• Эхлэл
  • Адам Смит гэгчийн номлол

Адам Смит гэгчийн номлол

2019/11/25

Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содномын нийтлэлийг хүргэж байна.

Адам Смит гэгчийн номлол, сургааль.

Адам Смит, түүний эдийн засгийн тухай сургааль гэж яригддаг боловч үзэл баримтлал сургаалийн нь гол санаа, тэр нь орчин үед яаж ойлгогдож хэрэглэгдэж байх учиртайг мэдэж байх хэрэгтэй юм. Энэ үүднээс түүний үзэл санаа, сургаалийн гол санааг Израил улсын эрдэмтэн Юваль Ной Харари гэдэг хүн “Хүн төрөлхтөний товч түүх” хэмээх номондоо товчоор бичсэн байна. Түүнд манай Улстөрчид, Эдийн засагчдад хэрэгтэй сонирхолтой байж магад зүйл их байна.

Шотландын эдийн засагч Адам Смит гэдэг хүн 1770-аад онд “Ард түмний баялагийн орчин ба шалтгааны судалгаа“ хэмээн орчуулж болох нэртэй номлол бичсэн нь эдийн засгийн ухаанд шинэ үзэл баримтлал гаргасан гэж үздэг юм байна. Смит тэр номлолдоо: “Тариачин, Нэхмэлчин эсвэл Гуталчин гэр бүлийнхээ хэрэгцээнээс илүү гарах орлого олвол түүнийгээ ажилчид хөлсөлж орлогоо улам нэмэгдүүлэхэд ашигладаг. Үүнээс үзвэл, хувийн хөдөлмөр эрхлэгчдийн орлогын өсөлт нь нийтийн баялагийн өсөлт, хөгжлийн эх булаг болдог.” гэсэн шинэ үзэл баримтлал гарган бичжээ.

Амиа бодож бий болгосон хувийн ашиг бол нийгмийн баялгийн эх үүсвэр болдог гэсэн Смитийн үзэл санаа хүн төрөлхтөний түүхэнд зөвхөн эдийн засгийн төдийгүй, ёс суртахуун, улс төрийг хамаарах хувьсгалт үзэл баримтлал болсон гэж үздэг юм байна. Смит гэгч хэрэг дээрээ хомхой шунамхай байх бол хэрэгтэй, би баяжсанаараа зөвхөн өөртөө бус бүгдэд тус болж байгаа юм гэж хэлжээ.

Смит эдийн засаг бол харилцан ашигтай нөхцөл: тухайлбал: надад ашигтай байвал чамд бас ашигтай байдаг гэж эдийн засгийг харж байх хэрэгтэй гэж сургажээ. Хэрэв би ядуу байвал чи бас л ядуу байх болно. Яагаад гэвэл би чиний бараа үйлчилгээг худалдан авч чадахгүй. Хэрэв би баяжвал чи бас баяжина. Яагаад гэвэл чи надад бараа үйлчилгээ худалдах болно.

Смит баялаг ба ёс суртахууныг хооронд нь сөргөлдүүлж байсан уламжлалыг эвдэж баячуудын өмнө тэнгэрийн хаалгыг нээж өгсөн. Түүний бодлоор баян байх нь ёс суртахуунд харшлах зүйл биш. Бусдыг дээрэмдээгүй, хулгай хийгээгүй, ариун цагаан хөдөлмөрөөрөө баяжсан хүн нийгмийн баялгийг аривжуулдаг. Тэгэхээр баячууд бол нийгэмд хамгийн тустай хүмүүс, буян үйлдэгчид, хөгжил дэвшилд тус хүргэгчид.

Харин Смит дээр дурьдсан үзэл сурталынхаа хамт нэг зүйлийг чухалчилсан байна. Баячууд олсон ашгаа шинэ үйлдвэр барих, ажиллагчдаа нэмэгдүүлэхэд зориулдаг байх ёстой. Үр ашиг өгдөггүй зүйлд ашгаа үрдэггүй байх нь чухал гэж байжээ. Смит тариачин нэхмэлчин нэмэгдэл орлогоо нэмэлт ажилчид авч ажиллуулахад зориулах хэрэгтэй, харин олсон хэдийгээ авдранд хураагаад тоолж үзэх гэж л тагийг нь онгойлгодог байж хэрхэвч болохгүй хэмээн эрхэмлэн сургадаг байжээ. Ийм сургамж уламжлагдсаар орчин үеийн капиталист эдийн засгийн “орлогыг үйлдвэрлэл өргөтгөхөд зориулах ёстой“ гэх үзэл баримтлалын суурь болжээ. Үйлдвэрлэл орлого оруулна, орлого нь дахиад үйлдвэрлэл өргөтгөх хөрөнгө оруулалтад зориулагдана, үр дүнд нь орлого илүү ихээр нэмэгдэнэ, энэ бүхэн давтагдана. Хөрөнгө оруулалтыг тоног төхөөрөмж худалдаж авах, шинжлэх ухааны судалгаанд, шинэ бүтээгдэхүүний үйлдвэрлэлд гэх мэт янз бүрийн төсөлд зориулах бөгөөд хамгийн чухал нь үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, илүү их ашиг олход нөлөөлсөн байх ёстой. Капиталист үнэмшэлийн хамгийн нэг дүгээр зэргийн эрхэм номлол бол “Үйлдвэрлэлээс олсон орлогыг үйлдвэрлэлийг өргөтгөхөд зориулах хэрэгтэй”.

Капитал нь Баялаг гэдгээс ялгаатай. Капитал бол үйлдвэрлэлд зориулагддаг мөнгө, эд хогшил, нөөц хөрөнгө. Харин Баялаг бол ашиг өгөхгүй хэлбэрээр байж л байдаг буюу үрэгддэг зүйл. Ашиггүй пирамид босгоход хөрөнгө зарсан фараонууд, Карибын арлуудад авдартай зоос нуусан далайн дээрэмчид бол капиталист биш. Харин үйлдвэрт өдөржин хөдөлмөрлөдөг, цалингийнхаа зарим хэсгээр хувьцаа худладаж авсан ажилчин бол капиталист юм гэж бичсэн байна.

Адам Смитийн сургаалиас анхаарч баймаар зүйл.

- Улсын төсвийг, ялангуяа түүний зарлагыг төлөвлөх батлахдаа орлогын эх үүсвэрээс аль болохоор ахиу хэмжээний мөнгийг үр ашиг ихтэй үйлдвэрлэл хөгжүүлэх, үүний дотор экспортыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой төслүүдийг санхүүжүүлэхэд зориулдаг байх.

- Төрийн болон хувийн өмчийн аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэл үйлчилгээнийхээ үр дүнд олсон ашгийг үйлдвэрлэл үйлчилгээгээ улам өргөжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх арга хэмжээнд зориулж байхыг эрхэм зориолго болгох.

- Үр ашигтай үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж, хууль журмын зөрчил гаргадаггүй хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, ялангуяа олсон орлого ашгаа үйлдвэрлэл хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэхэд зориулдаг аж ахуйн нэгжүүдийг төрийн зүгээс дэмждэг, шагнаж урамшуулдаг байх. Ийм аж ахуй эрхлэгч бизнесийн нөхөдийг ад үздэг, атаархдаг, нэр хүндэд нь халддаг явдлыг таслан зогсоох. Шаардлагатай бол ийм зөрчил гаргасан этгээдийг шийтгэдэг байх хууль гаргах.

Орчин үед капитализмын чиг баримжаатай бизнес эрхлэгчид манай улсад бий болж байна. Үйлдвэрлэл үйлчилгээг амжилттай хөгжүүлж, орлого ашгаа тогтвортой өсгөж, ажлын байр нэмэгдүүлж байдаг тэргүүлэгч бизнесменүүд бол Адам Смитийн сургаалийн үүднээс үзвэл нийгмийн баялгийг бүтээгчид, хөгжил дэвшлийг манлайлагчид гэж үнэлэгдэх ёстой хүмүүс юм. Тэргүүлэгч бизнесмен хүмүүс манайд одоо цөөхөн байна. Энэ нь бизнесийг амжилттай эрхлэх чадвартай хүмүүс олон төрдөггүй, уламжилсан туршлага багатай холбоотой.

Амьдрал дээр ажиглаж байхад хувийн өмчийг ад үздэг үзэл суртлаар хүмүүжсэн, өөрөө бизнес хийх чадваргүй, зөвхөн атаархаж байдаг хүмүүсийн гажтай үйлдлүүд баялаг бүтээх, хөгжил дэвшилд саад болж байна. Амжилттай бизнес эрхэлж байгаа бизнес эрхлэгчдийг баян гэр бүлийнхэн, эсвэл хэт баяжигч ханаж цаддаггүй шуналтан гэх мэтээр цоллон нийгмээр ад үзүүлэхийг оролддог гаж үйлдэлтэй зарим улс төрчид тааралдах юм. 

Зай чөлөөгүй явж, хаана хөрөнгө оруулбал ашигтай байх, хувьцааны үнийн өсөлт бууралтыг ажиглаж ажилладаг, үйлдвэрлэл хөгжүүлэхэд оруулж байгаа хөрөнгөтэй нь харьцуулбал хувийнхаа амьдрал, ажил хэрэгтээ зарцуулж байгаа мөнгө нь өчүүхэн хувь байдаг тэргүүлэгч бизнесменүүдийг хүндэтгэдэг, сэтгэл санааны хувьд ч болов дэмждэг, төр засаг нь урамшуулдаг байх нь чухал юм байна. Харин авилгачид ашиглагчидыг тэргүүлэгч бизнесменүүдийн эгнээнд оруулж болохгүй нь тодорхой.

Монголчуудынхаа одоогийн амьдралыг ажиглаад даруу амьдрах, хэтэрсэн хэрэглээгээр өөрсдийгөө хөнөөхөөс сэргийлэхийг эрхэмлэ гэж хэлмээр санагддаг болсон. Манай өвөг дээдэс, даруу амьдардаг аав ээжүүд маань тансаглах, үрэлгэн байхыг хүсдэггүй, хүнсний зүйлийг хаядаггүй, урагдсан хувцасаа оёж өмсдөг, заавал шинийг худалдаж авах гэж гүйдэггүй байсан. Гэтэл одоо бид яаж байна?Статистикийн мэдээнээс сонсож байхад манай улсад хүн амын тоотой тэнцэх тооны ухаалаг утас, айл өрхийн тоотой тэнцэх автомашин байгаа бололтой.Заавал байх хэрэгцээгүй, эдэлгээ даахгүй барааг өөрчилсөн өнгө загвар төдий шалтгаанаар өр тавьж байгаад ч худалдан авч хураадаг, дэлгүүр хэсэж цаг өнгөрүүлэх донтой болсон мэт хүмүүс олширч байна. Хүнсний зүйл хэт их хэрэглэж таргалаад буцаж турах гэж тураах хоол хүнсний зүйлд мөнгө зарж эдийн засгийн өсөлтөд хоёр дахин мөнгөө зарж байгаа хүмүүс ч олон болж байна.Энэ бүхэн үйлдвэрлэгчид, худалдаа эрхлэгчдэд ашигтай боловч нийгэмийн хөгжилд сайн нөлөө үзүүлэхгүй. Айл өрх бүрт ухаалаг хэрэглээ эрхэм зүйл. Ухаалаг хэрэглээнээс эдийн засагт хохирол учрахгүй.

ЭХ СУРВАЛЖ:BAABAR.MN

Д. Содном

2019 -11 – 25


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин