• Эхлэл
  • С.Баярцогтын Швейцарь дахь дансны талаар хэн юу хэлэв

С.Баярцогтын Швейцарь дахь дансны талаар хэн юу хэлэв

2019/03/20

Швейцарийн парламентын урилгаар тус улсад "аялан жуулчилсан" УИХ-ын гишүүдийн нэг Т.Аюурсайхан "Швейцарийн Холбооны Улсаас "Credit Suisse AG" банк дахь С.Баярцогтын ам.долларын 3, еврогийн 2, нийт 5 дансны 2008.09.30-2013.12.31 хугацааны гүйлгээний дэлгэрэнгүй хуулгыг Монголын талд хүлээлгэж өгснийг өнөөдөр өглөө авч ирлээ. ГХЯ-аар дамжиж АТГ-т хүргэгдэж байна" гэж мэдэгдсэнээр С.Баярцогтыг “хэрэг”-ийг илчилсэн чухал баримт авчирсан шударга “баатар” эрийн дүрд тодроод байгаа. Гэвч үүний араас цуг явсан гишүүд нь мэдээгүй талаар, харин С.Баярцогт өмнө нь өөрөө энэ талаар хүсэлт гаргаж байсан талаар мэдээлээд байгаа. Ийн “толгой” эргүүлсэн мэдээллийн эргэн тойронд хэн юу хэлснийг тоймлон хүргэж байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Өөрсдөө аваад ирсэн юм шиг ярьж байгаа нь буруу

-Бид айлчлалынхаа хүрээнд Швейцарийн банкинд, оффшор бүсийн банкинд данс эзэмшдэг Монголын нэг ч улстөрч битгий хэл иргэнтэй холбоотой асуудлаар хууль хяналтын байгууллагынхантай нь, бас банкныхантай огт уулзалт хийгээгүй. Швейцараас бид оффшор бүсэд данс эзэмшдэг хэний ч, ямар ч дансны хуулга, баримт бичиг авчраагүй. Энэ мэдээлэл худлаа.

Миний авсан мэдээллээр хоёр долоо хонгийн өмнө Гадаад харилцааны яаманд дипломат шуудангаар АТГ, Прокурорын байгууллагаас өмнө нь өгч байсан хүсэлтийн дагуу Швейцарийн холбооны улсаас тодорхой баримт ирсэн юм шиг байна лээ. Үүнийг л зарим нэг улстөрчид өөрсдөө аваад ирсэн юм шиг ярьж байгаа нь буруу гэж бодож байна. Тэгээд ч парламентын гишүүдэд тийм эрх байхгүй, энэ бол хууль хяналтын байгууллагын ажил. АТГ болоод хууль хяналтынхан баримт материалаа бүрдүүлж, ажиллаж байгаа гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Л.Болд: Айлчлал УИХ-ын хамтын ажиллагааны хүрээнд болсон. Т.Аюурсайхан гишүүн Оффшортой тэмцэх бүлгийн даргынхаа хувьд мэдэгдэл хийсэн байх. Швейцарь цаашдаа гэмт хэргийн оргон нуудаг газар биш гэдгээ мэдэгдэж байгаа. УИХ мөрдөн шалгадаг үйл ажиллагаа явуулдаггүй.

С.Баярцогт: Би өөрөө энэ материалыг Монгол руу явуулах хүсэлт тавьсан.

-2016 онд Байгаль орчныг хамгаалах хуульчдын холбооны дэд тэргүүн Туяацэцэг гэдэг хүн 9.2 сая ам.доллар С.Баярцогтын данс руу орсон. Үүнийг шалгах ёстой гэсэн асуудлыг АТГ-д тавьж, Швейцарын хэвлэл мэдээлэлд гарган Шейвцарын талд хандсан юм билээ. 2017 оны дөрөвдүгээр сард АТГ-аас прокурорын байгууллагаар дамжуулаад энэ данстай холбоотой мэдээлэл болон холбогдох бүх баримтыг Монголын талд өгөх асуудлыг тавьсан.

Швейцарын холбооны улс болон Монгол Улс хоёр эрх зүйн харилцан туслалцах гэрээ байхгүй учраас мэдээлэл өгөх үүрэггүй юм билээ. Тиймээс Швейцарын холбооны улсын прокурорын байгууллага нь 2017 оны аравдугаар сард Монгол Улсад эрх зүйн туслалцаа үзүүлэх эсэх асуудлаар хэрэг нээсэн юм байна. Ингээд холбогдох банкнуудаас материалыг нь авах, банкны менежерээс гэрчийн мэдүүлэг авч, мөн дансны хуулга гэх мэт бүх материалыг Монгол руу явуулах Швейцарын холбооны прокурорын байгууллагын шийдвэр 2018 оны арванхоёрдугаар сард гарсан.

Үүнийг эсэргүүцвэл Швейцарын холбооны улсын Дээд шүүх, Давж заалдах шатны шүүх гээд гурван шатны шүүхээр явна. Тэгвэл дахиад бараг хоёр жил энэ процесс үргэлжилж, Монголд материал ирэхгүй ч байж болох нөхцөл байдал үүссэн.

Тиймээс би өмгөөлөгчдөө энэ материалыг Монгол руу явуулах хүсэлт тавьсан. Ингээд надад 2019 оны нэгдүгээр сарын 11-нд Шейвцарын холбооны улсын Прокурорын газраас материалыг ирүүлсэн. Би бүх материалыг АТГ-т өгсөн.

Миний ойлгосноор дипломат шуудан тухайн улсын Элчин сайдын яамны Консулын газраар дамжуулан дипломат паспорттай хүнээр өгч явуулдаг. Нууцын зэрэглэлтэйгээр ирүүлдэг гэсэн үг. Швейцарын холбооны улсын Прокурорын газраас ирүүлсэн материал УИХ-ын даргын айлчлалтай давхацсан юм шиг байна. Харин Т.Аюурсайхан гишүүн дипломат шуудан зөөж авч ирж байхдаа задалж уншсан, эсвэл дипломат шуудан өгсөн хүн нь С.Баярцогт гэдэг хүнтэй холбоотой дансны хуулга, материал байгаа гэж хэлсэн болов уу гэж бодож байна. Аюурсайхан УИХ-ын гишүүний нэр хүндийг ашиглаж иргэдэд буруу мэдээлэл өгч байгаа нь хариуцлагагүй үйлдэл. Түүнээс доторх зүйлийг нь хэн нэгэн хүн мэдэх ямар ч үндэслэл байхгүй. Нэгд, Т.Аюурсайхан гишүүн буруу мэдээлэлтэй байна. Хоёрт, хэрвээ материалыг үзсэн бол хууль зөрчсөн гэсэн үг.

Дашрамд хэлэхэд Байгаль орчныг хамгаалах хуульчдын холбооны Туяацэцэг нарын гаргасан материал бүгд хуурамч гэдгийг Швейцарын тал хэрэг үүсгээд шалгах явцдаа тогтоогоод ирүүлсэн байгаа.

Өөрөөр хэлбэл, хуурамч материалаар хэрэг үүсгэж хүнийг гүтгэсэн гэсэн үг. 2017 онд Туяацэцэг болон цэнхэр үстэй эмэгтэй нар “Швейцараас ийм материал авчирлаа гэж мэдээлж байсан. Гэтэл тэр бүхэн бүгд хуурамч байсан гэдгийг нотолсон. Миний ярьсан зүйл болон гаргаж өгсөн баримт Швейцараас ирсэн материалаар бүрэн батлагдах учраас оффшортой холбоотой хэрэг цэгцэрч хаагдана гэдэгт би итгэлтэй байна. Энд би гэмт хэрэг үйлдсэн ямар ч зүйл байхгүй. Үүнийг АТГ, прокурорын байгууллага удахгүй эцэслээд гаргана гэж бодож байна.

-Таны таван дансны хуулга байгаа гэж Т.Аюурсайхан гишүүн өөрөө зарласан шүү дээ?

-Байгууллагын болон хувь хүний нууц гэж бий. Хэрвээ үүнийг Т.Аюурсайхан гишүүн мэдээд ярьж байгаа бол ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн байна гэсэн үг. Хэрэгтэй холбоотой нарийн зүйлийг би ярьж болохгүй.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Би энэ асуудлыг мэдэхгүй.

-Ирсэн гээд байгаа бичигт гэсэн хуулийн байгууллага хариулах ёстой. Сүүлийн үед янз бүрийн мэдээлэл гаргадаг айхтар сэтгүүлч мөн улстөрчид гарч ирсэн. Би 20 жил хуулийн ажил хийлээ. Зөвхөн хуулийн байгууллага мэдэх ёстой, мэдэх бололцоотой, цаашлаад зөвхөн гүйцэтгэх ажлаар мэдэх боломжтой тэр мэдээллүүдээр сүүлийн үед шоу хийх боллоо. Энэ улсад хууль дүрэм гэж бий. “Цензургүй сурвалжилга” нэвтрүүлгийг харахад зарим мэдээллүүд нь үнэхээр ноцтой, зарим мэдээлэл нь зөвхөн хуулийн байгууллагын тусгай арга хэрэгслээр мэдэж болох тийм мэдээллүүд байдаг. Т.Аюурсайханы яриад байгаа нь ч гэсэн яг л ийм. Би энэ асуудлыг мэдэхгүй.

-Та хамт яваа биз дээ?

-Би намаасаа ганцаараа учраас гурван намын төлөөлөл гэдэг утгаар айлчлалын багт орсон. Тухайлбал, Хойд Солонгос Улсад айлчлалаа гэхэд протоколоо өгөхгүйгээр онгоцны буудал дээр цаас өгдөг. Ярих сэдэв, хэлэх үг, хэлэлцэх асуудлууд энэ бүхнийг наана нь ГХЯ-аараа дамжуулж, хоёр талдаа тохирч, гарын үсгээ зурж ойлголцдог. Уулзалтын цагийг нь сунгах гэдэг ч юм уу дураараа ямар нэгэн үйлдэл хийдэггүй гэсэн үг. Би протоколоос харсан, миний үзсэн протокол дээр байхгүй байна. Гэхдээ би дотроо бодоход С.Баярцогтод хоёр, гурав байтугай данс байхыг үгүйсгэхгүй. Бид жижигхэн улс биш тусгаар улс, хууль хүчний байгууллагууд өөрийнхөө гүйцэтгэх ажлаар янз бүрийн мэдээлэл авсан байж болно.

Би өмнө нь Швейцарь руу С.Зориг агсны амь насаа алдсан асуудлаар явж байх үеэр нэг нөхөр надтай энгийн яриа өрнүүлж байхдаа “Танай улсын иргэний дансанд 72 сая ам.доллар байгаа” гэж хэлж байсан. Гэхдээ ирээд би энэ талаар хэвлэлийн хурал хийгээгүй, шалгаарай гээд хуулийн хяналтын байгууллага руу нь бичиг өгсөн. Шалгалтын талаар асуухад, “Таны хэлсэн мэдээллийн дагуу Швейцарийн Холбооны Улсаас гүйцэтгэлүүд нь маш хэцүү байдаг учраас асар их хугацаа орох юм байна. Үнэн эсвэл, худлаа гэж хэлж болохгүй байна л гэж надад хэлсэн

-Та миний асуултад тодорхой хариулт өгөхгүй байна л даа?

-Би Т.Аюурсайхантай хамт явлаа гээд тэр хүний асрагч нь биш шүү дээ.

Оффшор дансны баримтыг авчирсан байх үндэслэл байж болох уу?

-Би хэлж мэдэхгүй. Тэр хүмүүсээс нь асуу.

 

Т.Аюурсайхан:Тэд айлчлалын группт ямар ч үүрэггүй явсан учраас мэдэхгүй байгаа

Мөн энэ талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мэдээлэл хийсэн юм. /2019.03.19/

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, О.Баасанхүү нар оффшорын эсрэг үйл ажиллагаанд хуруу байтугай, хошуу нэмэрлэж байгаагүй хүмүүс, тэд буруу мэдээлэл өгсөн байна лээ. Тэд айлчлалын бүрэлдэхүүнд ямар ч үүрэггүй, үр дүнгүй яваад ирсэн нь асуудлаас хол хөндий байгаа нь харагдаж байна. Татвар төлөгчдийн мөнгийг хий хоосон үрдэг, маш их айлчлалаар явдаг. Тийм учраас энэ асуудлыг мэдэхгүй байх нь аргагүй. УИХ-ын нэр бүхий гишүүдийн мэдээлэл дээр үндэслэн би энэ мэдээллийг хийж байна.

Энэ мэдээлэл УИХ-ын даргын айлчлалын хөтөлбөрт байхгүй. Гэхдээ Швейцарын холбооны улсын банкнаас иргэн С.Баярцогтын нэр дээрх дансны дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн. Таван дансанд орсон гарсан гүйлгээ байгаа учраас лавшруулж шалгах шаардлага үүсч магадгүй. Өөр бусад эзэн холбогдогчийг тогтоож шалгаж ч магадгүй. Энэ бүхнийг манай талд гаргаж өгөх боломжтой гэдгээ илэрхийлсэн. Миний хувьд Швейцарын холбооны улс ямар төрлийн баримт материалыг хүлээлгэж өгсөн бэ гэдэг талаар мэдээлсэн. Бусад мэдээллийн агуулгатай холбоотой асуудлыг мөрдөн байцаах ажиллагааны үед мэдээлэх нь хориотой. Хууль шүүхийн байгууллагууд хуулиа биелүүлж ажиллах энэ чиглэлд УИХ-ын зүгээс хяналт тавьж шахаж шаардаж ажиллана. Тус айлчлалын үеэр ажил хэргийн уулзалтуудыг зохицуулж хийсэн учраас айлчлалын бүрэлдэхүүнд багтсан Б.Пүрэвдорж, О.Баасанхүү нар мэдэхгүй байгаа.

-Энэ мэдээлэл 14 хоногийн өмнө ГХЯ-д ирсэн байсан гэсэн. Та болон айлчлалтай огт холбоогүй ирсэн баримтыг өөртөө хамаатуулж яриад байгаа юм биш үү?

-Айлчлалын бүрэлдэхүүнд багтсан гишүүд ямар ч мэдээлэлгүй, үүрэггүй явсан хүмүүсийн ташаа мэдээлэл. Энэ мэдээллийг би хэрэв олон нийтэд дэлгээгүй байсан бол цаашид дарагдахыг үгүйсгэхгүй гэдгийг энэ үйл явцаас харж байна. ГХЯ-нд 14 хоногийн өмнө С.Баярцогтын оффшор данстай холбоотой мэдээлэл ирээгүй гэдгийг албан ёсоор хэлье. Айлчлалын бүрэлдэхүүнд явсан хүмүүсээр дамжиж гуравдугаар сарын 15-ны өглөөний МИАТ-ын онгоцоор ирсэн. Яг одоо ГХЯ дээр байгаа мэдээллийг би саяхан авсан. Асуудлын гол нь хэндээ биш үр дүн болоод Монголд ирсэн нь чухал.

-Та тус баримтын гүйлгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юм уу?

-Гүйлгээний нарийн мэдээлэл нь мөрдөн байцаах ажиллагааны нууц учраас мэдээлэл өгөх эрхгүй.

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин