Дуучин Нараа буюу Мөнхтөрийн Нарантуяагийн INTERNATIONAL TB-гийн “VIP өрөө” нэвтрүүлэгт оролцсон ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Нара:Би бүх юмаа ярьчихдаг, үүндээ ч их олзлогддог
-Таны ажлын болоод амьдралыг зорилго мөрөөдөл юу вэ?
-Сүүлийн үед амьдрал, мөрөөдөл, амжилтын тухай миний ойлголт их сонин болоод байгаа. Ухаан сууж байна гэх үү, хөгширч байна гэх үү, мэдэхгүй. Гэхдээ ямар ч байсан хэт их амжилтын төлөө улайрах, зарим амжилт магадгүй өсөөлөөгүй гай гамшиг, эрсдэл авчирдаг байх гэж боддог болсон.
Бидний тэмүүлээд байгаа амжилт гэдэг үнэндээ юу юм бэ? Яг юуг өнөөдөр амжилт гэх юм бэ? Капитал банкны, Бишрэлтийн гэгддэг УИХ-ын гишүүн Ундармаа “Миний хамгийн гол алдаа бол улс төрд орсон явдал” гэж хэлсэн байсан. Энэ хүн тухайн үед сонгуульд ялахдаа бол жинхэнэ том амжилт шиг санагдаж байсан байх. Гэтэл тэр хүн одоо ямар байдалтай байна. Өөрийнх нь эрхэлж байсан маш олон бизнесүүд, за нотой ноцтой зарим нэг нь өөрийнх нь хүчээр бий болгосон нь ч байдаг л байх, тэр бүхэн одоо хоморгонд нь ингээд өнгөрч байгаа байхгүй. Тэгэхээр энэ амжилт мөн үү? Зөвхөн Ундармаа гишүүнээс төдийгүй дэлхийн маш олон хүмүүсийн амжилтаас харж байна. Мундаг том амжилтанд хүрчихсэн дэлхийн рок одууд, поп старууд энэ том амжилтын дараа өөрсдийнх нь төсөөлж байгаагүй аймшигтай эрсдэл, уй гашуу тохиолдож, зарим нь амьдралаа, амь насаа харамсалтайгаар алдаж байна, тийм үү.Энэ амжилт дагуулсан олон хүмүүсийн зөв, буруу энерги, ятгалга нөлөөлдөг ч юм уу?
Тэгээд би амжилтын төлөө улайрахаа ердөө больчихлоо. Хийж байгаа юмаа төгс хийхийг хичээ, аль болох сайн сайхан байя л гэж бодох боллоо. Овойж оцойтлоо баяжих сонирхол алга, зүгээр л хөөрхөн хүүтэйгээ бор гэртээ божин гээд амьдарч байвал болох юм гэдгийг сайн ойлгоод байна. Мэдээж хийж байгаа бизнес маань өөрөө өөрөөрөө, миний хичээл зүтгэлээр томорч байвал гайхамшиг. Надад өөр худалдаа үйлчилгээний салбарт зорьсон санаа байгаа. Гэхдээ энэ бол одоохондоо бичил мөрөөдөл юм даа. Одоо зарлаад яах вэ, бүтэхгүй бол... Дуугуйхан л байя /инээв/.
Миний давуу тал ч юм шиг хэрнээ сул тал бол бүх юмаа ярьчихдаг. Мөрөөдлөө ч, өнгөрснөө ч... Үүндээ маш их олзлогддог. Гэхдээ дотроо нуух юмгүй, шаналах шаналалгүй байх нь надад маш амар байдаг. Тийм болохоор зүгээр л ямар нэгэн гунигтай мэдрэмж байвал тэрийгээ өөрөөсөө авч хаяж байж тайвширдаг. Тийм хүн чинь бас хэцүү юм даа.
-Та 2016 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн. Тэндээс та юу олж авсан бэ? Мөн юугаа алдсан бэ?
-2016 оны сонгууль надад амьдралын маш чухал зүйлийг ойлгуулсан. Чи хүчтэй, амжилттай биш бол тойрон хүрээлж байгаа хүмүүс бүгд алга болох юм байна гэдгийг. Тэгэхээр заавал тийм хүмүүсээр өөрийгөө хүрээллүүлэхийн тулд хүчтэй чадалтай, амжилттай байхыг зорих нь зөв юм уу? Тийм үнэнч биш хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх нь зөв юм уу гэдгийг надад ойлгуулсан. Нөгөөтэйгүүр 2016 он бол надад ээлтэй ч юм шиг хэрнээ амьдралдаа хэзээ ч үзэж байгаагүй эмзэг, магадгүй, тэр өдрийг өнөөдрийг хүртэл дурсаж явсан тэрэнд дотроо гомдож, шаналж явсан жил байсан.
Хүмүүс улс төртэй холбож бодох байх. Үгүй, улс төртэй ямар ч холбоогүй... Би 2016 оны 6 сарын 29-нд сонгуулийн дүн сонсчихоод “За , яах вэ дээ, бас болж байна шүү дээ. Энэ олон хүмүүс надад итгэж ийм хэмжээний санал өгнө гэдэг... Би өнөөдөр яг үнэндээ яг хэн юм бэ? Улс төрийн боловсрол, туршлагагүй. Гэтэл надад хүмүүс итгэж ингэж саналаа өгнө гэдэг бол маш том талархах хэрэг. Одоо юунд нь гомдох юм бэ” гэж бодож байсан. Хэд хоногийн дараа жинхэнээсээ аймаар том сонин юм болсон доо. Эмэгтэй хүний амьдрал хувийн амьдрал талаасаа... Жирэмсэн байснаа мэдсэн. Би жинхэнээсээ аймаар ядраад л. Сонгуульд явж байгаа болохоороо ингэж ядардаг юм байлгүй дээ гэж бодоод л өдөр шөнөгүй маш олон хүмүүстэй уулзаж, айлаар орж, хүмүүсийг сонсч явсан. Зарим нь янз бүрийн юм хэлнэ, гэхдээ муу нь харьцангүй бага. Гэхдээ тэр дунд маш их нерв, эд эс унаад, бүр аймаар ядраад л. “Пүүх сонгууль гэдэг чинь аргагүй ядардаг юм байна” гэсэн чинь жирэмсэн болчихсон байсан. Хүү маань 3 нас хүрч байсан үе.
Аймшигтай шок:Чамаар би хүүхдээ гаргуулахыг хүсэхгүй байна...
За улс төрд ялагдлаа. Гэхдээ энэ 4-н жилд өөрийгөө хөгжүүлж болох юм байна, надад илүү их сонирхох судлах юу байна гэдгийг ажиглах цаг хугацаа өгч байгаа байх, энэ дунд нь өөрийгөө ч хувь хүн талаас нь хөгжүүлье, хувийн бизнесээ эхлүүлье, хувийн амьдралаа ч цэгцлэе гэж бодсон. Гэтэл жирэмсэн болчихсон. Би бүр аймаар баярлаад “Ээ бурхан минь, хоёр сайхан хүүхэдтэй болох нь” гээд л. Найз залуудаа хэллээ. Гэхдээ бид ил хэлж зарлаагүй, чимээгүйхэн үерхээд явж байсн үе. Ойр тойрны найз нөхдүүд бол мэднэ. Гэтэл хамгийн хөгжилтэй нь жирэмсэн болсноо хэлсэн чинь “Үгүй ээ, хоёулаа жирэмсэн болно гэж яриагүй шүү дээ” гээд. Жирэмснээс хамгаалах гэдэг чинь зөвхөн эмэгтэй хүний үүрэг биш шүү дээ, ер нь бол. Тэгээд яах вэ дээ, “Чи дургуй байгаа бол хамаагүй ээ. Чи тэртэй тэргүй урд нь өөрийн гэсэн амьдралтай байгаад тэрийгээ бүтээж босгож чадаагүй юм чинь би өөрөө өөрийнхөө хүүхдийг гаргаад өөрийнхөө биеийг мэдээд явна аа” л гэсэн. Гэтэл нөгөөх чинь янз бүрээр л үзсэн... “Би өмнөх хүүхэддээ эцэг нь байж чадаагүй. Ийм амьдрал туулж байгаа болохоор чи битгий наад хүүхдээ гарга” гээд “Үгүй ээ, би гаргана аа” гээд
-100 хувь эсэргүүцсэн байна, тийм ээ?
-Тэгэнгүүт сүүлдээ нөгөөх чинь “Наадах чинь төрөх юм бол хараалтай хүүхэд гарна. Би хараалтай учраас манай хүүхдүүд ингэдэг, тэгдэг...” гээд олон юм ярилаа. Тэгэхээр нь “Тэр хамаагүй ээ, би өөрийнхөө биеийг өөрөө л мэднэ” гээд байлаа. Хамгийн инээдтэй нь бараг 4,5 удаа муудалцаж сайдалцаж ер нь болиулчих гээд байсан. Миний 90 гарсан эмээ маань “Эр хүн бол ирж л байдаг, явж л байдаг. Хүүхэд бол чиний үүрдийн хань. Ер нь эмэгтэй хүн гэдэг өөрийнхөө биеийг өөрөө л мэдэж байх хэрэгтэй дээ” гэж хэлж билээ. Одоо бол бурхан болчихсон л доо. Ер нь бол Бунжаа хүүгээ төрүүлэхэд маш их эрсдэлтэй байсан. Эмч нар “Нараа нээрээ ямар азтай юм бэ. Жирэмслэх боломж 50-н хувьтай, цаашид жирэмслэх боломжгүй болчихсон байсан” гээд л. Гэтэл нөгөөх чинь “Хүүе чи ямар сонин хүүхэн бэ? Чи чинь одоо өөрийгөө мэддэггүй юм уу? Чамайг ер нь хүмүүс гадуур юу гэж ярьдаг гэж бодож байна” гэж байна. “Яасан, хүмүүс юу гэж ярих нь надад ямар хамаатай юм бэ? Би өөрийнхөө хүүхдийг төрүүлээд өсгөчихөж чадна. Ер нь би яс юман дээр арван хүүхэд ч өөрөө өсгөчихөж чадна” гэлээ. Тэгсэн чинь нөгөө чинь “Чи ямар тэнэг хүүхэн бэ? Хэн чамаар хүүхдээ гаргуулахыг хүсэх вэ дээ. Би чамаас миний үр хүүхэд төрөхийг хүсэхгүй байна” гэж авдаг байна шүү дээ.
Жинхэнээсээ шок... ийм үг сонсохоор эмэгтэй хүн уйлдаг ч үгүй юм байна лээ. “Өө бүр үү” гээд сөрж ч чадахгүй. Тэгээд би “За хүн тэгээд байхад, тал нь энэнтэй хамаатай юм чинь тэгье даа” л гэсэн. Амьдралдаа хэзээ ч бодож, санаж байгаагүй зүйл. Тэгээд ийм зүйлийг бодоод дөрвөн жилийн туршид өөрийгөө, тэр хүнийг үзэн ядаад, би ингэх, тэгэх байсан, тэгсэн бол өдийд би тэдэн настай хүүхэдтэй байх байсан гээд яваад байх чинь асар их сэтгэлийн шаналал. Үзэн ядалт гэхээр бас биш, гомдол гэхээр бас сонин, гэхдээ ямар ч байсан таатай биш, тийм ээ харамсалтай л хэрэг байсан. Энэ талаар яг үнэндээ манай гэрийнхэн ч мэдэхгүй шүү дээ. Хэдэн найз нөхөд маань л мэдэж байгаа. Би ийм юм хадгалаад байхаар бачуураад байгаа байхгүй юу. Тэгж тэгж байгаад саяхан жиргээн дээр нөгөө хүнийгээ ерөнхийдөө нэг ийм бачка байсан шүү гэж олонд зарлаж, санаа сэтгэл амарсан. Ер нь бол эмэгтэй хүнд тохиолддог золгүй бүтэлгүй амьдрал надад нээрээ аймаар их тохиолдлоо шүү.
-Эмэгтэйчүүд бид эрхээ хамгаалж, хамгаалуулж чаддаг юм болов уу? Таны бодол?
-Жишээлбэл, би тухайн үед тэр хүүхдийг үнэхээр маш их гаргамаар байсан. Тэр хний өмнө бараг өвдөг сөхрөөд гуйх нь холгүй юм болж байсан. Тухайн үед үзүүлж байсан Интермед эмнэлэгийн Батцэцэг эмч дээр гүйж ороод “Та энэ хүнд хэлээд өг, тэгэх үү. Би өмнө нь хоёр ч удаа савны гадуур жирэмслэлт болж арай гэж энэ хүүхдийг олсон. Энэ хүүхдийг авахуулчихвал ахиад би хэзээ ч жирэмсэн болж чадахгүй ч байж магадгүй та хэлээд өг” гэж гуйсан. Эмч маань хэлээд дийлээгүй. Тэгээд сүүлдээ тийм үг сонсч байгаа хүн чинь эрхбиш тэнэг мангар л биш бол татгалзахаас өөр арга байхгүй. Би хүүхдээ гаргамаар байна. Тэр хүн хүсэхгүй байна. Энэ тохиолдолд би өөрийнхөө эрхийг яаж хамгаалах юм бэ? Би өөрөө улс төрд эмэгтэйчүүдийнхээ эрхийг, нийгмийн амьдралыг хамгаална гээд явж байсан хүн дараа нь улс төрд ялагдангуутаа эмэгтэй хүнийхээ хувьд ялагдаад өгчихөж байгаа биз дээ. Тэр хүн хүсээгүйн төлөө бие, сэтгэлээрээ эрэмдэглүүлээд, элдвээр хэлүүлээд... Тэгэхээр аймаар учир дутагдалтай байгаа биз дээ. Би өөрөө эрхээ яаж хамгаалахаа мэдэхгүй байна шүү дээ, яг үнэндээ. Тэгээд би яаж бусдын эрхийг хамгаалах юм бэ?
Хүмүүс Нара мундаг хүчтэй гээд л боддог. Яг үнэндээ өрөвдөлтэй байгаа байхгүй юу. Тэгэхээр Нара мундаг юм аа гэж боддог эмэгтэйчүүд юу туулдаг бол. Одоо намайг ингээд хэлэхээр хүмүүс “Хохь нь шүү дээ. Ийм тэнэг болохоор хаягдалгүй яадаг юм. Энэ одоо тэгээд байж байхдаа таарна” гэнэ. Хамгийн аймшигтай, хэрцгий нь эмэгтэйчүүд өөрсдийгөө тэгдэг. Эмэгтэйчүүд өөрсдөө хохь нь шүү дээ энэ ийм болохоороо, энэ тарган, хэл амтай болохоороо гэдэг нь бүр аймшигтай. Одоо бол энэ нэвтрүүлэг гарсны дараа би сошиал дээр нийгмийн асуудал хөндөөд, эмэгтэй хүний, хүүхдийн эрх зөрчигдөөд байна, ингэж ард түмнийг доромжлоод байна гэнгүүт “Чи юу юм бэ, чи тарган, нөхөртөө хаягддаг, хүүхдийнхээ тэтгэврийг авдаг”... гэнэ. Ингэж хэлдэг ард түмэн дунд, ийм нийгэмд амьдарч байгаа байхгүй юу, би. Тэгэхээр бид яаж өөрсдийнхөөрөө амьдрах юм. Яаж эрхээ хамгаалах юм бэ? Ер нь л хамгийн өөрийгөө хамгаалчихдаг Нара нь л өөрөө ингээд сууж байхад чинь тийм үү.
-Хүнийг өөрийнхөөрөө ялладаг, дэвсдэг хэн ч биш болгодог босч ирж чадахгүй болтол нь сэтгэл зүйн хувьд унагаадаг. Ийм нийгэм болчихлоо л доо?
-Би харьцангүй өөрийгөө тайвшруулж, хүчирхэгжүүлж чаддаг. Гэхдээ л би чинь хүн биз дээ? Миний зүрх роботынх биш шүү дээ. Миний бие махбодь ямар нэгэн удирдлагаар, утсаар эвлүүлээд хүссэнээрэээ өөрчлөгддөг, өвдөггүй юм биш шүү дээ. Яг л бусад хүмүүстэй адилхан гомдоно, шанална, зэвүү хүрнэ, адилхан хайрлана, уучлана, адилхан хариугаа авахыг бодно. Бусдаас ямар ч ялгаа байхгүй. Тэгэхээр би ингээд сууж байхаар бусад эмэгтэйчүүд юу туулдаг бол доо, өрөвдөлтэй. Би сүүлийн хэдэн жил маш их агрессив байгаа. Маш их ууртай, хилэнтэй. Юмыг байх ёстойгоор нь байлгахыг маш их хичээдэг. Үгүй бол шууд арга хэмжээг авчихдаг. Тийм учраас өнгөрсөн жил хүүгийнхээ аавтай нэг live хийгээд баларсан шүү дээ. Ер нь бол чамаас хүүхэд гаргуулахыг хүсэхгүй байна гээд хүүхэд авахуулчихдаг нөхрийг бодвол миний хүүгийн эцэг бол сайн хүн байсан юм билээ.
-Харьцуулах юмтай болохоор тэр хүний сайн муу нь харагдана гэж үү?
-Тийм, бодоод үз дээ, ёооё тэр хүн надад хайртай дуртай нь ч мэдэгдэхгүй тийм ааш гаргаад байсан ч гэсэн “Наадахаа авахуул би чамаас миний хүүхэд төрөөсэй гэж хүсэхгүй байна” гэж хэлж байгаагүй байхгүй юу. Тэгээд бодохоор хүүгийн маань эцэг нээрээ сайн хүн байсан байна шүү дээ, сайн хүний хүүхэд төрүүлсэн юм байна гэж өөртөө баярладаг.
Дахиад л шок, дахин хууралт
-Таныг улс төрд нэр дэвш гэж хэн нэгэн зөвлөсөн үү? Эсвэл ятгасан уу?
-Хэн ч зөвлөөгүй. Харин дэвших шийдвэрээ хэлсний дараа маш олон хүмүүс надад хандсан. Тэрний нэг нь энэ залуу. Хөгжилтэй шүү, хүний амьдрал. Хэрвээ би өнгөрсөн сонгуулиар ялчихсан бол аягүй л бол нөгөөх чинь надтай хамт амьдарч байгаа даа. Гэхдээ хүн заавал миний түрүүний хэлснээр амжилтын хүчээр тийм хүмүүсийг хажуудаа тогтоосноос байгаагүй нь дээр. Тэр хүн надтай танилцахдаа эхнэрээсээ салаад 2 жил болж байна гэж л байсан. Тэгээд бид ажил хэргийн холбоотой байсан ч яах вэ дээ, залуу хүмүүсийн амьдралд тохиолддог л юм тохиолдчихгүй юу. Тэгээд харж байтал нэг аятайхан ч юм шиг харагдаад л санамсаргүй бие биендээ татагдаад л тийм юм болчихгүй юу. Хамгийн хөгийн нь тийм юм болоод...Сонгууль 6-р сарын 29-нд. Тэгээд наадмын өмнөхөн маш богинохон хугацаанд миний амьдрал хуй салхи шиг эргэж би нэг мэдэхэд эмнэлгээс ухаангүй гарч гэртээ хэвтэж байсан. Тийм өдрүүдийн дараа тэр хүн алга болчихоод сарын дараа буцаад ирсэн.
-Би буруу сонсоогүй биз дээ? Тэр хүн буцаад ирсэн гэсэн үү, та?
- Тийм.
-Ямар нүүрээрээ...?
-Мэдэхгүй. Гэхдээ хамгийн сонин нь би яагаад үзэн ядаад, магадгүй “Эхнэрийн урхи” шиг хариугаа авмаар мэдрэмж төрсөн бэ, гэхээр зүгээр л надаар үнэхээр даажигнаж чадсанд нь зэвүү хүрч байгаа байхгүй юу? Бодоод үз дээ, тийм юм болсноос сарын дараа ”Би буруу зүйл хийж намайг, уучлаарай. Би чамтай амьдрах ёстой байж” гээд ирсэн.
-Та хүлээж авсан уу?
-Хүлээж авсан. Бүр хүлээж авсан гээд бод доо. Гэхдээ яг үнэндээ би тэр хүнд аймаар хайртай байсан байх аа. Жинхэнээсээ их хайр их үзэн ядалт болдог гэж бас үнэн байх. Тэгээд 2016 оны 7 сараас 2017 он болсон. Тэр хүнтэй хамтдаа байх хугацаа, яг яах нь тодорхойгүй. Би чамд хайртай, гэхдээ хамт амьдрахгүй нь тодорхой юм байна, за одоо юу л болвол болог гээд. Ингээд тэр хүн Англи руу мундаг том, улс төрийн ч юм уу мэдэхгүй, нэг курст явсан. Чадлаараа туслаад л явууллаа. Хамгийн инээдтэй нь тэнд очоод таг болсон. Би ч маш их хичээлтэй шахуу програмтай гэж ойлгоод л. Хааяа нэг “Би чамайг санадаг юм байна лээ, зүүдлэдэг юм байна лээ” гээд л бичнэ. Тэгэхээр нь би аймаар баярлаж байгаа юм чинь. Тэр хугацаанд нь би яг “Солийг сольсон” шиг байсан гээд бод доо. Бизнес ээ гоё болгоод л. Тэгсэн чинь хамгийн инээдтэй нь тэр Монголд ирчихсэн, надтай уулзсангүй ээ. За тэгэхээр үгүй л гэж байгаа юм болов уу? Би таргалчихсан болохоор надтай ч уулзмааргүй байгаа юм болов уу ч гэдэг юм уу гэж бодоод л. Эмэгтэй хүн чинь дандаа өөрөөсөө бурууг хайж байгаа юм. Тэгээд уулзлаа, шинэ жилийн өмнө...
-Ирснээс нь хэр хугацааны дараа ...?
-2 сарын дараа ч юм уу. Тэрийг нь би мэдэхгүй, хүн хэлсэн шүү дээ. Тэгсэн чинь хамгийн өөдгүй нь уулзаад хамт хонолоо. Үнэхээр надаар даажигнаж чадаж байгаа биз. Тэгснээ “Чи намайг 3-н жил хүлээчих. 3-н жилийн дараа хоёулаа хүмүүсээс юмаа нууж хаахгүйгээр ил болзоод явъя, цугтаа Япон явья гээд. Би болохоор одоохондоо сургууль төгсөөд ирсэн, карьер, ажил, орлого байхгүй хүн өөрийнхөө карьерыг босгочихоод надтай уулзъя гэж байна гэж ойлгоно шүү дээ. Би өөрөө тийм хүн чинь.
-Эерэгээр хүлээж авсан байна, тийм үү?
-Тийм. Хамгийн инээдтэй нь миний жиргээ хүртэл байдаг. Би жил зургаан сар хүлээж чадсан юм чинь гурван жил хүлээх юу юм бэ, харин ч хугацаа тодорхой гэж жиргэж байсныг яана, би үнэхээр тэнэг. Ёооё хөгжилтэй байгаа биз дээ. Хамгийн инээдтэй нь 2 хоногийн дараа нөгөөх чинь хөдөө намын ажлаар баахан залуучуудтай явна гээд явсан. Би нөгөө буудалдаа үлдэж байгаа юм. Хоёр хоногийн дараа нөгөө залуугийн найзынх нь эхнэртэй нь ярилаа. Би чинь бөөн баяр, жил зургаан сар хүлээсэн хүнээ ирэхэд нь амьдралаа, бизнесээ гайгүй болгочихсон, маш их өөрчлөгдсөн. Хүн болгон “Ямар ажилсаг юм бэ, Нара өөрийнхөө амьдралыг аваад явж байна” гэж хүмүүс магтаж байсан үе. Үнэхээр чадсан байхгүй юу.
Тэгээд хамгийн инээдтэй нь би найз охинтойгоо баяртай мэдээгээ хувцаалцсан чинь өнөөх чинь бүр гайхаад. Эмэгтэй хүн юм чинь баярлаад догдлоод бид хоёр тэгсэн ингэсэн гээд хамаг юмаа ярина биз дээ уяраад. Тэгсэн найз маань надруу нэг л биш хараад болдоггүй... “Тэгээд та хоёр хамт хоносон юмуу? Тийм юм болсон юм уу гээд. “Үгүй тэгээд болж л таарна шүү дээ” гэсэн чинь найзын маань царай нэг л сонин. “Чи мэдээгүй юм уу” гээд салдаггүй. Би юу мэдэх ёстойгоо ч мэдэхгүй гайхаад л. Тэгсэн чинь маань “Чамаас бусад нь бүх хүн мэдэж байгаа шүү дээ. Шинэ эхнэр нь өнөө маргаашгүй төрөх гэж байгаа шүү дээ” гэдэг юм даа. Би жинхэнээсээ сууж байгаа суудалтайгаа бүр аймаар хол явж үзсээн. Яг ингээд сууж байгаа хэрнээ тэр хүнээс суудалтайгаа холдоод байгаа тийм мэдрэмж төрсөн. Бүр итгэхгүй “Жирэмсээн жирэмсэн бүсгүйтэй..” гээд жингүйдчихсэн юм шиг л болсон. Ядаж байхад өмнөх эхнэр нь биш... Үнэхээр шоконд ордог юм байна лээ.
Эмэгтэй хүнийхээ хувьд азгүй юм байна гэдгээ ойлгосон
-Нара ер нь хүн танихдаа муу юм байна даа?
-Үнэхээр тийм. Би бараг улс төрд орох хэрэггүй ч юм шиг, яг үнэндээ. Би ийм тэнэг, гэнэн байж улс төрд ороод хамгийн наад захын өгөөшин дээр бүдэрч унах хүн байхгүй юу. Би сүүлийн энэ явдлаас хойш өөрийнхөө тухай, ер нь би улс төр гэж явах зөв үү, Нара? Чи чадах уу? Зүгээр л хайрласан эрдээ “патриулдаг”, итгэсэн найз охиндоо хульхидуулдаг байж чи чадах уу гэж өөрөөсөө маш их асууж байгаа.
-Тэгвэл та улс төрийн талаар мартсан уу?
-Мартсан ч юм алга л даа. Хүн өөрөө өөртэйгээ ярилцах ёстой биз дээ?
-Хэрвээ танд санал тавибал 2020 оны сонгуульд дэвших үү?
-Дэвшинэ гээд явж байгаа. Гэхдээ би үнэхээр өөрөө өөрөөсөө энэ асуултыг асууж л байна. Гэнэн гэдэг чинь тэнэгийн дүү шүү дээ. Би үнэхээр тэнэг байгаа байхгүй юу. Тэгээд бие биенээ махчин загас шиг хэмлэдэг, хүн амины хэрэгт тулгаж, хүчингийн хэрэгт, шоронд оруулжг, алж, булж чаддаг улс төр рүү орох нь зөв үү гэж би өөрөөсөө асууж байгаа. Чи бод доо... Энэ хүн хаана юу хийж яаж яваад, хэнтэй учраад над дээр яагаад ирчихсэн байгааг мэдэхгүй, гоё хайр гэж бодоод л гурван жил хүлээнэ ээ гэж итгэж байдаг... Нээрээ би аймаар тэнэг байгаа биз дээ. “Тийм үү, би мэдээгүй шдээ, хөөх” гэж хэлсэн мөртлөө дотроо яг ингээд хамаг юмыг дэвслээд хаячих юмсан гэж бодож байсан мөртлөө чадахгүй байгаа юм чинь. Тэгээд чаддаг юм нь утсаа бариад баахан юм бичээд л нам тасраад өглөө сэрсэн чинь бөөн эмэгтэйчүүд, эрчүүд... мессэж бөөн. Тэр бичсэн юман дээр би баахан хараал хэлээд “П... минь чи тэдэн оны тийм эхнэртэй, эдэн оны тийм эхнэртэй байсан. Тэгчихээд намайг гурван жил хүлээ гэж хэлж чаддаг...” гээд баахан юм бичээд... Би дараа нь бодож байгаа байхгүй юу? Ер нь юу үнэн юм бэ? Хүн өнөөдөр харагдаж, хэлж, хамт байж, тэвэрч байгаа шигээ биш байхад юу үнэн юм бэ?
Би энэ цагаас эхлээд эрэгтэй хүнд итгэхээ больсон. Үнэхээр бүр ерөөсөө. Ерөөсөө хүнийг үнэндээ бол намайг хайрлах гэж ч юм уу үнэхээр намайг ойлгох гэж надтай хамт байх гэж ирж байгаа гэж би ерөөсөө бодохоо больсон. Нэг төрлийн эмгэг байх үүсчихсэн байж магадгүй гэж би хувьдаа бодож байгаа байхгүй юу.
Миний учирсан хүн болгон гэж хэлж үнэхээр болохгүй. Би чинь нэлээн олон найз залуутай байлаа шүү дээ, өнгөрсөн хугацаанд. Би бүгдийг нь үзэн яддаггүй. Үзэн ядах битгий хэл сайн явж байгаасай гэж боддог. Сайн явж байгааг нь харахаар болж дээ гэж боддог. Гэтэл энэ сүүлд учирсан хүн... Би хүүгийн ааваас салаад гурван жил болж байсан. Бас нэг талаасаа илаарших хугацаа. Яг илаарших хугацаанд гарч ирсэн хүн... Нэлээн барьж байсан итгэл сэтгэл бүх юмаа тавиад туучихсан болохоор дахиж ингэж алдахаас, дахиж ингэж итгэл сэтгэлээ эрэмдэглүүлэхээс айдаг болчихсон.
Би маш олон зүйлд азтай байдаг л даа. Азтай одтой өөрөө ч их адтай л даа. Харин яг эмэгтэй хүн, хувь хүнийхээ амьдрал дээр аягүй азгүй юм байна гэдгээ ойлгосон, хүлээн зөвшөөрсөн. Азтай байхаа болъё гээд хүлээн зөвшөөрсөн.
-Амьдралаас бүх зүйлийг сайн сайхнаар авах боломжгүй гэдэг...?
-Тийм. Би бүх зүйлд азтай байх албагүй шүү дээ. Тэртэй тэргүй бурхан надад бусад зүйлийг азтайгаар өгч байна. Тэгээд болоо шүү дээ. Заавал бүх юманд азтай байх гээд одтой байх гэх шаардлага алга. Ийм сайхан хүүтэй юм чинь хүүгийнхээ төлөө амьдрая. Чадаад, за мэдэхгүй ээ энэ улс төрд нь үнэхээр хүмүүс итгээд хүн нэг өөрийгөө чангалбал болж магадгүй юм гэхээс биш би нэг их эр эмийн амьдрал, эр хүний нөмөр нөөлөг хүсэхээ больсон.
Хэн дуртай нь намайг чичилж байсан
-Зарим хүн бол таныг дуучин, зарим нь бизнесмэн эмэгтэй гэдэг. Нөгөө хэсэг нь сошиалд идэвхитэй хэрэглэгч, зарим хүн хэл амтай хүүхэн гэж шүүмжлэлтэй ханддаг.
Би бол хүн өөрөө өөрийгөө хамгийн сайн мэддэг гэж боддог. Та яг өөрийгөө хэн гэж тодорхойлох вэ?
-Би бол дутагдалын хажуугаар дуугай өнгөрч чаддаггүй тэнэг байхгүй юу. Уг нь өнөөдөр энэ нийгэмд дутагдалтай байна уу үгүй, чив чимээгүй өөрийгөө хичээж чаддаг тийм хүмүүс сайхан амьдарч чадаж байна шүү дээ. Тийм хүмүүсийн бизнес урагшилж байгаа. Тийм хүмүүс элдэв хоёроороо тарган туранхайгаараа дуудуулахгүй байгаа. Тийм хүмүүс чимээгүүй хүн амьтан долигноод ажил үйлсээ бүтээгээд явж байгаа.
Яах вэ дээ, энэ бол миний сул тал байх. Угаасаа би хүүхэд байхын л ийм байсан.
-Та нийгмийн асуудалд шүүмжлэлтэй ханддаг. Сошиалаар түүнийгээ маш идэвхитэй илэрхийлдэг.
-Би Монголдоо амьдрах дуртай. Яахав дээ, хэл аманд өртөнө, элдвээр хэлэгддэг ч гэсэн би Монголдоо л амьдрах дуртай. Тийм болохоор аль болох ирээдүйд над шиг хэлье гэснээ хэлчихдэг, болохгүй бүтэхгүй байгааг яг байгаагаар нь хэлчихдэг, засч залруулахын төлөө байдаг, ялангуяа эмэгтэйчүүд охидын төлөө, тэд над шиг чичлэгдэхгүй амьдраасай гэж бодож байгаа учраас энэ нийгмийг засмаар байгаа юм. Яах вэ ээ, би бол ямар нэгэн юмыг даваад гарчихна шүү дээ. Танихгүй хүнд битгий хэл, хайрласан хүндээ элдвээр хэлэгдсэн хүнд сонин биш. Тэгэхээр амьдрал намайг үнэхээр хатуужуулж байгаа байхгүй юу.
-Тийгмийн асуудлын хөндөж сошиал болон нийгэмд бүүм үүсгэдэг. Нэг хувь хүний болж байгаа, болохгүй байгаа асуудлыг хөндөж, асуудал үүсгэж асуултын тэмдэг тавьж чаддаг. Зарим тохиолдолд тэр асуудлыг арай хэтрүүлчиж гэж дээ гэсэн бодол өөрт чинь төрдөг үү?
-Мэдэхгүй юм даа, одоо. Бүх юм өнгөрсний дараа зөв бурууг цаг хугацаа гаргадаг шүү дээ. Жишээлбэл, би амьтан хүнийг дэндүүлээгүй. Дэндүүлсэн гэж харъя гэвэл өнгөрсөн жил хүүгийнхээ аавтай нэг live хийсэн.
Гэхдээ яг үнэнийг хэлэхэд шал өөр, сайн сайхан зүйл бодож очоод санаснаасаа өөр зүйл хүртэхээр паникд ордог шүү дээ. Тийм л юм болсон. Гэхдээ магадгүй тэр нь зөвдсөн ч байх. Манай хүүхдийн аавын ажилд том асуудал үүссэн л юм шиг байна лээ. Хүний алдаж онохыг хүлээж байдаг цөөвөр чононууд гарч ирнэ биз дээ. Гэхдээ хэдий тэгсэн ч би өөрийнхөө нэр төрийг цэвэрлэж авсан. Хэн дуртай нь хэний хүүхэд гаргаснаа, хэнтэй яаснаа мэдэхгүй гээд л янз бүрээр намайг чичилж, дуртайгийнх нь амны бай л байсан, би. Хэн дуртай нь л ийм, тийм болохоороо... тэгж явж байгаад л тэгээ биз гээд бүр хөгшин авгай нар хүртэл бичдэг, ярьдаг байсан шүү дээ. Тэрэнд бол би яг албан ёсны цэг тавьж чадсан, уучлаарай. Би нэртэй төртэй хүний зүстэй сайхан хүүхэд гаргасан. Бүтэлгүйтсэн болохоос хамтдаа амьдрая гээд явж байсан хүмүүс. Миний сая сүүлийн үерхсэн миний яриад байгаа залуу бол улс нийгмийг өөрчилнө, нам эвслийг шинэчлэнэ гэж явдаг. Тийм биш байсан бол би ингэхгүй байсан байхгүй юу. Хумслах, хулгайлах сэтгэлээр хийгээд энэ олон 30 жил төр засгийг барьсан хүмүүс өөрчилж чадаагүй л байгаа байгаа биз дээ.
-Гэхдээ зарим хүмүүс таныг улс төр, эсвэл эдийн засгийн сонирхолтойгоор иймэрхүү зүйл ярьж байгаа гэх байх. Яагаад сонгуулийн өмнө ийм зүйл ярьж байгаа вэ гэх мэтчилэн?
-Яагаад гэвэл тэр хүн тэнд сонгууль, ардчилал үнэт зүйл, эх орон гоё, гоё юм яриад байгаа болохоор миний эгдүү хүрээд байгаа юм. Хэрвээ тэр ингэж яриагүй бол би ингэхгүй. Хоёрдугаарт тэр тийм том хүн биш шүү дээ. Би бол хүнийг муухай харагдуулахын тулд биш зүгээр л тэр хүний бусдад юу хийж явдаг, үнэнг л хэлж байгаа байхгүй юу.
Надад хайр дурлал үнэндээ зохидоггүй
Би яагаад хайр дурлалаас зугатдаг болсон бэ гэвэл хайр дурлалтай учрахаар би үнэхээр 100 хувь өөрийгөө алдаж хорвоо дэлхий дээр зөвхөн тэр хүн байгаа юм шиг уусч, бүхнээ зориулдаг. Өөрийгөө ч алдана, хүч чадал, карьер бүр хамаг юм аа алддаг. Хүн дурлахаараа улам гоё болдог бол би бүр царай зүсээ ч анхаарахаа больдог. Тэгэхээр үнэхээр надад үнэндээ хайр дурлал зохихгүй, тэрнээс холхон байсан нь дээр гэж боддог болсон. Би 20-наасаа хойш хэдэн удаа хайрлаж, дурлаж байсан бэ, мэдэхгүй, нэлээд хэд байсан биз. Гэтэл би дурлаад, дасаад ирэхээрээ бүр зөөлрөөд бүхнээ орхидог. Тэгэхээр дурлахгүй байсан л дээр /инээв/. Эр хүний дэргэд зөөлхөн, нялуун, бүр нэг муур шиг болдог хүн байдаг шүү дээ. Гэтэл би бүхнийг, амьдралаа гартаа гартаа бариад зүтгэж байх ёстой. Гэтэл тэр бүхнээ мартаад зөөлрөөд хий нь гарсан дугуй шиг муур шиг болчихвол хэцүү биз дээ /инээв/ Би хайрлаж үзсэн, хайрлуулж үзсэн. Одоо хайрлах гээд, хайрлуулах гээд яах вэ. Өөртөө урдаа тавьсан зорилгодоо, Нара юунд хүрч болохыг л үзмээр байна. Сонин хувь тавилантай хүмүүс байдаг шүү дээ. Хувийн амьдралаа орхиод, насаараа тэмцсэн, амьдралд нь юу ч байгаагүй нас эцэслэсэн ч сүүлд дурсагдсаар байдаг хүмүүс бий шүү дээ. Заавал хорвоо дэлхий дээр бүх юмыг бүхыг гартаа атгах гээд яах вэ? Өөрийнхөө чадахыг л бага багаар хийе. Улстөрд өгөгдөл байгаад итгэл хүлээлгэвэл чадахын төлөө явна. Үнэхээр хүмүүс итгэл хүлээлгэх юм бол хүссэн хүсээгүй чадахын төлөө явна. Харин итгэл хүлээлгэхгүй бол яах вэ. Би бол өөрөө өөрөөсөө асууж байгаа, Нара чи хэтэрхий гэнэн шүү, чи чадах уу гэж.
Би магадгүй балай хүн байх л даа. Өөртөө тохиолдсон зүйлийг өөрөөсөө гаргаж, олон түмэнтэй хуваалцаж байж санаа амардаг. Энэ бүхэн миний амьдралын туулсан үнэн. Энэ нэвтрүүлэгт ороод бас бүхнээ яриад нэг их сайхан санаа амрах мэдрэмж төрлөө.
-Та ер нь хэр тэвчээртэй хүн бэ?
-Мэдэхгүй ээ. Заримдаа тэвчээртэй ч юм шиг, заримдаа тэвчээргүй ч юм шиг. Би ер нь сүүлийн үед өөр рүүгээ л их өнгийж байна даа. Ер нь чи яг ямар хүн юм бэ? Яг юу хүсээд байгаа юм бэ гэж. Одоо бол юу хүсээд байгаагаа ойлгосон. Хүсээд байгаа юм нь юу ч хүсэх хэрэггүй л юм байна гэдгийг ойлгосон.
-Ер нь сүүлийн үед нийгэмд нэлээн яригдаж байгаа асуудал бол гэр бүлээс гадуур харилцаа. Хүн болгон л янз бүрээр ярьж, хэлж байна. Нууц амраг гэр бүлээс гадуур харилцаа гэдэг дээр та ямар бодолтой байна.
-Би хэзээ ч дэмждэггүй. Манай гэр бүлийн хүмүүжил, угаасаа. Магадгүй тийм зүйлийг юман чинээ боддоггүй карматай, эсвэл нүгэл гэж боддоггүй, эсвэл зүгээр л байх ёстой зүйл гэж боддог, магадгүй зүгээр л хэрэгцээ шаардлага, хүсэл тачаал гэж боддог байсан бол тийм зүйл хийгээд явах байсан байх л даа. Гэхдээ би хэзээ ч тийм зүйл хийж байгаагүй. Хүмүүс янз бүрээр л ярьдаг. Би хэзээ ч эхнэр хүүхэдтэй гэдгийг нь мэдчихээд хүн амьтантай уулзаж учирч, болзож өвөр түрийндээ орж явж байгаагүй. Надад тийм мораль байхгүй. Би ийм зүйлийг эсэргүүцдэг. Магадгүй ийм зүйлээсээ болж би миний амьдрал төдийгүй маш олон эмэгтэйчүүдийн амьдрал хохирч байгаа. Магадгүй эрчүүд ч гэсэн хохирч байгаа. Тийм учраас энийг би хэзээ ч дэмждэггүй. Тийм хүмүүсийг үзэн яддаг. Гэхдээ тийм хүмүүсийг үзэн ядлаа гээд тэдэнд хуулийн нударга тулгана гээд байдаг үзлийг бол би дэмждэггүй. Яагаад гэвэл энэ их сонин шийдэхэд маш их адармаатай асуудал.
-Байх ёстой гэж хэлэхэд хэцүү мөртлөө байх ёсгүй гэж хэлэхэд бас хэцүү гэж үү?
-Гэхдээ яг үнэнийг хэлэхэд хүн болгон гоё сайхан юм харахаараа хүртэхийг хүснэ л биз дээ. Үүнийг юу хязгаарладаг юм бэ? Хүний ухамсар хүн чанар, хүний бусдын өмнө хүлээсэн үүрэг хариуцлага, амласан амлалт хязгаарладаг. Гэхдээ эцсийн эцэст бүх юм карма...
-Та үйлийн үр гэж байдагт итгэдэг үү?
-Итгэдэг. Би ч гэсэн яг үнэндээ эмэгтэй хүнийхээ хувьд хэлэхэд энэ олон азгүйтэл, бүтэлгүйтэл магадгүй урд насандаа хэн нэгнийг гомдоож байсан ч юм уу, эсвэл муу хүн байсан байж болох юм. Энэ насандаа ч гэсэн өөрийн мэдэлгүй хүн гомдоочихсон явж байгаа ч юм билүү. Энэ бүхнийгээ хүртэж байгаа байх л гэж боддог.
-Үйлийн үр байдаг гэдэгт итгэдэг хүмүүс харьцангүй муу зүйл хийх санаатайгаар муу зүйл хийх нь бага байдаг болов уу гэж би боддог?
-Яагаад санаатайгаар хүнийг хорлоно гэж? Зүв зүгээр явж байгаа хүнийг санаатайгаар хорлоно гэж ямар чөтгөр биш биз дээ тиймээ. Би ч жаахан чөтгөр шиг болчихоод байна л даа. Надад тэгсэн болохоор намайг тэгсэн болохоор гээд сийхгүй яриад байгаа болохоор. Гэхдээ энэ бол яг Нара ийм юманд өртсөн гэдгээрээ гол нь биш. Яг ийм олон энд тэнд хүний амьдрал бие сэтгэлийг, хэн нэгэнд итгэх итгэлийг магадгүй хүний амьдрах итгэлийг алаад, тэгсэн мөртлөө гоё сайхан дүр эсгээд явж байдаг. Ийм хүмүүс маш олон байна. Ийм хүмүүсийг илчлэх ёстой.
-Ер нь асуудлыг илүү сөрөг талаас нь хардаг болсон байна. Тэгвэл сайхан зүйл нь юу байна?
-Яг үнэнийг хэлэхэд би сөрөг зүйлийн талаар ярьж байгаа ч гэсэн энэ нь сайн сайхны эхлэлийг л тавьж байгаа шүү дээ. Тийм биз дээ?
-Би бас яг ингэж анзаарсан л даа. Хэлбэрдэлт гэдэг зүйл Монголын нийгэмд ийм л байсан, байдаг юм шиг нутагшталаа танил дотно болоод байх шиг...?
-Яг үнэндээ хамгийн өрөвдөлтэй хүмүүс бол бусдад сайн сайхан харагдах гэж хичээдэг хүмүүс . Энэ бол миний л бодол шүү.
-Гангар шаазан шиг харагдаж байгаа амьдрал яг шаазан шигээ хэврэг юм болов уу л гэж би хувьдаа боддог...?
-Би одоо яг сайхан амар тайван болчихлоо, үнэнийг хэлэхэд. Надад санхүүгийн асуудлууд байгаа. Санхүүгийн асуудлаас бол хүн гардаг. Мөнгө бол олддог, алддаг, хамгийн хялбар зүйл юм байна гэж ойлгож байгаа. Харин хүний сэтгэл дотор, яг тэр гэж хэлэхийн аргагүй шаналгаатай нэг ийм зүүгдээстэй байх хэцүү. Тийм юмыг хүн өөрөөсөө олж гаргах хэрэгтэй юм байна.
-Танд ямар эр хүн таалагддаг вэ асуумааргүй байна. Та ямар эр хүнийг хүндэлдэг вэ?
-Мэдэхгүй дээ, ямар ч эр хүнийг хүндэлдэгээ мэдэхгүй байна шүү, яг үнэндээ. Гэхдээ надад муу юм хийсэн хүнээр би бусад эр хүнийг дүгнэх нь зөв үү гэж би өөрөөсөө асуудаг. Гэхдээ тэгж бодсон ч хэтэрхий хард болчихсон сэтгэл тийм амар бан бан гээд цэцэг шиг дэлбээлээд зүгээр болчихгүй л дээ. Тэгэхдээ хүн бүрийн амьдралыг өгөгдөл харилцан адилгүй шүү дээ. Би чинь хүүхэд бага насандаа эрэгтэй хүнтэй үерхэж үзээгүй. Урлагийн хүн болох мөрөөдөлдөө хэт автаад тэрнийхээ төлөө бүх юмаа зориулаад явж байгаад хэзээ хойно, 20-иод насны босгон дээр эрэгтэй хүнтэй үерхэж үзлээ. 20-30 насны амьдралыг үнэхээр сайхан туулжээ. Сайхан залуучуудтай ч үерхэж үзсэн, сайн залуучууд ч байсан. Гэхдээ хамт амьдрах ёсгүй л байсан. 30 наснаас хойш бол жинхэнэ ээдрээтэй амьдралыг туулж байна, шүү ёстой. Жаргах өдөр ирэх байгаа /инээмсэглэв/. Ядаж 50 насны алдад энэ олон ээдрээтэй асуудлаас эрхбиш нэг хөгшрөөд гарах байлгүй дээ. За яахав ээ хүмүүс миний итгэлийг алдаж л байна биз би л хүмүүсийн итгэлийг алдахгүй байя л гэж боддог.
-Муу сайн нь зэрэгцэн оршдог хорвоо. Сайн юм байгаа муу юм байгаа болохоор бид ялгаж хардаг байх?
-Амьдрал баян шүү дээ. Хүү маань надад жинхэнэ аз жаргал баяр баясгалан, амьдрах итгэл, хүч урам амьдрах итгэл өгдөг цор жинхэнэ бодит зүйл. Би боддог юм хүүгээ хараад “Ёооё, нээрээ Батцацрал /хүүгийн эцэг/-ыг тэвэрч аваад “Чи нээрээ чи шүү” гээд бахадмаар. Заримдаа үнэхээр тийм мэдрэмж төрдөг. Өөрийн эрхгүй хүүгээ харж байснаа нулимс дуслуулдаг. Үнэхээр тийм үе байдаг. Гэхдээ би байх ёстой хариуцлагыг Батцацралаас нэхсээр л байх болно. Одоо ч нэхэж байгаа угаасаа, “Хөөе энэ хүүхдийн амьдрах орчны 50 хувийг чи, 50 хувийг би бүрдүүлнэ. Сүүлд тийм юм болсноос хойш хүүхэддээ хүлээх ёстой хариуцлагаа бас 50 хувиар хүлээж байгаа. Энэ л болоо. Аймаар хайрлаад ирээд л нялуураад дадада гэхээ болъё, зүгээр эцэг хүнийхээ ухамсарыг хүлээдэг. Заавал шүүх гээд байхгүй, өөрөө хэрэгжүүлээд гүйцэтгээд хариуцлагаа хүлээгээд явж байгаад нь үнэхээр талархууштай. Заавал бид хэн хэнийгээ үзэн ядаж яах вэ дээ, тийм биздээ. Тэгэхдээ дундаасаа хүүхэдтэй хүмүүс үзэн ядъя гээд ч чадахгүй юм байна лээ.
Би хөгширч байгаадаа баяртай байна
-Та хамгийн сүүлд хэнээс талархлын үг сонсов? Эсвэл хэнд талархалын үг хэлсэн бэ?
-Өдөр болгон хүүгээсээ сонсдог. Талархлын энергийг би өөрөөсөө өдөр болгон гаргадаг. Яагаад гэвэл ийм сайхан хүүхдийг би ямар ч байсан төрүүлсэн. Ийм сайхан хүүхдийг надад өглөө шүү дээ. Бодитоор тэр хүн өгсөн. Яг үнэндээ далдын бурхан өгсөн гэж би боддог. Надаас талархлын энерги бол өдөр болгон ундардаг. Хүмүүүсээс зөндөө олон талархлын үг сонсдог. Хүнд чадахаараа л тус болж явдаг.
-Таныг маш олон хүнд сайн үйлсийн аянаар тусалж байсныг чинь би мэднэ л дээ. Нийгэмд ил хэлсэн хэлээгүй ...
-Өө би хувийн гэхээсээ илүү олны хүчээр л сайн үйлсийг их амжилттай хийж байсан. Миний хувийн хийж байгаа юм чинь тэр олны хүчийн хажууд юу ч биш шүү дээ. Би тэртэй тэргүй баян хүн биш. Бизнес нь тогтчихсон санхүүгийн асуудалгүй байсан бол чаддаг бол тусална. Над шиг хүн баяжвал зөндөө олон хүнд туслах байх л даа. Даанч одоо тэгж болохгүй хамаагүй хүнд тусалж болохгүй гээд байгаа юм байлгүй.
-Та чамбай тооцоотой хүн үү?
-Ер нь бол айхтар тооцоотой биш, тийм ч үрэлгэн биш. Тухайн үеийн цаг үеийн нөхцөл байдалд тааруулж үрнэ л дээ. Заримдаа хүнд бэлэг өгөөд л баймаар үе байдаг. Заримдаа хүнийг кофегоор ч дайлахгүй үе байдаг.
-Та юунд шунаж амьдардаг вэ?
-Би маш их мөрөөдлийн шуналтай байсан. Хэтэрхий их зүйл мөрөөднө гэдэг, амьдралаас маш их зүйл хүснэ гэсэн үг. Тэр болгон бүтэхгүй бол шаналж эхэлнэ, зовлон үүснэ. Гэхдээ аль болох өөрөө бий болгож бүтээж чадах зүйлээ зорих л хэрэгтэй. Гэхдээ үнэхээр болохгүй байгаа зүйлийг хаяж сурах нь амар юм билээ.
-Эмэгтэй хүний амьдрал 40 наснаас эхэлдэг гэдэг. Эхэлж чаддаг, бас зогсч чаддаг. Өөрөөр хэлбэл өөрийгөө удирдаж чаддаг болдгоос үүдэлтэй болов уу?
-Магадгүй. Би одоо бол бүх зүйл түр зуурынх гэдэгт итгэлтэй болсон. Ер нь бол хүн дурсамжаараа л амьдардаг юм байна. Удахгүй би 38 нас хүрнэ. 38 жил амьдрахад /инээв/ зөндөө л олон сайн сайхан, баяр талархалтай дурсамж байна. Хамгийн муу нь өөрийнхөө сонголтоосоо болоод амьдралдаа бүтээж байгаа таагүй дурсамж хамгийн хэцүү байдаг. Муу юм чинь их гашуун тод байдагг. Хамгийн гол хэн ч намайг тэг гээгүй байхад би өөрөө очоод хийчихсэн байгаа нь зэвүүн. Аа тэгээд хүний эрээн дотроо, могойн эрээн гаднаа гэдэг дээ. Одоо харин цаашид өөрөө л ухаантай байвал барав.
-Хорьж болдоггүй 20 нас гэдэг дээ. Хурдын зам дээр давхиж яваа машин шиг ...?
-Дуучин болоод олонд танигдаад өдий хүрэхдээ хэзээ ч хүн амьд яваа цагтаа өөрөөсөө бусад зүйлд анхаарал хандуулдаг бол хэзээ ч бусдын хэл амгүйгээр амьдарч болохгүй юм байна гэдгийг ойлгосон. Хүн янз бүрийн л юм ярьж байдаг... Тэгээд юу гэж. Үнэхээр л янз бүрийн хэл амны араас “Тэгээд ...” гэдэг үе дээрээ л байна. Хэн юу ч гэж хэлсэн тэр хүний оюун санааг өөрчилж чадахгүй. Тэр хүнийхээ оюун санаатайгаа үлддэг. Тэгээд юу гэж кккк... Би хөгширч байгаад баяртай байна
-Тайзаа санаж байна уу?
-Санадаггүй гэж худлаа яриад яах вэ? Үнэхээр дуулмаар байгаа гоё дуугаа дуулах юм сан гэж боддог. Гоё бүжигтэй клип хиймээр санагддаг. Заримдаа за яршиг даа гэж боддог. Гэхдээ би өнөөдөр гоё сайхан дуулахаасаа илүүтэй, үнэн бодит юм хиймээр байна. Мэдээж би хүүхдээ хүн шиг хүн болгож хүмүүжүүлэх хэрэгтэй. Хүн шиг хүн болгохын тулд маш олон зүйл шаардлагатай нийгэмд амьдарч байна. Хоолтой л байвал боллоо гэдэг бидний үе шиг биш болсон. Энэ нийгэмд хөлөө олж, нийгэмтэй харилцаж, хүн шиг амьдрах чадвартай хүн болгоно гэдэг маш их хариуцлага.
-20 насандаа охин Японд сурч байхдаа маш их мөрөөдөл тээж байсан байх. 30 гарсныхаа дараа гэсэн бодол байсан байх. Та түүндээ хүрсэн үү?
-Би ер нь өөрийгөө 30 хүрэхгүй гэж бодож байсан юм биш үү /инээв/ Одоо бодоход би тэр үед зүгээр л бушуухан сургуулиа төгсөөд л тайзан дээр гараад, гоё дуу дуулаад л тайзан дээр л амьдарна гэж боддог байсан юм биш үү. Хүнтэй сууна, хүүхэд гаргана, тэр хүн намайг хуурах вий гэж бодож байгаагүй юм байна.
Гэтэл амьдрал ямар байдгийг амьдрал өөрөө одоо май чи гээд үзүүлж байна даа /инээв/ Карьерын хувьд мэдээж мөрөөдөл байсан. Гэтэл үнэндээ карьер гэдгээ ч мэдэхгүй, дуучин, урлагийн хүн болох сон, урлагийн амьдралаар л амьдарч байвал сайхан гэж бодож байснаас цаашгүй. Амьдралд тавтай морил гээд тосч байгаа юм чинь /инээв/
Зөгийчин Нара
-Таны бизнесийн талаар ярилцая. Ямар салбарт ямар ямар бизнес эхлүүлж байна вэ? Ер нь сүүлийн үед нэлээд bissineswomen болсон мэдээлэл байгаа?
-Нэг их том бизнес биш байгаа, одоохондоо. Зорьж байгаа зүйлийнхээ дөнгөж эхний гарааг эхэлчихсэн явж байгаа. Дотроо хүсч байгаа зүйлдээ хүрэх хол байгаа л даа. Одоохондоо бол ерөнхийдөө худалдаа болон үндэсний үйлдвэрлэлийн салбарт хүчээ үзэж байгаа. Хөдөө аж ахуйн салбарт зөгийн аж ахуй эрхлээд 3 дахь жилдээ ажиллаж байна. Миний санамсаргүй мөрөөдөж эхлэсэн ажил л даа.
2008 онд Батхүү агсны “Чандмана” гэдэг клубт явж байхдаа нэгэн удаагийн уулзалт дээр сархиагтай зөгийн бал харсан. Хараад л ямар сонин юм бэ? Зөгийн бал гэж ийм юм байдаг юм уу гээдл анх зөгийн балтай танилцаж байлаа. Бид хүүхэд байхаасаа зөгийн бал иддэг л байсан. Гэхдээ яг яаж гардагыг нь мэдэхгүй, тэр талаар үнэндээ амьдралдаа сонирхож ч байгаагүй. Тэгээд зөгийн ямар гоё юм байдаг юм бэ гэж бодонгуутаа гэв гэнэтхэн ажил хэрэг болгож хөөцөлдөхгүйгээр зүгээр л зөгийн балтай гэнгүүт гоо сайхны бүтээгдэхүүн уруулын будаг , хоол хүнс тэжээл, шоколад гээд ямар олон бүтээгдэхүүн байдаг юм бэ? Зөгийн балыг яаж ийм болгосон юм бол гээд урд нь анзаардаггүй байсан юмнуудаа анзаарч эхлэдэг болсон. Тэгээд ерөнхийдөө зөгийн балаар гоо сайхны бүтээгдэхүүн хийх хэрэгтэй юм байна гэдэг мөрөөдөлтэй болсон.
Ингээл мөрөөдлөө бодож явж байгаад нэг өдөр санамсаргүй зөгийн аж ахуй эрхэлдэг хүмүүстэй танилцаад, эхэндээ тэдний үйл ажиллагааг, Зөгийчдийн нийгэмлэгийг дэмжээд явж байсан. Тэгээд бидний харилцаа сайхан дуусаагүй ч гэсэн тэндээс зөгийтэй их ойр дотно болох гараагаа эхлүүлсэн. Маш олон үйл ажиллагааг нь дэмжиж явж байгаад тэгээд өөрөө дотор нь орсон. Яг зөгийн аж ахуй эрхлээд зөгийчин болно гэж бодож ч байгаагүй, үнэнийг хэлэхэд.
Хамгийн анх хүнээс зөгийн бал худалдаж аваад түүнээс хамгийн сайн зөгийн бал олж өгөхийг гуйсан. Тэр хүний зөвлөсний дагуу авсан зөгий балаа сурталчлаад, өөрийн гэсэн жижигхэн брэнд хийж худалдаанд гаргасан. 2016 онд шүү дээ.
Үйлчлүүлэгчдийн таашаалыг ч маш их хүртсэн. Гэхдээ хамгийн гол нь зөгий балаа сайн мэдэхгүй. Анх авсан хүн маань олон цэцгийн бал гэсэн. Гэтэл хүмүүс рабусын бал гээд. Дахиад нөгөө хүнээсээ асуусан чинь харин тийм ээ, рабусын бол юм аа гэсэн. Рабусын бал муу бал биш. Гэтэл байгалийн олон цэцгийн бал гэдэг чинь бас нэг шал өөр чанартай юм байгаа шүү дээ. Ингээд яг хаанаас гарал үүсэлтэйг нь мэдэхгүйгээр өөрийнхөө нэрийн доор зарна гэдэг маш буруу юм байна гэдгийг би ойлгосон. Тэгээд ямар нэгэн байдлаар энэ салбарт худалдаа үйлчилгээ эрхэлмээр байгаа бол би өөрөө зөгийгөө үржүүлэх ёстой юм гэж бодсон. Тэгээд зөгийн аж ахуйг эрхлэх болсон. Гэхдээ энэ бол үнэхээр маш гоё гэгээн мөрөөдлөөс гарсан санамсаргүй бизнес учраас үнэхээр гайхамшигтай маш сайхан бизнес л дээ.
-Одоо хэдэн бүл зөгийтэй вэ?
-Би бүл үржүүлэх ажил дээрээ сайн төвлөрч чадаагүй. Би чинь туршлага дутуу, бүх юмаа анхнаас нь А-гаас нь б-гээс нь туршаад онолыг нь ч энд тэндээс сураад, сургалтанд суугаад энд тэндээс гүүглдээд, тэгэнгүүтээ яг практик дээр яг өөрөө хийж байгаа болохоор зөгийнийхөө учрыг “олох” гээд л явжна. Одоо 75 бүл зөгийтэй байгаа.
-Тэгэхээр ямар цэцгийн балыг цуглуулдаг вэ гэдгээсээ хамаараад зөгий үүлдэртэй байдаг гэсэн үг үү? Үхрийн ферм гэдэг шиг?
-Ерөнхийдөө яг үүлдэр гэхээсээ илүүтэйгээр ерөөсөө л ямар цэцгэнд ямар цэцгээс тоос авч байна гэдэг байгалийнхаа чанараас шалтгаалдаг.
-Өнгө үнэр амт бүгд өөр, өөр байх уу?
-Өөр өөр. Тэр битгий хэл, уржнан миний зөгийн бал байхуу шиг, өнгөтэй хүрэн ягаан туяатай байсан мөртлөө өнгөрсөн жилийнх алтан шаргал өнгөтэй байх жишээтэй. Хамгийн сонирхолтой нь ягл миний нөгөө үржүүлж байгаа зөгий. Хамгийн гол хүчин зүйл нь байгаль. Япончууд зөгийн бал бол хэзээ ч дахин давтагдашгүй зүйл гэдэг нь үнэн юм байна лээ. Хэдийгээр яг ижилхэн төрлийн зөгийнөөс гаргаж авч байгаа ч өмнө нэг халбага цуглуулахад оролцсон зөгийнүүд байхгүй, тэдний үр төл нь байх жишээтэй. Өмнөх улаан хүрэн өнгөтэйг нь энэ зөгийнүүдийн ээж аав элэнц хуланц нь гаргасан байгаа гээд. Ерөөсөө дахин давтагдашгүй гэдэг нь энэ. Зөгий маш сонирхолтой /инээв/.
-Нээрээ ямар сонирхолтой юм бэ?
-Зөгийний талаар ярихаар хүмүүс ямар сонин юм бэ гэж гайхдаг. Зөгий маш олон янз. Дотроо балт зөгий, зэрлэг зөгий, бал хураадаггүй зөгий гээд л. Бидний ажил хэрэг болгоод үржүүлээд зөгий маань балт зөгий, дэлхийд хамгийн ээлтэй шавьж. Энэ шавьж бол байгаль дэлхийд тоос хүртээлт хийж нэг ёсондоо байгалийн хээлтүүлэг хийж, байгаль дэлхий цэцэглүүлэгчид. Тэдний хүчээр байгаль дэлхий хөгжиж, ийм гоё ургамал ногоо ургаж байдаг. Ер нь бол зөгийний талаар эрдэмтдийн нотолсон маш олон сонирхолтой судалгаа, эрдэм шинжилгээний ажлууд баталсан байдаг юм байна лээ.
Яг одоо өөрийн минь тэжээж байгаа зөгий бол эх зөгий. Эх зөгий бал хураах олон ажилчин зөгийг төрүүлж байдаг. Эх зөгий ерөнхийдөө 2-6 жил, дээд тал нь 8 жил амьдардаг. Харин ажилчин зөгийнүүд 45 хоног, эр зөгий 60 гаруй хоногийн настай. Сонирхолтой байгаа биз. Эр зөгий бал хураахгүй, ажил хийхгүй. Зөвхөн эх зөгийд хээл өгөх үүрэгтэй. Тэгээд хээл өгсөн даруйдаа үхдэг. Тэгсэн мөртлөө эх зөгий цор ганц удаа хээл аваад хэдэн жилийн турш өндөглөөд ирээдүйн өсөлт хөгжлийн төлөө ажиллаж байдаг. Ер нь маш сонирхолтой дэлгэрэнгүй яривал нэлээн урт нэг удаагийн хичээл ч бараг хангалтгүй.
Нуклейр стейк ресторанаа 195 сая төгрөгөөр босгосон
-Худалдааны бизнес хийж байгаа, жижиг аж ахуйн нэгж эрхэлж байгаа хүний хувьд ямар бэрхшээл хамгийн түрүүнд тулгардаг юм бэ?
-Бэрхшээлийг тооцвол маш олон. Зах зээлээ мэдэрнэ, хүмүүсийн хүсэл сонирхолд нийцсэн бараа бүтээгдэхүн сонгоно, үнэ ханшийг нь тааруулна гэдэг ч юм уу. Энэ нийгмийнхээ боломжинд нийцүүлж авна ч гэдэг юм уу. Нара бүтик дэлгүүр ажиллуулдаг. Хүмүүс зарим нь Нара өөрөө явдаг гэхээр итгэдэггүй. Миний амьдрал, миний хийж байгаа бизнес болохоор би өөрөө л явахгүй бол өөр яах билээ?
Хүний зөвлөсөн олон цэцгийн бал мөн эсэхийг нь мэдэхгүй байж тэрийг аваад зардагтай л адилхан алдаа гарна. Тийм болохоор бүх юмаа өөрөө хийдэг. Энэ бол миний сул тал юм шиг мөртлөө бас маш том давуу тал. Цаг хугацаа алддаг, маш олон зүйлийг зэрэг, зэрэг хийхээр яах аргагүй хүч хүрэхгүй байх ч юм байдаг.
-Хүмүүс бас их сонирхдог, Нарагийн анхны бизнесийн хөрөнгө оруулагч нь хэн байв аа?
-Хамгийн анхны хөрөнгө оруулагч нь манай гал голомт л байлаа даа.
-Бизнесээ анх хэдэн төгрөгөөр эхэлж байсан бэ? Нууц биш бол
-195 сая төгрөг гаргаад анхны Нуклейр стейк ресторанаа босгож байсан. Гэхдээ тэр бол миний энэ компанид эзэмшиж байгаагийн 15-хан хувийн хувьцааы үнийн дүн байсан. Гэхдээ яахав нэг зүйл ойлгосон. Ерөөсөө бизнес эрхлэх гэж байгаа бол ганцаараа хи, алдсан ч өөрийгөө зүх, оносон ч өөрөө хүрт гэж. Яагаад гэвэл маш олон бизнесийг хүмүүстэй хамтарч итгэж хийхийг оролдсон чармайсан. Энэ дунд цаг хугацаа мөнгө санхүү, хүн чинь алдаад байхаар сүүлдээ бүх хүнд итгэх итгэлгүй болчихдог, бүр үнэхээр. За одоо, болъё оо гэж боддог байсан. Надад чиний ийм боломжийг ашиглаад, хоёулаа, гурвуулаа тийм юм хийе гээд санал зөндөө ирдэг. Одоо бүр яршиг зүгээр, тийм юм болчихвол гээд айдаг болчихдог юм байна лээ.
Гэхдээ энэ бол яах аргагүй хүн, хүнээ эвддэг нийгмийн маш том хор уршиг л даа. Уг нь бол үнэхээр хэн нэгэн ирээдүйтэй хамтарч ажиллавал ашигтай байж болохуйц тийм боломж алдаж байж магадгүй. Гэхдээ л одоо яршиг зүгээр, өнөөдөр хүнийг танихад үнэхээр амаргүй байна шүү дээ. Хүн болгон гаднаа байдаг шигээ биш байна. Дотроо бас нэг өөр мөн чанар байж байгаа болохоор хэцүү. Тийм болохоор ерөнхийдөө маш олон зүйл хиймээр байгаа ч чаддаг юм бол ганцаараа хий, чадахгүй бол зүгээр битгий хий гэдэг бодолтой болчихоод байна.
Ярилцсан Н.Сарантуяа
Видеог дор дарж үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй байна