Наурыз - нарны баяр

2019/03/22

2009 онд Наурызыг ЮНЕСКО хүн төрөлхтний соёлын биет бус өв хэмээн хүлээн авч, бүртгэн авсан. 2010 оны НҮБ-ын Ерөнхий чуулганаар “Наурызыг Олон улсын өдөр” хэмээн тунхаглаж тогтоол гаргаж байсан түүхтэй.

Наурызын өглөө ургах нарнаар эрэгтэйчүүд гартаа хүрз, жоотуу авч гол горхи, булгийн эхийг нээж, мод, цэцэг суулгаж, эмэгтэйчүүд сүү цагаа, идээ ундааныхаа дээжийг барьж нар мандахад мэндчилдэг байж. Дараа нь “Газар эх минь ивээлээ хайрла” гэж нээсэн худгийн нүхэнд тос асгаж, шинэ тарьсан модонд сүүгээ цацдаг ёс байсан аж.

Наурыз бол хаврын “төрсөн өдөр” гэсэн үг. Казахын ард түмэн Наурыз тохиож буй энэ өдрийг “Улыстын Улы Күны” гэж нэрлэдэг. Энэ нь нийтээрээ хүндэтгэх тэнгэрийн ивээлт өдөр буюу “Зон олны алдарт өдөр” гэсэн утгыг илэрхийлдэг ажээ. Нар дэлхийн бөмбөрцгийн дорно зүгээс өглөө зургаан цагт мандах үе нь дундад Азийн улс орнуудын хувьд шөнийн гурван цагтай давхацдаг. Иймээс эдгээр ард түмэн Наурызыг гуравдугаар сарын 21-22-нд шилжих шөнийн гурван цагийн үед угтаж ирсэн уламжлалтай.

Ард түмний дунд тархсан домгоор бол гуравдугаар сарын 21-ний шөнө ивээлт өвөө Кызыр даян дэлхийг хэсдэг гэнэ. Иймд энэ шөнийг “Кызырын шөнө” гэж нэрлэдэг аж. Кызыр гэдэг нь хүмүүст эд баялаг, аз жаргал, баяр баясгалан хайрладаг, өндөр настай өвгөн буурал ажээ. Өөрөөр хэлбэл, нарны гэгээгээр илэрдэг аз жаргалыг элчийг “Кызыр” гэж ойлгож болно.

Наурызын нэг онцлог нь эхний өдрийг угтахаас эхэлдэг. Казахууд үндэсний хувцсаа өмсч хоорондоо золгож бие биедээ баяр хүргэж мэндчилэн, шинэ ондоо эрүүл энх, аз жаргалтай байж, амжилт бүтээл арвин байхын ерөөлийг дэвшүүлдэг. Эрчүүд хоёр гараараа барилцан цээжээ хүргэж мэндэлж золгодог. Эмэгтэйчүүд тэврэлдэнэ. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс цээжээ зөрүүлж мэндэлнэ. Хоёр гараараа барилцан цээж мөргүүлнэ гэдэг нь амьдралын тулгуур эрхтэн цээж минь, амьдрах эх булаг болсон хоёр гар минь эсэн мэнд байг гэдгийг илэрхийлнэ.

Үүний дараа Наурызын баярт зориулж чанасан толгойг настай буюу цугларагсдын ахмад нь эхэлж зүсэх учиртай. Хонины толгойн эрүүний хуйхнаас зүсч эхлээд гэрийн эзэнд, дараа нь насны эрэмбээр нь бусад хүмүүст амсуулна. Баярын хамгийн гол хоол бол “Наурыз-көже”. Энэ нь “Наурыз-шөл” гэсэн үг. “Наурыз-шөл” нь амьдралын долоон элементийг илтгэдэг долоон төрлийн бүтэц ус, мах, давс, өөх, гурил, будаа /цагаан будаа, улаан будаа, шар будаа/, сүү юм. Эдгээр нь баяр баясгалантай, азтай, цэцэн, эрүүл, элбэг дэлбэг, хурдан шаламгай, өсч үрждэг, бурхнаас өршөөлтэй байх зэргийг илтгэдэг. Казахын ёсонд Наурызаар будаатай шөл хийдэг. Үр удам нь олон байхыг бэлэгшээсэн хэрэг юм.

Казахууд Наурызыг тэмдэглэхэд 7 гэсэн тоог бэлгэшээдэг. Учир нь энэ бол долоо хоногийн нийт гаргийн тоо юм. Үүгээр гараг бүхнийг ижилхэн сайн хүмүүст ивээлтэй хэмээн үзэж, хүндэтгэл үзүүлж буй.

Наурызын заншил ёсоор алс хол газар яваа болон настай буурлуудад идээнээс хувь хүртээж хадгалах уламжлалтай. Хүндэтгэлийн энэ өдөр спиртийн төрлийн ямар нэгэн ундаа уухыг хатуу цээрлэдэг ажээ.

ЭХ СУРВАЛЖ:"АРДЧИЛАЛ ТАЙМС" ҮНДЭСНИЙ ӨДӨР ТУТМЫН СОНИН


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин