• Эхлэл
  • Монголын ард түмэнд баярлалаа

Монголын ард түмэнд баярлалаа

2020/03/06

БНХАУ-д коронавирусын халдвар дэгдсэнээр хөрш зэргэлдээ Монголчуудын зүгээс ч өмнөд хөршийнхөндөө туслах аяныг өрнүүлээд байгаа. Үүний хариуд БНХАУ-аас Хөрөнгө Оруулагчдын ЗУН-ХУА Нийгэмлэгээс хариу талархал илэрхийлсэн байна. Энэхүү талархлын захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна. 

МОНГОЛЫН АРД ТҮМЭНД ХҮРГЭХ ТАЛАРХАЛ

Энэ оны эхээр Хятадын Хубэй мужийн Ухань хотод уушгины хатгалгааны шинэ төрлийн коронавирусын өвчин дэгдэж өмнө байгаагүй өргөн цар хүрээтэйгээр Хятад орон даяар хурдацтай тархлаа. БНХАУ-ын нам, засгийн газраас зохион байгуулалт, урьдчилан сэргийлэх болон эмчилгээний шуурхай арга хэмжээ авсны үр дүнд өвчний тархалтыг хяналтандаа аваад байна. Хубэй мужийн тархалтын гол бүс нутгийг эс тооцвол улсын хэмжээнд шинээр халдварласан өвчтөний тоо буурсаар байгаа төдийгүй зарим хот мужууд халдваргүй боллоо.

Хятад улс шинэ төрлийн коронавирусын халдлагад өртөж, өвчинтэй тэмцэж буй хүнд цаг үед бидэнтэй найрсаг харилцаат түнш–Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо, Монголын Бизнесийн Зөвлөл, Монголын Үндэсний Барилгын Ассоциаци, Монголын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Үндэсний Ассоциаци, Монгол Хятадын Худалдааг Дэмжих Холбоо, Тулга-5 хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн студи болон бусад холбоод тэдгээрийн гишүүн компаниудаас бидэнтэй эв санааны нэгдлээ илэрхийлсэн ил захидлуудыг хүлээн авлаа.

Монгол анд нөхдийн маань чин сэтгэлийн дэмжлэг бүхий энэхүү захидлууд нь Монголын ард түмний нөхөрсөг сайхан сэтгэлийг Хятадын ард түмэнд мэдрүүлэхийн дээдээр мэдрүүллээ. Нэгдүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын засгийн газар болон ард түмэнд хандан чин сэтгэлийн мэндчилгээ хүргүүлж мөн 200.000 ам.долларын хандивыг өргөлөө. Түүнчлэн Монголын хүүхэд хөгшид, оюутан залуус мөнгөн хуримтлал, хамгаалалтын маск бэлэглэх зэргээр хандивын үйл ажиллагаа идэвхтэй өрнүүлжээ.

Төрийн байгууллага, агентлагууд, бизнесийн салбарынхан, төрийн болон төрийн бус холбоод Хятадын ард түмэнд хандан сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, санаа сэтгэлийн дэмжлэгээ илэрхийлсээр байна. Онцгойлон тэмдэглэхэд хоѐрдугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга БНХАУ-д тусгайлан айлчилж, Коронавирусын халдварыг таслан зогсоох, хүнд хэцүү энэхүү эрсдлийг даван туулахад сэтгэл зүрхээрээ хамт байгаагаа илэрхийлж, Мөнхийн хөрш БНХАУ-ын ард түмэнд чин сэтгэлийн дэмжлэг болгон Монгоын ард түмнээс 30.000 толгой хонь хандивлаж буй гэрчилгээг БНХАУ-ын дарга Ши Жинпинд гардууллаа. Энэ бол өвчний дэгдэлтээс хойш Хятад улсад хийсэн гадаадын анхны төрийн тэргүүний айлчлал боллоо.

Хятадын ард түмэн, түүний дотор Монголд ажиллаж, сурч буй хятад иргэд Монгол орон даяар өрнүүлж буй халуун дулаан чин сэтгэлийн дэмжлэгийг гүнээ мэдэрсээр байна. Хятадын хэвлэл мэдээлэл болон нийгмийн сүлжээнд Монгол орныг сайшаан магтаж, Монгол Улсаас Хятадыг халуун сэтгэлээр дэмжиж байгаа тухай мэдээлэл "Ардын Өдрийн сонин”-оор дамжин Хятад улсын бүх ард түмэнд хүрч, зовох цагт нөхрийн чанар танигдана хэмээн онцолж Хятад, Монгол хоѐр орны найрамдалд шинэ хуудас нээснийг тэмдэглэж байна. Монгол Улс дахь БНХАУ-ын хөрөнгө оруулагчдын төлөөлөл болсон ЗУНХУА нийгэмлэг, мөн нийт гишүүн компанийн олон мянган ажилчид, тэдгээрийн гэр бүл болон Хятадын ард түмний өмнөөс Монгол Улсын төр засаг болон монголын ард түмэнд хандан чин сэтгэлийн талархалыг үүгээр дэвшүүлье.

Хүний сайныг ханилж мэднэ, хүлгийн сайныг унаж мэднэ гэдэг эртний зүйр үг байдагчлан Хятадын ард түмэнд тулгараад буй хүнд хэцүү цаг үед Та бүхэн бидэнтэй хамт байж халуун сэтгэл, тусламжийн гараа сунгаж урам дэм өгч байгаа үйлс бүхнийг Хятадын ард түмэн мартахгүй. Вирусын дэгдэлт хил хязгаарүй тархаж байгаа энэ цаг үед Монгол Улсад урьдчилан сэргийлэх, хяналт тавих амаргүй нөхцөл байдал тулгарч байгаа бөгөөд бидний зүгээс Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг ойлгон бүрэн дэмжиж байна. Бид ч мөн өөрсдийн нийт гишүүн компаниуд болон гишүүддээ хандан Монголын төр-засгаас авч хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх, хяналт тавих үйл ажиллагаа, вирусын халдварын бүх сувгийг таслан зогсоох, Монгол Улсыг вирусын халдлагаас хамгаалах хатуу арга хэмжээ авахад хамтарч ажиллахыг уриалан, шаардлага тавин ажиллаж байна. БНХАУ-ын нам, засгаас зохион байгуулалт, урьдчилан сэргийлэх болон эмчилгээний шуурхай арга хэмжээ авсаар байна.

Тиймээс нийт ард иргэдийн идэвхтэй хамтын ажиллагааны үр дүнд ойрын хугацаанд тархалтыг бүрэн даван туулна гэдэгт бид бүрэн итгэлтэй байна. Хоѐр орны хилийн боомт нээгдэж бизнесийн үйл ажиллагаа, ард иргэдийн ирж очих хөдөлгөөн болон хүмүүнлэгийн солилцоо удахгүй сэргэж хэвийн үргэлжилнэ гэдэгт найдаж байна. Цаашид бид хоѐр орны бүхий л салбарын найрсаг, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж, манай аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагаа ухамсарлан, төсөл бүрийг өндөр хурдтай, чанартай хийж Монголын хөгжил цэцэглэлд хувь нэмрээ оруулахыг эрхэмлэх болно.

Хятадад гарсан тахал өвчний талаар цаг тухай бүрт нь бодитой мэдээллийг шуурхай хүргэж байсан Монголын хэвлэл мэдээллийнхэнд болон Хятадын ард түмэнд санаа тавьж, чин сэтгэлийн дэмжлэг үзүүлж буй бүх монголчууддаа талархсан сэтгэлээ дахин илэрхийлье.

БНХАУ-аас Хөрөнгө Оруулагчдын ЗУН-ХУА Нийгэмлэг

2020 оны 3 дугаар сарын 3-ны өдөр, Улаанбаатар хот


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин