• Эхлэл
  • Ноён уул:Шийдэлгүй шийдвэрүүд

Ноён уул:Шийдэлгүй шийдвэрүүд

2019/03/21

Өнгөрөгч баасан гарагт буюу 15-ны өдөр “Ноён уулаа аврах хөдөлгөөн”-ий нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцлээ. Тэгээд “Сентерра гоулд Монголия” ХХК-ын эзэмшилд байсан “372А, 431А, 5082А, 10810А” тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах” шийдвэрийг гаргалаа.

Сошиал орчин дахь мэдээллийг харвал “Одоо Ноён уулын хувь заяаг Засгийн Газар буюу У.Хүрэлсүх мэднэ, У.Хүрэлсүх, Д.Сумъяабазар хоёр арай ч давж заалдахгүй гэж итгэж байна, одоо л харъя”, “Ноён уулын төлөө босоо тэмцэгчдэдээ баяр хүргэе, Сентерра гоулд компанийн ашиглалтын дөрвөн лицензийг хүчингүй болголоо” гэсэн нэхэмжлэгч талынхан буюу Босоо хөх монгол, Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга тэргүүтэй хүмүүсийн баяр хөөр болсон постууд хөвөрч харагдана. Харин нөгөө “Сентерра гоулд Монголия” ХХК-ийн зүгээс мэдээлэл алга.

Ноён уулын гэсэн тодотголтой 59 дэх удаагийн шүүх хурлын дараах уур амьсгал нэг иймэрхүү. Шүүх хурал 59 удаа болох явцад Засгийн Газар хэдэнтээ солигдож, уул уурхайн салбар ч төчнөөн удаа савласан. Асуудлыг энгийнээр харвал Монгол Улс ашигт малтмалын орд газраа эдийн засгийн эргэлтэд оруулж мөнгө олохыг хүссэн, харин гадныхан хөрөнгө оруулж ашигтай ажиллахыг, Монгол Улсад өгөхийг нь өгөөд, өөрсдөө ч ашиг олохоор ирсэн хэрэг л дээ. Ингээд Монгол Улсын Засгийн Газар шийдвэр гаргаад хөдлөх, хөдөлгөх дээрээ очтол ард иргэд буюу тодорхой бүлэг хүмүүсийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарав. Тэр хүмүүс “Ноён уулаа аврах хөдөлгөөн” болж нэгдсэн.

Жирийн иргэд Ноён уулыг тойрсон асуудлыг ойлгохгүй, “Монголын түүх соёлыг гадныхан устгах нь, алтыг нь авч өвөг дээдсийг минь тайван байлгахгүй нь” гэхээс өөр ойлголтгүй байгаа учраас энэ уул, алт, ордын тухай асуудлыг багахан сөхөж харъя.

“Бороо гоулд” ХХК ба “Сентерра гоулд монголия” ХХК нь Канадад байрладаг, Торонтогийн хөрөнгийн биржэд бүртгэлтэй “Сентерра Gоулд Inc” компанийн Монголд дахь охин компаниуд юм. Бороо гоулд ХХК, Cентеррагоулд Монголиа Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт 2004-2018 онд алтны олборлолтын үйл ажиллагаа явуулсан. Ид ажиллаж байх үедээ “Сентерра гоулд Монголиа” ХХК-ийн санхүү, захиргаа хариуцсан дэд ерөнхийлөгч Даг Кран “...Монгол Улсын Засгийн газартай “Сентерра гоулд” компанийн байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээг тухайн үеийн хууль тогтоомжийн дагуу хийсэн”

“...Гацууртын үндсэн ордын нөөц нь Бороотой ойролцоо. ...Гацууртын үндсэн ордыг ашиглах зөвшөөрлийг бид хэнээс юу ч худалдаж аваагүй. Гацууртын амны шороон ордыг манай геологичид өөрсдөө нээсэн. Тодруулж хэлбэл, 1997-2006 онд хэрэгжүүлсэн хайгуулын төслийн үр дүн бол Гацууртын үндсэн орд”.

“...Гацуурт төслийг “Сентерра гоулд Монголия”ХХК дангаараа хэрэгжүүлнэ. Хөрөнгө оруулагч солигдохгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна”

“...ТЭЗҮ-ээр Гацууртын уурхайгаас ойролцоогоор 32,8 тонн алт олборлоно.

“...Сентерра гоулд” компани булш бүхий газруудын ач холбогдлыг маш сайн ойлгодог. Тиймээс олборлолтын явцад ийм газар хөндөгдөхгүй. Гацууртын орчимд Ноён уулын хэд хэдэн ам бий боловч нэг нь л манай тусгай зөвшөөрөл бүхий талбайн ойролцоо байдаг. Ноён уулын булш уурхайн ашиглалтын талбайгаас долоон км зайтай. Гацуурт үндсэн ордын тухайд олборлолт явуулахаар төлөвлөж Мандал сумын байгаль орчны албанд 760 сая төгрөгийн нөхөн төлбөр төлсөн” хэмээн ярилцлага өгч байлаа.

2016 онд Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарын толгойлсон Засгийн газрууд, Монгол Улс эдийн засгийн хямралыг хохирол багатай давж гарахын тулд алтыг эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой гэж тодорхойлж, 2016 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Ноён уул”-ыг тусгай хамгаалалтад авах, тус ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай төслийг хэлэлцээд гишүүдийн 71 хувийн саналаар дэмжигдсэнээр Гацууртын орд эдийн засгийн эргэлтэд орохоор болсон юм.

Тухайн үед Уул уурхайн сайд асан Р.Жигжид “УИХ чухал шийдвэр гаргалаа. УИХ-ын тогтоол хоёр заалттай. Нэгдүгээрт: Монгол Улсын төр тус ордын 34 хувийг эзэмших, Хоёрдугаарт: Төслийг хэрэгжүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэхийг Засгийн газарт даалгасан. Бидний зорилго бол Оюутолгой, Гацуурт, Цагаан суварга зэрэг том ордыг стратегийн эргэлтэд оруулах.

Гацууртын ордын нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 215.9 сая ам.доллар бол борлуулалтын орлого нь 1.8 тэрбум ам.доллар, татвар хураамж төлбөр хэлбэрээр Засгийн газарт 438.8, сая ам.доллар төлөгдөнө. Цэвэр ашиг нь 90.6 сая ам.доллар гэсэн тооцоо бий. Засгийн газарт ногдох мөнгөн урсгалын нийт хэмжээ 432.3 сая эм.доллар буюу нийт мөнгөн урсгалын 68.2 хувь нь манайд ногдоно гэсэн эдийн засгийн үндэслэлтэй тооцоо гарсан” хэмээн сэтгүүлчдэд мэдээлж байлаа.

Гэвч энэ асуудал цааш явсангүй, “Сентерра гоулд” компани Монголыг орхиж гарснаа 2018 оны аравдугаар сарын 12-ны өдөр зарласан. “Сентерра гоулд” компани Монголд Бороогийн уурхай, Гацууртын орд, Дорнод аймгийн Алтан цагаан овоо зэрэг хайгуулын талбайг эзэмшдэг бөгөөд Бороо гоулд уурхайн баяжуулах үйлдвэр, Гацуурт алтны төсөл зэргийг 35 сая доллараар Сингапурт бүртгэлтэй “ОZD ASIA” гэх хувийн компанид заржээ. Монголын стратегийн ордыг худалдан авсан “OZD ASIA” гэх компани гурван захиралтай бөгөөд Монголын талын захирал Эрдэнэбаатарын Дөлгөөн гэдэг нь хэвлэлээр нээлттэй болсон.

За ингээд нэг компани Монголоос зугтаж, бас нэг эзэмшигч тодорсон ч энэ төсөл хөдлөөгүй.

“Гацуурт”-ын ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулах тогтоолыг УИХ 2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр гаргасан. Харин Засгийн газрын эзэмших хувь хэмжээ 34 хувь байх тогтоол дараа жилийнх нь хоёрдугаар сарын 4-ний өдөр УИХ-аар батлагдаж байв. Улмаар Ерөнхий сайдын захирамжуудаар байгуулагдсан Ажлын хэсэг ордыг эзэмших, Орд ашиглах гэрээ болон Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах талаар “Сентеррагоулд Монголиа” ХХК-тай хэлэлцээр хийж байсан ч зогссон билээ.

1997-2006 оны хооронд Гацууртын ордын хайгуулд 50 орчим орчим сая ам.доллар зарцуулсан гэж “Сентеррагоулд Монголиа” ХХК-ийн зүгээс мэдэгддэг. Гацууртын орд бол өндөр алтны агуулга бүхий хүдэртэй, нөөцийн хэмжээ 70 тонн, цаашид өсөх боломжтой гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Товчхоноор, Ноён уулын гэх хэргийн эргэн тойрон, эзэмшигч, төрөөс баримталж буй бодлого бол ийм юм. Одоо харин эргээд шүүхийн шийдвэр рүүгээ очъё.

Шүүх “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн эзэмшилд байсан “372А, 431А, 5082А, 10810А” тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах” шийдвэрийг гаргажээ. Яг тэр өдөр “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлын үеэр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Монгол 1960-аад оны дүнд үеэс 1980 оныг хүртэл төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай улс байсан. Энэ үед бүх хайгуулыг улсын төсвөөр гүйцэтгэжээ. 1997 онд М.Энхсайхан Ерөнхий сайд байхад Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн найруулсан. Үүнээс хойш ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг замбараагүй олгох болсон юм. Би сайд болоод иймэрхүү замбараагүй ажлуудыг эмхлэх гэсээр ихэнх цагаа зарцуулж байна. Чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэний дараа тусгай зөвшөөрлийг ААН-үүдэд чөлөөтэй буюу хэн хамгийн түрүүнд өргөдлөө өгсөнд нь олгодог болсон. Гэхдээ улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн талбайд өөрийн хөрөнгөөр нэмэлт хайгуул хийсэн ААН байхыг үгүйсгэхгүй. Бид хуулийн зөвлөхүүдтэй хамтран зөв шийдэл гаргана. Түүнээс бүх тусгай зөвшөөрлийг хурааж болохгүй” хэмээв. Түүний хэлсэн үгс дээрх шүүхийн шийдвэртэй шууд холбоогүй боловч “Улсын төсвөөр хайгуулын ажил хийгдсэн ордууд, тэр талбайд өөрийн хөрөнгөөр нэмэлт хайгуул хийсэн ААН байхыг үгүйсгэхгүй, бүх тусгай зөвшөөрлийг хурааж болохгүй” гэх мэт анхаарал татахуйц асуудал байна.

За ингээд анхан шатны шүүхийн шийдвэр, Ноён уул, Гацууртын ордын асуудал юу болохыг таашгүй хэвээр үлдлээ. Тэгээд Улс шийдвэрээ гаргаад хөдөлсөн бол хаана хүрдгийг харлаа гэх хэцүү, хараагүй гэхэд төвөгтэй байдал үүсэв. “Поп”-ууд товойдог нийгмийн царайг энэ асуудал дахин дахин харуулах шиг...

Бид нүүгээд явчхаж, хилээ хаагаад хэвтчихэж чадахгүй. Хөдлөхсөн, хөгжихсөн, мөнгөжих юмсан даа.

ЭХ СУРВАЛЖ:"АРДЧИЛАЛ ТАЙМС" ҮНДЭСНИЙ ӨДӨР ТУТМЫН СОНИН. Г.Пүрэвсүрэн

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин