• Эхлэл
  • Г.Эрдэнэбат: Т.Содномдаржааг 17 удаа эмчид үзүүлсэн байдаг

Г.Эрдэнэбат: Т.Содномдаржааг 17 удаа эмчид үзүүлсэн байдаг

2019/04/10

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн хяналтын прокуророор ажилласан УЕП-ын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх асан Г.Эрдэнбатын даваа гаригт “Цензургүй яриа” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Та бид хоёр нэг жилийн өмнө “Цензургүй яриа”-нд оролцож байсан. Тухайн үеийн нөхцөл байдал, одоо үүсээд байгаа нөхцөл байдал хоёр огт өөр байна. Улсын нууцад хамаарахаас бусдыг нуухгүйгээр цензургүй ярьж чадна гэж итгэж болох уу?

-Нэгдүгээрт би прокурор биш болсон, иргэн Г.Эрдэнэбат. Хоёрдугаарт хуульч хүн, энэ хэрэг дээр ажиллаж байсны хувьд мэдэх зүйлээ харьцангуй цензургүйгээр ярьж чадах байх аа.

-Та прокурорын байгууллагад нийт хэдэн жил ажилласан бэ?

-Есөн жил.

-С.Зориг агсны хэрэгт хэдийнээс хяналт тавьж эхэлсэн бэ?

-2013 оны дөрөвдүгээр сараас 2016 оны есдүгээр сар хүртэл ажилласан. Тэр үед ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт ороод ажлын хэсгийн ахлагчаас болиулсан.

-Яагаад ажлын хэсгийн ахлагчаас болиулсан юм?

-2011 онд ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжийн дагуу ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг прокуророор ахлуулж ажиллаж эхэлсэн байдаг. Тухайн үед Нийслэлийн прокуророор ажиллаж байсан н.Бат-Орших ахалж байгаад 2013 оны дөрөвдүгээр сараас би ахлах болсон. Уг хэрэг гүйцэтгэгч нарын түвшинд илэрсний дараа 2016 оны наймдугаар сараас хэргийг хоёр хэсэг тусгаарласан. Гүйцэтгэгч нартай холбоотой хэрэг УДШ-ээр 2019 оны наймдугаар сард шийдэгдэж дууссаны дараа захиалагч нарыг шалгах ажлын хэсгийг прокуророор ахлуулах шаарддлагагүй юм байна гэж үзээд ажлын хэсэгт өөрчлөлт оруулсан. Нэг үгээр би энэ ажлын хэсэгтэй хамаагүй болсон.

-Гүйцэтгэгч нартай холбоотой хэргийг мөрдөн шалгаад, илрүүлээд, гурван шатны шүүхээр шийдэх хүртэл та ажлын хэсгийг ахалсан гэж ойлгож болох уу?

-Үндсэндээ тийм.

-Танай ажлын хэсэгт нийтдээ хэдэн мөрдөн байцаагч, хэдэн прокурор ажилласан бэ?

-Мөрдөн байцаагчийн хувьд тагнуулын ажлын хэсэгт гурав, цагдаагийн ажлын хэсэгт нэг хүн ажилласан. Гүйцэтгэх ажилтан хэд ажилласныг би нарийн хэлж болмооргүй байна. Дээр нь хэлэхэд яг нарийн тоог нь би мэдэх ч үгүй. Яагаад гэвэл гүйцэтгэх ажилтнууд цаашаа туслах ажилтан элсүүлээд, өөрсдийн ажиллагаандаа татаж оруулаад ажилладаг. Энэ нь тагнуул, цагдаагийн байгууллагын мэргэжлийн үйл ажиллагаа. Хэдийгээр ажлын хэсгийн ахлагч боловч нууц далд явагддаг гүйцэтгэх ажилд ямар хүн, хүч ашиглаж байгааг төдийлөн мэддэггүй талтай л даа.

-Прокурор тэр болгонд хяналт тавьдаггүй юм уу?

-Гүйцэтгэх ажлын тухай хуулиар прокурорын үзэх, харах хязгаар бий. Прокурор таван төрлийн зөвшөөрөл өгдөг, тухайн үеийн хуулиар. Тэр таван төрлийн зөвшөөрөлтэйгээ холбоотой асуудлыг л үздэг, хянадаг. Тэр таван төрлийн зөвшөөрөл өгсөнтэй холбоотой асуудлыг үзэхдээ ч гүйццэтгэх ажлын тухай хуулиар нууцлахыг шаардсан зүйлүүд байдаг. Эх сурвалж, ашигласан техник хэрэгсэл, түүнд оролцсон нууц ажилтнуудын тухай мэдээллийг үзэх, харах нь хязгаартай, хориотой.

-Хяналт тавьж байгаа прокурортоо хүртэл үү?

-Тийм. Одоогийн хуулиар ч бас бүрэн дүүрэн мэдэх бололцоогүй.

-Тэр нууцыг хэн мэддэг юм?

-Мэргэжлийн албад нь л мэднэ шүү дээ. Энэ ажилд надаас гадна хоёр прокурор, мөрдөн байцаагч хяналт тавьж ажилласан.

-Саяхан таныг албан тушаалаас чинь чөлөөлсөн. Чөлөөлсөн явдал Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэнтэй холбоотой байсан уу? Тэр бичлэг ил болсноос болж танд хариуцлага тооцож огцруулсан уу?

-Яг ямар байдлаар үнэлж дүгнэснийг би бүрэн утгаар нь мэдэхгүй. Мэдээж энэ асуудалтай холбоотой байх. Ер нь бол миний УЕП-ын орлогчоор ажиллах бүрэн эрхийн хугацаа дуусчихсан байсан. Гэтэл энэ үйл явдал их өвөрмөц байдлаар өрнөөд, түүнтэй холбоотой хариуцлагын асуудал яригдсан. Хууль зүйн хариуцлагын асуудал бол тусдаа байх.  Энэ бол гэмт хэрэг, хүний эрх, эрх чөлөөнд халдсан ноцтой үйл явдал болсон. Үүнийг хуулийн байгууллагууд шалгаж байгаа.

Ер нь бол 2018 оны арванхоёрдугаар сараас авахуулаад албан ёсоор хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт хууль бусаар хүч хэрэглэн эрх чөлөөнд нь халдсан явдал байна уу? гэдгийг шалгаад явж байсан. Дараа нь энэ асуудал дуулиан болоод ҮАБЗ, УИХ-ын чуулган, сүүлдээ бүр сэтгүүлчдэд хүртэл үзүүлсэн тэр нотлох баримт илрээд, 2019 оны гуравдугаар сарын 15-нд энэ хэрэгт холбоотой хүмүүсээ бариад яллагдагчаар татсан. Шүүгчийн захирамж гараад цагдан хорьсон.

Харин үүнээс хойш тодорхой зарим улстөрч албан тушаалтан мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан нотлох баримтыг олж авсан байдаг.

-Энэ хэргийг хаана шалгасан юм?

-АТГ-т харьяалал тогтоогоод шалгаж байсан. Нотлох баримт бол тагнуулын байгууллага дээрээс илэрсэн. Тэгээд хоёр хүнийг яллагдагчаар татсан албан ёсны шийдвэр нь 2019 оны гуравдугаар сарын 15-нд гарсан, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Одоо ч мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Энэ хэргийг зохион байгуулсан, удирдан зохион байгуулсан гэгдээд байгаа хүмүүс ч шалгагдах байх. Хууль зүйн хариуцлага яригдах байх. Харин зэрэгцээд улс төрийн хариуцлага ч юм уу, шүүлт ч юм уу нэг юм юм болчихлоо.

-Тэр бичлэгийг АТГ илрүүлсэн юм уу?

-АТГ-аас явуулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад олж тогтоосон.

-2018 оны дөрөвдүгээр сард УИХ-ын гишүүн Ж.Батзандан Байнгны хорооны хуралдаан дээр “Хорих байранд эрүү шүүлт явуулсан байна. Эмэгтэй хүний өрөөнд эрэгтэй хүн оруулсан байна” гэж ярьсан. Нэг жилийн өмнө бид хоёр ярилцлага хийх үед та “Содномдаржаа, Чимгээ нарын хоригдож байгаа нөхцөл байдалд байнгга хяналт тавьж байгаа. Усанд оруулж, эмчид үзүүлж байгаа” гэж ярьж байсан. Гэтэл эрүүдэн шүүсэн нь үнэн байсан. ЖБатзандангийн ярьсан үнэн байсан. Одоо та юу хэлэх вэ?

-Нөгөөхөө л хэлнэ. Нэгдүгээрт, прокурор цагдан хорих байрны нөхцөл байдлыг шалгасан. Цагдан хорих байранд гарсан нөхцөл байдлыг шийдсэн, холбогдох албан тушаалтанд нь хариуцлага тооцсон. Прокурор өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд ажилласан.

-Б.Содномдаржааг 17 удаа эмчид үзүүлсэн. Т.Чимгээг мөн тооны удаа эмчид үзүүлсэн гэж хэлсэн тэр хэлж байсан шүү дээ?

-Үнэн шүү дээ. Тэр тоо ерөөсөө өөрчлөгдөхгүй. Одоо яриад байгаа хавирга хугарсан гэдэг чинь тухайн үед хавирга хугараагүй байна аа л гэж гарсан. Прокурор өөрт байгаа эрх хэмжээний хүрээнд, өөртөө байдаг арга хэрэгслээр л хяналтаа тавина. Түрүүн хэлсэнчлэн цагдан хорих байранд явуулсан зарим арга хэмжээ гүйцэтгэх ажлын арга хэмжээ байсан. Гүйцтгэх ажлын нууц эх сурвалжийг нууцлах шаардлагын үүднээс зарим зүйлийг танилцуулах боломжгүй гэсэн. Прокурорын эрх хэмжээ хязгаарлагдсан тийм л үйл явдал болсон. Нарийн яривал өнөөдөр ч гэсэн зарим зүйлийг шалгаж эцэслээгүй байгаа шүү дээ. Бичлэгийг шалгаж, хэн юу зохион байгуулсан, хэдийгээс ямар хугацаанд энэ үйл явдал болсон бэ? гэдгийг хуулийн дагуу шалгаад хууль зүйн дүгнэлт гарах ёстой. Энэ нь уг нь дуусаагүй байгаа. Ийм баримт олдлоо, үүнийг шалгая. Жинхэнэ бичлэг мөн үү, хэзээ болсон үйл явдал вэ, үүний ард хэн байсан, яагаад тухайн үед прокурорын мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын бусад хяналтаар илрээгүй вэ? гэдгийг шалгаж тогтоох ёстой. Цагдан хорих байрны нөхцөл, дэглэм бол ШШГБ-ын хариуцдаг ажил л даа. Яагаад өнөөдөр ийм маргаантай нөхцөл байдал үүсэв, тухайн үед цагдан хорих байранд хичнээн хүн байсан гэх мэтчилэн бүгдийг шалгана.

-Энэ ерөөсөө цагдан хорих байрны ахуй нөхцөл, дэглэмтэй холбоогүй асуудал. Тэр эрүүдэн шүүсэн бичлэгийг би үзсэн. Та бас үзсэн байх, тийм үү?

-Сүүлд үзсэн.

-Бичлэгт тэр хүмүүсийг үнэхээр байж боломгүйгээр дарамталж, доромжилж байна лээ. Үүнд л хяналт тавих гэж та прокурор хийж байгаа биз дээ?

Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү. 

Өмнөх ярилцлагуудыг дор дарж үзнэ үү.

Г.Эрдэнэбат: С.Зоригийн хэргийг гурван хүн үйлдсэн нь бүх баримтаар нотлогдчихоод байна

Г.Эрдэнэбат: Би ганц л зүйл дээр хатуу зогсоно. Энэ хэргийг би зохиогоогүй

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин