• Эхлэл
  • НАМЗХ-ын Ерөнхийлөгч хэн бэ? Г.Баттүшиг? Н.Учрал? О.Гэрэлт-Од?

НАМЗХ-ын Ерөнхийлөгч хэн бэ? Г.Баттүшиг? Н.Учрал? О.Гэрэлт-Од?

2019/04/22

21 жилийн түүхтэй НАМЗХ-ныхон ээлжит хурал ирэх сард болж, шинэ даргаа сонгох гээд тун ч анхаарлын төвд байна. Нэгэн цагт энэ холбоог МАН-ын дарга нарыг бэлтгэх байгууллага ч гэж нэрлэдэг байлаа. Арга ч үгүй МАН-д нөлөө бүхий эрхмүүд энэ холбооноос төрөн гарсан, үндсэндээ МАН-ын “нөөц” кадр байгууллага. Хэдийгээр нэг гэсэн уналтанд ороод байгаа ч энэ байгууллагыг толгойлно гэдэг МАН-ын залуучуудын хувьд маш том амбицийн асуудал гэж хэлж болно. Тийм ч учраас анхаарал татах нь зүй. Зөвхөн залуус гэлтгүй МАН-ын лидерүүдийн хүч оролцоо, нөлөөлөл ч чухал, анхаарлыг нь ч татдаг том байгууллага.

Тухайлбал өдгөөгийн ерөнхийлөгч “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ч.Ганзоригийн хүү УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг аав нь өөрийгөө залгамжлуулахаар лоббидсон ч гэсэн. Түүнийг НАМЗХ-ын 21 жилийн түүхэнд байгаагүй сул ерөнхийлөгч гэгдэж байгаагийн хувьд ч түүнийг өөрчлөх нь тодорхой. Тэгээд ч сонгуульт дөрвөн жилийн хугацаа дуусч байгаа. Тэгвэл түүний хувьд дөрвөн жилийн хугацаа нь дуусч байгаа юм.

Тиймээс НАМЗХ-ын дараагийн Ерөнхийлөгч хэн болох вэ гэдэг асуудал одоо ид яригдаж байна. Улстөрийн хүрээнд өрнөж буй яриагаар бол энэ суудалд Ерөнхий сайд асан Сү.Батболдын хүү Б.Баттүшиг, УИХ-ын гишүүн Н.Учрал, СХД-ийн ЖДҮ-ийг дэмжих төвийн захирал О.Гэрэлт-Од нарын нэр яригдаж байгаа гэнэ.

Орчин цагийн өв залгамжлагч баян ханхүү гэдэг шиг Б.Баттүшигийг аавынх нь нэрээр олон нийт мэднэ. Басхүү аавынхаа нэрээр аавынхаа нэрээр Монголбанкны Бодлогын зөвлөлийн гишүүнээр томилогдон хэл амтайхан ажиллаж байсан. Монголын Үндэсний Олимпын Хорооны тэргүүн дэд Ерөнхийлөгч, “Скайтел группийн ТУЗ-ийн дарга, “И-Март”-ын эзэн гээд олон албан тушаалтай.

Мэдээж хэрэг энэ бүхний ард аавынх нь тавьж өгсөн засмал зам зурайж байгааг ойлгож ядах юмгүй. Н.Учралын хувьд ч “Их Засаг”-ын Ням-Осорын хүү гэдгээрээ ч мөн олонд танигдсан. Бас л алтан халбага зууж төрсөн үе залгамжлагчдын нэг.

Харин дунд нь “тоон дотор үсэг цохиж явна” гэдэг шиг О.Гэрэлт-Од гэж ямар нөхөр гараад ирэв гэж гайхаж магадгүй. Хэн нэгэн баяны юм уу улстөрчийн хүү лав биш. Сүүлийн үед ЖДҮ-г жинхэнэ утгаар гэх мэт юм цор цор гээд байх болсон олны танил бус залуу. Одоогоор түүний ард хэн байгаа, хэн лоббидож байгаа нь тодорхой биш.

Б.Баттүшигийн хувьд бол ойлгомжтой аав болон аавынх нь андуудын том дэмжлэг байгаа. Дээр нь Монголын тэргүүн баян “МАК”-ийн Б.Нямтайширийн ганц охин Н.Цэлмүүнтэй үерхэж байгаа болохоор магадгүй хадам ах Н.Номтойбаяр “зүтгүүлж” байгаа гэх таамаг байна. Ямар ч л гэсэн Монголын хоёр толгой баян гэр бүлийн дэмжлэг байгаа гээд ойлгочиход хилсдэхгүй.

УИХ-ын гишүүн Н.Учралын хувьд “Их Засаг”-ийн захирал аавынх нь зангараг бас байж л байгаа. Дээр нь Л.Оюун-Эрдэнэ тэр хоёрыг У.Хүрэлсүх улс төрд хөтөлж оруулж ирсэн. У.Хүрэлсүхийг Шадар сайдаар ажиллаж байхад нь зөвлөхийн үүрэг гүйцэтгэж байсан. ЗГХЭГ-ын дарга С.Оюун-Эрдэнэтэй хамт 2015 онд НАМЗХ-ноос Н.Номтойбаяр, Г.Тэмүүлэн нарт хөөгдөж гарч байсан удаатай. Ямартай ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх улс төрийн холын нүүдэл бодож НАМЗХ-ны ерөнхийлөгчид Н.Учралыг сойхоор хоорондоо хор найруулаад эхэлсэн гэх мэдээлэл байна.

Магадгүй түүнд НАМЗХ-ын Ерөнхийлөгч гэдэг УИХ-ын гишүүний суудлаас ч илүү чухал амттай харагдаж байж болох. Яагаад гэвэл ирэх сонгуульд НАМЗХ МАН-ын гол том хүчин түшиг нь байх учраас томоохон хөзрийг атгалаа л гэсэн үг. Ингээд бодохоор зөвхөн эдгээр залуусаас гадна ах нарынх нь томхон тоглолт энд өрнөж байгаа нь тодорхой.

Харин О.Гэрэлт-Од гэдэг хэний ч танил бус залуу юунд найдаж Ерөнхийлөгчид зүтгэж байгааг таах аргагүй. Нөгөө “Ардын хүүхэд ялж болдоггүй наадам уу” гэдэг шиг бор зүрхээрээ дайраад орно гэдэг арай л хэтэрхий эр зориг мэт. Нөгөө талаасаа сүүлийн үед НАМЗХ-ын нэр хүнд унах болсон, дээр нь улстөрчид, бизнесмэнүүд үе уламжлан “хаан ширээ”-г залгамжилдаг боллоо гэсэн шүүмжлэлийн дэргэд цав цагаан цаас шиг сонирхолтой кандидат.

МАН-ын ачаар эрх мэдэлд хүрсэн, хөрөнгөжсөн улстөрчдийн хүүхдүүд өнөөдөр улс төр дэх нэр, нөлөөгөө улам томруулахын тулд НАМЗХ-гоор дамжин намаа атгахаар улайрч байна гэсэн дургүйцэл хаа сайгүй өрнөөд байгаа энэ үед жирийн нэгэн залуу хун тайж, өв залгамжлагч нартай өрсөлдөнө гэхээр сонин байгаа биз. Түүнээс гадна сүүлийн үед МАН-ын нэрийг навсайтал унагаж, олон нийтийг дургүйцлийг төрүүлээд байгаа ЖДҮ-гийн хэргийг өөрчлөё гэсэн лоозон тавиад байгаа нь хүмүүст таалагдаж, гэнэт гоц мөргөн гараад ирэхийг үгүйсгэх аргагүй. Ийм л нэгэн сонирхолтой таамаг өрнөж эхлээд байна, НАМЗХ-ын эргэн тойронд. Магадгүй хөшигний ард цусгүй тулаан өрнөж байгааг үгүйсгэх аргагүй биз ээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин