• Эхлэл
  • Туул голын ай сав сэхээнд орчихоод байна

Туул голын ай сав сэхээнд орчихоод байна

2019/03/26

Туул голын сав газрын төлөв байдлын Үнэлгээний картыг Туул голын сав газрын захиргаа, усны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн Үндэсний зөвлөх баг, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, АНУ-ын Мэриландын Их сургуулийн Хүрээлэн буй орчны судалгааны төв хамтран боловсруулж албан ёсоор танилцууллаа. Уг судалгааны үр дүнг Долгорсүрэн бодлого боловсруулагчидад танилцууллаа.

Тэрээр Голын эхээс адаг хүртэл нэгтгэн авч үзэж үнэлэх боломжгүй. Яагаад гэхээр нийгэм эдийн засгийн байдал, газар зүйн байрлал, эко системийн байрлал, ус ашиглалтын байдал нь харилцан адилгүй учраас Туул голын сав газрыг зургаан хэсэгт хувааж энэхүү үнэлгээг хийсэн. Энэ төслөөр зөвхөн усны нөөц чанар, хомсдолыг авч үзэхээс гадна Туул голын сав газрыг бүхэлд нь авч үзсэн. Тэнд засаглал ба менежмент, эрүүл мэнд, ландшаф буюу экосистем, нийгэм эдийн засаг, усны нөөц чанар гэсэн таван үндсэн асуудлын хүрээнд сонгож авсан 15 шалгуур үзүүлэлтийн үнэлгээг нэгтгэж картын систем буюу үнэлгээний 0-100 оноогоор үнэлгээ өгч, түүнд харгалзах үсэг (A,B,C,D,F)-ээр үнэлгээ өгч оноо болон үнэлгээнд зохицсон өөр өөр өнгөөр ялгаж харуулах энгийн хялбар үнэлгээний аргыг сонгосон. Ингээд хэсэг тус бүр ямар үнэлгээ авсаныг танилцуулья.

Эхний хэсэг бол Туул голын урсац бүрдэх эх, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар нутгийг хамарсан хэсэг. Энэ хэсэг Туул голын сав газрын 8.9 хувийг эзэлнэ. Тус хэсэг сөрөг нөлөөлөлд харьцангуй бага өртсөн. Энэ хэсгийн ерөнхий төлөв 69 оноогоор сайн буюу B гэсэн үнэлгээтэй гарсан. Тухайлбал энэ хэсгийн усны нөөц, чанарын хувьд 98 оноо авч нэмэх A үнэлгээтэй байгаа бол, эрүүл мэнд гэсэн хэсэгт хамаарч байгаа хүн амын ус хангамжийн хүртээмж, ариун цэврийн байгууламжийн хүртээмж, агаарын бохирдол гэсэн энэ шалгуур үзүүлэлтүүд маш муу буюу F үнэлгээтэй гарч улаан гэрэл асаасан байна. Яагаад гэвэл тэнд амьдарч байгаа 2000 гаруй хүмүүсийн ундны усны эх үүсвэр нь шаардлага хангасан ундны усны эх үүсвэрт хамаарахгүй байна. Ариун цэврийн байгууламжийн хувьд бүгд нүхэн жорлон ашигладаг. Тэр дундаа хээрийн нөхцөл буюу задгай гэсэн ангилалд хамрагдаж байгаа учраас F үнэлгээ аваад байна. Энэ бол зайлшгүй авч үзэх ёстой асуудал. Яагаад гэхээр Туул голын сав газрын эхэнд амьдарч байгаа хүн ус хангамж, ариун цэврийн байгууламжийн хувьд ийм нөхцөл байдалд байх учиргүй. Мөн гадаргын усны хяналт, шинжилгээ болон сав газрын сав газрын усны нөөцийн нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтэд анхаарах хэрэгтэй гэсэн шар гэрэл асаж C үнэлгээ авсан. Харин бусад үзүүлэлтүүд ногоон гэрэл асааж B үнэлгээ авсан.

Хоёрдугаар хэсэгт нийслэл Улаанбаатар хот болон Төв аймгийн Зуун мод, Сэргэлэн сумын нутаг дэвсгэрийн зарим хэсэг багтаж байгаа юм. Туул голын 93 километр хэсэг хамрагдаж байгаа хамгийн ихээр эко системийн, экологийн дарамтад өртсөн, хамгийн их хохирол амсаж байгаа хэсэг юм. Улаанбаатар хотынхны хувьд хамгийн тулгамдсан асуудлын нэг агаарын бохирдол “Их бохирдолтой” буюу “F” үнэлгээтэй, гадаргын усны чанар, хөдөө аж ахуйн бус доройтсон газар, нэг хүнд ногдох сарын дундаж хэрэглээ, усны нөөцийг хамгаалахад зарцуулсан хөрөнгө зэрэг шалгуур үзүүлэлтүүд муу буюу “D” үнэлгээтэй байна. Мөн газрын доорх усны нөөцийн ашиглалт хамгийн их буюу нийт ашиглах боломжит нөөцийн 44.7 хувийг ашигласан, байгаа бөгөөд “Дунд зэрэг” буюу C үнэлгээ авсан. Бид газрын доорх усаа их хэрэглэх тусам Туул гол тасарч, усгүй болох юм. Энэ хэсгийн ихэнх шалгуур үзүүлэлтүүд улаан гэрэл асааж байгаа нь энэ хэсэгт урсаж байгаа Туул голын биеийн байдал тун тааруухан байна. харин Улаанбаатар, Зуун мод хотын төв хэсэг төвлөрсөн ус хангамжийн сүлжээнд холбогдсон учраас хүн амын ус хангамжийн шалгуур “Маш сайн” буюу А үнэлгээтэй гарсан. Энэ хэсгийн ерөнхий төлөв байдлыг үнэлэхэд 44 оноо авч -C гэсэн дүн авсан.

Гуравдугаар хэсэгт Улаанбаатар хотоос доош орших Төв аймгийн Алтанбулаг, Баян-Өнжүүл, Өндөрширээт, Лүн сумдын нутаг дэвсгэр хамаарах бөгөөд Туул голын 283 километр урт хэсэг хамаарагдана. Туул голын сав газрын 31.5 хувь орших энэ хэсгийн онцлог бол Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааны доголдлоос үүдэн Туул гол хамгийн их бохирдсон хэсэг юм. Гадаргын усны чанар нь цэвэрлэх байгууламжийн бохир ус Туул голд нийлсний дараах үнэлгээ нь 12 оноотой F дүнтэй улаан гэрэл асаасан байна. Энд гадаргын усны чанар “маш их бохирдолтой”, хүн амын ус хангамж, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийн үнэлгээ мөн ялгаагүй F үнэлгээтэй байна. газрын доорх усны чанар, гадаргын усны хяналт шалгуур үзүүлэлт муу буюу D үнэлгээтэй, сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт дунд зэрэг буюу C үнэлгээтэй, ус зүйн төлөв, хөдөө аж ахуйн бус доройтсон газар “сайн” буюу B үнэлгээтэй байгаа бол бусад үзүүлэлтууд “маш сайн” буюу А үнэлгээ авч тус хэсгийн ерөнхий төлөв байдал дунд зэрэг буюу C үнэлгээтэй байна.

Дөрөвдүгээр хэсэг бол анхаарал татахаас өөр аргаүй хэсэг байсан. Энэ хэсэг сав газрын нутаг дэвсгэрийн 11.3 хувийг эзлэх тус хэсэгт уул уурхайн үйл ажиллагаа идэвхитэй явагдаж байгаа нь 39 оноотой D үнэлгээ авч сав газрын хэмжээнд хамгийн бага оноотой, хамгийн муу хэсгээр шалгарсан. Яагаад гэхээр Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай суман дахь алтны одны олборолт явуулдаг энэ хэсэг хамгийн их экологийн доройтолд өрсөн. Усны нөөцийг хамгаалахад зарцуулсан хөрөнгө, ус ашигласны төлбөрийг уул уурхайн компаниуд төлдөг боловч эргүүлээд усны нөөцийг нэмэгдүүлэхэд харамсалтай нь ганцхан хувийн хөрөнгө зарцуулж байна. Хэдийгээр хуулиндаа Усын нөөцийг ашигласаны төлбөрийн 35-аас доошгүй төлбөрийг эргүүлэн усны нөөцийг нэмэгдүүлэхэд зарцуулах ёстой байдаг боловч энэ заалтын хэрэгжит хангалтгүй буюу бодит байдал дээр нэг хувийг нь л зарцуулж байгаа нь анхаарал татах асуудал мөн. 2018 оны байдлаар Туул голын хамгаалалтын бүсэд уул уурхай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 35 аж ахуйн нэгж, байгууллага алт олборлож байсан бөгөөд үүний улмаас Туул голын гольдрол, хамгаалалтын бүсийн голын гольдрол хамгаалалтын бүсийн газрын гадарга, хөрс, ургамал, бэлчээр ихээхэн хохирол өртөснээр Туул голын бохирдол ихсэх, сав газрын эко систем доройтох шалтгаан болж байна. Тухайлбал, гадаргын усны чанар, гадаргын усны хяналт шинжилгээний хүртээмж, сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн шалгуур үзүүлэлт муу буюу D үнэлгээтэй, хөдөө аж ахуйн доройтсон газар, усны нөөцийг хамгаалахад зарцуулсан хөрөнгө, хүн амын ус хангамж, ариун цэврийн байгууламжийн хүртээмж маш муу буюу F дүнтэй байна. Харин газар доорх усны чанар, ус зүйн төлөв, бэлчээрийн даацын шалгуур үзүүлэлтүүд сайн буюу B үнэлгээтэй байна.

Тавдугаар хэсэг бол Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Рашаант, Дашинчилэн, Гурванбулаг, Архангай аймгийн Хашаат сумдын нутаг дэвсгэрийг хамрах бөгөөд сав газрын 29.6 хувийг эзэлнэ. Энэ бүсэд хүн амын сууршил харьцангуй бага, дэд бүтэц төдийлөн хөгжөөгүй боловч бэлчээрийн мал аж ахуй зохилж байна. Энд малын тоо толгой өсч, бэлчээрийн даац хоёр дахин хэтэрсэнээс үүдэн бэлчээрийн даацын шалгуур үзүүлэлт, гадаргын усны хяналт шинжилгээний харуул байхгүй “Маш муу” буюу F гэсэн үзүүлэлттэй байна. Бэлчээрийн даац мөн улаан гэрэл асаасан байна. Сав газрын ундны усны хэрэгжилт муу буюу D, шаардлага хангасан ундны усны эх үүсвэр, сайжруулсан ариун цэврийн байгууламжаар хангагдсан хүн амын тоо цөөн учраас эдгээр шалгуур үзүүлэлтийн үнэлгээ муу буюу D байна. Харин гадаргын болон газрын доорх усны чанар, ус зүйн төлвийг илэрхийлэх сайн гарсан. Тус хэсгийн үнэлэгээний ерөнхий төлөв байдал дунд зэрэг буюу C үнэлгээтэй байна.

Зургадугаар хэсэг бол Булган аймгийн хэсэг сумдыг хамарсан хэсэг байгаа юм. Энэ хэсэгт хүн амын суурьшил бага, бэлчээрийн мал аж ахуй зохилсон хэсэг байсан. Тав болон зургаадугаар хэсгийн үнэлгээ төстэй гарсан. Яагаад гэхээр нийгэм, эдийн засаг, иргэдийн амьжиргааны хэв загвар, ахуй нөхцөл ижил төстэй улмаас үнэлгээ адилхан буюу C үнэлгээтэй гарсан. Нөгөө л ариун цэврийн байгууламж, гадаргын усны хяналт шинжилгээ байхгүй гэдгээр улаан гэрэл асааж, анхаарах жагсаатад орсон. Мөн малын тоо толгой өсөж, бэлчээрийн даац 1.2 дахин хэтэрсэнээс бэлчээрийн талхлалтын шалгуур үзүүлэлт маш муу буюу F үнэлгээтэй гарсан. Харин хүн амын ус хангамжийн хүртээмж, ус төлөв, хөдөө аж ахуйн бус доройтсон газар, нэг хүнд ногдох сарын дундаж хэрэглээг илэрхийлэх шалгуур үзүүүлэлтүүд дунд зэрэг буюу С үнэлгээтэй байгаа бол үлдсэн шалгуур үзүүлэлтүүд маш сайн буюу А үнэлгээ авсан байна.

Ингээд Туул голын сав газрын нийт үнэлгээ 49 оноогоор C гэсэн үнэлгээг авлаа. Энэ нь сав газрын төлөв байдал “Тааруухан” байна гэсэн үг юм. Тааруухан гэлтгүй хүндхэн байна ч гэж хэлж болно. Эмнэлэгт хэвтсэн хүнээр бодоход Туул голын ай сав “сэхээ”-нд орчихоод байна. Тиймээс цаашид Тогтвортой хөгжлийн зорилтууд, Улсын менежментийн төлөвлөгөө, Ус хөтөлбөр гэх мэт салбарынхаа тэргүүлэх бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангахад энэ үнэлгээний үр дүн суурь мэдээлэл болон ашиглах боломжтой юм. Цаашид Туул голын сав газрын төлөв байдлыг сайжруулж, экосистемийн тэнцвэрт байдлыг урт хугацаанд тогтвортой хадгалахын тулд олон ажил шат дараатай хийх хэрэгтэй байна. Тухайлбал, Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, цэвэрлэх байгууламжаас гарсан усыг эргүүлэн ашиглах замаар газрын доорх усны хэт ашиглалтыг бууруулах, Улаанбаатар хотын ус хангамжийг газрын доорх болон гадаргын усны нөөцийн хосолсон эх үүсвэрээр тогтвортой хангах, Усны тухай болон Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд усны сан бүхий газар усны эх үүсвэрийн онцгой боон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг чанд мөрдөх, хамгаалалтын бүсэх дэх газар олголт, ашиглалт, уул уурхайн үйл ажиллагааг хязгаарлах, тусгай зөвшөөрлийг цуцлах, эвдэрч доройтсон газар усны эх үүсвэрүүдийн экологийн хохирол нөхөн сэргээлтийн зардлыг тооцож дүрэм журмын дагуу холбогдох арга хэмжээг дэс дараатай авч хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Мөн Усны нөөцийн ашигласны төлбөрийн орлогоос усны нөөцийг хамгаалахад зарцуулах хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх, түүнд тавих хяналтыг сайжруулах, ус хөрсний бохирдлыг бууруулах ажлын хүрээнд арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргах, дэд бүтцийг шийдэх, гэр хорооллын айл өрхүүдэд стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламж, био жорлонг ашиглахыг бодлогоор дэмжих гэх мэт олон ажил хийх шаардлагатай байна.

ЭХ СУРВАЛЖ:"АРДЧИЛАЛ ТАЙМС" ҮНДЭСНИЙ ӨДӨР ТУТМЫН СОНИН


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин