн хоёр дахь томилолт нь БНСУ байсан бол удаах нь  Улаан Үд дэх консулийн алба байв.  Гэхдээ түүнийг ямар учир шалтгаанаар ОХУ-аас дуудаж ирүүлсэн нь тодорхойгүй байгаа.  Бор шувуудын жиргээгээр бол  ШШБЕГ-ын дарга асан хурандаа П.Ганхүү өөрийн төрсөн дүүг дипломат албанд оруулахын тулд МАН-ын нөлөө бүхий хүмүүсийн хөлд сууснаар асуудал  ийн шийдэгдсэн гэх.  Гэхдээ мань эр хуруу гозгонох төдийд гүйгээд ирэх хүн биш. МАН түүнд албан тушаал амласан байхыг үгүйсгэхгүй.  Магадгүй тэр нь ШШБЕГ-ын даргын суудал байж ч мэднэ. Гэвч бригадын генерал уг албан тушаалд очихыг хүсэхгүй байгаа гэнэ.  Ирж, буцах нь ч мэдэгдэггүй, нам жимхэн аж төрөхийг илүүд үздэг тэрбээр эх орондоо бууриа засч  ХААН банкинд хуулийн зөвлөхөөр ажиллаж буй юм байна.  Бригадын генерал А.Дулаанжаргалыг ШШБЕГ-ын даргаар томилогдсон байхад  “Энэ үү дээ” хэмээн дурамжхан дуугарах хүн гарахгүй л болов уу. Баттай эх сурвалжийн мэдээллээр эрхэм генерал “Би тэр хэл ам ихтэй газар очихгүй ээ. Банкиндаа ажиллаж байхад л болно. Авдаг хэд нь ч боломжийн, сэтгэл санаа ч тайван амгалан байх юм “хэмээн байр сууриа илэрхийлсэн гэж дуулдав.

Гадаадын иргэн  харъяатын албаны дарга, хурандаа Д.Мөрөн

Эрхэм хурандааг танихгүй хүн үгүй. Нөгөө  “С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн гэмт этгээдүүдийг илрүүлнэ” хэмээн сонгогчдын тархийг угаан УИХ-д морилсон нөхөр чинь” гэцгээх нь бий. Үнэндээ ч тийм юм.  Гэхдээ мань хүн намдаа нэр хүндтэй нэгэн бололтой. МАН ялагдсан ч,ялсан ч албан тушаалтай л үлдсэн байдаг. Хүчний байгууллагын ахмадууд “Мөрөн бусдаас өөр байсан шүү. Өөрийн хийсэн ажлыг бусдад хэрхэн хүргэх, олны анхаарлыг яаж өөр дээрээ татахыг хэсгийн төслөөлөгч байх үеэсээ л мэддэг, менежмент сайтай дэслэгч байсан “гэдэг юм билээ. Нөгөөтэйгүүр, түүнд   Гадаадын иргэн харъяатын албаны даргын суудал түүнд таалагдаагүй бололтой.  Уг албан тушаал цол байхгүй .  Тиймээс  мань эр хүчний байгууллагад хурандаа цол хүртэтлээ насаараа зүтгэсэн юм чинь бригадын генерал цолыг мөрөөдөн зүтгэх нь зүйн хэрэг.  Гэхдээ  ШШБЕГ хуулийн салбарын нэг эс эд ч гэлээ  тэр бүр мөрдөн байцаагчийн зүүдлээд байх самар биш  байж мэдэх л юм.

Хурандаа Д.Ядамдорж

Хуулийн салбарт өөрийн нэр хүндээр дуртай газраа томилогдон ажилладаг   цөөн хүний нэг нь ЦЕГ-ын тэргүүн дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Ядамдорж.  Түүний гүйдэл гүйцэгддэггүй. Нэг сонсоход,  Хууль сахиулах их сургуулийн дэд захирал, нөгөө сонсоход Нийслэлийн цагдаагийн газрын дарга. Маргааш өглөө сэрэхэд ШШБЕГ-ын даргаар томилогдсон байж мэднэ. Өмнө нь мань хүн ШШБЕГ-ын даргаар ажиллаж байсан удаатай.  Магадгүй тэр үедээ бригадын генерал хэмээх цолыг хүртсэн байсан бол  эл албан тушаалыг мөрөөдөхгүй, тэрүүхэндээ хотоо “манаад” бөөвийгөөд сууж байх байсан биз. Цэрэг, цагдаагийнханд цол гэж “зүүдний дагина” байх юм. Хурандаа бүхэн л мөрөөддөг бололтой.  Хурандаа Д.Ядамдоржийн нэр цэргийн баярын өмнөхөн бригадын генерал цол хүртэх нөхдүүдийн дунд цохиж явсан юм. Гэтэл байдаггүй. Сураг дуулах нь ээ, хойшилсон гэсэн. Ерөөсөө энэ хүн бригадын генерал цол хүртэх учиргүй байж мэднэ. Цолны тухай яриа гарсан даруйд сошл ертөнцөөр  түүнийг АТГ-т  ЖДҮ-гийн асуудлаар байцаагдсан хэмээн шуугисан. Гэтэл өчигдөр /2019 оны гуравдугаар сарын 18-ны өдөр/ жолооч нь СБД-ийн нутаг дэвсгэрт хурд хэтрүүлсний улмаас осол хийн хүний аминд хүрсэн тухай мэдээлэл мэдээллийн бүхий л хэрэгслээр цацагдсан. Өмнө нь түүнийг ШШБЕГ-ын даргаар ажиллаж байхад Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан  Хорих 461 дүгээр ангид хоригдож байхдаа камертаа амь насаа алдсан  билээ. Үүнээс гадна  “Дижитал” хамтлагын дуучин Ш.Батбаяр буюу Баабар хэмээх залуу  мөн л хоригдож байх үедээ камертаа өөрийг шатаасан гэх хэрэг гарч байсан. Эл хэргүүд мартагдаагүй байхад л дахиад л дарга болно гээд харайлгаж явах ч гэж дээ.   Бас нэг баримт гэвэл ШШБЕГ-ын даргаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалаа ашиглан хөрөнгө мөнгө идсэн гэх мэдээлэл “Өглөөний сонин” дээр гарч шуугиан тарьж байсан санагдана. Уг нь түүнийг мэнгэтэй сайд маань ихэд дэмжиж байсан гэнэ билээ. Одоо ч өнгөрсөн байлгүй. Хууль зүйн сайд маань иймэрхүү хэл аманд дургүй юм чинь.

Хурандаа Д.Дамдинцэрэн

Үе дамжсан цэргийн хүн. Аав нь  генерал.  Сайн аавын нэр нүүрээр өдий дайны яваа гэхэд буруудахгүй л болов уу.  Харамсалтай ньтүүний үйлдлүүд аавынхаа нэрийг хугалж буй.  Хурандаа Д.Ядамдоржийг ШШБЕГ-ын  даргаар ажиллаж байх үед түүнтэй халаас нэг явсан талаархи баримт ил гарч шүүхээр гэм буруутай нь тогтоогдож байсан гэнэ билээ. Үүнээс гадна мань хүн Хорих 429 дүгээр ангийн  даргаар ажиллаж байх үедээ албан тушаалаа ашиглан хүчин мөхөс эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлж байсан гэнэ лээ.  Хөөрхий эмч бүсгүй  Хүний эрхийн комисст хандсанаар энэ хэрэг шалгагдаж байгаа гэх сураг дуулдсан. УИХ-ын гишүүн Оюунчимэг  Хүний эрхийн комиссоос ирүүлсэн өргөдлийг Ерөнхий сайдад танилцуулсан гэсэн. Тэгэхээр шударга үнэний дуу хоолой болсон У.Хүрэлсүх ийм хүнийг төрийн албанд ажиллуулахгүй л болов уу даа. Сүүлийн баримт гэвэл хэдхэн хоногийн өмнө гавьяат хуульч эмэгтэй хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байх үедээ амиа алдсан явдал. Энэ харамсалтай хэрэг түүний хашиж буй албан тушаалтай шууд хамааралтай юм билээ.  Гэвч ерөнхий газрын дарга, ангийн дарга болоод бусад хариуцлага хүлээх  албаны хүмүүс  албан тушаалаасаа чөлөөлөгдсөн  атал мань эр даргын сэнтий  горилох нь хэр зохимжтой юм бол доо.

Хурандаа З. Дашдаваа

Энэ эрхэм мөн л цагдаагийн хурандаа. Эрүүгээр мэргэшсэн нөхөр. Ажил амьдралынхаа гарааг Хэнтий аймгаас эхэлж. Тодруулбал, хэсгийн төлөөлөгч. Дараа нь  Баянгол, Говь-Алтай, Сонгинохайрхан дүүрэгт мэргэжлээрээ ажилласан. Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хэлтсийн дарга, ЦЕГ-ын дотоод хяналт шалгалт, аудитын газрын дарга гэх мэтчилэн албан тушаалын шатаар аажим аажмаар өгсч яваа нэгэн. Одоо  ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж буй. Хурандаа З.Дашдаваа хэрэвзээ ШШБЕГ-ын даргаар томилогдох аваас Хэнтий аймгаас нэгэн генерал төрөх юм. Түүнийг ШШБЕГ-ын даргын суудал руу ЗГХЭГ-ын дарга Б. Оюун-Эрдэнэ зүтгүүлж байгаа гэх яриаг бор шувуу дуулгасан.   Ер нь магадал өндөр хүний тоонд яваа гэж хэлж болно.  Гэвч Хууль зүйн сайд энэ байгууллагыг удирдах хүн дотроосоо байвал дээр хэмээн байр сууриа илэрхийлээд байгаа юм билээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин