• Эхлэл
  • “Жайка” ОУ-ын байгууллагын нэрийг ашиглан тамгын газрын ажилчидаас мөнгө залилжээ

“Жайка” ОУ-ын байгууллагын нэрийг ашиглан тамгын газрын ажилчидаас мөнгө залилжээ

2019/04/16

Цагдаагийн байгууллага залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэг, оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 15- 30-ны өдрүүдэд “ЗАЛИЛАН” арга хэмжээг зохион байгуулж байна. Арга хэмжээний хүрээнд иргэдэд  эрх зүйн мэдлэг  олгох, сургалт нөлөөлөл, урьдчилан сэргийлэх ажил түлхүү  хийгдэх юм. 

Сүүлийн жишээгээр эрхэлсэн тодорхой ажилгүй “М” нь мөнгө олох зорилгоор интернет, цахим орчинд “Ажилд оруулж өгнө” гэх зар байрлуулах, сумын тамгын газрын ажилтан нартай утсаар холбоо барин “Жайка” ОУ-ын байгууллагын ажилтан байна гэж худлаа хэлж мөнгө залилсан хэргийг илрүүлэн Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж.. 

“М” нь "Таныг “Жайка” ОУ-ын байгууллагын тусламж авах хүмүүсийн жагсаалтанд оруулсан”, эсвэл “Танай сумаас 2-3 хүнийг тусламжинд хамруулахаар болсон” гэх мэтээр хуурч мөнгө залилжээ. 

Хэргийг шалгахад иргэд дээрх гэмт этгээдтэй биечлэн уулзахгүйгээр мөнгө шилжүүлж байсан бөгөөд хохирогч нараас мөнгө шилжүүлэн авахдаа бусдын данс ашигласан нь тогтоогдсон байна. 

Иймд танруу аль нэг төрийн болон төрийн бус байгууллага, албан тушаалтны нэр барьж, хэн нэг утсаар ярьсан төдийд мөнгө шилжүүлэхгүй байхад онцгой анхаарах хэрэгтэй. 

Мөн иргэдэд сэрэмжлүүлэхэд таны фэйсбүүк, имэйл хаягаар таны ойр дотны хүний хаягнаас мөнгөний яаралтай хэрэг болсон, эмчилгээ хийлгэх шаардлагатай гэх мэт шалтгаан бичиж, мөнгөний туслалцаа үзүүлэхийг хүссэн захидал ирвэл уг мэдээлэлд автахгүйгээр тухайн хүнтэй заавал холбоо тогтоож, биечлэн уулзах, утсаар ярих зэргээр холбогдсоны дараа мөнгө шилжүүлэх шаардлагатайг Цагдааг байгууллагаас анхааруулж байна. 

Дээрх гэмт хэргийг үйлдсэн этгээдэд шүүхээс Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 10-40 сая төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

ЭХ СУРВАЛЖ:ARSLAN.MN


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин