• Эхлэл
  • Б.Батхуяг:Хоёр тэрбум төгрөг ямар ч үр дүнгүй хий хоосон цацагдах нь

Б.Батхуяг:Хоёр тэрбум төгрөг ямар ч үр дүнгүй хий хоосон цацагдах нь

2019/04/16

Хууль, судлаач Б.Батхуягтай ярилцлаа.

-Иргэд эрүүл мэндийн даатгалаараа фитнесс клубт үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой болж эхэллээ гэж байна. Засгийн газраас гаргасан уг шийдвэр хэн бүхэнд хүртээлтэй байж чадах уу?

-Сүүлийн үед Засгийн газрын гаргаж байгаа шийдвэрүүдийн нэр нь гарчиг нь таалагддаг, чихэнд чимэгтэй сонсогдох хэрнээ ямар ч тооцоогүй яг иргэн бидэнд тулгарсан хүндрэл бэрхшээлийг нэг мөр шийдэхгүй байна. Даатгал төлдөг бүх иргэд төлсөн даатгалаасаа фитнесст явах тухай санаа уг нь зөв. Эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээнд фитнесс, клубт хөнгөлөлттэй үйлчлүүлэх тухай заалт хуульд өөрчлөлт орж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, өвчин тусахаас урьдчилан сэргийлэх зорилготой. Гэтэл тавьсан төсөв мөнгө нь 2 тэрбум, хүрэх үр дүн нь тодорхойгүй харагдаж байна. 21 аймаг, 9 дүүрэгт хөрөнгийг нь хувааж харахаар нэг аймаг дүүргээс 60 гаруй буюу улсын хэмжээнд ойролцоогоор 2000 гаруй хүн фитнесс, йог сагс зэрэг спортоор хичээллэх нь нөгөө л оновчгүй халамжийн бодлого, засгийн газрын бодлого руу явах гээд байна. Иймд энэ 2 тэрбум төгрөг ямар ч үр дүнгүй хий хоосон цацагдах нь. Тухайлбал, нэг дүүргийн хүн амаас 60 хүн явах нь.

Чингэлтэй дүүрэг гэхэд 160 мянган хүн амтай. 160 мянган хүнээс тэр 60 хүнээ ямар сонгон шалгаруулалт, уралдаанаар болзол тавьж явуулах гэж байгаа юм. Энэ мэтчилэн манай улс хүүхэд сургуульд орсон ч аз эзээ үзэж ордог, насаараа даатгал төлсөн атлаа цөөн хэдэн хүмүүсийг ялгаж хамруулах бодлого амьдралд хүрч очихгүй. Нийт хүн амын эрүүл мэнд дээрх бодлогыг хэрэгжүүлснээр яг ямар ахиц, үр дүн гарах вэ гэдгээ тооцоолсон уу. Засгийн газрын аливаа бодлого шийдвэр гаргахдаа судалгаа, тоо баримт, үр дүн, зорилтот бүлэгт үйлчилдэг байх ёстой биз дээ. Агаарын бохирдлыг бууруулахын тулд жирэмсэн болон 0-5 насны хүүхэдтэй эхчүүдийг амралт, сувиллын газарт төсвийн найман тэрбум төгрөгөөр тав хоног амраах саналыг саяхан Засгийн газар гаргаж байсан. Үнэндээ цөөн хэсэг эхчүүд, хүүхдийг ялгаж амралтад тав хоног амрааснаар агаарын бохирдлоосоо салчих уу. Ядаж л тухайн хүний уушги тав хоногийн хугацаанд цэвэршиж чадах уу гэх мэт амьдралд нийцгүй, эргэж буцсан шийдвэрийг Засгийн газар байсхийгээд гаргадаг боллоо.

Уг нь Монгол Улсын бүх иргэд төлсөн даатгалаасаа фитнесст явчихдаг, төлсөн даатгалаараа эрүүл мэндээ, урьдчилан сэргийлж шинжилгээ энэ тэрээ чанартай лабораторид шинжлүүлчихдэг байх эрхтэй.

-Насаараа хөдөлмөрлөж авсан цалингаасаа даатгал төлдөг. Эргээд даатгалын үр шимийг хүртэж чадахгүй байна. Үүнд төрөөс ямар бодлого баримталбал зохих вэ?

-Даатгал гэдгийн мөн чанар юу вэ үүсч болох бүх л эрсдэлийг даагаарай гэдэг бол манайд даатгал төлсөн ч юуг нь даах, юуг нь даахгүйг Эрүүл мэндийн сайд шийдэж байна. Энэ бол даатгал биш энэ зүгээр төсөв бүрдүүлэх давхар татвар гэж харж байна. Эрүүл мэндийн даатгалд авсан мөнгөө эрүүл мэндийн даатгалд чиглэсэн зүйлд л зарах хэрэгтэй. Манайд бол эрүүл мэндийн салбарынхаа урсгал зардалд зарчхаад цөөн төрлийн шинжилгээ, цөөхөн хэдэн эмийн хөнгөлөлт гэх зэргээр халтуурддаг тул хэн ч даатгалд хамрагдах сонирхолгүй ажилтай хэд нь албан хүчээр булаалгаж байгаа нь бодитой үнэн юм. Дэлхийн өндөр хөгжилтэй ухаалаг төртэй бүх л улс бүх л иргэдээ даатгалд хамруулж түүний үр шимийг иргэд нь ч төр засаг нь ч хүртэж байна. Амралтад амраасан ч, фитнесст явсан ч яг зорилтот иргэддээ, дүүрэг, орон нутагт хэзээ ч хэрэгжих боломжгүй, арын хаалга авлигыг дэмжсэн шийдвэрийг гаргадаг. Та нар бод доо. Эрүүл мэндийн даатгалаар фитнесст явуулах дээрх шийдвэрийн хэрэгжилтийн тухай яамны мэргэжилтэн ярилцлага өгөхдөө “Аль болох олон хүнд хүртээмжтэй байлгах зорилгоор фитнесс клубгүй хөдөө орон нутаг сумдын жүдо, теннис, дугуйланд олгох тухай” ярьж хэлсэн байна лээ.

Ингэхдээ тухайн байгууллагуудыг төрөөс заавал магадлан итгэмжилнэ гэж байгаа. Магадлан итгэмжлэлийг нь авахын тулд спортын клубууд магадлан итгэмжлэл өгөх дарга зөвлөлийн гишүүдийн ажлын хөлс, замын зардал энэ тэрийг нь төлөх юм гэсэн. Өчнөөн сая зардал мөнгө гаргаж байгаад магадгүй магадлан итгэмжлэл өгөхгүй бол яах вэ. Энэ мэт төрийн аливаа бодлого шийдвэрийн хэрэгжилтийг хийхдээ заавал төрийн нэр барьсан дарга нарын аясыг харах, хахуульдах, царайчлан явах байдлыг үзүүлдэг буруу жишиг, тогтолцоог зогсоох хэрэгтэй. Засгийн газар журам гаргаад дараа нь мөнгөө хураагаад явдаг институт биш. Төр хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагуудын хийчих бүх зүйл рүү гар дүрэн ордог биш. Үнэхээр хүн амын эрүүл мэнд чийрэгжүүлэх гээд байгаа юм бол тэр спортын холбоо, мэргэжлийн байгууллагад даатгаж хийлгэ. Байгаа мөнгө нь энэ түрүүлж очсон нь ав гэж байгаа нь хэн нэгэн эрх мэдэл бүхий хүний нөлөөг оролцуулсан, давуу байдлыг өсгөдөг. Энэ нь эргээд авлига, төрийн дарамт болж очдог. Засгийн газрын энэ мэт шийдвэрүүд иргэдийн татварын хөрөнгө мөнгийг үргүй, зарах, иргэдийн эрх ашгийг зөрчсөн шийдвэр гаргах нь хэтэрч байна. Засгийн газар түүний яамдаас гардаг шийдвэрүүд ялангуяа анхан, дунд шатанд хэрэгжихдээ жинхэнэ авлига, арын хаалгыг өөгшүүлсэн дунд шатны даргын үзэмжээр шийдчих маягтай ийм л шийдвэрүүд гарсаар байна.

Засгийн газар захиргааны хамгийн том байгууллага буруу, алдаатай шийдвэр гаргах эрхгүй. Хэрвээ иргэдийн эрх ашгийг зөрчсөн шийдвэр гаргавал Захиргааны хэргийн шүүх иргэдийн гомдлоор эрхийг нь хамгаалж шийдвэрийг хүчингүй болгодог гэтэл хууль санаачлах замаар Засгийн газрын шийдвэрүүд Захиргааны хэргийн шүүхийн харьяаллаас хуулийн өөрчлөлтөөр авч хаях гэж байна. Энэ маш ноцтой. Угтаа хуулийн өмнө хүн бүр эрх тэгш эрхтэй. Хэрвээ Засгийн газрын гарсан шийдвэрийн дагуу хохирсон асуудал үүслээ гэж үзэхэд шүүхэд өгөх, үнэн мөн учрыг нь олох боломжгүй болж байна. Засгийн газрын эргэж буцсан, иргэдэд халтай шийдвэрийг Монгол Улсад хэн ч хянадаггүй болж болзошгүй байна.

-Засгийн газраас эргэж буцсан шийдвэрийг олонтоо гаргах болсон. Энэ нь судалгаа, бодлогогүй байгааг харуулж байна уу. Үүнээс үүсэх хор хохирол юу вэ?

-У.Хүрэлсүхийн Засгийн газрын 100 хоногийг тэмдэглэх үеэр Ерөнхий сайд өнгөрсөн нэгдүгээр сард ХХОАТ-ын дөрвөн шатлалыг зогсоож, татварыг хуучнаар нь үлдээн нэгдүгээр сард төлсөн татварыг буцааж олгохоор шийдсэнээ дуулгаж байсан. Гэтэл нэг их удалгүй Засгийн газар хувь хүний орлогын албан татварыг нэмэгдүүлж дөрвөн шатлалд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Шатахуун импортлогчид бензиний үнээ нэмбэл хариуцлага тооцно гээд байсан тэгсэн хэдэн ч удаа нэмэгдчихэв. Эдийн засаг өсч, дундаж цалин нэмэгдсэн гэсэн тоо гараад байдаг. Энэ яг бодит амьдрал дээр үнэн үү гэдэг маш эргэлзээтэй. Амралтад тав хоног амраах, жолооч нарыг 100 мянган төгрөгөөр торгор зэрэг олон шийдвэр гаргаад эргээд цуцлагдаж байна. Яг төр, яамд, хэрэгжүүлэгч газрууд аливаад тооцоо судалгаатай анхнаасаа хандсан бол нэг гаргасан шийдвэрээ тийм амархан цуцлахгүй болов уу. Өнөөдөр иргэдийн дундаж цалин өссөн, Монгол Улсын эдийн засаг өссөн гэх мэт тоо гардаг боловч энэ тооны цаана бодитоор хүндээ хүрч байж бодит өсөлт, амьжиргаа дээшилсэн гэж үзнэ. Наад зах нь замын түгжрэл, агаар хөрсний бохирдол, иргэдийн амьжиргаа дээшилсэн нь танд мэдрэгдэв үү. Аль болох чихэнд чимэгтэй, цонхны цаанаас мөс долоолгосон байдлаар улсын бодлогод хандаж болохгүй юм. Цаашид Засгийн газар дандаа гал унтраасан байдалтай шийдвэр гаргаж, галыг бүрэн унтраах биш галын хор хэрэглээд байж болохгүй.

Төрийн албанд тэнцэж ажиллах чадамжгүй, цүнх барьсан хийрхсэн хүмүүс төрд олноор ажиллах болсноос манай улсын эдийн засаг, иргэдийн амьжиргаа дээшлэхгүй байгаа. Төсвийг үр дүнгүй зарцуулсан, зорилтот хүмүүс рүүгээ хүргэж чадахгүй нугалаа үүсгэж буй төрийн албан тушаалтнуудад хариуцлага тооцдог байх механизмыг юуны түрүүнд хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

ЭХ СУРВАЛЖ:"АРДЧИЛАЛ ТАЙМС" ҮНДЭСНИЙ ӨДӨР ТУТМЫН СОНИН


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин