• Эхлэл
  • “Baby face” буюу У.Хүрэлсүхийн танхимд Л.Оюун-Эрдэнэ сайдын чиг үүрэг

“Baby face” буюу У.Хүрэлсүхийн танхимд Л.Оюун-Эрдэнэ сайдын чиг үүрэг

2019/03/25

Өнгөрсөн пүрэв гаригт Засгийн газрын хуралдаан үргэлжилж байх зуурт Хууль зүйн сайд Ц.Нямдорж дундуур нь үсэрч гарч ирээд нэг мэдэгдэл хийсэн. “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн өмчид авлаа гэж. Уг нь бол Засгийн газрын энэ шийдвэр түүний “сэдэв” биш л дээ. Л.Оюун-Эрдэнэ сайд энэ сэдвийг анх “тоглолтод” оруулсан учраас угтаа түүний “өмч” юм. Тэгээд Ц.Нямдорж сайд “бөмбөг”-ийг өөрийнхөө хаалганд оруулахын тулд “Тэгж яривал Эрдэнэтээс баривчилж авчирсан С.Зоригийн хэргийн яллагдагчид чинь зохиомол хэрэг хүлээсэн байна. Би эмнэлэгт хэвтүүлж байгаад тэр чигээр нь суллана” гэж дэмийрэв. Энэ хэргийг шийдсэн цагдаа, тагнуул, прокурор, шүүгч нарт бүгдэд нь хариуцлага тооцуулах юм байх.

Тэгээд Монгол Улсад хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, яллах, шүүх бүх ажиллагааг Ц.Нямдорж гэдэг хүн ганцаараа хийх юм байх. Тэр мэдэгдлийнхээ араас ҮАБЗ-ийг хуралдуулна гэнэ. Уг нь энэ хэрэгт хяналт тавьсан прокурор “Хэргийн захиалагч ер нь илэрчихсэн. Шалгалтын ажил үргэлжилж байгаа” гэсэн юм. Одоо харин гүйцэтгэгч нар “зохиомол хэрэг хүлээсэн” гээд гөрдчихөөр хэргийн захиалагчийг илрүүлэх асуудал бүрмөсөн хаагдаж байгаа юм байна гэж ойлголоо.

Харин “бөмбөгөө” алдсан Л.Оюун-Эрдэнэ сайд Засгийн газрын хуралдааны дараа сэтгүүлчдэд ээрэгдэхдээ баахан эргүү балай юм ярив. "Засгийн газар УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлж байгаа учраас хэлцэл хийгдэнэ. Гэхдээ одоогоор 49 хувийг авсан санхүүгийн эх үүсвэрийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй байгаа учраас хэлцэл явуулах боломжгүй байна. Шалтгалтын ажил дууссаны дараа хэлцэл хийнэ. Хуулийн байгууллага дан нэг талд ажиллаж байгаа нь тодорхой болсон. ЖДҮ-гээс зээл авч болохгүй гэсэн хууль байхгүй учраас гишүүдтэй хариуцлага тооцох боломжгүй байна. Одоо бид зарим асуудал дээр цэг тавиад маргаашаа харж ажиллах шаардлагатай болсон байна. УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд төсвийн мөнгөөр санхүүждэг төрийн сангуудаас зээл авч болохгүй гээд хуулиндаа оруулах хэрэгтэй байна. Хууль нь байгаа ч гэсэн хариуцлагыг нь бичээгүй байна" гэх мэтчилэн...

Уг нь бол Сонирхлын зөрчлийн тухай (Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай) хуульд дээрх нөхдийг "Төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч аж ахуйн нэгжийн хувь, хөрөнгө эзэмшигч, хамтрагч, эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа хувиараа аж ахуй эрхлэгч байж болохгүй" гээд хориглочихсон. Хариуцлага хүлээх, хүлээхгүй нь хамаагүй. УИХ-ын гишүүд хууль зөрчиж зээл авсан байна гэдгийг зайлшгүй ярих ёстой. Хариуцлага хүлээлгэх, хүлээлгэхгүй нь бол дараачийн асуудал юм байгаа биз.

Гэтэл мань хүн хууль нь байсаар атал л "хууль байхгүй ээ" гээд улайхгүй ярина. Бүр юу хамаагүй, юу ч бодохгүй ярина. Нэг тийм хүүхдэрхүү гэнэн царай гаргаад, хэлээ хазаад ярихаар нь хүмүүс хууртдаг шиг байгаа юм. Өнгөрсөн зуунд Америкийн нийгмийг тэр чигээр нь нэрвэсэн сүлжээний хамгийн том луйварт “baby face” буюу хүүхдэрхүү төрхийг ашигласан (хүмүүс шууд итгэдэг учраас) байдаг юм гэнэ лээ. Л.Оюун-Эрдэнэ бол манайдаа шилдэг дүр төрх юм байна л даа. Хүүхэн шууханд бол цээж мээжээ харуулаад болчихдог биз.

Ингээд Л.Оюун-Эрдэнэ сайд “Эрдэнэ”-ийн 49 хувийг төрд авахдаа УИХ-ын тогтоолд заасан хэлцлийг (талууд бараа, үйлчилгээ солилцох эсвэл түүнтэй холбоотой саналаа нэгтгэх, зөвшилцөх үйл ажилгааг хэлцэл гэнэ) хийгээгүй нь хууль зөрчсөн байна гэж шийдвэрлэсэн шүүгчдэд хариуцлага тооцуулахаар Ерөнхийлөгч Х.Баттулгад алтан хошуу өргөсөн гэнэ. АТГ, ШЕЗ, Шүүгчдийн ёс зүйн хороонд ч давхар хандаж байгаа юм байх. Одоо Ерөнхийлөгч нь хоёр шүүгчийг дуудаад ажлаас нь чөлөөлчихвөл бүгд “тогоондоо” орчих гээд байна.

Ер нь бол үүнээс хойш Монголд хууль гэдэг юм байхгүй гэдгийг өнгөрсөн өдрүүд бэлээхэн харууллаа. Бүх зүйл Х.Баттулгатан, У.Хүрэлсүхтэн, Ц.Нямдоржтон, Л.Оюун-Эрдэнэчуудийн хэлсэн үг, үзэгний үзүүрээр шийдэгдэх юм шиг байна.

Нөгөө ЖДҮ зээлийн асуудал анх гарч ирэхэд “Уучлаарай” гээд нусаа татаад явсан гишүүд нь хүртэл сүүлээ сэрвээн дээрээ тавьчихсан “Залуучууд минь зээл авахаас битгий ай” хэмээн даапаалж байна. Хэрвээ залууст жилийн 3 хувийн хүүтэй зээлийг таван жилийн дараа төлж эхлэх нөхцөлтэйгээр олгодогсон бол хэн, юу боллоо гэж зээл авахаас айх билээ. О.Батнасан (өмнө нь ийм нэртэй УИХ-ын гишүүн байдгийг хэн ч мэддэггүй байлаа) гэж бас нэг тагтааны тархитай нөхөр “Трамп хүртэл зээл авдаг юм. Би яагаад авч болдоггүй юм” гэж элийрсэн байна. Элийрсэндээ ч биш, элэг барьж л байгаа юм шүү дээ.

Иймхэн зүйл дээр элэгдүүлчихээд бас уур уурхай, орд морд ярихаар нь итгээд, баясаад байгаа нөхдийг харахаар өрөвдөх ч шиг...

ЭХ СУРВАЛЖ:INEWS.MN

Б.ЗАЯА


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин