• Эхлэл
  • АТГ:Олны анхаарал татсан хэргүүдийн талаар тайлбар өглөө

АТГ:Олны анхаарал татсан хэргүүдийн талаар тайлбар өглөө

2019/03/25

Авлигатай тэмцэх газраас сар бүрийн 25-ны өдөр хэвлэлийн бага хурал хийдэг уламжлал ёсоор гуравдугаар сард хийж гүйцэтгэсэн ажлынхаа тайланг танилцуулж, мэдээлэл хийлээ. Мөн энэ үеэр олны анхаарал татсан хэргүүдийн талаар тайлбар өглөө. 

Хэвлэлийн бага хуралд АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар нарын холбогдох албан тушаалтнууд оролцов. Ингээд мэдээллийг багцлан хүргэж байна. 

Үүнд:

ЖДҮХС-гаас зээл авсан улс төрд нөлөөлөл бүхий 60 орчим албан тушаалтан шалгагдаж байгаагаас УИХ-ын таван гишүүн гэм буруутай нь тогтоогдсон учир Эрүүгийн хэрэг үүсгэсэн. Эрх мэдлээ урвуулан ашигласан УИХ-ын таван гишүүнийг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татан, шалгаж байна. Хэргийг шалгаж, прокурорт шилжүүлэх дөхөж байна.

-Монголбанкны захирал асан Н.Золжаргалтай холбоотойгоор гурван багц асуудлыг шалгаж байна. Үүнд,  хүү багатай зээл олгосон, Австри улс руу их хэмжээний мөнгө шилжүүлж, орон сууц худалдан авсан зэрэг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Арилжааны банкинд тогтоосон хэмжээнээс  бага хүүтэй зээл олгосон байгаа учраас эргэж хянаж үзээч ээ гэдэг мөрдөгчийн мэдүүлэг Монголбанкинд хүргэсэн.

Австри улс руу санхүүгийн хамтарсан мөрдөн шалгах ажиллагаа явуулах даалгавар хүсэлтээ өгөөд, тодорхой нотлох баримтууд ирсэн. Хоёрдугаар улиралд багтаагаад хэргийн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

-С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг гурван шатны шүүхээр шийдвэрлэсэн. Энэ хэргийг шүүсэнтэй холбоотой олон төрлийн баримтыг бүрдүүлж авсан. Хэргийг шүүх явцад  зарим нэг хүмүүсийг эрүүдэн шүүсэн, гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомж зөрчсөн гэсэн мэдээлэл ирсэн. Нотлох баримтууд олдсон, үнэлэх, бэхжүүлэх ажил хийгдэж байна. Нууцад хамаарах асуудал учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Дөрвөн хүн цагдан хорьсон асуудал яригдаж байгаа. Ажлын хэсэгт орсон хүмүүсийг 15 хоногийн хугацаатай саатуулсан, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.

-Шүүгч Л.Бямбаагийн амиа алдсан хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Энэ хэрэгтэй холбоотой нэлээд олон асуудлыг шалгаж байна. Амиа алдсан тухай шүүхийн шинжилгээний дүгнэлт хэрхэн гарсныг цагдаагийн байгууллага шалгаж байна.

-С.Баярцогтын дансны хуулгатай холбоотой асуудлаар Швейцарь улсын мөрдөн шалгах байгууллагатай хамтарсан мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Энэ тухай материал УЕПГ-т хянагдаад, хоёр хоногийн өмнө АТГ-т хүргэгдсэн. Австри улс руу санхүүгийн хамтарсан мөрдөн шалгах ажиллагаа явуулах даалгавар хүсэлтээ өгөөд, тодорхой нотлох баримтууд ирсэн. Хоёрдугаар улиралд багтаагаад хэргийн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

-Д.Дорлигжавтай холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Хэргийн мөрдөн шалгалтын үр дүнгээсээ хамаараад хэргийн явц байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх байх гэлээ. 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин