• Эхлэл
  • Б.Бямбасайхан: Өмчийн эрх чөлөөг дэмжихгүй юм бол хөрөнгө оруулагч нарт сайхан зүйл ярих шаардлагагүй

Б.Бямбасайхан: Өмчийн эрх чөлөөг дэмжихгүй юм бол хөрөнгө оруулагч нарт сайхан зүйл ярих шаардлагагүй

2019/03/27

Эдийн засагч Б.Бямбасайхантай ярилцлаа.

-Монголын эдийн засагт 1990 оноос хойш өнөөг хүртэл ямар үйл явц өрнөсөн бэ. Өөрөөр хэлбэл, манай улсын эдийн засагт ардчилал ямар гавьяаг, бас ямар гайг авчирсан гэж та хэлэх вэ?

-Хэдэн суурь тоо баримтыг юуны өмнө хэлье. 1990 онд Монгол Улс чөлөөт эдийн засагтай, ардчилсан нийгэм рүү шилжих үед эдийн засаг маань ямар байв, харин өнөөдөр 2019 оны байдлаар Дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ 12 тэрбум ам.доллар болж асар их тэлсэн байгааг харж болох байна. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 1990 онд ердөө 6100 төгрөг байсан бол 2018 онд 9,1 сая төгрөг болж өссөн байх жишээний. Ингээд хамгийн энгийн суурь эдийн засгийн үзүүлэлтүүдийг л харахад Монгол Улсын эдийн засаг 1990 оноос хойш маш их өргөжин тэлсэн.

Ардчилсан, чөлөөт зах зээлийн үр дүнгээр өнөөдөр Монгол Улс технологийн, тэр дундаа интернэт, үүрэн телефоны салбарт томоохон үсрэлт хийж чадсан. Үүнийг батлах статистик тоо баримт дурдъя л даа. 2019 оны нэгдүгээр сарын байдлаар Монгол Улсад давхардсан тоогоор нийт 4,085,000 гар утас ашиглагдаж байна. Үүнээс 2,450,000 нь ухаалаг гар утас байна. Монголын 21 аймгийн 230 гаран сумдад 3G болон 4G сүлжээ нэвтэрсэн. Монгол Улс дэлхийн бусад улстай харьцуулахад үнийн хувьд харьцангуй хямд мөн хурдтай интернэт хэрэглэж байна. Технологийн эрин үед энэ маш чухал үзүүлэлт.

Бид ардчиллаа улам бататгаж, үзэл баримтлалаа цаг үетэйгээ нийлүүлэн шинэчилж явах нь зүйтэй.

-Засгийн газрын явуулж байгаа бодлогыг та хэрхэн харж байна вэ. Ялангуяа өмчлөлийн асуудлаар явуулж байгаа бодлогод ямар дүгнэлт өгч байна вэ. Хувийн өмчийг хураах нь эдийн засагт ашигтай зүйл авчирна гэж үү?

-Өнөөгийн дэлхийд хөгжье, урагшилъя гэвэл нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Энэ нь дэлхийн бусад улс орнуудтай худалдааны таатай нөхцөлийг бий болгож, гадаадын хөрөнгө оруулалтыг татах. Үүнгүйгээр Монгол Улс эдийн засгаа цаашид өргөжүүлж, хөгжих бололцоо байхгүй. Дэлхий дээр байгаа 200 гаруй орон юуны төлөө өрсөлдөж байна вэ. Гадаадын хөрөнгө оруулалт татаж, мөнгө босгож, томоохон төслүүдийг бодит ажил хэрэг болгохын төлөө. Улс орнууд ингэхийн тулд Хөрөнгө Оруулалтын тухай хуулиа эргэн харж, хөрөнгө оруулагчдад ээлтэй, тогтвортой хууль баталж, Хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичгийг 10 болон түүнээс дээш жилийн нэгдсэн стратегитайгаар боловсруулж, өмчийн эрх чөлөөг тэргүүнд тавьж байна. Монгол Улс энэ тал дээр бусад улсаас хоцрохгүй, харин ч түрүүлж, урд нь явах хэрэгтэй. Ингэхийн тулд одоогийн Засгийн газрын авч хэрэгжүүлж буй бодлого дээр анхаарах, эргэн харах шаардлагатай зүйлс байгаа.

Засгийн газар өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон өмчийн эрх чөлөөг болон эдийн засгийн чөлөөг дэмжиж ажиллахгүй юм бол бид хэчнээн гадаадад, хөрөнгө оруулагч нарт сайхан зүйл яриад, хөдөлмөр гаргаад нэмэр байхгүй. Учир нь бид маш их цаг зав, хөдөлмөр гарган судалгаа, анализ хийн, төлөвлөгөө боловсруулж, хөрөнгө оруулагчидтай холбоо тогтоон, сайхан зүйл ярьдаг гэвч эх оронд нь ЗГ нь хувийн өмчийн эрх ашгийг хөндсөн бодлого, шийдвэрүүд гаргаад, болж байгаа зөв хуулиудаа өөрчлөх гээд байх юм бол энэ нь шууд утгаараа, хөрөнгө оруулагч нарт маш муу мессежийг өгч, бид тэнд хэчнээн гоё зүйл яриад нэмэргүй гэдгийг ойлгох хэрэгтэй юм.

-Монгол Улсын гадаад өр ДНБ-ий 220 хувьд хүрсэн гэж байна. Дэлхийн улс орнууд гадаад өрийн хэмжээг ДНБ-ийхээ 50 хувиас хэтрүүлэхгүй байх бодлого барьж байна. Бид энэ чигээрээ явбал ямар хувь тавиланд унах бол?

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар Засгийн газрын өрийн үлдэгдлийн ДНБ-д эзлэх хувь хэмжээнд хуулиар хязгаар тогтоож өгсөн байдаг. Хуульд заасан зорилт нь Засгийн газрын өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн өрийн үлдэгдлийг ДНБ-ий 60 хувьд хүргэхээр тусгасан ба 2018 онд 80 хувь, 2019 онд 75 хувь гэх мэтээр шат дараалуулан хэрэгжүүлэхээр хуульд тусгасан.

Сангийн яамны вэб сайтад тавьсан мэдээгээр Засгийн газрын өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн өрийн үлдэгдэл ДНБ-ий 60.9 хувьтай байна. Цаашид өрийн хэмжээг шат дараалуулан бууруулснаар манай Монгол Улсын зээлжих зэрэглэл нэмэгдэх гол суурь нөхцөл болно. Үүнээс гадна Засгийн газрын өрийг бууруулахаас гадна авсан өр, зээлээр хэрхэн үр ашигтай төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх вэ гэдэг асуудлыг бодолцох нь зүйтэй. Ирээдүйд үр ашиг бий болгох, орлого оруулах том төслүүдийг хэрэгжүүлснээр Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэмэхээс гадна эдийн засгийн хөгжилд чухал үр ашгийг авчирна.

-УИХ-ын 2020 оны сонгуульд ялалт байгуулах улстөрийн хүчинд атаархах шаардлага байхгүй гэж зарим эдийн засагч ярьж байна. Ирэх сонгуулийн дараа Монгол Улсын эдийн засагт ямар өөрчлөлт ирэх бол?

-2020 оны УИХ-ын сонгуулийн дараа ихээхэн хэмжээний гадаад бондуудын эргэн төлөлтүүд хүлээгдэж байгаа гэдэг үнэн. Тухайлбал, 2021 онд төлөгдөх 500 сая ам.долларын “Мазаалай” бонд, 2022 онд төлөгдөх 1 тэрбум ам.долларын “Чингис” бонд, 2023 онд төлөгдөх 875 сая ам.долларын “Гэрэгэ” бонд, 2024 онд төлөгдөх 600 сая ам долларын “Хуралдай” бонд гэх зэрэг 2020-2024 онд нийт гурван тэрбум орчим ам.долларын гадаад бондын эргэн төлөлт бий. Үүн дээр нэмээд Хөгжлийн банкны 30 тэрбум иены Самурай бонд болон ХХБ-ны 500 сая ам.долларын өр төлбөрүүд хүлээгдэж байгаа.

Одоогоор Засгийн газарт дээрх хүлээгдэж буй гадаад өр, төлбөрүүдийг хэрхэн төлөх талаарх төлөвлөгөө байхгүй байна. Түүнчлэн ОУВС-гийн хөтөлбөрийн хэрэгжих хугацаа 2020 онд дуусна. Ирэх сонгуулийн дараа Монгол Улсын эдийн засгийг тийм ч сайхан үр дүн хүлээгээгүй байгаа гэдэг нь харагдаж байна. Иймд эдийн засагт хуримтлалыг бий болгож, дээр дурдсанчлан уул уурхай, дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг цаг алдалгүй эхлүүлэх шаардлагатай зүй ёсоор тулж байна.

-УИХ сая Татварын багц хуулийг эцэслэн баталлаа. Энэ талаар ямар байр суурьтай байгаагаа тодорхой заалтууд дээр нь тодорхойгоор илэрхийлнэ үү?

-Миний тэргүүлдэг Монголын Бизнесийн Зөвлөлөөс Татварын багц хуулийн төсөлд санал өгөх дээр идэвхийлэн ажилласан. Бидний зүгээс хуулийн төсөл дээр Монгол Улсад орж ирэх худалдаа, хөрөнгө оруулалтын орчныг дэмжсэн, эдийн засгийн эерэг өсөлтийг бий болгох, аж ахуй нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжиж, татварын бааз суурийг нэмэгдүүлэх утга, агуулга бүхий саналуудыг хүргүүлсэн. Гэсэн хэдий ч манайхаас хүргүүлсэн саналуудыг хэрхэн тусгасан нь эргэлзээтэй байна. Таны хэлж байгаачлан Татварын багц хуулийн төсөл УИХ-ын ээлжит бус чуулганаар саяхан батлагдаад байна. Хууль батлагдсанаас хойш арав хоногийн дараа “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдсэн хувилбарыг албан ёсны хувилбар гэж авч үздэг. Одоогоор бидний гар дээр батлагдсан хувилбар ирээгүй байгаа учраас тайлбар хэлэх эрт байна.

-ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтнуудад зээл хуваарилсныг “жижиг асуудал” гэж үзэж байгаа. Тэгж харагдуулах сонирхол их байна. Эсвэл энэ үнэхээр тийм жижиг мөнгө юм уу. Манай улсын эдийн засагтай харьцуулахад, эсвэл эдийн засагт үзүүлэх ач холбогдол нь тийм бага мөнгө үү. Энэ мөнгөөр ямар хэмжээний баялаг босгох боломж байсан бэ?

-Үнэхээр энэ мөнгө хэрэгцээтэй газраа очих ёстой байсан. ЖДҮ-ийн салбар улсад их хэмжээний татварын орлого оруулдаггүй боловч эдийн засагт хамгийн их ажлын байрыг бий болгодог юм. Тухайлбал, бизнес регистрийн санд бүртгэсэн үйл ажиллагаа явуулж байгаа 85 мянган аж ахуйн нэгж, байгууллагаас 73 мянган аж ахуйн нэгж буюу 86 хувь нь 1-9 ажилтанг ажлын байраар хангаж байна. ЖДҮ эдийн засагт хэдий хэмжээний хувь нэмэр оруулж байгаа нь үүгээр харагдаж байна. ЖДҮ-ийн салбарыг цаашид тууштай дэмжсэнээр ажил эрхлэлт болон ажлын байрыг нэмж, ажилгүйдлийг бууруулах замаар ядуурлыг багасгах ач холбогдолтой. Бусад улс орны сайн туршлагыг авч үзвэл ЖДҮ-ийн салбарыг бодлогоор дэмжиж, хөнгөлттэй санхүүжилтийг банкаар дамжуулж олгож ирсэн байдаг. Манай улс ч гэсэн энэхүү жишгийг дагах нь зүйтэй гэж үзэж байна.

-Монголын эдийн засгийг ямар бодлого, бас ямар салбар аврах бол?

-Технологи, инновацид тулгуурлан баялаг бүтээх, өрсөлдөх чадвар бүхий эдийн засгийн эрх чөлөөг бид бодлогоор хангах шаардлагатай. Өнөөдөр дэлхийд аж үйлдвэрийн 4-р хувьсгал дараагийн шинэ үе шат руугаа шилжчихээд байна. Өөрөөр хэлбэл, уг хувьсгалын нөлөөгөөр бий болсон технологийн дэвшлүүд хэдийнэ бидний өдөр тутмын амьдралын салшгүй нэгэн хэсэг болсон. Үүнтэй уялдуулан дэлхийн улс орнууд цаг үеэ, хөгжлийн чиг хандлагаа мэдэрч, ямар салбарууд нийгэм, эдийн засагт цаашдаа голлох байр суурьтай байх вэ гэдгийг урьдчилан харж, үүндээ эдийн засгийн бодлогоо зохицуулан өөрчлөх болж.

Блокчэйн, хиймэл оюун ухаан, биотехнологи, роботик гэсэн салбаруудад Монгол Улс анхаарч эдийн засгийн бодлоготойгоо нягт уялдуулан байж ирээдүйд дэлхийн бусад улс орнуудтай өрсөлдөх хэмжээнд байж чадна. Нэг жишээ хэлэхэд, блокчэйн технологи нь эрчим хүчний дамжуулах шугамын өртөг, найдвартай байдал, холбоог шинэ шатанд гаргах бүрэн боломжтойг тодорхойлчихсон. Монгол Улс нар, салхины сэргээгдэх эрчим хүчний арвин их нөөцийг Зүүн Хойд Азийн бүс нутгийн хөрш таван орондоо экспортлох төсөл амжилттай урагшилж байгаа. Үүнтэй блокчэйн технологийг холбох боломжтой. Энэ бол ердөө л наад захын жишээ.

Өнөөдөр Монгол Улс Эдийн засгийн өрсөлдөх чадварын индексээр 140 орноос 52,7 оноотой, 99 дүгээр байранд жагсаж байна. Дээрх бодлогуудыг бид авч хэрэгжүүлж байж дэлхийд өрсөлдөх чадвар маань ахина.

ЭХ СУРВАЛЖ:"АРДЧИЛАЛ ТАЙМС" ҮНДЭСНИЙ ӨДӨР ТУТМЫН СОНИН. Сэтгүүлч Х.Хулан


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин