Эмгэнэл

2019/03/26

Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тэшүүрийн дасгалжуулагч Давагдоржийн Энхбаяр  2019 оны гуравдугаар  сарын 25-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсч, эцэг эх, ах дүү, үр хүүхэд төрөл төрөгсөд бидэнд хүнд гарз тохиолоо.

Д.Энхбаяр  Хөвсгөл аймгийн Мөрөн хотод  СГЗ, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Ч.Давагдоржийн том хүү болон 1962 онд төрсөн. Биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй. Талийгаач 14 наснаас өнөөг хүртэл 40 жилийн турш  тэшүүрийн спортоор хичээллэж, тэшүүрт ажил, амьдралаа зориулсан шилдэг дасгалжуулагч байлаа. Тэшүүрийн  Олон улсын хэмжээний  мастер цолыг 1986 онд хүртэж байв. Д.Энхбаяр амьдралынхаа сүүлийн жилүүдэд  Монголын үндэсний шигшээ багт гүйлтийн тэшүүрийн ахлах дасгалжуулагч мөн Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороонд ахлах дасгалжуулагчаар ажиллаж байлаа.

Түүний удирдлага дор хичээллэж байсан Монгол Улсын шигшээ багийн тэшүүрчид Монгол Улсын нэрийг дэлхий дахинд өргөж, Монгол Улсын түүхэнд өвлийн спортын төрөлд Олимпийн анхны Алтан медалийг авчирч байсныг бахдан дурсаж байна. Тэрбээр тэшүүрийн спорт хөгжихөд үнэтэй хувь нэмрээ оруулж, Өсвөр үе, Залуучууд, Насанд хүрэгчдийн Монгол Улсын шинэ дээд амжилтыг 2008 оноос хойш жил бүр шинэчлэн тогтоож байлаа.  

 Д.Энхбаярын хөдөлмөр зүтгэлийг үнэлж, Төрийн дээд шагнал “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнаж байсан юм.

Талийгаачийн хөдөлмөрч, хичээнгүй, тууштай зарчимч, эгэл даруу, хүнлэг эрхэм нандин зан чанар, гэгээн дүр нь, сайн хүү, сайн эцэг, сайн ах, сайн хань байсан нь бидний сэтгэл зүрхэнд  үеийн үед мөнхрөн дурсагдах болно.

Ум мани бад ми хум.

 

 

                                Гэр бүл, үр хүүхдүүд нь  


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин