• Эхлэл
  • Улс төр
  • Элчин сайдын төлөөх “дажин”-д С.Энхбаяр, Х.Наранхүү нар ялж явна

Элчин сайдын төлөөх “дажин”-д С.Энхбаяр, Х.Наранхүү нар ялж явна

2019.04.11

Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд, холбогдох хуулийн заалтыг үндэслэн Элчин сайдыг эргүүлэн татах, тохоон томилох тухай саналаа УИХ-д оруулах эрхтэй. Үүний дагуу зарим улс орнуудад суух Элчин сайд нарыг тохоон томилох тухай асуудал олны анхаарлын төвд байх болсон. Одоогоор аль улсад суух Элчин сайдаар хэнийг томилж буй нь эцсийн байдлаар бэлэн болоогүй, тэгээд ч одоо ажиллаж байгаа Элчин сайдууд үүргээ гүйцэтгэж байгаа тул яарах шаардлагагүй гэсэн хариултыг албаны эх сурвалжууд өгч нэр дэвшигчдийн талаар нэлээд нууцалж байгаа юм. 

Томилгооны тухайд шууд удирдлага Ерөнхийлөгчийн гарт буй. Харин энэ удаад туйлын сонирхолтой томилгоо хийхээр бараг л эцэслэн шийдэгдээд байгаа нь БНХАУ-д суух Элчин сайдаар С.Энхбаярыг томилох асуудал. МУИС-ийн хятад хэлсний ангийг дүүргэсэн, АНУ-д суралцаж байсан гэх ч диплом нь жинхэнэ үү, хуурамч уу гэдгийг таашгүй. Бээжин дэх ЭСЯ болон Хөх хот дахь консулын газарт ажиллаж байсан туршлагатай. Бизнесийн сонирхол, мэдрэмж аль аль нь өндөрөөр үнэлэгддэг тэрбээр 2012 оноос хойш хувийн хэвшилд ажиллаж буй ч эдүгээГадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын орон тооны бус зөвлөх болсон байдаг. 

Сү.Батболд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа түүнд зориулж Уул уурхайн асуудал хариуцсан зөвлөх гэдэг албыг “зохион бүтээж” дэргэдээ авсан болохоос өмнөх Ерөнхий сайд нарт ийм зөвлөх байгаагүй юм билээ. С.Энхбаяр бол Монгол Улсаас Хятадад нийлүүлэх нүүрсний “гол тоглогч”, Хятадын “Шинхуа” компанитай маш нягт харилцаатай. Тавантолгойн ордыг барьцаалж “Чалко”-той байгуулсан 350 сая ам.долларын гэрээг байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн талаар олон нийт мэддэг. Тэр тусмаа 2012 оны хавар тэр үед ХЗДХ-ийн сайд “хэвээрээ” л байсан Ц.Нямдорж УИХ-ын гишүүн Х.Баттулгыг ЗТБХБ-ын сайд байхдаа БНСУ-тай төмөр замын талаар нууц гэрээ байгуулчихаад ирсэн Энэ мэдэгдэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Х.Баттулга 2012 оны гуравдугаар сарын 26-нд мэдээлэл хийхдээ “БНСУ-тай төмөр замын хамтын ажиллагааны асуудлаар яриа хэлэлцээ хийх ажлын хэсэгт Ерөнхий сайдын зөвлөх С.Энхбаяр орсон. Тиймээс энэ хүрээнд яригдаж байгаа уулзалт, хэлэлцээрүүдийг Засгийн газар мэдэхгүй байна гэж байхгүй гэх утгатай зүйлийг ярьсан билээ”.

Үүний “мөрөөр”, ердөө маргааш нь буюу 2012 оны гуравдугаар сарын 27-нд тухайн үеийн Ерөнхий сайд Сү.Батболдын зөвлөх С.Энхбаяр “ЗТБХБ-ын сайдын тушаалаар байгуулагдсан БНСУ-тай төмөр замын хамтын ажиллагааны асуудлаар яриа хэлэлцээ хийх ажлын хэсэгт би орж ажилласан нь үнэн. Энэ ажлын хэсгийг тухайн үеийн тус яамны дэд сайд А.Гансүх ахалж байсан. Гэхдээ энэ ажлын хэсэг нь МОРИК компанитай яриа хэлэлцээ хийж байгаагүй. Х.Баттулга гишүүний хэлээд байгаагаар Монголын төмөр зам компани л дангаараа МОРИК-той яриа хэлэлцээгээ хийж гэрээ байгуулсан. Энэ гэрээг байгуулах асуудлаар тухайн үед Монголын төмөр зам компаниас ямар нэгэн мэдээлэл өгч байгаагүй учраас уг асуудлыг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод танилцуулаагүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна” гэж ирээд сүржин тайлбар өгсөн юм. Мөн үүнээс нэг сарын дараа 2012 оны дөрөвдүгээр сарын 5-нд Ерөнхий сайд С.Батболд, АН-ын дарга Н.Алтанхуяг нар “Иргэдэд олгох Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцааны талаар хамтарч мэдээлэл хийх болов. Гэтэл С.Батболд энэ хэвлэлийн бага хуралд оролцсонгүй. Харин түүний зөвлөх С.Энхбаяр “Ерөнхий сайдад албан ёсоор хандаж хэлээгүй шүү дээ. Түүний өмнөөс шийдвэр гаргаж хамтарсан хурал зарласан чинь зохисгүй явдал” гэсэн тайлбар өгөв. Ингээд АН-ын дарга Н.Алтанхуяг “Нэгнийхээ араар нуугдаад яахав. Зөрүүтэй мэдэгдэл хийхгүй тул Ерөнхий сайдыг хамт мэдээлэл хийхийг хүссэн юм. Хэрэв С.Батболд миний өөдөөс харж зүрхлэхээ больчихсон юм байна” гэчихээд хурлаа дуусгасан. Энэ бол УИХ-ын 2012 оны сонгууль эхлэхээс гуравхан сарын өмнөх явдал. 

Сү.Батболд, Х.Баттулга нар нөхөрлөлөө гэж үү!

Энэ сэдвээс өөрөөр С.Энхбаяр гэдэг зөвлөхөд тод мөр тун ховор, маш нууцлаг. Ямартай ч түүнийг С.Батболд, түүний фракц МАН-ын Бага хурлын гишүүн болгож байсан түүхтэй. Гэхдээ нийслэлээс, төрсөн нутгаасаа ч дэмжлэг авч чадаагүй Баян-Өлгийгөөс Бага хурлын гишүүн болж байсан юм даг. 

Харин энэ удаад Ерөнхийлөгч Х.Баттулга яагаад С.Батболдын фракцтай “эвлэрч” зөвлөх асаныг нь Элчин сайдаар томилохоор шийдсэн юм бол. Уг нь “оффшорчин” гээд ихэд тэмцэж байсансан. Гэтэл одоо “оффшорчин” гэх С.Батболд, “Оюутолгойн гэрээчин Д.Зоригт, “Хотгор шанага”-ын Ч.Хүрэлбаатар нарын бүлэглэлийн хүсэлтийг болгоож “АСЕМ-ийн авлигач, Эрдэнэтийн 49-ийн хуйвалдагч, дипломат паспортны наймаачин” хэмээн элдэв хоч зүүсээр Элчин сайд Д.Ганхуягийг эгүүлэн татаж оронд нь Хятадын бизнесмэнүүдийн чухал түнш, “MCS”-ийг тууштай дэмжигчийн ёс зүйн зарим алдаа нь сайтар судлахгүйгээр зүтгүүлэх болсон нь ямар ашиг сонирхлын ач холбогдолтой юм бол. Энд ураг төрлийн ямар холбоо, ямар нэг асуудалд холбогдож байсан талаарх батлагдаагүй боловч судлагдаж буй мэдээллийг хойш тавья.

Яагаад Х.Наранхүүг гэж? 

Түүнчлэн ОХУ-д суух Элчин сайдад УИХ-ын гишүүн асан, Үйлдвэр худалдааны сайд асан Халзхүүгийн Наранхүүг томилохоор яриа хэлцэл хийгээд байгаа нь сонирхолтой. “Эрдэнэт үйлдвэрт ган бөмбөлөг шахсан гэх хэрэгт холбогдож байх үед нь түүний боловсрол, чадвар, туршлагыг одоогийнх шиг онцолж үнэлж байсан бил үү. Уг нь тэрбээр ОХУ, АНУ-д боловсрол эзэмшсэн, Үйлдвэр худалдааны сайд, АНУ-д худалдааны зөвлөхөөр ажиллаж байсан төдийгүй Оросын талаас түүнийг ихээхэн үнэлдэг. Харин Монгол Улсын Төрийн албаны тухай шинэ хуулиар бол авлигын хэрэгт холбогдож байсан хүнийг төрийн албан тушаалд дахин томилохгүй гэж заасан байдаг. 

Гэтэл Х.Наранхүүгийн хувьд  “Хэнланд”, “Грийн глобал интернэшнл” гэдэг компаниуд БНХАУ-ын засаг захиргааны тусгай муж Хонконгод бүртгэлтэй. Эдгээр компанийн захирал Мягмаржаргал тодорхой ашиг сонирхлоор Н.Энхбаяртай холбоотой гэдэг нь түүнийг шүүх хурлын үеэр тогтоогдож байв.  Мягмаржаргал “Эрдэнэт” үйлдвэртэй ган бөмбөлөг нийлүүлэх гэрээг удаа дараа байгуулсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй. Гэтэл дахин ган бөмбөлөг болон бусад бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуул хэмээн Ерөнхийлөгч Н.Энхбаяраас “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудад үүрэг өгсөн байдаг. Бас нэг хэрэг нь  Тэрээр 2000-2007 онд "Эрдэнэт" үйлдвэрийн Ерөнхий захирлаар ажиллах байх­даа И.Жавхлант захиралтай "Эксим инвест" ХХК-д 2.4 сая ам.долларын вексель бичиж тоног төхөөрөмжийн гэрээ байгуулж, албан тушаалын байдлаа урвуу­лан онц их хэмжээний хохирол учруулсан байдаг.  Харин түүнд холбогдох хэргийг Нийслэлийн прокурораас “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” хэмээн үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Хоёр хөршид ийм хоёр кандидат Монгол Төрийн алтан аргамжаа болон илгээгдэх гэж байна. Хэдийгээр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал боловч энэ бүхэн “нэг л биш” харагдаад хардагдаад эхэллээ. Одоогоор тохиролцоо дөнгөж эхэлж байна. УИХ батлаад явуулах уу, үгүй юу гэдгийг цаг хугацаа л харуулах биз ээ.

У.Оргилмаа. 2019.04.11


ИХ УНШСАН
    Сонин хачин