• Эхлэл
  • Хөөрсөн түмэн ба хөөсчид

Хөөрсөн түмэн ба хөөсчид

2019/04/16

Хөөсчид ба поп-чид

Манай нийгэмд хөөсчид маш олон. Хөөсчид, поп-чдийн адил хүсэл нь өөрсдийнх нь цэцэглэн ургах хөрс буюу бидний дургүйцэн нэрлэдэг “хар масс”-ыг аль болох өргөн фронтоор өсгөх. Өөрөөр хэлбэл өөрсдийг нь дэмжигчдийг олноор нь байлгах. Аль ч нийгэмд ийм хүмүүс байдаг. Гэхдээ манайх олны танил болж “од” болон мандах нь тун ховор. Хөөсчид яагаад байдаг вэ гэвэл хөөрсөн түмэн байдаг учраас. Өмнөх нийгэмд тиймэрхүү хүмүүсийг “галзуу”, “солиотой” гэж нэрлэн тэр болгон тоодоггүй байв. Харин өнөөдөр эрх чөлөө гэгч юм бүхний, өөрийгөө өргөмжлөх халхавч болсон учраас хэн ч, юу ч хийж гол нь хэвлэл мэдээллээр мандан бадрах “эрхтэй”. Эрх чөлөө гэгч нь нүдэнд торж, гарт баригдах юмгүй учраас хүн бүхэн өөрийнхөөрөө хэрэглэж байна. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд бидний дундаас төрөн гарсан эдгээр хүмүүсийн залгамж халаа тасраагүйгээр үл барам олныг “удирдаж”, ашиг орлогоо тэрхүү хэмжээгээр нэмэгдүүлж алдар цолоо мандуулах боллоо. Энэ үзэгдэл мөн л хүний эрх гэдгээр ярих хориотой. Хувь хүний эрх гэж байдаг бол олны эрх ашиг гэж бас байдаг. Тиймээс “хүний эрх”-ийг зөрчин байж олны эрх ашгийн төлөөнөө зарим нь дуугарахаас аргагүй. Жишээ дурдахад “Дэлхий маргааш сөнөнө” хэмээн Г.Оюунгэрэл гэх эмэгтэй монголчуудыг айдас хүйдэст автуулж улаанбаатарчуудыг хотоос дүрвүүлж чадсан. Сайн талаасаа харвал овоо хэдэн гэр борлогдож, дэлгүүрүүдийн лаа, шүдэнз дууссан ч олны сэтгэл санааг урвуулж хөрвүүлэн даажигнасан нь итгэсэн хүмүүсийн буруу юу, итгэлийг нь олсон хүний буруу юу?

Чингис хааны алтан ургийн залуу хунтайж хэмээн өөрийгөө өргөмжлөгч П.Давааням гэгч өөртөө академич цол хүртээж, бүр УИХ-д хүртэл нэр дэвшсэн. Үе үеийн үндэстний сэхээтнүүдийн эрхэм академич цолыг гутааж, улс орны тусгаар тогтнолын тухай элдэв төөрөгдөл зохиож явдаг энэ хүнийг зүгээр хараад шоолоод л суух уу? Гал гаргадаг, тарниддаг, сэлэмддэг, харь гаргийнхантай уулздаг гэх мэт хуурамч рид хувилгаан нарын дараачийн үе өнөөдөр академич, доктор, профессор, соён гэгээрүүлэгч нараар үргэлжилжээ. Унгах, найтаах, сексдэх гурав давхацвал тав хоногийн дотор үхдэг хэмээн Бөхийн өргөө дүүрэн хүний тархийг угаасан, Д.Ухаанзаяа, гурилын мод, түмпэн шанагаа үнсэж, нөхрийнхөө өмнө мөлхөх тухай сургаал айлдагч Л.Нарантуяа, Б.Сарандаваа, З.Бат-Отгон, С.Молор-Эрдэнэ, Д.Баяндалай гэх мэтээр улам үржиж байна. Эдгээр хүмүүс телевизийн сувгаар хэдэн цагаар ч хамаагүй номлол сургаалаа харамгүй айлдана. Гэтэл амжилт гаргасан эерэг, өөдрөг ганц мэдээний цаг шударга хөдөлмөрлөж байгаа хүмүүст олдохгүй байх нь элбэг.

Монголчуудын дунд сэтгэцийн гажигтай, сэтгэлзүйн эмгэгтэй хүмүүсийг тоолж сууснаас сэтгэцийн хувьд эрүүл хүн хайвал арай амар дүр зураг харагдана. Энэ бол нийгмийн сэтгэлзүй хэр их өвчин эмгэгтэй, гажуудалтай байгаагийн илрэл. Ийм хүмүүсийг шоолж, муулдаг нь олон ч, олон нийтийн сүлжээнээс харахад ил, далдаар бахархан дээдэлж, даган хошуурагчид түүнээсээ ч олон. Ил тодоор хэлсэн хэнийг ч болов бөөнөөрөө сүрэглэн дайрдаг масс байдаг. “Хүний олон нь хүнээ барьдаг” цаг үе иржээ. Нийгмийн сэтгэцийн эмгэг халдварлан тархсаар. Үнэт зүйлээ олоогүй бөөн түмэн, үнэт зүйлээ ойлгоогүй өнөөгийн нийгэм ийнхүү хувь хүний дур зоргыг эрх чөлөө хэмээн андуурснаар нийгмийн сүлжээнд бусдынхаа сэтгэл санааг “хүчиндэж”, бусад нь дуугүй “хүчиндүүлж” сэтгэл санааны тавгүй байдал хүлээсээр сууна. Хий мөрөөдөлд автсан бөөн түмэн өөртөө байхгүй бие хүнийг хүсэмжлэн хөөсчдийн мулгуу тархиар “эго”-гоо хооллох нь ямар гээч хувь заяаны шоглоом бэ?

Хий мөрөөдөлд автаж, өөрийг нь жаргалтай болгох далдын хүчинд итгэх нь өөрсдөөс нь хамаагүй дээгүүр алдар цуутай, эд хөрөнгөтэй хүнийг сонирхож даган дуурайхаар илэрдэг зан төлөв. Бодит байдалд энэ надаас дээрдэхгүй амьтан гэж хэчнээн харавч далд ухамсартаа тухайн хүнийг дээд төрлийн хүн мэтээр сэтгэдэг. Ядаж л хажуугаар нь өнгөрөхөд харна, тэдний тухай шар бор мэдээлэл байвал сонирхон уншина. Дюкийн их сургуулийн эрдэмтдийн сармагчинд хийсэн туршилт энэ далд шинжийг баталдаг аж. Сармагчны сүрэг хоол ундаар дутагдаж өлсөөд ирэхээрээ хажууд нь өлгөсөн омгийнхоо хүчтэй сармагчны зураг руу ширтэн суух нь ихэсчээ. Харин цатгалан үедээ бие биенийхээ өгзөг хонго, эрийнхээ эрхтэн рүү ширтэх нь ихэсдэг байна. Эртнээс эдүгээ хүртэл хувьслын хугацаанд энэ шинж сүргийн амьтдаас арилсангүй. Амьд үлдэхийн төлөөх энэ арга дам байдлаар дамжин иржээ. Аливаа сүрэгт зам гаргагч заавал байдаг. Зам гаргагч хэн байх нь хамаагүй. Тэднийг олонх нь мухар сохроор даган явдаг. Сүрэгт зам гаргагч нь өөрийгөө өргөмжилж, хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө л бүхнээ хийдэг. Хаашаа замчлах нь чухал биш, бусдыг замчлах нь чухал. Өнөө үед хүмүүсийн амьдрал ядуу, бухимдалтай байх тусам тэдний нэг хэсэг байж хамтдаа “зовж” байгаа мэтээр сэтгэлээ зогоох хэрэгцээ ихэснэ. Ийм байдлаас гарах арга зам нь тэдний манлай болж өөртөө ахиухан хувь хүртэх. Энэ нийгмийн үзэл хандлага хувь хүний нэр төр, үнэ цэнийг өсгөх биш “гунигт олон”-ны нэг хэсэг байлгахыг байдгаараа хичээдэг.

Хөөсчид, поп-чдын хувьд хамгийн чухал нь олны танил, алдар нэртэй нэгэн байх. Ямар ч аргаар хамаагүй. Тэдний энэ ханашгүй хүсэл нь энэ нийгэмд алдартай л биш бол оршихгүй байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Тиймээс нээлт хийж, бишрүүлж, даган дуурайлгаж, хүндлүүлэх ханашгүй хэрэгцээтэй. Тэдний хэрэглэдэг гол арга нь эгэл жирийн хүмүүсээс дээгүүр үл мэдэх ертөнц гараг, тэнгэрийн төлөөлөгч, элч болж жүжиглэх. Сүүлдээ түүндээ бүр итгэчихдэг. Эмнэлгийн оношоор жинхэнэ солиотой хүнээс ийм хагас мэдрэлтэй хүмүүс хамгийн аюултай нь. Тэд хэрэглэгчээ цаг ямагт бэлддэг.

Энэ нийгэм тэр чигээрээ олны танил болох уралдаан зарлачих мэт бужигнаж байна. “Од болохын хүслэн”, “Олны танил байхын хэнээрхэл”-д автсан энэ үзэгдэл мөддөө биднээс салахгүй нь бололтой. Телевизийн бүх сувгаар дуулж, бүжиглэх, алиалж марзагнах уралдаан тэмцээн зохиогдож, гудамжиндаа хоосортол тэднийгээ үзэн баясч байна. Цэцэрлэгийн насны 50 хүүхдээс “Том болоод ямар хүн болох вэ?” гэсэн асуулга авахад дарга, захирал, од, дуучин, загвар өмсөгч, Ерөнхийлөгч болно гэж хариулж байна. Тэр дотроос ганц нь ч “Том болоод ээжийнхээ ачийг хариулна”, “Сайн хүн болно” гэж хариулсангүй.

Эцэг, эхчүүд “Сайн хүн болоорой” гэж ерөөхөө хэдийнээ болиод “Баян хүн болоорой” гэж захиж байна. Нийгмийн энэ “халдварт өвчний вирус” гаднаас үсэрхийлсний, үндэстэн өөрийн гэсэн оюун сэтгэхүйн дархлаагүй болсны жишээ. Америкт дунд сургуулийн 700 хүүхдээс судалгаа авчээ. Гэтэл тэдгээр хүүхдүүдийн 42 хувь нь ямар нэгэн одын туслах болохыг хүсч мөрөөдөж байгаагаа бичсэн байна. Энэ “Халдвар” Монголд нэлээд хэдэн жилийн өмнө тархжээ. Монголд хэн нэгэн гишүүн, дарга, сайдын цүнх баригч нар төрийн албанд олноороо байгааг бид мэдэхгүй гэж үү? Түрийвчээр даллах лекцэнд “UB палас” өдөртөө гурав дүүрч, ханиаж найтаах, сэксдэхээ давхцуулахгүй байх номлолд “Бөхийн өргөө” пиг болж байхад “хар масс” гэж ард түмнийг доромжиллоо гэж мянга хашхираад ч яах билээ. Бөөн түмэн бол ард түмэн гэдэг ойлголт биш гэж нийгмийн сэтгэл судлаачид тэмдэглэдгийг энд дурдъя. Хувь хүний нэр төрийг огоорч харин алдар нэрийн төлөөх энэ уралдааны ард мэдээж ашиг хонжоо, эрх мэдэл зүүлттэй байгаа. Монголчууд нэр хугарахаар яс хугар гэдэг сэн. Одоо бол ясаа хугалаад ч хамаагүй олны танил юмуу алдар нэртэй болохыг хүсэгчид олширч. Тиймээс гаж, солиотой “суутнуудаар” Монгол дүүрэх нь. Тэдний томоохон төлөөллүүд нь төрийн өндөрлөгт гараад амжлаа. Дараагийн сонгуулиар хэд нь өрсөлдөхийг хэн мэдлээ!

Төөрсөн түмэн

Нийгмийн сэтгэлзүй эмзэг, дархлаагүй, эмгэгтэй байгаа нь шинжлэх ухаангүйнх гэвэл зохилтой. Хувь хүнд ч гэсэн танин мэдэх, тунгаан бодох, шийдэлд хүрэх шинжлэх ухаан байдаг. Угтаа боловсрол гэдэг нь олон хэл мэдэх, нэртэй их сургууль төгсөхөөсөө илүү олон эх сурвалжийг олж уншиж чаддаг, түүнийгээ хооронд нь харьцуулан дүгнэлт хийгээд өөрийнхөө шийдлийг сэтгэл хөдлөлгүйгээр илэрхийлэх явдал. Монголчуудын энэ мунхрал туйлшрал хэт залхуу бас жаргалтай байгаагийнх. Нэг “хийтэй” нөхөр гэнэт гарч ирээд “поп”-рно, түүнийг нь дагаад намирна. Тэнэгийн дотор уужуу гэдгээр олонд тусах хор холбогдлыг бодож байгаа юм огт үгүй. Сэтгэхүйн дархлаа буюу аливаад анализ хийх чадвараа алдаад байна уу? Хүн туйлшрахгүйн тулд дор хаяж хэд хэдэн мэдээллийг бүрэн гүйцэд уншиж хооронд нь харьцуулж, бодож тунгаах хэрэгтэй болно. Харин бидэнд ийм цаг байдаггүй, уншихаас залхуурдаг. Хүнээс өрсөж дуугарахгүй бол түмнээс дутчих гээд байдаг. Хөөрүү хүнийг яагаад “хийтэй” нөхөр гэдэг вэ гэж судалж үзвэл уламжлалт анагаах ухаанд махбод нь хийгээр дүүрсэн хүнийг хэлдэг байх юм. Ийм хүн бухимдуу бас үглээ болдог байна. Тиймээс амаа хамхиж байхыг зөвлөдөг аж.

Монголчууд сэтгэлийн хөөрөлтэй хүмүүс. Эмоци ухамсараар биш сэтгэлээр үйлдэгддэг. Улс төрчдийн солиотой мэдэгдлүүд, “оддын” хийтэй ярилцлагууд, “Мөрөөдлийн багийн” гаж тунхагууд бүгд сэтгэл хөдлөл. Монголын хүн ам цэргээсээ дарга, нялхсаасаа буурлууд хүртлээ төрөл бүрийн сэтгэл хөдлөлөөр давалгаалж, үерлэж байдаг. Сэтгэл хөдлөлд айдас түгшүүр, бухимдал, уур хилэн, үзэн ядалт, туйлшрал, мунхрал, хий горьдлого, хоосон найдвар бүгд орно. Сэтгэл хөдлөлд баримт нотолгоо, хяналт, судалгаа, төгс шийдвэр, үр дүн аль нь ч үгүй. Энэ бүхэн шинжлэх ухаанд байдаг. Сэтгэл хөдлөл савлаж байдаг. Тиймээс манай нийгмийн савлагаа нь туйлшрах, хошуурах.

Энэ үзэгдэл дээр хөөсчид, поп-чид жүжгээ найруулж, бүхэл бүтэн тоглолт тавьчихдаг. Өнөөдөр С.Зоригийн хэргээс болоод нийгэм айдастай байна. Дарангуйллын хүнд нударганы дороос үл мэдэх цуурайтах үнэний дууг янз бүрийн худал хуурмагаар хучиж бүдгэрүүлж, нийгмийг талцуулж, савлуулж байна. Ийм л хөрс, хөөс эрх баригчдад хэрэгтэй байсан. Цаашид ч ийм байлгахыг хүснэ. Хөөсийг тэд үүсгэж хэсэг нь үлээдэг. Эцэст нь үнэнийг замхруулж чаддаг.

“Сэтгэл хөдлөлийн хамгийн том нийгэм зүйч, судлаач Керилл Эллис Изардын “Ялгаварт эмоцийн онол”-ын үзэл баримтлалаар бол пассион нь айдас, үзэн ядалт, тэсрэлт гэсэн гурван үе шатыг дамждаг байна. Тэсрэлт нь тодорхой өдөөлтөөр үүсдэг. Тухайлбал С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн бичлэгийг нийтэд үзүүлбэл өдөөлт болчих магадлалтай. “Хуулийн системийн 400 гаруй хүнийг бүгдийг нь толгой дараалан халахыг шаардаж байна” гэх нь айдас аажимдаа жам ёсоор бухимдал, уур уцаараар солигдож байгаа үзэгдэл. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж руу зоогийн газарт хэсэг залуус түүхий өндөг шидэж, хэлэх хэлэхгүй үгээр мөндөр буулгаж, Монголоос зайлахыг шаардсан гэдэг мэдээлэл гарчээ. Энэ бол айдас хуримтлагдан хамгаалалтын инстинктэд орж улмаар тэсэрч байгаа нэгж үзэгдлийн амьд жишээ” хэмээн социологич, нийтлэлч И.Цэрэнхүү бичжээ. Ийм мэтийн даган дуурайхуй, түүнээс гарсан ятган нөлөөлөхүй хөөрсөн түмний дундах хувь “Би”-д нөлөөлж юу л бол юуг хийлгэдэг аж. Урлаг, спортын тоглолтыг сонирхож, түүндээ автаж хөгжөөн дэмжих үедээ ч хүн өөрийн “Би”-гээ алддаг гэнэ.

Төөрсөн түмний тархи гэнэн, тэнэг хааш нь ч хөдөлгөхөд бэлэн, сэтгэл санаа нь тогтворгүй уур хилэнгийнх нь галыг ноцооход амар, амьдрал ахуй нь дундуур юуг ч амлахад үмхээд авахад бэлэн байх нь л өнөө цагийн эрх баригчдад ашигтай. Сэтгэлгээний дундуур байдал гаднаас аврагч ирэхийг, гэнэт ихээр баяжихыг, аз жаргал нь бусдаас хамааралтайг үргэлж хувь хүнд сануулж байдаг.

Хөөрсөн түмэн

АНУ-ын нэрт археологич Рой Чэпман Эндрьюс 1921 онд бичиж хэвлүүлсэн “Монголын тал нутгаар” номондоо болон Богдын шилэн фордыг унаж нийслэл хүрээнд хүргэж ирсэн Тяньжины фордын худалдааны төлөөлөгч Этан С.ЛеМанён нарын тэмдэглэлд монголчуудыг тун ч сэргэлэн, сониуч, итгэмтгий хүмүүс гэж тодорхойлон бичсэн байдаг. Тархан суурьшсан талын нүүдэлчдийн энэ зан чанар эдүгээ бөөгнөрсөн олон хүн буюу хөөрсөн түмэнг бий болголоо. Мэдээллийн шуурганд бөмбөгдүүлж, гадны соёлын довтолгоонд өртсөн бидний үндэстний нийтлэг эрх ашиг нь бөөн түмэн, хөөрсөн түмнээр илэрч байх шиг. Хөөрсөн түмний хөрс суурийг эрх баригчид амжилттай сайнаар бэлтгэсээр байна. Эрх баригчид ард олныг тэнэг байлгах дуртай гэсэн үг үнэний хувьтай гэдгийг сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд баталлаа. Тиймээс энэ харанхуй мунхаг байдал нь үе үеийн эрх баригчдын өгөөш болдог. Италийн философич С.Сигеле: (1868-1913) “Сониуч зан бол элдэв янзын мэдээлэл, дуулиан шуугианаар амилж явдаг, тэгээд хэзээ ч үүгээрээ цадаж ханадаггүй, үүний учир нь сониуч зан бол гүн мэдлэгийг бус, үй түмэн дэмий мэдээллийг хөөж явдагт оршдог. Сониуч зан юуны өмнө хов яриагаар хоолоо хийдэг...” гэжээ.

Монголчууд угийн хөөрүү, онгироо, омойдуу сэтгэлийн хөөрөл ихтэй хүмүүс. Тал нутгийн нүүдэлчид найр наадмаараа омойтож цусаа гартал нударгалцаж, тосоо гартал “тэврэлддэг” байсан. Лев Гумилевийн пассионарностын онолд Монгол үндэстний ялагдашгүйн таван чанарын тухай судалсан. “Ер нь л савлагаатай ард түмэн, генэтологийн үндэслэлийн нэг нь сэтгэл хөөрөл ихтэй, хөөрсөн үедээ юу ч үйлдэхээс буцахгүй оргилуун болдог” гэжээ.

Харин өнөө үед бөөгнөрсөн түмний уур амьсгал хүйтэрчээ. Учир нь өнөөдрийн нийгэмд уур бухимдал их, тайван бус тогтворгүй байдал өндөр. Ийм л үед бидний хүсээгүй хөөрсөн түмнийг хааш нь ч хөдөлгөх эрсдэлтэй. Түүний хамгийн тод жишээ бол 2008 оны 7-р сарын 01-ний эмгэнэлт явдал. МАХН-ын байрыг эвдэн сүйтгэж, галдан шатаахаар хүмүүс тэнд цуглаагүй. Харин тэрхүү хөөрсөн түмэнг хэдхэн хөөсчид очоод үлээчихснийг хэн бүхэн мэднэ. Үнэндээ тэрхүү үлээгчид “баатар” болон тодорсноос ямар ч шийтгэлгүй үлдсэн. Ийм л учраас нийгмийн сэтгэлзүйч, судлаач нарын орон зай онгойж байна. Нийгэмд манлайлагч, нийгмийн зүтгэлтнүүд, лидерүүд, хүмүүнлэгийн үйлстнүүдийн бүх орон зайг зөвхөн хөөсчид, поп-чид эзэлчихжээ. Хэн хөөрсөн түмнийг тайвшруулж бодит үнэнийг хэлж өгөх вэ?

С.Сигеле-ийн үзсэнээр “...социологийн хуульд захирагддаггүй, харин хамт нийтийн сэтгэл зүйн хуульд бүрнээ захирагддаг элдэв маягийн түр зуурын цугларалтыг хөөрсөн түмэн гэж нэрлэж болно”. Сайн сэтгэлт хүмүүсийн олонх нь хөөрсөн түмний дунд орохдоо сэтгэцийн дуурайхуйн хуулийн дагуу өөрсдийгөө хүрээлж буй этгээдүүдтэй адилаар биеэ авч явахад хүрдэг...”. гэжээ. Мөн Г.Тард “хөөрсөн түмэн гэдэг бол хоорондоо танил бус, ялгаа заагтай этгээдүүдийн овоолго мөн. Тачаадлын оч нэгээс нөгөө рүү нь үсрэн шилжиж, энэхүү эмх цэгцгүй бөөн түмнийг (масса) цахилгаанжуулахад л эл бөөн түмэн ямар нэгэн гэнэтийн мэт, аяндаа буй болсон зохион байгуулалтад орчихдог.” хэмээжээ.

Бөөн түмэн нь ард түмэн биш агаад уламжлал, заншил, өөрийн соёл гэж үгүй, яагаад гэвэл түүнийг үүсгэн гаргадаг жам ёсны үндэс, суурь гэж байхгүй. Бөөн түмэн тогтворгүй, юу гэвэл, гэнэт үүсэж, хурдан сарнидаг. Үүгээрээ ард түмнээс ялгаатай. Зорилгоосоо болж үйлдэлд автаж орон зай, цаг хугацааны хувьд, хаа нэгтээ, хэзээ нэгэн үед хүмүүс цугларан бөөгнөрдөг энэ үзэгдлийн бүтэц олон янз. Бөөн түмнийг хөлхөлдөгч түмэн, үзэгч түмэн, сонсогч түмэн, жагсаал цуглаанд оролцогсод, хөөрсөн түмэн гэх зэргээр ангилдаг тухай судлаачид тэмдэглэсэн байна. Сонгогч түмэн бол ард түмнийг төлөөлөх бөөн түмэн. Харин сонгогч бөөн түмэн нь өөрийнхөө төлөөллийг л төрд сонгох сонирхолтой. Сонгогч түмний өндөр оролцоотой хэсэг нь өмнөх үедээ социализмыг шүтэн бишрэгч настнууд байдаг. “Чамайг унтаж байхад өвөө, эмээг чинь чиний өмнөөс сонгууль өгдөг. Ийм байхад чи өөрчлөлтийг хүсээд нэмэргүй биз ээ... Залуу минь” гэдэг үг үнэний ортой шүү.

Эцэст нь тэмдэглэхэд хувь хүн өөрийн оршихуйн “Би”-гээ олоогүй цагт санаатай бусаар хэн нэгний утсан хүүхэлдэй болох магадлал маш өндөр ажээ. Түүнээс гадна нийгмийг айдастай байлгахад хүн бүхэн инстиктээрээ өөрийгөө хамгаалах гэж оролддог. Өнөөдөр хувь хүний шударгаар хөдөлмөрлөж, сайхан амьдрах боломжийг хязгаарлахад л хүн өөрийн эрхгүй ажилгүй, орлогогүй болох вий гэсэн далд айдаст автана.

Энэ айдас хэн нэгний авралд найдах, хэн нэгний нөмөр нөөлөгт орохыг хүсэх сэтгэлзүйг бий болгоно. Өөрөөр хэлбэл хувийн бизнес эрхлэх зээлийг нь ЖДҮ-чин луйварчид нь хуваагаад авчихаар тэр хүн юунд найдаж итгэх вэ? Өөрийн гэсэн орон байртай болъё гэхээр банкууд зээлийн хүүгээрээ хэд нугалан шулахаар хүмүүс урам зоригтой, өөдрөг, сэтгэл тэнэгэр амьдарч чадах уу? Гэвч хүн “амьд үлдэхийн” тулд амьдрахын тулд аль нэгэн аргыг хэрэглэж л таараа. Авлига өгөөд цүнх бариад ч болтугай амьдрахыг хүсэхгүй гэж үү? Энэ бүхнийг буруу ч гэсэнгүй, зөв ч гэсэнгүй. Харин боломж бүхнийг нь хязгаарлаж зөвхөн өөр лүү нь өрөвдөлтэй байдлаар хандан суугч болгох энэ технологи хэзээнийх, хэнийх вэ?

ЭХ СУРВАЛЖ:"АРДЧИЛАЛ ТАЙМС" ҮНДЭСНИЙ ӨДӨР ТУТМЫН СОНИН. Сэтгүүлч А.Мөнхжин


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин