• Эхлэл
  • “Саарал" Сангийн сайд

“Саарал" Сангийн сайд

2019/11/18

Зуйрган хүн зулгаа барна
Зуудаг нохой шүдээ барна

Сангийн сайд олон нийтийн сүлжээний идэвхтэн ажээ. Харамсалтай нь түүний нийтийг төөрөгдүүлэн, нийгмийг талцуулж бодит үнэнээс гажсан жиргээ постууд нийтлэх нь олширч байна. Ярилцлага өгөхдөө ч “муу л бол хойд захын хар овоохой” гэдэг ганц зарчим баримтална. Энэ нь бараг зуршил болчихсон гэхэд хилсдэхгүй. Өөртөө “цаасан малгай” өмсгөж хөөрөгдөхдөө гаргууд байдаг шигээ өрөөлийг элдэвлэхдээ тун гарамгай нэгэн юм. Харин сайдтай холбоотой хэвлэлээр гарч буй мэдээллийг харвал, ярьдаг шигээ тийм ч “ариун тунгалаг” явдалтан биш юм билээ. Олон жил дарга, сайд, УИХ-ын гишүүн хийхдээ сааралдуу бараан үйлдэл нэлээдгүй хийсэн нэгэн аж. Тэрээр алдаа дутагдлыг нь хэлсэн нэгнийг туйлын эмзэгээр тусгаж авдаг бололтой юм. Ер нь Монгол улсын Засгийн газрын гишүүн аливаа асуудалд бодитой хандаж, нийтэд үнэн зөв мэдээлэл өгч, тайлбарлан таниулах үүрэгтэй. Гэвч улс орны эдийн засгийн макро үзүүлэлтүүд дундаас өөртөө ашигтай гэж үзсэн ганц нэгийг нь сугалан авч улс төржүүлж, туйлшран иргэдийг төөрөгдүүлэх нь “гэм биш зан” нь болж хувирсан байх юм. Иймээс энэ удаа Сангийн сайдын буруу зөрүү мэдээлэлд тайлбар хийе.

НЭГ: Төсвийн алдагдалтай холбоотой:

“Засгийн газар 2017 онд 2 их наяд 711 тэрбум, 2018 онд 2 их наяд 400 тэрбум, 2019 онд 1 их наяд 913 тэрбум, 2020 онд 2 их наяд 074.7 тэрбум төгрөгийн алдагдалтай төсөв өргөн барилаа. Ийнхүү анх удаа манай улсын түүхэнд төсвийн алдагдлыг 4 жилийн нийлбэр дүнгээрээ 9 их наяд төгрөгт хүрлээ. Ийм их хэмжээний өрийг өмнө нь аль ч Засгийн газар үйлдвэрлэж байсангүй. Өрөөр хамгийн их улс төрждөг улс төрийн хүчин өнөөдөр монгол улсын эдийн засаг, тусгаар тогтнолын аюулгүй байдалд бодитойгоор аюул занал учруулах хэмжээний өрийг ирээдүй хойчдоо өвлүүллээ. Ийм ноцтой их хэмжээний архагшсан алдагдал бол зөвхөн дайны хөлд нэрвэгдсэн улсуудын төсөвт байдаг үзэгдэл юм. Энэ бодлогын алдаа иргэдийн нуруун дээр асар их өрийн дарамт авчирлаа...” гэх дүгнэлтийг Ардчилсан намын Зөвлөлөөс 2020 оны төсөв батлагдах үеэр УИХ-ын чуулганы танхимд уншиж танилцуулсан юм.
Харин энэ дүгнэлт Сангийн сайдын дургүйцлийг төрүүлж. Тэрээр твитертээ “2016 онд - 4.3 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв батлаад, гүйцэтгэлээр -3.6 их наяд төгрөгийн алдагдал гарсан. 2018 онд -2.4 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталж байсан” гэж өөрийгөө өмөөрөхдөө, өрөөлийг харлуулахыг оролджээ. Сангийн сайд өөрт нь холбоотой асуудал яригдахаар тэс өөр зүйл ярьж нийтийн анхаарлыг өөр зүйлд хандуулж, бултах оролдлого хийдэг нэгэн. Гэвч,

БОДИТ БАЙДАЛ: Эдийн засгийн нөхцөл байдал газар тэнгэр шиг ялгаатай.

Манай улсын эдийн засаг эрдэс бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх үнэ ханшнаас шууд хамаардаг. Тодруулбал нүүрс, зэс гэсэн хоёр түүхий эдийн үнэ ханш асар их нөлөөтэй. Монгол Улсын ДНБ-ий 30 орчим хувь, нийт экспортын 90 хүртэлх хувийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлдэг. Бидний гаднаас олдог хатуу валютын 10 ам.доллар тутмын 9 ам.долларыг түүхий эдээс олох бөгөөд үүнээс 7-8 ам.долларыг нь зөвхөн зэс, нүүрснээс олдог юм. Тийм болохоор энэ хоёр эрдэс бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн ханш нэмэгдвэл уул уурхайн салбар сэргэж дагаад тээвэр, гадаад худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ зэрэг бусад салбаруудын үйл ажиллагаа идэвхэждэг. Энэ чинээгээрээ улсад орох ёстой татвар нэмэгддэг гэсэн үг. Унавал дагаад уруудна. Тэгвэл 2012-2016 оныг санацгаая. Дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн хөөсрөл хагарч, манай эдийн засгийн өсөлт саарсан он жилүүдэд зэсийн жилийн дундаж үнэ 2011 онд 9000 ам.доллар хүрч байснаа, 2014 онд 7000 ам.доллараас доош уруудаж, нүүрсний ханш 120 ам.доллар хүрч байснаа 3-4 дахин унасан. Ийнхүү экспортын орлогын хомстол үүсэхэд Монгол улсын эдийн засаг огцом агшсан юм. 2013 онд зэсийн баяжмалын борлуулалтын орлого 948 сая ам.доллар байжээ. Харин 2018 онд борлуулалт нь 2 тэрбум ам.долларт хүрч даруй 2 дахин өссөн. Нүүрсний хувьд 2015 онд 555.9 сая ам.доллараар борлуулж байсан бол 2018 онд 2 тэрбум 802 сая ам.долларт хүрч орлого нь бараг 6 дахин нэмэгджээ. Уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний үнэ ханш ийнхүү өсөөд зогсохгүй, гурван жилийн хугацаанд ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд 5.5 тэрбум ам доллар орж ирж байгаа нь Монгол улсын эдийн засаг сэргэх гол шалтгаан болсон юм. Ийм сайхан боломж зах зээлийн нийгэмд шилжсэн 30 жилийн түүхэнд манайд бараг тохиогоогүй гэдгийг онцлох нь зүйтэй. Эндээс харвал эдийн засгийн сэргэлтийн үеийн болон хямралын он жилүүдийн макро үзүүлэлтүүдийг хооронд нь харьцуулж дүгнэх нь “тэнэгдүү” байгаа биз.

2016 оны төсвийн үзүүлэлтүүд

Монгол Улсын 2016 оны төсөв Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар батлагдсан. Монгол Улсын Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 7,013.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 25.4 хувь, тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн нэгдсэн төсвийн нийт зарлага 7,954.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 28.8 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцэл 940.5 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий 3.4 хувьтай байхаар тус тус батлагдсан. 2016 оны 7 дугаар сард Засгийн газар солигдох үеийн төсвийн гүйцэтгэл дараах байдалтай байжээ.


Эдийн Засгийн хямралын хүнд он жилүүдэд Ардчилсан намаас өргөн барьж байсан төсөв хир хэмжээний алдагдалтай байсныг дараах статистик харуулна.


Төсвийн ийм их нүсэр алдагдал нь төлбөрийн урсгал тэнцлийн алдагдал үргэлжлэн өсөх, төгрөгийн нэрлэсэн ханш улам сулрах, инфляц өсөж 2 оронтой тоонд хүрэх, дундаж давхаргыг улам бүр шахах, ажилгүйдэл нэмэгдэж, ядуурал ихсэх, улмаар уул уурхайн хямрал гүнзгийрч төлбөрийн тэнцлийн хямрал буюу 2010-2012 онуудын бодлогын алдаа давтагдах эрсдэл бодитоор бий болсныг харуулдаг. Энэ эрсдэлийн нөлөө 2020, 2021 онуудаас мэдрэгдэж эхэлнэ. Ийнхүү зөвхөн сонгууль бодож, “жалга довны” жижиг улс төр хийх нь ирээдүйд улс орны эдийн засгийг сүйрүүлдэг гэдгийг ухаарах хариуцлагыг л Сангийн сайдаас хүсээд байгаа юм.

ХОЁР: Монгол улсын гадаад өртэй холбоотой:

Монгол Улсын гадаад өр багасаж байгаа талаар Сангийн сайд ам ангайх бүртээ ярих. Гэвч,

БОДИТ БАЙДАЛ: Өнөөдөр Монгол улсын нийт өр 2016 оны 6 сарын 30-ны өдөр 24,260 тэрбум ам.доллар байснаа 2019 оны 6 дугаар сарын 30-ны байдлаар 29 тэрбум 692 сая ам.долларт хүрч бараг 5 тэрбум 500 сая ам.доллараар өсжээ. Харин Засгийн газрын нийт өр 2016 оны 2 улиралд 16 их наяд 662 тэрбум төгрөг байсан бол 2019 оны 2 улиралд 22 тэрбум 685 тэрбум төгрөгт хүрч даруй зургаан их наяд төгрөгөөр өссөн байна. Эрх баригчдын халаглаад байдаг Чингис бондоос хэд дахин илүү өр тавьсныг Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээ батлан харуулж байна.


Ийнхүү Монгол улсын гадаад өрийн өсөлт эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрч эхэллээ. Энэ нь үндэсний валютын ханшаар илэрч байна. Монгол банк тэрбум тэрбум ам.долларын интервенц хийсэн ч ханшаа алдаж эхэлсэн нь гадаад өрийн хэмжээ болон төсвийн алдагдалтай шууд хамааралтай юм. Уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн ханш өссөн энэ үед хуримтлал үүсгэн дотоод нөөц бололцоогоо ашиглан өрнөөс гарах бүрэн боломж Монгол улсад байсан боловч энэ боломжийг огт ашиглаж чадсангүй.

ГУРАВ: 2018 оны төсөв анх удаа ашигтай гарсан тухайд:

Төсөв ашигтай гарсан нь Сангийн сайдын тодотгож хэлснээр сүүлийн жилүүдэд үзэгдээгүй сүрхий үзүүлэлт. Жил бүр мөнгө зээлж, алдагдлаа нөхөж, өр үйлдвэрлэдэг улс ганц жил боловч энэ аюулыг тойрсон бол баяр хүргэх ёстой. Гэвч,

БОДИТ БАЙДАЛ: Үндэсний аудитын газраас Монгол улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлангийн 2.3.3 заалтад: “Нэгдсэн төсвийн төлөвлөсөн алдагдлыг нөхөх зорилгоор тайлант онд 1 их наяд 275 тэрбум 500 сая төгрөгийн гадаад зээл, Ирээдүй өв сангаас 100.0 тэрбум төгрөгийг тус тус авч, Ирээдүй өв сангийн 408.7 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулж, өмч хувьчлалын орлогоос 9.4 тэрбум, нийт 1 их наяд 775 тэрбум 600 сая төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлсэн байна” гэж тов тодорхой бичсэн байна.
2018 он бол манай зэс нүүрсний гадаад үнэ хамгийн өндөр байж, валютын орлого эрс нэмэгдсэн таатай жил байсан. Бараг 2 их наяд төгрөгийн төсвийн алдагдал төлөвлөсөн ч төсвийн орлого төлөвлөснөөс 2 их наяд гаруй төгрөгөөр давж биелсэн төдийгүй төсвийн нийт зарлага төлөвлөснөөс 700 гаруй тэрбум төгрөгөөр хэмнэсэн байхад гадаад зээл авч төсвийн алдагдлаа нөхжээ. Ингэж улсын гадаад өр нэмсэнийг ноцтой алдаа гэж үзэхээс өөр аргагүй. Ийм аргаар гаргасан дансны ашгийг магтан дуулж улстөр хийх нь өөрсдийгөө хуураад зогсохгүй, ард түмнээ басамжлан доромжилж буй нэг хэлбэр юм.
Аливаа улс дотоодоосоо зээл авч төсвийн алдагдлаа нөхдөг. Манай үе үеийн Засгийн газар ийм л байсан. Засгийн газрын үнэт цаас гаргаж арилжааны банкууддаа борлуулж, урсгал төсвөө санхүүжүүлж ирсэн болохоос гадаад зээлээр төсвийн алдагдал нөхөж байгаагүй. Энэ нь бодлогын асар том алдаа. Дотоодын зээл авснаар эдийн засгаа дэмжиж, төсвийн орлогоо нэмэгдүүлдэг бол, гадаадаас авсан зээл гадныхныг дэмжиж, ханшийн алдагдалд оруулж, төсвийн зарлага ихээр нэмэгддэг. Мөн Засгийн газар татвар төлөгчдийн давуулж төлсөн 2 их наяд гаруй төгрөгийн төсвийн орлогыг юунд зарцуулахаа УИХ-аас асуух ёстой биш үү? Төсвийг, өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн мөнгийг юунд зарцуулахыг Засгийн газар биш харин шийдвэрлэх онцгой бүрэн эрх зөвхөн УИХ-д байдаг юм шүү дээ, Сангийн сайдаа.

Төгсгөлийн оронд “саарал” сайдад өгөх зөвлөгөө:

Сангийн сайд хүн олон нийтийн сүлжээнд элдэв зүйл сараачиж суухаар улс орныг хөгжүүлэх, ажлын байр шийдэх бодлого ярьж, нийгмийг соён гэгээрүүлж байх ёстой юм. МАН-ын 2016 оны УИХ-ын сонгуулиар сонгогч олонд амласан оюутны тэтгэлэг олгох, шинэ төрлийн татвар бий болгохгүй, өрхийн орлогыг хоёр дахин нэмэгдүүлэх, орлого багатай иргэдээ тусгайлан тэтгэх, тэтгэвэр тэтгэмжийг үе шаттайгаар нэмэгдүүлэх, ханшийн уналтыг зогсоох, баялгийн сан байгуулж иргэдэд хүртээх, итгэлийн зээл бий болгох, тусгай зөвшөөрлийн тоог бууруулах, арилжааны зээлийн хүүг бууруулах, аймаг бүрт үйлдвэр байгуулах, бага орлоготой аж ахуй нэгжийн орлогыг нэмэгдүүлэх... гэх мэт чихэнд чимэгтэй мянга мянган амлалтаа хэрхэн биелүүлж буй талаараа яримаар байна, жиргэмээр байна. Энэ нь УИХ-ын сонгууль ойртсон өнөө үед цаг үеэ олсон зөв зүйтэй сэдэв байх нь гарцаагүй. Харин санхүүгээ “сааралтуулж”, олон улсын байгууллагуудаас “онц муу” дүн авснаа нийтийн анхаарлаас холдуулах гэж элдэв зүйл сэдээд нэмэргүй биз дээ.

ЭХ СУРВАЛЖ:"АРДЧИЛАЛ ТАЙМС" ҮНДЭСНИЙ ӨДӨР ТУТМЫН СОНИН 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин