• Эхлэл
  • Ерөнхий сайд аа! Өмнөговьд үүрлэсэн газрын наймаатай тэмцэж чадах уу?

Ерөнхий сайд аа! Өмнөговьд үүрлэсэн газрын наймаатай тэмцэж чадах уу?

2020/04/12

Нийтлэлч У.Оргилмаагийн нийтлэлийг хүргэж байна.

Хоёр жил газрын гэрчилгээгээ хүлээж байгаа хорь гаруй аж ахуйн нэгж Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргад гомдлоо гаргаад удаж байна. Тус аймгийн Засаг дарга Н.Наранбаатар нь 2017 оны А/1311 тоот захирамжаараа уг захирамжийн хавсралтад заасан 20 аж ахуйн нэгжийн эзэмшлийн газрыг Ханбогд сумын 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3 дахь заалтын дагуу шийдвэрлэхийг Засаг дарга Ш.Эрдэнэжаргалд даалгасан байдаг. Гэтэл уг захирамж хэрэгжиж өгөхгүй хоёр жилийн нүүр үзэж, өнөөх аж ахуйн нэгжүүд газар эзэмших эрхээ сэргээлгэхтэй холбоотой гомдол өргөдлөөр Аймгийн Засаг дарга Н.Наранбаатарыг дарах болжээ.

Аймгийн Засаг дарга аргаа барахдаа “Гомдол гаргагч байгууллагуудын гомдлын шаардлагыг зохих журмын дагуу шийдвэрлэж ажиллахыг “тушаасан” албан бичгийг энэ оны 2 дугаар сарын 5-ны 1-224 тоотоо илгээсэн байна.

Үүний өмнө 2019 оны 6 дугаар сарын 18-нд Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газраас Аймгийн Засаг дарга Н.Наранбаатарт Хууль хэрэгжүүлж ажиллах талаар зөвлөмж ирүүлсэн байдаг. Зөвлөмжид “Аймгийн хэмжээнд 2015-2018 онд 104 иргэн, аж ахуйн нэгжид 596.32 га газрыг дуудлага худалдаа, сонгон шалгаруулалт зохион байгуулалгүйгээр олгосон ноцтой зөрчлийг илрүүлснийг “зөвлөсөн”. Өөрөөр хэлбэл, “өгмөөр санагдаад” шууд олгочихсон гэсэн үг! Мөн “Дуудлага худалдааны анхны үнээр тооцоход 3 тэрбум 437 сая 400 мянган төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлээгүй” зөрчлийг илрүүлсэн. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй 12 ААН 69.3 га газар байгааг болон Иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг шилжүүлэхдээ холбогдох хуулийн дагуу 117.5 сая төгрөгийг ногдуулж төвлөрүүлээгүй зэрэг зөрчлүүдийг илрүүлсэн байгаа юм.

Эдгээр зөрчил нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 болон 40 дүгээр зүйлийн 40.1.6, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.6 ба 22.1.5 дугаар заалт, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ыг тус тус хэрэгжүүлээгүй зөрчил. Өөрөөр хэлбэл Төрийн хууль, Засгийн газрын захирамжийг Өмнөговь аймгийн Засаг дарга биелүүлээгүй байна. Төрийн аудитын газраас Аймгийн Засаг дарга Н.Наранбаатарт Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг хэрэгжүүлэн 2015-2018 онд дуудлага худалдаа зохион байгуулаагүйгээр олгосон болон 2 жил дараалан ашиглаагүй иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг цуцлан хүчингүй болгож дуудлага худалдаа зохион байгуулахыг “зөвлөсөн”. Хэрэгжилтээ 2019 оны 11 дүгээр сарын 25-ны дотор Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газарт ирүүлэхийг шаардсан. 

Дуудлага худалдаагаар анхны үнэ төлүүлэх газрын жагсаалтад 36 газрын жагсаалт энд байна. Жагсаалтыг харахад олон нийтийн сайн мэдэх нэр хүндтэй компаниуд, иргэдийн нэрс харагдана. Дийлэнх нь гаалийн хяналтын талбай /олгох ёстой хэмжээнээс хэтэрсэн/, агуулах, ШТС, үйлдвэрийн зориулалтаар олгогджээ. Гэвч тухайн сум орон нутгийн ИТХ-аар батлагдаж олгогдсон учраас гэрчилгээ авах ёстой. Гэрчилгээгээ аваагүй учраас газрын төлбөрөө хийх боломжгүй гэж байна. Тэгэхээр асуудал Газрын гэрчилгээг нь өгөхгүйд байгаа биз? 

Мөн аудитын дээрх зөрчлийг таслан зогсоохоор 2019 оны долдугаар сард Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар болон сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Уул уурхайн дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн, Татварын улсын байцаагч, Хүнсний аюулгүй байдал, Жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн, Онцгой байдлын 44-р анги, Цагдаагийн хэлтсээс бүрдсэн хамтарсан Ажлын хэсэг шалгалт хийжээ. 

Шалгалтаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хатуу хучилттай авто замын дагуу үйлчилгээ эрхэлж байгаа иргэд, ААН-үүд газар эзэмших захирамжгүй буюу хууль бусаар газар эзэмшиж байгааг тогтоож газар чөлөөлөх хугацаатай мэдэгдэл удаа дараа хүргүүлсэн ч хэрэгждэггүйг тогтоожээ. 

Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн коксжих нүүрсний ордоос Говьсүмбэр аймагт байрлах баяжуулах үйлдвэр рүү нүүрс тээвэрлэх зорилгоор “Страто” ХХКнь туслан гүйцэтгэгч “Илч майн” ХХК-иар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутгаар дамжуулан сайжруулсан шороон зам тавихдаа түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар, зөвшөөрөлгүй ашиглаж байгааг тогтоогоод үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авсан боловч хууль бус үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа төдийгүй шаардлага тавьсан албан хаагчдыг шүүхэд өгчээ. 

Иймд Ерөнхий сайд Та захиа бичиг шидэлцсээр цаг хожиж ААН-үүдийг хохироож буй Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, Ханбогд сумын Засаг дарга Ш.Эрдэнэжаргал нараас Төрийн хуулийг болон Засгийн газрын шийдвэрийг биелүүлэхийг өөрийн биеэр шаардаж олон нийтэд мэдээлнэ үү! Энэ удаад тухайн аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг нийтэд дэлгэхээр яарсангүй. Эхлээд төр ажлаа цэгцлэх ёстой. Газрын гэрчилгээг олгохгүй байгаа хэчнээн компанийг давхцуулж, хэнд олгосныг таашгүй.

Монголын төр 104 иргэн, аж ахуйн нэгжид 596.32 га газрыг дуудлага худалдаа, сонгон шалгаруулалт зохион байгуулалгүйгээр олгосон ноцтой зөрчилтэй Засаг дарга нарт ямар арга хэмжээ авдгийг хармаар байна. Цаашилбал сайжруулсан шороон зам тавихдаа түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар, зөвшөөрөлгүй ашиглаж байгаа “Страто” ХХКнь туслан гүйцэтгэгч “Илч майн” ХХК-иудад ямар хариуцлага тооцохыг харъя!

Нийтлэлч У.Оргилмаа. 2020.04.10


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин